Хүн төрөлхтний романтик сэтгэлгээнээс бүтсэн хамгийн өгөөмөр эрхэм бол Өвлийн өвгөн. Түүнийг байхгүй, хэзээ ч байгаагүй гэдгийг мэдэх ч, байсан ч болоосой гэх бодол хүн бүхэнд гарцаагүй төрдөг нь лав.
Энэ удаагийн нийтлэлдээ бид өвлийн өвгөнд итгэдэг байсан хүүхэд насныхаа дурсамжийг уудлаач хэмээн 10 эрхмийг урьсан юм. Цас мөсний орноос цан хүүрэг татуулан айлчлагч өвлийн өвгөн хэний дурсамжид хэрхэн үлдсэн талаар хамтдаа сонирхъё.
1. м.тэмүүлэн (дима)
Цэцэрлэгийн жаахан хүү байхад ээж маань намайг цэмцийтэл нь гангалж, туулайтай маск зүүлгээд цэцэрлэгийн баярт хүргэж өгдөг байлаа. Харин бэлгийн тухайд, эгчтэйгээ хамт хамаатан садныхаа гэрээр хэсэж, цуглуулсан бэлгээ “яс тоолоод” л хадгалж идэх санаатай булан тохойд эгчээсээ нуудаг байж билээ. Эгч маань сэргэлэнтэж, хамаг бэлэг хольж солиод өнгөтэй өөдтэйг нь ялгаад авчихна. Харин би алдагдсан бэлгүүдээ хайж, мөн ч их уйлдаг байж.
Өвөө минь энэ баярын хамгийн тод чимэг нь байлаа. Тэрээр тун бүтээлч, хөдөлмөрч, дэндүү авъяастай хүн болохоор гэрлэн чимэглэл, цаасан хайчилбар бүхий цасан ширхэг, саа, тоглоомоор гэрээ битүү чимнэ. Түүнийг нь хараад надад цас мөсний оронд ирсэн мэт л сайхан санагддаг байлаа. Сэнгэнэсэн, шүүслэг мандарины үнэр, өнгө өнгөөр алагласан саа, баярын өргөн ширээ шинэ жилийн баярт өнгө нэмж, он солигдох мөчид уртаа цагаан сахалтай, цэнхэр дээлтэй, яг л орос хүүхэлдэйн кинон дээр гардаг шиг өвлийн өвөө орж ирээд ууттай бэлэг өгдөг байж билээ. Тэр үед цас мөсний орноос Санта шиг монгол өвлийн өвөө ирдэг юм байна гэж чин сэтгэлээсээ итгэдэг байсан сан. Өвөөгийн маань 20 жилийн тэртээх бүтээлч байдал одоо ч яг хэвээрээ.
Том болохын хэрээр гэр бүлтэйгээ өнгөрүүлэх цаг аажмаар багасчихдаг юм байна. Эргээд дурсахад эгчтэйгээ булаацалдаж идсэн ууттай бэлэг хамгийн гоё бэлэг нь байж. Харин сэтгэл зүрхээ шингээн гэрээ чимэглэж, хүүхдүүдийнхээ нүдийг утгаар нь баясгаж байсан хамгийн шилдэг өвлийн өвгөн бол өвөө минь байлаа.
Миний бяцхан түүхээр хамт аялсан хүн бүрд гэр бүлтэйгээ дурсамж дүүрэн шинэ оноо угтаж, ирж буй шинэ ондоо эрүүл энх, аз жаргалаар бялхаж, амжилт бүтээлээр дүүрэн байхыг хүсэн ерөөе.
2. ибүкүро томоко
Цэцэрлэгт байхад арванхоёрдугаар сарын 24-ний орой гэнэтхэн хонх дуугарлаа. Би хаалгаа нээтэл улаан хослол, цагаан сахалтай өвлийн өвгөн зогсож байх нь тэр. Шилэн хананы цаана нэг эмэгтэй хүн харагдлаа, бодвол өвлийн өвгөний эхнэр бололтой. Би тэр эгчийг сониучирхан нягталж хараад гэрийн ойролцоо байдаг цагдаагийн постын эгч гэдгийг нь таньчхаж билээ. Бүр болоогүй "Аан, өвлийн өвгөн гээч нь цагдаа ах байх нь" гэж ойлгоод бэлгээ аваад их л баярласан сан. Тэр үдэш миний хувьд том болоод өвлийн эмээ болно гэж өөртөө тангараг өргөсөн орой байв.
