Аливаа улс үндэстнийг тодорхойлох, танин мэдэхэд хамгийн чухал зүйлсийн нэг бол яахын аргагүй тухайн үндэстний соёл байдаг билээ. Харин үндэстэн бүрийн соёлын дотор уламжлалт баяр ёслолыг нь оролцуулахгүй байхын аргагүй.

Тэр дундаа монгол түмний Цагаан сарын баяр нь ахмад, буурлууддаа айлчлан золгож, өв соёлоо уламжлан хадгалахын зэрэгцээ гэр бүл, ахан дүүс хамтдаа халуун дулаан дурсамж бүтээлцдэг гайхамшигтай баяр.

Энэ удаагийнхаа 10 ертөнц, 10 өнцөг нийтлэлээрээ бид М-Си-Эс Кока-Кола компанитай хамтран монголчууд биднийг нэгтгэдэг соёлын үнэт дархлаа болох Цагаан сарын баярыг хилийн чанадад ажиллаж амьдарч буй монголчууд, Монгол улсад оршин сууж буй гадаад иргэд болон дэлхийн эргэн тойронд тархан суурьшсан монгол үндэстэн ястнууд маань хэрхэн тэмдэглэн өнгөрөөдөг талаар хуваалцахаар бэлтгэлээ.



1. М.Хүрэлчимэг (@chiminitaly) - Итали улс


Италид ирснээс хойш эндэхийн монгол оюутнуудтайгаа хотдоо удаан суурьшиж байгаа монгол айлд зочлон, сар шинээ хамт гаргадаг болсон. Гэрээсээ хол амьдарч байгаа бид чинь халуун бууз, сүүтэй цай, монгол ахуйндаа уярч хайлж, нэг өдрийг өнгөрөөдөг дөө.

Би аавыгаа дагаад дорнын зурхайг дагаж, өдөр судраа тооцдог. Шинийн нэгний өглөө аав маань мөр гаргах зааварчилгааг хүн бүрд нэгд нэгэнгүй жижиг цаасан дээр бичээд, хэрэглэгдэх зүйлтэй нь хамт бэлдээд тавьчихдаг. Монголд байхдаа түүнийх нь дагуу би мөрөө гаргадаг байсан ч одоо энд мөр гаргахгүй байгаа.

Монголд байхад битүүний өдрөөр бусад айлын л адил ойр дотнынхноороо цуглаж, ирсэн зочдоо дайлж, цайлж өнгөрдөг байсан. Цагаан сараар миний хувьд хамгийн чухал хоол бол мэдээж бууз. Өөхгүй буузанд би бол нугасгүй. Гэхдээ их идэж чадахгүй учраас нэг айлд нэгээс хоёрыг иднэ гэсэн дүрэмтэй.

2. Викториа Уилсон - Шотланд, Их Британи улс
(Монгол улсад нийт 7 дахь жилдээ амьдарч буй)


Цагаан сарын баяраар ихэвчлэн манай найз нөхдийн гэр бүл намайг гэртээ урьдаг. Түүнд нь би их баярладаг. Миний хувьд надад Цагаан сарын баяраас хамгийн их таалагддаг зүйл бол найзуудынхаа хамаатан садантай нь уулзаж ярилцах. Би өөрөө цөөхөн ам бүлтэй айлын хүүхэд болохоор бусад олон гишүүнтэй айлын баярт оролцож нэг хэсэгт нь багтахдаа үргэлж баяртай байдаг юм.

Жил бүрийн шинийн нэгнийг ямар айлд угтаж буйгаасаа хамааран жил бүр өөр өөр. Харин яагаад ч юм би золгож ерөөсөө сурч чадаагүй. Жил бүр л яаж золгох учраа олж ядан, будилж орхино.

