“Эр хүнийг та нар хааяа ч болов өршөө
Эрлэгт явчихаас нь өмнө ханийн жаргал эдлүүл
Эр нөхөр чинь үгүй бол гэрийн чинь зай эзгүйрнэ
Эрдэмт хөвүүд чинь үгүй бол төрийн чинь зай эзгүйрнэ
Эр цэрэг чинь үгүй бол эх орон чинь эзгүйрнэ
Эр хүнийг та нар хааяа ч гэсэн хайрлаж бай…”

Тэдэнд зориулж тэрлэсэн цөөн хэдэн шүлгийн нэг. Ингэхэд эрчүүд та нар минь яажшуухан байна даа? Энэ хэдэн хүүхнүүд чинь та нарыгаа халамжилж дөнгөж байна уу? Элээж яваа энэ амьдралдаа сэтгэл хангалуун явна уу? Хад чулуу шиг, хөлдүү төмс шиг гэж гоочлоод сэтгэлийг нь эмтлээд яваагаа бид анзаарахгүй яваа юм биш биз... Та нараасаа асуух зүйл ямар их байдаг юм бэ?

Эр хүн гэдгээр нь шалтаглаж, эерүү сэтгэлийг тань уудалж нээх завдал гаргадаггүйд биднийг өршөөж үзээрэй. Хатуу чанга, тэсвэр тэвчээртэй, хэр барагтаа олон таван үг хэлж, охин шиг зан гаргахгүй байвал л “эр хүн” шиг эр хүн гэж тодорхойлох хандлагатай өнөөгийн нийгэмд та нар минь ганцаардал мэдэрч яваа нь хэтрүүлэг биш. Ярилцах боломж, орчин нөхцөлийг нь бүрдүүлдэггүй хэр нь “Эрчүүд угаасаа л дуу цөөнтэй шүү дээ” гэж халаглах нь тэнэглэл тул бид энэ удаагийн нийтлэлдээ нийгмийн төлөөлөл болсон эрчүүдээс яажшуухан байгааг нь асууж зүрхэллээ.

Ингээд тэд юу хүсэж, юуг бодож, хаашаа тэмүүлж буйг эл нийтлэлээс уншигч та тунгаана биз ээ. Энэ ташрамд, Монгол цэргийн өдөр, Орчин цагийн зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 102 жилийн мэнд дэвшүүлье.

СУРАГЧ Б.ДӨЛГӨӨН


Миний бодлоор эр хүн гэж юуг ч тэсэн гарч чаддаг, ар нуруу нь хугардаггүй хүнийг хэлнэ. Дээрэлхүү, бусдыг үл тоодог, биеэ зөв авч явдаггүй эр хүн үнэхээр муухай.

Заримдаа ангийн охидууддаа дээрэлхүүлэх хэцүү байдаг. “Найздаа балаа түр зээлээч” гэж эелдэг асуухад шууд л цохиод авна. Тийм дээрэлхүү, бусдыг хохироодог зан их муухай. Ялангуяа найзууд маань намайг тоохгүй, би тэдний дунд байхгүй юм шиг үл тоомсорлогдоход гунигтай мэдрэмж төрдөг.

Харин хүнийг магтах, сайн сайхан чанарыг нь хэлж байх нь гоё. Надад итгэж, намайг урамшуулан магтах үед би өөртөө итгэлтэй, урам зоригтой болдог.

“Би Цэргийн баярыг цэрэгт явсан эрчүүдэд л зориулсан баяр гэж боддог. Утга учиртай болоод л цэргийн баяр гэж нэрлэсэн байх. Цаг нь болохоор би гурван жилээр цэрэгт явна аа.”

10 настай Б.Дөлгөөн

СЭТГЭЛ СУДЛААЧ Д.ЛХАМСҮРЭН


Хүнийг эрэгтэй, эмэгтэй, хөгшин залуу гэх мэтээр ялгаж тодорхойлохоос өмнө бид бүгд нас, хүйс, яс үндэс, угсаа гарал хамаарахгүй ХҮН гэдэг бодгаль шүү дээ. Үүнийгээ бид ихэвчлэн мартчих гээд байдаг талтай. Эсвэл аль нэг тал руу нь туйлшруулчих гээд байх нь бий.

Тоон судалгаа байхгүй ч гэлээ ажиглаад байхад Монголд эрэгтэй хүүхдэд өгч байгаа хайр нь нөхцөл тавьсан эсвэл тодорхой багахан хугацаанд мэдрээд өнгөрсөн хайр байх шиг. Гэтэл хүн гэдэг чинь авч сурснаар өгч сурдаг зантай.