Өвлийн өвөөгөөс авсан гоё бэлэг гэхээс илүү миа бэлгийг сайн санаж байна. Тэр шинэ жилээр аав маань Хокккайдо муж руу томилолтоор явчихсан байж таарсан юм. Тэгтэл миний авахыг хүсэж байсан "туулайны гал тогоо"-ний хуурамчийг нь өгч сэтгэл гонсойлгов. Тэр үед би “өвлийн өвөөг аав маань санхүүжүүлдэг байж, энэ удаа аав эзгүй, ээж л байгаа болохоор ийм бэлэг өгч байгаа юм биз дээ” гэж бодсон.
3. Т.Гантөгс
Намайг бага байхад 500 төгрөгний үнэтэй, төрөл бүрийн амьтдын дүрс бүхий хуванцар баг ид моодоонд орж байсан юм. Хэчнээн хөлөрч байсан ч тэр багаа зүүж аваад л хаан чипс, мульти ундаа бүхий гялгар ууттай бэлгээ баярлаад л авдаг байж билээ. Ер нь хүүхэд байхад бэлэг бол энэ хорвоогийн хамгийн сайхан зүйл гэсэн бодолтой байлаа шүү дээ.
Бага насандаа өвлийн өвгөнийг хараад энэ өвөө шиг баян болох юмсан л гэж боддог байлаа Харин одоо дүү нартаа баян өвөөгийн дүрээр хэзээ бэлэг өгөх вэ? л гэж бодож сууна даа. Хамгийн гэгээлэг хүн дээ, өвлийн өвгөн.
4. э.нинжин
Ээж, аав маань намайг зургаан настай байхад шинэ жилээр гэрийн халат бэлэглэж, түүнийг нь би багадаж, урагдтал нь өмссөн. Надад өгөхдөө “Өвлийн өвөө нь ийм гоё бэлэг миний охинд үлдээгээд явсан байна” гэж хэлж билээ. Гэхдээ энэ нь өвлийн өвөөгөөс ирсэн эхний бөгөөд эцсийн бэлэг байсан юм. Дараа жил нь эгч маань надад өвлийн өвөө байдаггүй гэдгийг хэлж өгснөөр “өвлийн өвөө гэдэг чинь бодит хүн биш, ээж аавын маань хүүхдээ баярлуулах гэсэн сэтгэл юм байна” гэдгийг ойлгосон.
Зарим зүйлийн үнэн учрыг таньж мэдэн, гэнэн итгэмтгий хүүхэд үеийнх шигээ баярлаж хөөрцөглөхөө больчихдог нь том болохын гунигтай тал юм уу даа. Одоо эргээд бодоход, өвлийн өвөөд биш ээж, аав, эгчдээ талархмаар санагддаг. Учир нь миний гэр бүл намайг зөвхөн шинэ жилээр гэлтгүй өдөр бүр баярлуулж, хүүхэд насыг минь аз жаргалтай болгосон хүмүүс шүү дээ. Би тэдэндээ хайртай.
5. д.мөнхжин
Жаахан байхаасаа өвлийн өвгөн, шүдний дагина гэх мэт зүйлд тийм ч их итгэж, хүлээж авдаггүй байж билээ. Одоо бодоход жаахан сонин ч юм шиг. Харин аав, ээж маань, эгч дүү бид гуравт “өвлийн өвгөн байдаг шүү” гэх итгэлийг бий болгох гэж их л хичээж, жил бүр гацуур модны доор боодолтой бэлэг тавьдаг байсан сан. Тэр үед чихэр, жимс хамгийн гоё бэлэг, харин цаасан хайрцагтай бэлэг бол бүр дээд зэрэглэлийн бэлэг л гэсэн үг. Саяхан ээжээсээ өрөөний гэрэл аваад үнэхээр их баярласан. Байдаг л нэг гэрэл ч гэсэн гурав, дөрвөн сарын өмнө “өрөөндөө гэрэлтэй болчихвол ч” гээд ээждээ цухасхан хэлээд өнгөрсөн юм. Түүнийг ээж маань санаад, гэрэл аваад өгсөн нь л их хөөрхөн санагдсан.