Битүүний өдөр хэрвээ би хотод байвал дотнынхоо найзтай бууз хийж бас идэж өнгөрөөнө дөө. Тэр найз маань надад анх бууз хийхийг зааж өгсөн хүн болохоор жил ирэх тусам түүнтэй хамт өөрийнхөө бууз хийх чадвараа хэр сайжирч байгааг харах хөгжилтэй.

Цагаан сарын баярын ширээнээ байх ёстой хоол ямар хоол вэ гэж үү? Бууз!

3. Г.Бадамсүрэн (@badmabites) - Япон улс


Японд байдаг болохоор Цагаан сараа сүртэй ном журмаар нь тэмдэглэж чаддаггүй, ёслоод л өнгөрдөг. Битүүнд идээ шүүсээ базааж, гэртээ их цэвэрлэгээ хийдэг. Шинийн нэгний өглөө цагаан сарын шууд дамжуулалттай нэвтрүүлгүүд үзэнгээ идэж ууж эхэлнэ дээ.

Мөр гаргах ёсны хувьд бол аав ээж хоёр Монголд мөрөө гаргачихсан байхад болно гэж боддог. Үүн дээр нэг их ач холбогдол өгдөггүй. Японд ирснээс хойш гүрмэл боов хийж тавгийн идээгээ бэлддэг болсон. Гоё юм билээ. Тэгээд цагаалга, бууз, салат байна. Олдвол айраг тавьдаг.

Бага байхад цагаан сарын гоё зүйл нь айл хэсэж бэлэг авах л байсан. Одоо бол цагаан сар нь ахмадуудаа хүндэтгэж, удаан уулзаагүй хамаатнуудтайгаа уулзаж ураг саднаа мэдэлцэж, өв уламжлалаа хадгалж үлдэхэд нөлөөтэй чухал баяр гэж боддог. Монголд байдаг шиг өргөн дэлгэр тэмдэглэж чадахгүй ч, уламжлалаа хадгалж, хоол унд бэлтгэн, баярын уур амьсгалыг мэдрэхийг хичээдэг. Яаа, Монголд ч гоё байна даа гээд жаахан атаархдаг.

4. Grace Choi - Солонгос улс


Солонгост цагаан сарыг дээр үед манай монголчууд шиг үндэсний хувцсаа өмсөөд хамаатан садан, ойрын ах дүү нарынхаараа нэг бүрчлэн орон золгож тэмдэглэдэг байсан гэж нөхрөөсөө сонсож байсан. Цаг хугацаа өнгөрөх тусам хүмүүс цагаан сарыг хэт хүндрүүлэхгүйгээр гэр бүл дотроо цомхон тэмдэглэх нь зөв гэсэн хандлагатай болсон юм байна лээ. Одоо бол миний мэдэхээр цагаан сарын уртын амралт буюу 3-4 хоногийн амралтаар дийлэнх нь төрсөн нутаг төрсөн гэр ээж аавдаа очиж энгийн амралтын өдөр шиг л өнгөрдөг. Зарим хэсэг нь гадаад руу аялал төлөвлөж явцгаах нь ч бий. Өөрөөр хэлбэл цагаан сарын амралтын өдрүүдээр тэр жилдээ уулзалдаж чадаагүй ам бүлээрээ цуглаж ширээ дүүрэн хоол цайгаа идэж ач зээ нар нь шуугилдаж хэдэн өдрийг төрсөн гэртээ амарч өнгөрүүлдэг гэсэн үг юм. Мэдээж золгох ёс гэж бий. Гэхдээ манайхнаас өөр нь бага настай хүүхдүүд томчууддаа золгох буюу мөргөж ёсолно. Харин томчууд нь гарын мөнгө өгдөг.

Цагаан сарын өдрөө Аргын тооллоор буюу бусад Азийн улсуудын Цагаан сартай л адил тооллоор тэмдэглэдэг. Солонгост мөр гаргах зан үйл байхгүй. Харин өвөг дээдэстээ тахилын ширээ засаж бэлддэг. Жишээ нь, шинийн нэгэнд үүрээр тухайн айлын эмэгтэйчүүд нь эртлэн босож бурхан болсон өвөг дээдэстээ тахилын ширээ бэлддэг. Дараа нь тэр айлын эрчүүд нь тахилын ширээнд мөргөж хүндэтгэл үзүүлдэг.