Хүн хүнээ хайрлаж чаддаг, бусдын төлөө үйлдэл хийж мэддэг, тэмцэх чадвартай байвал илүү зохистой. Мэдээж хүнийг хайрлана, өөрийгөө ч мөн анхаарна гэдэг дотроо олон утга санааг агуулж байгаа. Эрэгтэй хүн нийгмийн тогтсон хэв маягт тааруулж буй нь энэ гээд хүлцэнгүй, дуу цөөтэй болчихдоггүй. Харин ч ярих боломжийг нь олгодоггүй болохоор, зөв асуултыг нь асууж хариулах нөхцөлийг нь бүрдүүлдэггүй учраас л тэд хаалттай чулуун хаалга мэт мэдрэгддэг байх.

“Сошиал медиад ил тод байдаг, эрчүүдийн төлөөлөл, амжилттай явж буй жишээ болон гарч ирсэн эрчүүд нийгмийн маш жижигхэн хэсэг атал бүх эрчүүдийг яг л тийм байх ёстой гэх тогтсон хандлагыг нэг талаараа бий болгоод байгаа мэт санагддаг. Гэтэл охинынхоо ягаан цүнхийг үүрээд явж байгаа аав, таксины жолооч, ростероор ажиллаж буй уурхайн ажилтан ахын гэр бүлийнх нь тухай яриа төдийхнөөс урам зориг авмаар эрчүүд манай нийгэмд, бидний амьдралын эгэл өдрүүдэд хэчнээн олон тааралддаг гээч.”

30 настай Д.Лхамсүрэн

УРАН БҮТЭЭЛЧ Э.МӨНХ-ЭРДЭНЭ /young mo'g/


Хүн бүр ямар ч зүйлд өөрийнхөөрөө, чөлөөтэй хандах хэрэгтэй. Үзэж, сонсож байгаа бүхнээсээ сайхныг нь мэдрэх тэрхүү дотоод эрх чөлөөг өөртөө олгох хэрэгтэй гэж боддог. Миний хувьд амьдралын алдаа, онооны алинд ч нээлттэй хандахыг хичээдэг.

Монгол эрчүүд сэтгэлдээ олон зүйл нууж явсаар гэнэтхэн л тэсэрдэг сул талтай. Магадгүй өөрийгөө илэрхийлэх гэр бүлийн орчин, орон зай байхгүйтэй холбоотой байх. Хэдийгээр гэр бүл, ажил мэргэжил, амьдралын карьераа амжилттай авч явах нь асар том үүрэг хариуцлага ч гэлээ түүнээс өмнө өөрийгөө олж нээн илэрхийлж, өөрийнхөөрөө байх нь илүү чухал.

Нөгөө талаас эцэг эхийнхээ шахалтаар өөрийгөө бүрэн таниагүй байж тэдний үгээр ямар нэг хэлбэрт баригдан хэтэрхий хичээж, дургүй ажил, дургүй зүйлээ хийх болдог. Мэдээж эцэг эхчүүд өөрсдийн зөв гэж бодсоноо хүүхдүүддээ захиж сургадаг нь буруу биш ч нэгэнт дургүй зүйлээ хийж, түүнээсээ болж аз жаргалгүй байх нь аймшигтай биз дээ? Тэр их стресс, мэдрэмжээ дарж аргацаахын тулд л өнөөдөр олон залуус янз бүрийн зүйлээс хамааралтай болж, донтолт бий болж байна.

“Өөрийнхөө амьдралд эзэн хүн бусдад буруу тохдоггүй, эрүүл зөв сэтгэл зүйтэй байдаг. Үүнээс л цаг барих, ажлаа төлөвлөх, хариуцлагатай зарчимч байдлууд аяндаа урган гарна. Би одоог хүртэл өөрийгөө эрж хайсаар л яваа. Магадгүй 20-30 жилийн дараа хаана, ямар байдалтай байх нь одоогийн миний хийж буй зүйлсийн үр шим, сонголт шийдвэрийн дэнс байх болов уу.”

25 настай Young Mo'G

ӨВӨӨ Ш.БАТ-ОЧИР


Би Монголын шугам зураг, хөдөлмөрийн багш нарын анхны төгсөгчдийн нэг. Мэргэжлээрээ 37 жил багшилсан. Минийхээр авхаалжтай, холын бодолтой, ажилдаа нямбай няхуур ханддаг, бусадтай эв найртай, бусдыг удирдан манлайлж чадах тийм нэгнийг жинхэнэ эр хүн гэж хэлнэ.