6. ц.бат-оргил
Чухам ямар бэлэг авч байснаа тодорхой санадаггүй ч тухайн үед хүүхэд бүрд чихэр, жимсээр дүүргэсэн бор цаастай бэлэг өгдөг байсан шиг санагдаж байна. Харин тэр нэг жил цэцэрлэгт маань ирсэн өвлийн өвгөн л сэтгэлд тод үлдсэн. Цэнхэр дээлтэй, буурал сахалтай, сүрдэм хөдөлгөөн, хүчирхэг дуу хоолойтой, настай гэмээр өвөө байж билээ. Нарийн ширийнийг нь ажиглаж хараад, өвлийн өвгөн гэж яг л ийм хүн байдаг байх даа гэх төсөөллийг дотроо бий болгохын зэрэгцээ бодитоор олж харах шиг болсон. Түүнээс хойш ямар ч өвлийн өвгөн нэг л хуурамч харагдах болж, хүүхэд насанд минь ирсэн тэр хүн л жинхэнэ өвлийн өвгөний дүрээр сэтгэлд үлдсэн юм даа.
Өдий 30-аад насан дээр ирсэн хэдий ч шинэ жилийн үдэш “өвлийн өвгөнөө угтан авцгаая” гэж хэлэх төдийд цаанаа л нэг халуун дулаан уур амьсгал өгч, хахир хатуу өвлийг дулаацуулах шиг санагддаг. Энэ мэдрэмжийг хүү маань ч бас авч байгаа даа гэж бодохоор тун их баяр төрдөг шүү.
7. б.анхбаяр
Урлагийн буянаар багадаа харшийн сүлд модны наадамд нэг биш удаа оролцож, АЖ Г.Гомбосүрэн (Монголын анхны албан ёсны өвлийн өвгөн) гуайгаас эхлээд олон ч өвлийн өвгөнөөс бэлэг авч байсан. Гэхдээ өвлийн өвөө гэхээр санаанд тодхон байдаг зүйл нь ээж аав хоёр намайг өвлийн өвөө байдагт итгэсээр байгаа гэж боддог байсан жилүүд юм уу даа. Үнэндээ би тав, зургаан наснаасаа л муу санаа суучихсан болохоор ч тэр үү, аавыг сахал нааж, дээл өмслөө ч таньчхаад л байдаг байсан юм. Гол нь ээж аав хоёрынхоо “намайг итгэж байгаа” гэдэг бодлыг нь хэвээр үлдээхийн тулд гайхсан царай гаргах гэж хэрэндээ сайн жүжиглэдэг байсан нь одоо бодоход хөгжилтэй ч юм шиг. Үргэлж яг хүссэн зүйлийг маань бэлдчихсэн орж ирдэг байсан учраас хамгийн шилдэг өвлийн өвөө бол аав маань байсан гэж боддог. Одоо ч манай аав жил бүр өвлийн өвөө болсон хэвээр. Яг л “Би чамд хайртай” кино шиг.
8. е.номударь
Жаахан байхад манай гэр бүлд өвлийн өвгөн бэлэг авчирч өгөх тухай ойлголт бараг л байгаагүй. Харин гэр бүлээрээ ширээ тойрч суугаад, амттай хоол идэж, бэлэг задалдаг байсан. Эмээ маань бидэнд хамгийн том бас хамгийн чамин бэлэг өгдөг байсан болохоор түүний өгөх бэлгийг л тэсэн ядан хүлээдэг байж дээ. Нэг шинэ жилээр эмээ маань надад барби бэлэглэхэд би хагартлаа баярлаж билээ. Учир нь би тэр барбиг дэлгүүрт харчхаад үнэн голоосоо авмаар байсан ч авч чадалгүй бараг л сүнс хорогдох нь холгүй дэлгүүрт нь үлдээгээд явж байсан юм. Харин эмээ маань шинэ жилээр надад бэлэглэх гээд аль эрт худалдаж аваад хадгалчихсан байж таарсан.