Битүүний өдөр ихэвчлэн шинийн нэгэнд идэх хоол хүнсээ бэлдээд хамтдаа тоглож ярьж хөөрч, идэж ууж л өнгөрүүлдэг дээ. Хийх ажил ер нь нэг их байхгүй кк. Маааш энгийн болдог учраас. Цагаан сарын гол хоол нь Догтой шөл буюу манайхаар цагаан будааны боовтой шөл. Тэгээд нэг нас нэмлээ гэж үздэг.

Өдгөө дээр үе шиг айл айлаар орно гэх зүйл байхгүй болохоор шинийн нэгний өглөө бүх зан үйлээ дуусчихвал тэгээд үлдсэн хугацаанд нь аав ээжийндээ ах эгч нартайгаа хамт хэдэн өдөр бужигнаж шуугилдаж гэдсээ хагартал амттай хоол идэж, унтаж амран хамаг ядаргаагаа тайлж аваад л цагаан сарын амралт дуусахад бүгд гэр гэр рүүгээ явцгаадаг даа.

5. С.Оюунсаруул - Өвөрмонгол / Үзэмчин


Үзэмчинд Цагаан сарыг угтах өргөн дэлгэр бэлтгэл хийдэг. Битүүлэх, тэнгэр овоо босгох, мөр гаргах, золгох, шинийн цай уулгах, жил оруулах зэрэг үе шаттай олон баяр ёслолын үйл ажиллаа өрнүүлдэг. Шинийн нэгний өдрөө харин Махбодын зурхайг баримтлан тооцдог.

Махбодын зурхай болон тарнийн ёсны уламжлалаар мөрөө гаргах нь тухайн жилд харгалзах махбодоос хэелдэхгүй байхыг хүсэмжлэн суусан хүлилийн дайсан болох махбодтой зүйлсийн хорлол эсвэл зэтгэрийн зүг уруугаа хаяж цэхэр хариулах агуулга бүхий ёс бөгөөд өдрийн турш эв эеийг эрхэмлэн бэлгэдэл сайн зүйл ярьж хөөрөлддөг ёстой.

Битүүний өдрөөр Цагаан сарынхаа аливаа бэлтгэл ажлаа бэлэн болгож тавьдаг. Тэгээд нар жаргахын үеэр битүүлэх ёс эхэлнэ. Битүүлэхэд мөн гэрийн битүүн ба харилцан битүүлэх гэж хоёр зүйл байдаг. Цагаан сарын идээнд чанасан мах, бууз, цагаан идээ, сүүтэй цай голлох байрыг эзэлдэг.

6. Райан Кертанис - АНУ


Цагаан сарыг манай гэр бүл бусад монгол айлуудын адил л тэмдэглэн өнгөрөөдөг. Хадам аав ээжийнд маань ирэх зочин гийчиндээ зориулан шинийн нэгний өмнөх долоо хоногт бараг 1000 бууз бэлддэг. Харин битүүний өдөр шинийн нэгэн хоёрт хадмынд маань олон зочид ирдэг учир зочдыг хүлээж авах, үйлчлэхэд тусалж өнждөг. Тэгээд шинийн хоёрноос айл хэсдэг дээ.

Хадам аав маань Гандантэгчэнлин Хийдээс гаргасан цаглаврыг баримтлан шинийн нэгний өглөө мөрөө хэрхэн гаргах тухай бидэнд зааж өгдөг. Цагаан сарын хамгийн гол хоол бол хаашаа ч явсан бай үргэлж бууз л байдаг. Гэхдээ айл бүрийн бууз тун амттай байдаг шүү.