Орчин цагийн залуучууд дунд санаачлагатай, идэвх зүтгэлтэй сайшаамаар залуучууд олон харагддаг. Харин нийгэм, хувийн амьдралын асуудлуудаа шийдэх, дасан зохицох зэргээс болоод сэтгэл зүйн олон асуудалтай тулгарч байдаг шиг ажиглагддаг юм. Гэхдээ эр хүн ямар ч нөхцөлд цэх шударга, даасан ажилдаа өөриймсөг сэтгэлээр ханддаг, дотроо бодолтой, дороо суурьтай байх хэрэгтэй. Тиймээс ч хөвгүүд, ач зээ нартаа хийж буй, дааж буй ажил чиглэлдээ санаачлагатай, идэвхтэй, алдаа дутагдалд соргог байхыг үргэлж захьдаг.

“Залуу байхад ажил урагштай бүтэхийн үр шимээс урам зориг авдаг байсан бол нас өндөр болохын хэрээр хүн хоорондын эелдэг, найрсаг хандлага, харилцаанаас урамшдаг болжээ.”

85 настай Ш.Бат-Очир

ЦЭРЭГ М.ГАН-ЭРДЭНЭ


Эр хүн хад чулуу шиг хатуу чанга байх ёстой гэсэн ойлголт манай нийгэмд суучихсан. Харин сүүлийн үед 2005-аас хойш оны хүүхдүүд харьцангуй сэтгэл зүйн талаар мэдлэг ойлголттой, хувийн орон зайгаа хамгаалж чаддаг, өөрийн асуудлаа хуваалцаж, сэтгэл зүйчид ханддаг болсон байна. Гэтэл түүнээс дээш үеийнхний хувьд далд ухамсарт нь өнөөх л “Би эрэгтэй хүн юм чинь миний амьдралд юу ч тохиолдсон даваад гарах ёстой” гэдэг үзлээрээ бүхий л зовлон шаналалаа дотроо хураадаг зан суучихсан. Яг үнэндээ сэтгэл доторхоо уудлан илэн далангүй ярилцаж, сэтгэл зүйн эрүүл мэнддээ анхаарах нь чухал үүрэг болчхоод байна.

Мөн нөгөө талаас гэр бүлийн хүмүүжил маш чухал. Учир нь хүүхэд өсөж том болоод нийгэмд олон янзын хүмүүстэй харилцана шүү дээ. Тиймээс эрэгтэй хүүхдийг хүлээцтэй, аливаа зүйлийг тун сайн тунгаан боддог нэгэн бие хүн болгон хүмүүжүүлэх хэрэгтэй болов уу.

“Цэргийн албан хаагч сэтгэл зүйн хувьд маш хатуужилтай байдаг. Учир нь сонсогч болоод сэтгэл зүйн ямар ч дарамт шахалтад орсон түүнийгээ даван туулах сэтгэлийн хаттай болж бэлтгэгддэг. Тиймдээ ч би эр хүн бүр Монгол улсын үндсэн үүргээр хүлээсэн иргэний цэргийн үүргээ биелүүлээсэй гэж хүсдэг юм.”

24 настай М.Ган-Эрдэнэ

МОНГОЛЫН ЛГБТ ТӨВИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ХӨТӨЛБӨРИЙН ЗОХИЦУУЛАГЧ Г.ДОРЖЖАНЦАН /жак/


Монголын нийгэм эр хүнээс мөнгөтэй, бяр чадалтай байхын хажуугаар халамжтай, гүндүүгүй, олон таван үггүй байхыг шаарддаг. Миний хувьд эр хүн ямар ч байж болно. Тухайлбал, эрэгтэй хүн сэтгэл хөдлөлөө илэрхийлж болно, хүссэн хувцсаа өмсөж болно, эмэгтэй хүнээс бага цалин авч болно. Мөн заавал эхний болзоон дээрээ даах ч албагүй. Эрчүүдэд тулгардаг сэтгэл зүйн асуудал ч мөн эдгээр нийгмийн тогтсон хэм хэмжээтэй холбоотой. Үүнийгээ дагаад үүсэж буй асуудал, хор хохирлыг наад захын статистик мэдээллээс харж болно. Эрчүүдийн осол гэмтлээр нас барж буй тоо, дундаж наслалт, боловсролын түвшин зэрэг.

