Хүн бүхэн мэдлэг, мэдээлэл, боловсролыг цахим орчноос авах боломжтой болсон энэ цаг үед цаасан хэвлэл, номын соёлыг бүрэн гээсэнгүй. Хүн төрөлхтний оюун сэтгэлгээний охь болсон сонгодог уран зохиолуудыг хэвлэмэл хэлбэрээр нь унших явдал харин ч эсрэгээрээ газар авч байна. Сүүлийн хэдхэн жилийн дотор залуусын дунд ном унших соёл түгэн дэлгэрч шинэ, шинэ хэвлэлийн газрууд шил дараалан мэндлэх болжээ. Мөн цахим орчин уншсан номынхоо тухай тэмдэглэл хөтөлдөг, аливаа нэг номын талаар мэтгэлцээн өрнүүлдэг цахим бүлэг, хуудсууд олноор нээгдэв. Тэдгээр дотор өрнөж буй үйл явдлыг ажиглахуйд номыг цахим хэлбэрээр бус хэвлэмэл байдлаар уншихыг илүүд үзэж буй нь илт.

Харин номын соёлыг олонд хүртээмжтэйгээр түгээн дэлгэрүүлэх, нийтэд сурталчилан таниулах, зохиолч уншигчдыг холбосон гүүр болж буй нэгэн цогц, нийтийг хамарсан томоохон арга хэмжээ бол “Номын ертөнц” ТББ-гаас зохион явуулдаг уламжлалт “Номын баяр” юм. Ингээд тус баярт өөрсдийн бичиж, монгол хэл рүү дуун хөрвүүлсэн бүтээлүүдтэйгээ хүрэлцэн ирсэн зохиолч, орчуулагч, нийтлэлчдийн уран бүтээл болоод үйл ажиллагааны тухайд ямархан сэтгэгдэлтэй байгааг уншигчдадаа хүргэж байна.

1. Ж.ТЭГШЗАЯА, NIL PUBLISHING -ийН ҮҮСГЭН БАЙГУУЛАГЧ, ОРЧУУЛАГЧ


Бүтээл: "Гоо үзэсгэлэн бол шарх" /дэлхийн шилмэл хайрын өгүүллэгүүд/

Өдгөө номын баяр 31 дэхь удаагаа зохион байгуулагдаж байна. Тиймдээ ч олон жилийн туршлагаас үүдээд зохион байгуулалт маш сайтай болсон гэж хардаг. Бүх л хэвлэлийн газрууд нэг дор цуглаж, тэндээс уншигчид маань өөрийн сонголтыг хийнэ гэдэг зүгээр нэг дэлгүүр ороод гарахаас тэс ондоо мэдрэмжийг энэхүү үйл ажиллагааны үеэр хүртдэг болов уу. Мөн ном бүтээгчид өөрсдөө биечлэн худалдаа хийдэг тул хайртай зохиолч, орчуулагчтайгаа уулзах боломжтой байдаг.

Би энэ номын баярт “Гоо үзэсгэлэн бол шарх” нэртэй дэлхийн шилмэл хайрын өгүүллэгүүдээс бүрдсэн шинэхэн орчуулгын номтойгоо оролцож байна. Гол онцлог нь гэвэл хайр хэмээх сэдэвт зангидагдсан юм. Орчин цагийн хамгийн алдартай, үргэлжилсэн үгийн зохиолч, үгийн их мастеруудын хайрын тухай бичсэн өгүүллэгүүдээс бүрдсэн. Мэдээж өгүүллэгийн түүвэр нь олон янзын шалгууртай байдаг. Гэхдээ яг ийм хайр гэх сэдэвт зангидсан өгүүллэгийн түүвэр дэлхий дахинд ч үгүй юм билээ. Тиймээс эл өгүүллэгийн түүвэр бол дэлхийд байгаа цор ганц ном. Уншигчдад маань өгүүллэгийн сонголтууд таалагдана гэдэгт тун их итгэлтэй байгаа.

Яг ийм хайр гэх сэдэвт зангидсан өгүүллэгийн түүвэр дэлхий дахинд ч үгүй юм билээ. Тиймээс эл өгүүллэгийн түүвэр бол дэлхийд байгаа цор ганц ном.

