Өнөөдөр бол Олон улсын эх хэлний өдөр. Тэртээх 1952 оны энэ өдөр Бангладеш улсын Даккагийн их сургуулийн оюутнууд өөрсдийн эх хэлээ Зүүн Пакистаны /Бангладеш нь 1971 онд Пакистанаас салан тусгаарлаж, улмаар тусгаар тогтнолоо олсон/ албан ёсны хоёр хэлний нэг болгохын төлөө жагсаж, мөргөлдөөний үеэр олон залуус амиа алджээ. Эх хэлээ аварч, хамгаалахын төлөө тэмцэж амиа зориулсан тэдгээр оюутны дурсгалыг хүндэтгэн ЮНЕСКО-ийн ерөнхий хуралдаанаас жил бүрийн эл өдрийг Oлон улсын эх хэлний өдөр буюу “International Mother Language Day” болгон тунхагласан түүхтэй.     

Өдгөө англи хэлийг дэлхийн 99 улс ашиглаж буйгаар дэлхийд тэргүүлж буй бол ардаас нь испани хэл 58 улсаар удаалж буй. Харин монгол хэлний хувьд Монгол Улсаас гадна ӨМӨЗО, ОХУ-ын зарим нутагт гээд дэлхий даяар нийтдээ таван сая гаруй хүн ашиглаж байгаа гэх судалгаа бий.  

Иймийн учир 10х10 булангийн шинэ дугаартаа бид дэлхийн олон орноос манай улсыг зорьж, бидний эх хэлийг сурахаар шамдан буй МУИС-ийн Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхимийн монгол хэлний бэлтгэл ангийн оюутнуудтай ярилцсаныг хүргэе.    

I. Морган, 26 настай 


Намайг Морган гэдэг. Би АНУ-аас ирсэн, хөгжмийн багш мэргэжилтэй. Монголд амьдраад хоёр жилийн хугацаа өнгөрчээ. Энд магистрын зэргээр дэвшин сурах хүсэлтэй учраас энэ жилээс МУИС-д монгол хэл сурч байна. Миний хувьд хэлээ сайжруулахын тулд хүмүүстэй ярилцах их дуртай. Хичээл дээр багш нартайгаа ярилцаж, телевизийн нэвтрүүлэг үзэж, монгол дуу сонсож, мөн хүүхдийн уран зохиолын номууд уншдаг. Үсгээ нүдлээд уншиж чадах боловч хэл зүйн нарийн дүрмүүдийг ойлгох, бас харилцан ярилцахдаа тааруухан хэвээр.

Заримдаа өөрийнхөө яриаг утсан дээрээ бичиж аван үг, өгүүлбэрээ яаж хэлж, дуудаж буйгаа нэг бүрчлэн сонсож, алдаагаа засдаг дадалтай. Ямар ч хэлийг тогтмол давтаж байж сурах учраас дэлгүүр, хоолны газар, номын сан орох зэрэг өдөр тутамдаа бусадтай монголоор ярихыг хичээдэг. Надтай адил монгол хэл сурч буй найзууддаа зөвлөхөд хүний ярьж буйг анхааралтай сайн сонсож, дуурайн ярих гэж хичээгээрэй.

II. Саори, 34 настай


Би Японоос ирсэн, ангийнхаа ахмад оюутан. Анх 2019 онд Монгол Улстай танилцахаар ганцаараа ирж, хэсэг хугацаанд Дорнод аймгийн эмнэлэгт сувилагчаар ажиллаж байлаа. Өмнө нь Монголын тухай огт сонсож байгаагүй ч монголчуудын гэр бүлсэг, нэгнээ хүндэлдэг, зочломтой зан ихэд таалагдсан тул цар тахал намжсаны дараа буцаад ирсэн.

Японд байхдаа монгол хэлний багштайгаа онлайнаар ярилцаж, тогтмол шинэ үг цээжилснээр хэлээ сайжруулж байсан. Одоо бол төрөл бүрийн нэвтрүүлэг үзэж, олон нийтийн сүлжээнээс мэдээллүүд уншдаг. Гэхдээ хүмүүсийн бичсэн нийтлэл, сэтгэгдлийг бүрэн сайн ойлгохгүй л байгаа. Монгол, япон хэлний дүрэм, ерөнхий бүтэц нь төсөөтэй. Монголоор ярьж сурахад хамгийн хүндрэлтэй санагдсан зүйл гэвэл Р,Л үсгийн хэрэглээ. Учир нь япон цагаан толгойд эдгээр гийгүүлэгч байдаггүй. Хэлээ сайн мэдэхгүйгээс тэр үү хөдөө, хотын хүмүүсийн яриа эхэндээ өөр мэт сонсогддог байсан ч нутаг нутгийн ялгаатай байдал, монгол хэлний үгсийн сан онцгой баялаг гэдгийг хожмоо ойлгосон.