Эр хүн бусдыг болон өөрийгөө хүндэлдэг байх нь тун чухал. Энэ нь дотроо эрэгтэй хүн ямар нэгэн байдлаар “Танхайрахгүй байх” гэдэг ойлголтыг ч агуулж байгаа. Аав, ахаас эхлээд бид ч өөрсдийгөө “Хэлж ярилцаад болохгүй бол нударгаараа шийдэх хэрэгтэй, ер нь ч олон таван үг гэж байхаар гараад учраа олчихдог байх нь эр хүнд хэрэгтэй чанар” гэдэг хэрцгий сургаалиар хүмүүжүүлсэн. Гэтэл өнөөгийн соёлт нийгэмд эр хүн нударга зөрүүлэх ямар ч шаардлагагүй гэдгийг ойлгоосой гэж хүсдэг.

“Багаасаа эр хүн бяр чадалтай, чанга хатуу байх ёстой гэсэн шаардлага дор өсөж томрохын сацуу, эмэгтэйлэг гэж нийгмээс тодорхойлдог зөөлөн мөн чанаруудыг эр хүн ч мөн үзүүлж болно гэдгийг биеэрээ туулаад явж байгаа хүний хувьд миний үлгэр дуурайл авдаг хүмүүс нь ихэвчлэн эрчүүдэд боломж олгож, эерэг зөөлөн, энэрэнгүй эр хүн байхад тусалдаг хүчтэй бүсгүйчүүд байдаг даа.”

30 настай Жак

КОМЕДИАН Э.БАЛДАНДОРЖ /Равиоли/


Нийгэмд тогтсон хандлагаар эрчүүдийг бүдүүн баараг, нулимс унагадаггүй гэж тодорхойлдог юм шиг санагддаг. Гэхдээ эрэгтэй хүн ийм тийм байх ёстой гэсэн элдэв тодорхойлолтод баригдалгүй бид ямар ч байж болно шүү дээ.

Эр хүний хувьд тойрч биш дайрч гардаг сэтгэлзүйн нэг асуудал бий. Надад ч тохиолдож байсан. Охид ихэнхдээ шилжилтийн насанд нь хөвгүүдийг тоодоггүй шүү дээ. Харин тийм үед хөвгүүд тоогдохын тулд жинхэнэ өөрөөсөө тэс ондоо догь хөвгүүн мэт жүжиглэж эхэлдэг. Энэ нь нэг талаараа өөрийгөө таньж мэдэх үйл явцыг нь хэтэрхий удаан болгодог сөрөг талтай. Үүний дүнд бидний зарим нь хэдий цаг хугацаа өнгөрсөн ч одоог хүртэл өнөөх бүтээсэн дүрээсээ гарч чадахгүй хуурмаг төрхөөрөө амьдарсаар, өөрөө түүндээ стрессдээд зовох тохиолдол цөөнгүй байдаг. Миний хувьд маш удаан ганцаардаж байж үүнийг ухаарсан.

“Хүн тэр дундаа эр хүн дуртай зүйлээ хийж, санхүүгийн хувьд асуудал багатай болоод ирэхээр нийгмээс тавьж байгаа тэр тодорхойлолт, шахалт шаардлага, хэм хэмжээнүүдэд ач холбогдол өгөхөө больчихдог юм шиг санагдсан. Миний хувьд нийгмийн тогтсон хандлагад өөрийгөө тааруулах гэж хичээхээ аль хэдийн больсон.”

24 настай Равиоли

ГОО САЙХНЫ МЭС ЗАСАЛЧ, фитнесс көүч Н.ЛҮДЭВДОРЖ


Эрэгтэй, эмэгтэй гэж аливаа нэг хүйсээр ялгалгүй бүгд л ижилхэн хүн. Үр хөврөлийнхөө шатанд бид нэг эс байж байгаад хоёр өөр болж салдаг. Бэлгийн бойжилтын үед ч тус тусын бэлгийн даавар нь арай илүү ялгараад хоёр бэлэг болж төгөлдөрждөгөөс биш яг адил хэрэгцээтэй амьтад. Эмэгтэй хүнд сонсох, ярих, эрхлэх, тунирхах, гомдох хэрэгцээ байдаг бол эрэгтэй хүнд ч ялгаагүй бий. Гэхдээ харьцангуй бага илэрхийлдэг учраас тэр хэрэгцээгээ хангаж чадахгүй явсаар эцэст нь стресстдэг, шантардаг, бууж өгдөг.