Unread media

2. П.НАРАНБАЯР, НИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ, ОЛОН УЛС СУДЛАЛЫН ДОКТОР


Бүтээл: "Зүймэл" /баримтат нийтлэл, бодрол/

Номын баярын хамгийн том ач холбогдол бол зохиол, орчуулагчаас гадна номыг бүтээлцэхэд оролцсон хүмүүс уншигчидтай биечлэн уулзаж, харилцаж болдогт оршино. Энэ нь хожим уншигч болоод зохиолчдод ч халуун дулаан дурсамжийг үлдээх болов уу. Жилээс жилд өргөжин тэлж, олон хэвлэлийн газар оролцдог болсноор үндэсний томоохон баяруудын нэг болжээ. Удахгүй мөн аймгуудад зохион байгуулагдана гэж дуулсан. Мөн залуучуудыг цахим орчинд сатаарах болсноор ном уншихгүй байна гэдэг шүү дээ. Үүнд номын баяр тодорхой хэмжээний эерэг үүрэг гүйцэтгэж байгаа гэж боддог. Мэдээж сайн номыг олж уншина гэдэг их чухал.

Би номын баярт саяхан бичсэн “Зүймэл” номтойгоо ирсэн. Яагаад “Зүймэл” гэж нэрлэсэн бэ гэвэл өөрт төрсөн олон бодлуудаа зүйж, эвлүүлж бичсэн гэдэг утгаар ийнхүү нэр оноосон. Юмыг хагалж, бутаргах шиг амархан, муухай зүйл үгүй. Тиймээс эвлүүлж, зүйнэ гэдэг эв нэгдэл, аз жаргалыг бэлгэддэг. Нийгмийн ухааны болон өөр олон салбарыг хамарсан баримтат нийтлэл, бодролууд уг номд минь бий.

Юмыг хагалж, бутаргах шиг амархан, муухай зүйл үгүй. Тиймээс эвлүүлж, зүйнэ гэдэг эв нэгдэл, аз жаргалыг бэлгэддэг.

Unread media

3. Э.АДЪЯАСҮРЭН, СЭТГҮҮЛЧ 


Бүтээл: “Бөн бөн хэмээх уран бүлтрээ” /каламбура төрлийн эсээ, бичвэрүүд/

Номын баярын талаар шүүмжилж ярих хүмүүс байхад талархалтай ханддаг нэгэн ч бий. Миний хувьд жилд хоёр удаа төв талбайдаа цуглаж шинэ номоо танилцуулах, зохиолч уншигчид уулзах олон боломжийг бүрдүүлж өгсөн уг арга хэмжээг үргэлж дэмжиж явдаг. Тариаланчид хүртэл ургацын баяр хийдгийн адил юм. Хамгийн гол нь номоор гангарах, энэхүү баярт зориулж чанаргүй ном хийх зэргээр үйл ажиллагааны цаад утгыг бүү гажуулчихаасай хэмээн хүсдэг.

Уг үйл ажиллагаанд өнгөрсөн жил гаргасан “Бөн бөн хэмээх уран бүлтрээ” номтойгоо оролцож байгаа. Каламбура буюу үгэн тоглоом, ёгтлол төрлөөр бичсэн юм. Сэтгүүлчээр ажиллаж байх үедээ үгэн тоглоом, саркасм нийтлүүдэд илүү дуртай байсан учраас тэр төрлөөр дагнаж уг номоо бүтээсэн. Хурдтай, хөнгөн уншигдахаас гадна тун сонирхолтой санагдах болов уу.

Хамгийн гол нь номоор гангарах, энэхүү баярт зориулж чанаргүй ном хийх зэргээр үйл ажиллагааны цаад утгыг бүү гажуулчихаасай хэмээн хүсдэг.

Unread media

4. О.ЦЭНД-АЮУШ, “БОЛОР ЦОМ”-ЫН ЭЗЭН ЯРУУ НАЙРАГЧ, ЗОХИОЛЧ


Бүтээл: “Хүйтэн тууж” /тууж, өгүүллэгүүд/

Бид нар янз янзын л баяр тэмдэглэх гээд байдаг болжээ. Харин сүүлийн үед бий болсон хамгийн гоё, нийгэмд ач тустай нь номын баяр юм. Үндэсний хэмжээний баяр болж буйд нь сэтгэл өндөр байгаа. Урьд нь ирээд хүссэн номуудаа авчхаад явдаг байсан бол энэ удаа шинэ бүтээлтэйгээ, анх удаа уг баярт оролцож байна.