III. Юүсүп, 28 настай


Би Турк Улсаас ирсэн, архелогич мэргэжилтэй. Одоогоор мэргэжлээ дээшлүүлэхээр докторын ангид суралцаж байна. Судалгааны ажлын хүрээнд Монгол Алтайн хадны зураг судлах зорилгоор өнгөрсөн хичээлийн улиралд Монголд ирсэн. Монгол, Турк хэлний бүтэц төстэй боловч миний хувьд авиа, эгшгийг ялган дуудахад амаргүйхэн л санагдаж байна. Хагас жилийн турш монгол хэл сурч байгаа ч тийм ч сайн ярьж чаддаггүй. Харин судалгааны ажилдаа зориулан түүхийн, бусад эрдэм шинжилгээний бүтээлүүдийг унших нь хэлээ сайжруулахад нэлээд тус дэм болж байгаа шүү.

IV. Амка Тинка, 24 настай


Миний нэр дуудахад урт учраас найзууд маань намайг Амка Тинка гэж дууддаг. Би Унгарын Будапештын их сургуульд монгол судлалын ангид сурч байхдаа, монгол хэлийг сурсан. Одоо Алтайн тэнхимд мэргэжлээрээ магистрын ангид суралцаж байна. Хүмүүс унгар хүн байж яагаад монгол судлалаар суралцахаар шийдсэн юм бэ? гэж их сонирхдог. Тэр гэж онцолж хэлэх аргагүй ч монголын түүх, соёл нэн сонирхолтой. Их Монгол улсын үеэс эхэлж ярьвал манай хоёр орон эртний түүхтэй хөршүүд. Магадгүй дунд сургуулиасаа сонсож, судалсан түүхийн эх сурвалжууд маань энэ мэргэжлийг сонгох урьдач шалтгаан болсон байж ч мэдэх.

Миний хувьд монголоор сайтар ойлгож, өөрийгөө илэрхийлж чадах боловч уншиж, бичихдээ бага зэрэг тааруу Түүнчлэн зарим дүрмүүдийг цээжлэхэд толгой эргэх тохиолдол бий. Одоогоор “Харри Поттер” цувралын эхний ботиудыг монгол хэл дээр уншиж байгаа, бас завтай үедээ Бас монгол кино үзэх дуртай. Сүүлд нээлтээ хийсэн бүтээлүүдээс “Улаан Явар”, “Баавгай болохсон” кинонууд гүн сэтгэгдэл үлдээсэн.

V. Екатерина, 24 настай


Намайг Екатрина гэдэг. Би Москвад төрж өссөн. Одоо МУИС-ын Олон улсын харилцааны дээд сургуулийн оюутан. Монголд ирээд гурван жил болсон хэдий ч одоо хэр нь хэлээ сурсаар л байна. Монгол хэлээ сайн сурахад их сургуулийн орчин, найзууд маань хамгийн сайн туслагчид их тусалдаг. Кирил үсгүүд адилхан учраас уншихад хялбар байдаг ч хүмүүсийн харилцан яриаг ойлгох, олны дунд өөрийгөө монгол хэлээр илэрхийлэх хэцүүхэн даваа шүү.

Би монгол кино үзэх дуртай. Саяхан Чингис хааны тухай түүхэн кино үзсэн. Минийхээр хэл сурахад унших дадал хамгийн чухал санагддаг учраас монгол хэлээр тогтмол ном, сонин уншихыг хичээдэг.

Монгол Улсын Их Сургуульд анх 1971 онд гадаадын оюутанд монгол хэл заах Монгол хэлний мэргэжлийн тэнхимийг албан ёсоор нээж байсан бөгөөд өнөөдрийг хүртэл дэлхийн 50-аад орны 6000 гаруй оюутан, суралцагч монгол хэлийг суралцан төгсжээ.

МУИС-ийн Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхимд монгол хэл сурсан гадаадын төгсөгчид дэлхийд алдартай монголч эрдэмтэд, элчин сайд нар, олон улсын харилцааны мэргэжилтэн, дипломат ажилтнууд, Монгол Улс болон гадаад орны хамтын ажиллагааг хөгжүүлэгч, олон улсад зуучлан таниулах, сурталчлах чухал гүүр болдог ажээ.

VI. Цогт, 23 настай 


Миний нэр Цогт. Би хэдийгээр Өвөрмонгол хүн боловч багаасаа Бээжинд амьдарсан учраас монгол хэлээ тийм ч сайн мэдэхгүй. Харин гэрийнхэн маань монгол хэл, түүх соёлоо сайтар мэддэг хүмүүс. Тэд үндэстнийхээ түүх, ёс заншилын талаар надад байнга л тайлбарладаг байсан нь Монгол хүн гэдгийг дотно сануулдаг. Тиймдээ ч өнгөрсөн жил дунд сургуулиа төгсмөгцөө Монголд сурахаар шийдэж, одоогоор хэлээ шамдан сурч байна. Бичиж, уншиж чадах боловч зарим үед үг, өгүүлбэрийг галиглан ойлгохдоо будилах явдал цөөнгүй. Бас ярихдаа тун тааруу учраас хүмүүстэй харилцахдаа жаахан ичих тохиолдол олонтоо. Магад сургуулиа төгсөөд Монголдоо ажиллаж, амьдарч магадгүй учраас монгол хэлээ сайтар шамдан сурах хэрэгтэй.