Би үеийнхээ эрчүүдийн нэгэн төлөөллийн хувьд нэг зүйлийг анзаарсан. Манай үеийнхэнд тэгтлээ хойморт заларч суугаад хоол ундаа зөөлгөөд байх хүсэл сонирхол байдаггүй. Тэр тусмаа амьдралаа бүтээж, босгож яваа үед эрэгтэй ч бай, эмэгтэй ч бай ижил үүрэгтэйгээр, эрх тэгш гэр бүлийнхээ харилцаанд оролцох сэтгэлзүйтэй, хүйсээр ангилахаас илүү хүн гэдэг тал руу харж эхэлж байгаа юм болов уу гэж анзаарсан.

“Яарч шийдвэр гаргах нь буруу сонголт хийхэд хүргэдэг. Тиймээс аливаад алсын хараатай, ул суурьтай хандах нь эрчүүдийн хувьд маш чухал. Ялангуяа амьдралын хань болох хүнээ сонгохдоо асар сайн тунгааж бодох хэрэгтэй. Мэдээж эхэлсэн зүйлээ зайлшгүй дуусгах тууштай зан чанарыг мартаж болохгүй.”

27 настай Н.Лүдэвдорж

БҮЖИГЧИН Х.ОДХҮҮ


Хэлсэн үгэндээ хүрдэг, хийсэндээ хариуцлага хүлээдэг хүнийг би эр хүн гэж дүгнэдэг. Манай эрчүүдийн хувьд гэр бүл, нийгмийн олон янзын асуудлаа дотроо тээж, барагтаа бол сэтгэлээ уудалдаггүй нь гол асуудал юм шиг. Гэтэл үүнийг илэрхийлж, өөрийгөө нээж гаргах нь хэчнээн чухал билээ дээ. Миний хувьд гэр бүл, ажлын хамт олныхоо дэмжлэгээс хамгийн их урамшдаг.

Би хоёр жилийн өмнөөс нийгмийн асуудал, үнэн төрхийг хошноор илэрхийлж богино бичлэг хийж эхэлсэн. Ерөнхийдөө бусдыг буруутгалгүйгээр өөрсдөө дор бүрнээ, чадах зүйлээрээ дуу хоолойгоо хүргэе гэсэн санааг илэрхийлэхийг хүсдэг.

“Эр хүнд байх хамгийн чухал чанар бол хүнийг ялгаж харьцахгүй байх. Хаана ч байсан өөрийг нь илэрхийлдэг тэр мөн чанараа умартахгүй байх нь маш чухал.”

25 настай Х.Одхүү

МЕХАНИКИЙН ИНЖЕНЕР Д.МӨНХТУЛГА


Биднийг бага байхаас одоог хүртэл “Эрэгтэй хүн хатуужилтай, зоригтой, тэвчээртэй байх ёстой, охин шиг гоншигноод байж болохгүй” гэсэн хандлага нийгэмд байсаар л. Харин сүүлийн үед сэтгэл судлаачид бидний илэрхийлж чаддаггүй зүйлсийг шинжлэх ухаанч талаас нь тайлбарлаж нийгэмд ойлгуулж, хүлээн зөвшөөрүүлж буй нь сайшаалтай хэрэг.

Ялангуяа ковидын хөл хорионы үед хүмүүс гэр бүл, хамт олонтойгоо илүү ойр байж, тэднийгээ шинээр таньж мэдэхээс гадна дотор хүн рүүгээ өнгийж, тунгаан бодсон цаг хугацаа байсан шиг санагддаг. “Яагаад би хатуужилтай байх ёстой гэж, яагаад би бүх асуудлыг ганцаараа үүрэх ёстой билээ” гэсэн асуултууд илүү хүчтэй мэдрэгдэж, тэр бүр ил гаргаад байдаггүй нулимс тэсрэн гарч, стресс бухимдлаа гадагшлуулж, би хатуужилтай байх албагүй юм байна, би бүх асуудлыг үүрэх ч ёсгүй юм байна гэдгийг эрчүүд ухаарч эхлэх шиг болсон.

Миний хувьд эр хүнд байх ёстой хамгийн чухал хүмүүжил бол худлаа ярьдаггүй, хулгай хийдэггүй, хэлсэндээ хүрдэг зан чанар гэж боддог.

“Би эрэгтэй хүн гүндүүгүй, хэнэггүй байх ёстой гэдгийн эсрэг байр суурьтай байдаг. Нийгмийн элдэв асуудлаас үүдэн маш их стресс бухимдал авдаг ч тоомжиргүй байснаасаа болж хэт их ажлын ачаалал, цагийн менежментгүй байдал, буруу хооллолт зэрэг сөрөг үр дагаврууд гардаг. Харин ч эр хүн чинь халамжтай, мэдрэмжтэй, бусдыг маш сайн ойлгодог байх хэрэгтэй.”

44 настай Д.Мөнхтулга