“Хүйтэн тууж” ном маань хэвлэгдсэнээс хойш хорь гаруй л хонож буй. Уг ном бол өмнө хэвлүүлсэн “Тас чамайг тасчих болтугай” номд багтсан “Хүргэн ах” өгүүллэгийн хоёрдугаар сцена гэж хэлж болмоор. Гэхдээ яг үргэлжлэл бол биш юм. Гол нь юу болдог, юу болдоггүй вэ гэдэг асуултад хариулт эрж, жамын тухай л өгүүлсэн дээ. Их зуд хийгээд зудыг туулж буй мал ямар болж хувирдаг вэ, тэрхүү малыг харсан араатан, хүн хэрхэн өөрчлөгддөг вэ гэдгийг харуулсан. Эргээд энэ нь хүн төрөлхтөнд юуг өгүүлж буй зэргийг бичих гэж оролдсон доо.

Бид нар янз янзын л баяр тэмдэглэх гээд байдаг болжээ. Харин сүүлийн үед бий болсон хамгийн гоё, нийгэмд ач тустай нь номын баяр юм.

Unread media

5. АМАРТҮВШИН, BALJ & PUREV ПАБЛИШИНГИЙН ХАМТРАН ҮҮСГЭН БАЙГУУЛАГЧ, ОРЧУУЛАГЧ


Бүтээл: "Коби Брайнт: THE MABMA MENTALITY" /баримтат, намтар/

Номын баярт гурав дахь удаагаа оролцож байна. Үйл ажиллагааны хувьд жил бүр сайжирч байгаа гэж хардаг. Гэхдээ үүнээс илүү сайжрах боломжтой гэж боддог. Одоохондоо бол ихэвчлэн номын худалдаан дээр тулгуурлаж байна. Цаашдаа номын эрх худалдаж авах, гэрээ хэлцэлтэй холбоотой ажлууд түлхүү хийгдвэл эерэг үр дүнтэй байх болов уу гэж бодож байна. Ер нь бол жилд хоёр удаа болж, 50 мянган хүн ирдэг, уншигчдын хүсэн хүлээдэг арга хэмжээ юм даа.

Эл баярт өнгөрсөн гуравдугаар сарын 15-нд худалдаанд гаргасан “Коби Брайнт, The Mamba Mentality” номтойгоо оролцож байна. Уг ном маань худалдаанд гарснаас хойш сайн борлуулалттай байгаа. Би өөрөө сагс үзэх, тоглох дуртай. Тиймдээ ч Коби Брайнтын ном гарах гэж буйг дуулаад хамгийн түрүүнд холбогдож, орчуулж гаргах эрхийг нь авсан. Номын хувьд зөвхөн сагстай холбоотой бус хувь хүний хүсэл зорилго, тэмүүлэл буюу цаад мөн чанартай нь илүү нийцэх бүтээл. Өөрийгөө хөгжүүлье гэсэн хүн бүрийн унших ном.

Одоохондоо бол ихэвчлэн номын худалдаан дээр тулгуурладаг. Цаашдаа номын эрх худалдаж авах, гэрээ хэлцэлтэй холбоотой ажлууд түлхүү хийгдвэл эерэг үр дүнтэй байх болов уу гэж бодож байна.

Unread media

6. Х.ЧОЙДОГЖАМЦ, СИТИ ИХ СУРГУУЛИЙН БАГШ, УТГА ЗОХИОЛ СУДЛААЧ


Бүтээл: Хэролд Блүм “Өрнийн канон”, Я.Э.Голосовкер “Домгийн логик”

Жил бүрийн үндэсний номын баяр нь хэвлэн нийтлэгч, урлаг, утга зохиолынхон, уншигчдын хүсэн хүлээдэг баяр юм. Уг үйл ажиллагаа нь ном бүтээгч болоод уншигч буюу хүртэн мэдэрч байгаа бүх хүний хамтын баяр байдаг. Тийм ч учраас би номын баярын талаар сөрөг бодол тээдэггүй. Харин ч тус тусдаа арга хэмжээтэй, өдөрлөг болгож улам дэлгэрүүлээсэй гэж хүсдэг.