VII. Кузелиш, 30 настай


Намайг Кузелиш гэдэг. Би ардын аман зохиол судлаач мэргэжилтэй. Алтайн Бүгд Найрамдах Улсаас Монголд суралцахаар ирсэн ахмад оюутан. Монгол хэлээ сайтар сурсны дараа ардын аман зохиолуудыг судлах хүсэлтэй. Алтайн язгуурын хэлүүд бүтэц, авиа нь тун адилхан. Мөн халбага, халгай, жавар, салхи зэрэг ижил утгатай, төсөөтэй үгнүүд олон байдаг нь монгол хэлийг сурахад дөхөм болдог. Монголд ирснээс хойш олон найзууд, танилуудтай болсон. Одоогоор шинэ үгээ сайтар давтаж чөлөөтэй, илэн далангүй ярилцдаг болохыг хүсэж байна.

VIII. М.Маралмаа, 22 настай


Монгол хүн эх хэлээ гүнзгийрүүлэн сурах нь нэг талаар өөрийгөө судалж, сайжруулж байгаа явдал хэмээн би хэлэх дуртай. Би монгол хэлний багш мэргэжилтэй. Эх хэл гэдэг тухайн үндэстний онцлог, соёл сэтгэлгээг өөртөө хадгалж байдаг учраас монгол хүн монгол хэлэндээ хариуцлагатай хандах ёстой гэж санагддаг.

Эх хэлээ зохистой, сайн сурахын эхлэл нь сайн бичиж, сайхан ярихад дурлах явдал болов уу. Тэгснээр бусдаас үлгэрлэн, шимтэн судалж, өдөр тутамдаа эх хэлээ сайжруулж, сурах боломжтой. Үүний нэг арга нь эргэлзэх юм шиг. Өглөөд мэдээ, нийтлэл уншихдаа, өдөр, орой цахим орчинд мэдээлэл гүйлгэхдээ, хэн нэгний яриаг чагнахдаа, өөртөө тэмдэглэл хөтөлж, бичихдээ эргэлзэх хэрэгтэй. Энэ үгийг ингэж бичих нь зөв үү, ийм утгаар ашиглаж болох уу гэж эргэлзэж, журамласан толь, тайлбар толиос хайж эрсээр зөв бичлэг, зөв хэллэг, зохистой найруулга нь цээжинд тогтчихдог.

IX. Франческа, 35 настай


Би теологич мэргэжилтэй. Италийн Торонто хотоос Католик ажлын шугамаар гурван найзтайгаа ирсэн. Одоо Монголд гүн ухааны чиглэлээр магистрын ангид сурч байна. Монгол хэл итали, англи хэлийг бодвол үг зүй, дуудлагын хувьд ихэд ялгаатай гэдгийг хагас жилийн турш сурахдаа сайтар мэдэрлээ. Монгол хэлний үгсийн бичлэг, дуудлага нь зөрөх үе олон тул будилах тохиолдол элбэг.

Гэхдээ жил хагасын хугацаанд бага багаар сайжирсаар чих маань сайн онгойсон нь маш том дэвшил шүү. Мөн монголоор нэг үгийг олон янзын утгаар тайлбарлаж, илэрхийлдэг нь их сонирхолтой. Заримдаа гадуур явахад хүмүүс мэдэхгүй шинэ үгийг маань тайлбарлаж, бүр давтуулан хэлүүлж зааж өгдөг. Монгол хүмүүсийн энэ найрсаг, дотно хандлага маш сайхан.

X. БНСУ-ын ДанКҮҮК Их Сургуулийн оюутнууд


Санги, Минги, Юүжин байна. Бид БНСУ-ын Данкүүк Их Сургуулийн Монгол судлалын тэнхимийн нэг ангийн оюутнууд. Монгол нутаг үзэсгэлэнтэй, байгалийн баялаг ихтэй, бас байршлын хувьд ойрхон зэрэг олон шалтгааны улмаас энэ мэргэжлийг сонгосон. Манай их сургуульд монгол бичиг заадаг байсан учраас босоо монгол бичгийг гадарладаг. Харин кирил монгол хэлний зарим үсгүүд хатуу сонсогддог учраас хүмүүсийн яриаг сонсож, ойлгоход жаахан хэцүү. Ихэнх монголчууд, их сургуулийн оюутнууд Солонгос хэл мэддэг учраас өдөр тутмын харилцаанд бэрхшээл гардаггүй нь сайхан ч боломж олдвол монголд ажиллах хүсэлтэй учраас хэлээ сайн сурахыг хичээж байна.