7. Uyanga Canada - Канад улс


Канад улсад Цагаан сарыг албан ёсоор бүх нийтийн амралтын өдөр болгон тэмдэглэдэггүй хэдий ч “Lunar New Year” буюу Азийн цагаан сар хэмээн нэрлэн байгууллагууд, цэцэрлэг, сургуулиуд тэмдэглэх нь сүүлийн үед олширч байгаа.

Энэ жилийн хувьд монгол цагаан сар маань бусад Азийн улс орны цагаан сараас нэг сарын дараа болж буйгаараа онцлог жил болж байна. Миний хувьд Канад улсын сургуульд ажилладаг тул бусад улс орны ёс заншил, тооллыг хүндэтгэн нэгдүгээр сарын 29-ний өдөр бусад орнуудын Цагаан сартай хамтатган сургууль дээрээ зохион байгуулагдсан өдөрлөгт оролцож, үндэсний хувцсаа өмсөн монгол хоолны шоу зохион байгуулсан юм. Гэртээ 55-60 хүүхдэд бууз бэлтгэн, мөн канад хүүхдүүдэд бууз хэрхэн чимхэх, буузны гурилыг хэрхэн элдэхийг зааж үзүүлэн багш сурагч нартаа амсуулан энэ жилийнхээ Цагаан сарыг тэмдэглэж өнгөрөөсөн.

Манай гэр бүл битүүний өдрийг жил бүр тэмдэглэхийг зорьдог. Тэгэхдээ монголчуудынхаа битүүний өдрөөр ямар ямар ёс заншил дагадаг, бууз, тавгийн идээ сэлтээ хэрхэн бэлтгэдэг гээд бүгдийг нь ном ёсоор нь дагадаг. Мөн битүүний орой сар, Долоон бурхандаа сүү өргөн, шинийн нэгний өглөө нарандаа цай сүүнийхээ дээжийг өргөдөг ч мөр гаргах ба золголтын хувьд төдийлөн өргөн дэлгэр золгож чаддаггүй.

8. Э.Одгэрэл (@oogiis.happy.40) - Швед улс


Гадаадад амьдардаг монголчуудын хувьд, тэр дундаа олон жил гэр бүлээрээ амьдарч буй манай гэр бүлийн хувьд Цагаан сар болон Наадамыг ёслол төгөлдөр тэмдэглэхийг зорьдог. Хүүхдүүддээ Цагаан сарын ёс заншил, ач холбогдлыг тайлбарлаж өгөхийг хичээдэг.

Манай гэр бүлийн хувьд цагаан сарыг яг Монголдоо байгаа мэт тэмдэглэхийг зорьдог. Ширээгээ засаж, үндэснийхээ хувцсаа иж бүрнээр нь өмсөн ёс заншлаа хадгалан өргөн дэлгэр тэмдэглэдэг. Шинийн нэгний өглөө хүүхдүүдтэйгээ золгоод дараа нь эх орондоо буй аав ээж, ахмад настнуудтайгаа цахимаар золгоно. Хэрвээ шинийн нэгэн амралтын өдөр таарвал энд байдаг хамаатан садантайгаа золгохоор явдаг.

Мөр гаргах ёсны тухайд гэвэл тэр бүр боломж хомс байдаг болохоор түүний оронд дээл хувцсаа өмсөн сар шинийнхээ цайгаа чанан хангай дэлхийдээ өргөж, гэр бүл, ах дүү хоорондоо бэлгэт сайхан үгс солилцон шинийн нэгнээ өнгөрөөдөг. Цагаан сарын баярын ширээгээ яг л монголдоо буй мэт бэлдэн хэвийн боов, цагаан идээ зэрэг бүхий л зүйлсээ Монголоосоо захиж авчруулдаг. Битүүний өдрийг бол мөн л монгол айлуудынхаа адил гэр орноо цэвэрлэх, ширээгээ засах, буузаа бэлдэх гэхчлэн өнгөрөөдөг.