“Утга зохиолын судлал шинжлэл” гэж бидний хамтын редакц байдаг. Одоогоор 46 цуврал гарсан бөгөөд дараагийн бүтээлүүд нь гарахад бэлэн болсон. Энэ удаагийн номын баярт Хэролд Блүмийн “Өрнийн канон”, Я.Э.Голосовкерийн “Домгийн логик” зэрэг шинэ бүтээлүүдтэй оролцож байна. Манай редакц домгийн сэтгэлгээ, логик, онолын чиглэлээр эртний Энэтхэг болоод Миссирийн домог зэрэг цуврал номууд гаргахаар төлөвлөсөн. Эхнийх нь Я.Э.Голосовкерийн “Домгийн логик” гэдэг онолын бүтээл юм. Домгийн логик гэж юу вэ, түүний утга учир, логик зүйн талаар философи тайлбар дэвшүүлсэн, шинжлэх ухааны, академик бичлэгтэй бүтээл.

Харин Хэролд Блүмийн “Өрнийн канон” бүтээл бол хамгийн даацтай, бие даасан, өрнийн сэтгэлгээ, уран зохиолын онол, туурвил зүйн тогтолцоотой бүтээл юм. Уг ном дотроо гурван тусдаа дэвтэртэй. Эдгээр нь “Аристократын эрин”, “Демократын эрин”, “Хоасын эрин” юм. “Өрнийн канон” гэдэг маань өрнийн урлаг, утга зохиолын туурвил зүйн сэтгэлгээ, хоас сэтгэгчдийн дэг сургуулиудыг дэлгэрэнгүй тайлбарласан бий. Мөн конан гэдэг ойлголт урлаг, уран зохиолд ямар үүрэгтэй байдаг вэ, бид хэрхэн хүлээж авч зөв тайлбарлах ёстой вэ гэдэгт чухал суурь болох онолын бүтээл. Уг номыг Монголын нэртэй утга зохиол судлаач, шинжлэгч, зохиолч П.Батхуяг орос хэвлэлийг бидэнд дамжуулж, орчуулан гаргах санаачлагыг эхлүүлсэн учраас гэгээн дурсгалд нь зориулж гаргасан. Дээрх номуудын орчуулагчаар Ц.Магсар, Ж.Отгонбаяр нар ажилласан юм.

Уг номыг Монголын нэртэй утга зохиол судлаач, шинжлэгч, зохиолч П.Батхуяг орос хэвлэлийг бидэнд дамжуулж, орчуулан гаргах санаачлагыг эхлүүлсэн учраас гэгээн дурсгалд нь зориулж гаргасан.

Unread media

7. Б.САРАНТУЯА, ЗОХИОЛЧ


Бүтээл: “Сондгой цагаан сувд” роман

Энэ жил номын баярт 17 дахь жилдээ оролцож байна. Монголчуудыг номд дуртай болгох, номын баяртай болгох энэ сайхан үйлсэд зохиолч, “Номын соёлт ертөнц” ТББ-ын Б.Сувд их үүрэг гүйцэтгэсэн. Улсынхаа төв талбайд гурван хоног, өргөн олноороо цугладаг болтлоо зөндөө олон саад, бэрхшээлийг давж өнөөдрийг хүрсэн. Өдгөө олон жилийн турш яван явсаар бүгд оролцож тэмдэглэдэг уламжлалт баяр болж буйд хувьдаа их баяртай байдаг. Мөн жишээлбэл, Өвөрмонголд гэхэд л босоо монгол бичиг хоригдчихсон, тэд монголчуудынхаа оюуны үнэт өвөөс кирил үсгээр унших боломжгүй нөхцөлтэй энэ үед манай оронд хэвлэгдэж байгаа хэвлэмэл бүтээлүүд, номын баярын тухай чих тавин хүлээдэг юм билээ. Унших ном бүтээл, тэдгээрийн талаарх мэдээлэл нээлттэй байгаа энэ цаг үе бол үнэхээр урьд өмнө байгаагүй, хүн бүхэнд ирдэггүй сайхан боломж юм.