Миний хүүхэд насанд өвлийн өвгөн гэхээр цэнхэр дээл, цагаан нөмрөгтэй орос өвлийн өвөө л санаанд ордог байсан. Харин арай том болоод Санта Клаусыг мэддэг болсон гэх үү дээ. Одоо бодоход өвлийн өвгөн гэдэг концепт нь эерэг, цагаахан мэдрэмж төрүүлээд зогсохгүй, жилийн эцэст хүүхэд багачуудын догдлох нэг шалтгаан болдог нь хайр хүрмээр санагдах болсон. Хэдийгээр би өвлийн өвгөний уламжлалтай ойр өсөөгүй ч, шинэ жилийн бэлэг тэмдэг болсон Санта олон хүүхдийн сэтгэлд гэрэл гэгээ өгөх байх гэж боддог.
9. и.ананд
Төсөөллөөрөө жигүүрлэн хязгааргүй үлгэрийн ертөнцөөр дүүлэн нисэх нь хүүхэд насны хамгийн сайхан зүйлсийн нэг юм шиг санагддаг. Тэр ертөнцийн нэгэн томоохон биелэл бол өвлийн өвгөн. Томоотой, тэвчээртэй байсны минь хариуд надад ямар бэлэг өгөх бол? гэж догдлон хүлээхийн зэрэгцээ “унтсан хойгуур чинь өвлийн өвгөн цонхоор орж ирээд бэлэг үлдээгээд явна” гэх ээжийнхээ үгэнд итгэн цонх ширтсээр унтаж, өглөө сэрээд хамгийн түрүүнд өвлийн өвгөн надад юу өгсөн бол гэж догдлон хайх тэр мэдрэмжийг юутай ч зүйрлэшгүй. Намайг хүүхэд байхад одооных шиг гоё ганган бэлэг ховор, олдоц багатай ч байж дээ. Ихэвчлэн элдэв амттанаар дүүрэн, боож багласан ууттай бэлэг авдаг байлаа. Гэхдээ тэр бэлгээ ихэд хүлээнэ. Хүүхэд насанд минь гайхалтай дурсамжийг өгсөн өвлийн өвгөнөөс авсан бэлэг бүхэн надад хамгийн сайхан санагддаг байсан.
10. м.өүлэн
Үнэндээ би шинэ жилийн баярт тийм ч дуртай биш. Ялангуяа ойрын хэдэн жилд хайртай хүмүүсээ ойр ойрхон алдсан болохоор баярын өдрүүд их уйтай санагдах болсон. Гэхдээ энэ нийтлэлд зориулж гэгээлэг дурсамжаа нэхэн санах болсондоо баяртай байна. Би оюутан байхдаа МУИС-ийн урд байрлах хэвлэлийн газар нэгэн эгчийн заавар дор ажиллахаас гадна ангийн даргын ажлыг хийдэг байсан юм. Хоёрдугаар курст ангийнхаа бараг бүх хүүхдийг уриалж, шинэ жилд нь оруулчхаад өөрөө очихгүй үлдчихсэн. Учир нь надад үнэхээр мөнгө байгаагүй юм л даа. Бид хоёр өрөөндөө хоёулахнаа ажилладаг. Шивэх юмсаа шивээд, хэвлэх зүйлсээ хэвлээд сууж байтал эгч гэнэт “Танай шинэ жил ер нь хэзээ билээ, дөхөж байгаа юу?” гэхээр нь би жаахан сонин царайлаад “Өнөөдөр болж байгаа” гэсэн юм. Тэгсэн “Хүүе, юу яриад байгаа юм бэ?, тэгээд чи яахаараа энд сууж байдаг юм? Мөнгөгүй гээд санаа зовоод очоогүй юм уу? Алив энийг аваад шинэ жилдээ оролц, яаж ингэж болдог юм?” гээд гарт маань 100,000 төгрөг атгуулаад хөөх шахам өрөөнөөс гаргачихсан. Мөнгөндөө биш эгчийн надад санаа тавьж байгаа байдал нь, багахан зүйлийг анзаарчихдаг нь, төрүүлсэн мэдрэмж нь миний хувьд мартагдашгүй бэлэг болон хадгалагджээ. Их сургуулиа төгстөл тэрээр яг л миний төрсөн ээж шиг, өдөр бүрийн минь санта шиг байсан сан. Тэр эгч маань өнгөрөөд багагүй хугацаа өнгөрчээ. Өдөр бүр бусад хүмүүст түүн шиг сэтгэгдэл төрүүлсэн санта нь байхыг хүссээр л байна.
Өвлийн өвгөнөөс авч байсан хамгийн нандин бэлэг тань юу вэ? Та ч бас бидэнтэй түүхээ хуваалцаарай.