9. Celinedessberg - Франц улс

Гэрэл зургийг: @helenetchen

Би Монголоосоо хол байгаа болохоор жил бүр л Цагаан сарыг өөр өөрөөр тэмдэглэдэг дээ. Гэхдээ удахгүй Монголдоо гэр бүл, найзуудтайгаа Цагаан сараа тэмдэглэх хүсэлтэй байгаа.

Цагаан сараар би ихэвчлэн гэр бүл, найзуудтайгаа бууз, хуушуур хийнэ. Хэрвээ тэгэх боломжгүй бол Төвөд ресторан ороод буузтай төстэй хоол (жишээ нь, Төвөд Момо бууз) захиалдаг.

Цагаан сарын зурхайн хувьд Монголын зурхайг дагадаг бөгөөд шинийн нэгний өглөө сайхан хувцас өмсөн, суудал, жилдээ тохирсон, ээжийнхээ хэлж өгсөн зааврын дагуу (манай ах дүү нар руу мөн ээж маань мөр гаргах заавар тус бүр илгээдэг) уншаарай гэсэн тарнийг нь уншин мөрөө гаргадаг. Монголдоо биш болохоор битүүнийг өргөн дэлгэр тэмдэглэх боломж хомс байдаг хэдий ч манайх жил бүр сайхан хувцас өмсөн хэрвээ боломжтой бол мах чанаж иддэг. Цагаан сарын баярын ширээн дэх гол хоол бол мэдээж бууз.

10. Mariia Khas - Гүрж улс (Буриад ястан)


Амар мэндэ!

Хэдийгээр би төрөлх нутгаасаа хол амьдарч байгаа ч аль болох өв соёл, уламжлалаа дагахыг зорьдог. Битүүний өдөр манай нутагт ээж аав хоёр маань эгч бид хоёрыг дагуулан дацан орж хурал номд суудаг байсан. Миний хувьд өглөө эртлэн босоод санзай (арц)-г уугиулан залбираад гэр бүлийнхэнтэйгээ золгодог. Тэгээд найз нөхөд рүүгээ баярын мэндчилгээ илгээдэг дээ.

Шинийн нэгний өглөө аав ээж хоёр маань айлчлан ирж буй жилийнхээ од хийморийг бэлгэдэн хийморийн дарцаг өлгөдөг уламжлалтай. Цагаан сарын шинийн нэгнээ тооцохдоо Монгол улстай адил Буддист тооллыг дагадаг. Энэ жилийн хувьд гурван сарын нэгний өдөр Цагаан сар эхлэх бөгөөд Хөхөгчин могой жил гарч байна.

Шинийн нэгний өглөө би мөрөө гаргахдаа Дүгжүүбэ ёсыг дагадаг. Энд Гүржид гадаа түүдэг асааж энергиэ ариусгах боломжгүй тул би зуурсан гурилаар толгойноосоо хөл хүртлээ арчиж өнгөрөн одож буй жилийнхээ муу бүхнийг арилган цэвэрлэх зан үйл үйлддэг юм. Тэгэхдээ биеийнхээ илүү өвчтэй байгаа хэсгээ голлон арчдаг.

Бүтүү үдэр буюу битүүний өдөр би гэртээ байж улаан идээ идэхгүй, согтууруулах унд уухгүйг эрхэмлэн тайван байхыг зорьдог. Ширээгээ малын махаар бус загас зэрэг амьтны мах болон амттанаар бэлддэг. Тавгийн ширээ засах миний хувьд бага насны маань халуун дулаан дурсамжийг санагдуулдаг тул их сайхан байдаг.

Баярын ширээний гол хоол мэдээж элбэг дэлбэг байхын бэлгэдэл болсон бууз. Энд би нэлээд хайсны эцэст сайн жигнүүр олж авсан болохоор өөрөө ч хэд хэдэн бууз бэлддэг. Мөн би аавынхаа жороор бөөв (хэвийн боов болон боорцог) бэлдэж тавьдаг даа.