Энэ удаагийн номын баярт шинэхэн гарсан “Сондгой цагаан сувд” романтайгаа оролцож байгаа. Миний хувьд зургаа дахь роман маань болж буй. Өнгөрсөн онд орчин үеийн сэдвээр бичсэн “Сэтгэл залгигч хот” романыхоо үргэлжлэл болгож эл бүтээлийг туурвисан. Уг нь “Эм хүйстэн” гэж нэрлэсэн боловч зохиол бичих явцад өөрчлөгдсөн. Уг романаараа “ухамсар мөнх юм” гэх үзэл санааны тухайд дуугаръя гэж бодож, нэг гэр бүлийн эмэгтэйчүүдийн зуун жилийн амьдрал, жаргал, зовлон, үйлийн үрийг хэлхэж бичсэн. Үйл явдлын хувьд одоо цаг, зуун жилийн өмнөх өнгөрсөн хугацаа, зуурдын ертөнц гэсэн гурван орон зайд зэрэгцэж өрнөнө.

Уг романаараа “ухамсар мөнх юм” гэх үзэл санааны тухайд дуугаръя гэж бодож, нэг гэр бүлийн эмэгтэйчүүдийн зуун жилийн амьдрал, жаргал, зовлон, үйлийн үрийг хэлхэж бичсэн.

Unread media

8. С.БААТАРЦОГТ, СУИС-ийН БАГШ, ҮРГЭЛЖИЛСЭН ҮГ, ЖҮЖГИЙН ЗОХИОЛЧ


Бүтээл: “Цасан хуй” тууж

Уншигчдадаа номын баярын мэнд хүргэе. Эл баяр сүүлийн жилүүдэд өргөн дэлгэр болох болсонд туйлын баяртай байдаг. Мэдээж анх удаа номтой танилцаж, нөхөрлөх гэж буй хүмүүс ямар ном, хэрхэн сонгож уншихаа төдийлөн сайн мэдэггүй шүү дээ. Тиймээс ч уншигчид бусдаас зөвлөгөө авах, мэргэжлийн зохиолч, бүтээлчидтэй уулзах олон талын ач холбогдолтой юм.

Би номын баярт шинээр хэвлүүлээд буй “Цасан хуй” туужийн бүтээлтэйгээ оролцож байна. Эл номыг 2018 оноос эхлэн бичиж энэ жил сүүлийн цэгийг нь хатгасан. Уг номд хайр дурлал, асрамжийн газрын хүүхдүүдийн тухай гарна. Гол дүрийн залуу болох Уужим өөрийн хайртай эмэгтэйтэй учирснаар аж төрөхүй нь бүхэлдээ өөрчлөгдөнө. Юм бүхэн хэт нүсэр байх албагүй. Тэр чинь зүгээр л нүсэр зүйл шүү дээ. Харин хайрлаж явах үүх түүх, эргэн санах энгүүн хэрнээ агуулга нь цээжинд багтамгүй, хамгаалж байх ёстой хэчнээн гайхам дурсамжууд бидэнд байдгийг эл тууж бэлхнээ харуулах болов уу.

Юм бүхэн хэт нүсэр байх албагүй. Тэр чинь зүгээр л нүсэр зүйл шүү дээ.

Unread media

9. П.НОМИНБИЛэГ, URGA BOOKS -ЫН ХАМТРАН ҮҮСГЭН БАЙГУУЛАГЧ, ОРЧУУЛАГЧ


Бүтээл: "Монтэнийн намтар: Хэрхэн амьдрах вэ?" /баримтат, намтар/

Номын баяр жилээс жилд улам өргөжин тэлсээр байгаа. Монголчууд, тэр дундаа залуучууд ном сайн уншдаг болсон. Уншдаг болсон учраас баталгаа нь болж олон шинэ паблишинг, хэвлэлийн газрууд нээгдсэнээс гадна орчуулга болоод хэвлэлтийн чанарт анхаарал хандуулдаг болжээ. Уншигчид ч тэр хэрээр сайн сонголт хийж сурсан байна. Энэ бол тун чухал үзүүлэлт юм. Мэдээж тэр дундаас хамгийн сайн ном, бүтээл цаг хугацааны туршид шигшигдэж үлдэх биз ээ. Миний хувьд утга зохиолч судлаач У.Бямбаням найзтайгаа хамтран энэ оны эхээр “Urga books” хэвлэлийн газрыг үүсгэн байгуулсан. Шинэхэн нээгдсэн учраас энэ удаа номын баярт асар гаргаж оролцоогүй. Ирэх намраас Арвис паблишингтай хамтраад асар гаргахаар төлөвлөж байгаа.

Энэ удаад номын баярт миний орчуулсан “Монтэнийн намтар: Хэрхэн амьдрах вэ?” бүтээл маань худалдаалагдаж байна. Гурван жилийн өмнө Д.Ганзориг найз маань холбогдож, эл номыг орчуулах саналыг тавьж байсан. Мэдээж би Монтэньд их дуртай, шимтэн уншигч нь байлаа. Түүний зохиол, эсээнүүд амьдралынх нь намтартай хэрхэн уялдаж байна вэ гэдгийг тус номын зохиолч Сара Бэйквэлл хэмээх философич таван жилийн судалгааны үр дүнд бичсэн юм.

Монголчууд, тэр дундаа залуучууд ном сайн уншдаг болсон. Уншдаг болсон учраас баталгаа нь болж олон шинэ паблишинг, хэвлэлийн газрууд нээгдсэнээс гадна орчуулга болоод хэвлэлтийн чанарт анхаарал хандуулдаг болжээ.

Unread media

10. Б.ЧАНАГНЯНГАР, ХҮҮХДИЙН НОМЫН “ЖАНГАР РЕДАКЦИЙН АЛБАНЫ ДАРГА, ЗОХИОЛЧ


Бүтээл: “Тэмээ эврээ алдсан нь” /хүүхдэд зориулсан үлгэрийн зурагт ном/

Сүүлийн жилүүдэд номын баярт Монсудар хэвлэлийн газар, Жангар редакцын зүгээс тогтмол оролцсоор ирсэн. Уг баяр бол олон тооны хүмүүс ном худалдан авах эсвээс борлуулах гэдгээс өргөн утгатай юм шүү. Учир нь номын соёлыг түгээн дэлгэрүүлэх, хэвлэн нийтлэгч болон зохиолч, редакторуудыг уншигчидтай нь холбох гүүр болж өгдөг. Түүнээс бус уран бүтээлчид номоо туурвиад дэлгүүрт борлуулах үед уншигчидтайгаа харилцах, номынхоо тухай танилцуулах боломж тэр бүр олддоггүй. Тиймээс номын баяр чухал болоод өндөр ач холбогдолтой гэж боддог.

Номын баярт би өнгөрсөн долоо хоногт хэвлэлтээс гарсан “Тэмээ эврээ алдсан нь” номтойгоо оролцож байна. Уг бүтээлийн тухай ярихаас өмнө цувралынхаа талаар цухас дурдсан нь зөв болов уу. Хүүхдийн номын “Жангар” редакцаас эртний үлгэрүүдийг шинээр зохиомжлон бүтээж, зурагт ном болгон гаргаж буй. Түүний хүрээнд дан ганц редакцын ажилтнуудаас гадна их дээд сургуулиудын багш, оюутнууд гэх мэт олон хүнтэй зураг болоод зохиол дээр хамтран ажилласан. Миний хувьд нэлээдгүй зурагт номын зохиолыг бичсэнээс хамгийн сүүлд хэвлүүлсэн нь “Тэмээ эврээ алдсан нь” гэх бүтээл юм. Уг номыг бид бүгдийн сайн мэдэх монгол ардын домог, үлгэрээс сэдэвлэн бичсэн. Гэхдээ орчин үеийн хүүхдүүдийн үнэт зүйлстэй зөрчилдөх агуулгыг шинээр засварлаж, зохиомжилсон. Үүнээс гадна зөвхөн үлгэр хэлбэрээр бус зурагт номын агуулгад тохируулж бичсэн нь хүүхдэд илүү ойлгомжтой болсон гэдэгт итгэлтэй байна.


Уг баяр бол олон тооны хүмүүс ном худалдан авах эсвээс борлуулах гэдгээс өргөн утгатай юм шүү. Учир нь номын соёлыг түгээн дэлгэрүүлэх, хэвлэн нийтлэгч болон зохиолч, редакторуудыг уншигчидтай нь холбох гүүр болж өгдөг.

Unread media