Хэрвээ та Оюу Толгойн гүний уурхайд зочилбол “Уурхайгаас гарч ирэх хамгийн чухал эрдэнэ бол та” хэмээх зураг хамгийн түрүүнд нүдэнд тань тусах нь лавтай. Өнөөдрийн байдлаар дэлхийд эхний тавд эрэмбэлэгдэж буй, ирэх жилүүдэд бүрэн хүчин чадлаараа ажиллах үедээ жилдээ 500 мянган тонн баяжмал олборлох энэхүү уурхайн хамгийн том баялаг бол 20 мянган орчим ажиллах хүчин юм.
Өдгөө "Оюу толгой" компанийн нийт ажиллах хүчний 97 хувийг монголчууд бүрдүүлж байгаа бөгөөд дэлхийн хаана ч ажилд орж чадах туршлагатай инженер, техникийн ажилчид энд ажиллаж байгааг дурдах хэрэгтэй болов уу. Нөгөө талдаа нэг ээлжиндээ л гэхэд 6 мянга гаруй залуус ажиллаж, амьдрал буцалж байдаг энэхүү бичил хотод зөвхөн уурхайчдаас гадна төрөл бүрийн мэргэжилтнүүд уурхайн хэвийн ажиллагааг хангахын төлөө 12 цагийн турш хөдөлмөрлөж байдаг.
Гүний уурхайн олборлолт эхэлсэн өнгөрөгч сард дэлхийд данстай уурхайг хөдөлгөх гол хүчин болсон тэдэнтэй ажлынх нь онцлог хийгээд мэргэжлээрээ бахархах мөчүүдийн тухай цөөн хором ярилцсанаа ийнхүү хүргэж байна.
i. Н.Жамбалжамц, үйл ажиллагаа хариуцсан ахлах ажилтан
Миний ажил “Оюу толгой” ХХК-д ашиглагддаг компьютер,принтер зэрэг мэдээллийн технологийн тоног төхөөрөмжуудийг хариуцдагаараа онцлогтой. Илүү тодруулбал, зургаан мянган гаран компьютерыг хариуцаж, 10 мянга гаруй ажилчдад хүрч үйлчилж байна. Аливаа тоног төхөөрөмж хэвийн бус ажиллаа гэхэд хамгийн түрүүнд очиж шалгадаг болохоор манай багийг “галын шугаман дээр ажилладаг” хэмээн зүйрлэдэг юм.
"Оюу толгой" компанид ямагт олон улсын стандартад нийцэхүйц техник төхөөрөмж, программ хангамжийг албан ёсны эрхтэйгээр ашиглаж, туршиж ирсэн. Техник технологи хурдацтай хөгжиж буй шинэ эрин зуунд шинээр гарч буй бүхий л технологийн бүтээгдэхүүнийг дэлхийн жишигтэй хөл нийлүүлэн ашиглаж, хэрэглээндээ нэвтрүүлж байгаа нь манай мэргэжлийн сайхан тал нь гэж боддог.
ii. Н.пүрэвсүрэн, газарзүйн мэдээллийн систем болон дата хариуцсан зөвлөх
Миний ажил бол Оюу толгой уурхайн байгаль орчны бүхий л датаг цуглуулж нэгтгэх, тэдгээрийг газарзүйн мэдээллийн системээр дамжуулан өөр хооронд нь давхцуулж, хаана ямар төрлийн ховор ургамал байна, аль хэсэгт нь амьтад байгаа зэрэг мэдээллийг хүмүүст ойлгомжтой байдлаар харуулах юм.
Дэлхийд дээгүүрт бичигдэх, асар том бүтээн байгуулалт энд өрнөж байгаа тул барилга байгууламж, зам харгуй, цахилгааны шугамаас эхлээд дэд бүтцийн олон ажил хийгдэх нь ойлгомжтой. Тэдгээр ажлуудыг хэрхэн гүйцэтгэвэл хүрээлэн буй орчинд ээлтэй бөгөөд үр дүнтэй байхад манай багийн бэлтгэсэн мэдээлэл тусалдаг хэмээн энгийнээр ойлгож болно. Зөвхөн уурхайн бүсээс гадна нөлөөллийн бүс буюу дүйцүүлэн хамгаалах зайг тооцвол бид ойролцоогоор гурван аймгийн 15-16 сумтай тэнцэх талбайг судалдаг.
2011 онд анх гүний уурхайгаас ус татах шугамын ажил эхэлж, зураг төсөл бүх зүйл нь жин тан болчихсон байх үед манай багийнхан тухайн шугам байгалийн заган ойг тэг дундуур нь дайрах гэж байгааг олж мэдсэн юм. Судалгааны үндсэн дээр тус төслийг байгаль орчинд нөлөөлөл багатайгаар шийдэхийн тулд зураг төслийг өөрчлүүлж, тэрхүү заган ойг авч үлдэж чадсан маань санаанд тодхон үлдсэн.
Говийн ан амьтан, ховордсон ургамал гээд энэ гайхалтай экосистемийг бүхэлд нь судалж буй явдал бол миний мэргэжлийн хамгийн бахархмаар хэсэг. Бидний цуглуулсан энэ том мэдээллийн бааз зөвхөн "Оюу толгой" төсөл гэлтгүй манай улсын говийн бүс нутагт чухал ач холбогдолтой гэж бодохоор ажлаасаа урам зориг авдаг.
iii. о.АЛТАНХУЯГ, ил уурхайн засварын хэлтэсийн хүнд машин механизмийн а ээлжний багийн ахлагч
Би 1995 онд Техникийн их сургуулийг Авто инженер мэргэжлээр төгсөж, түүнээс хойш автобааз, уур уурхайн салбарт ажилласаар 2010 оноос одоог хүртэл буюу 13 жилийн турш Оюу толгойгоор овоглосон байна.
Монголд анх удаа нэвтэрсэн Komatsu 930E-4SE гэхэд манай хэлтэст 30 ширхэг бий. Гурван давхар барилгатай тэнцэхүйц өндөртэй энэ аварга техник ганцхан ачилтаар уулын чулуулгийн 30-340 тонныг тээвэрлэх чадалтай. Мөн дунд оврын 100-120 тонны арав орчим техниктэй. Эдгээр техникүүд ихэвчлэн баяжуулах үйлдвэрээс гарсан усыг тунгаан цэвэрлэж, буцааж ашиглах хаягдлын далангийн бүтээн байгуулалтад ачааг тээвэрлэх үүрэгтэй. Ерөнхийдөө манай хэлтсийн хувьд уулын чулуулгийг түрэх, зам цэвэрлэх зэргээр уурхай дундаа тээвэрлэлтийн бүхий л ажлыг хариуцдаг.
Дээр дурдсан техникүүдээс гадна экскаватор, түрэгч бульдозер, ачигч лодор зэрэг 70-80 орчим хүнд машин механизмыг сэлбэг байхаас нь угсралцаж байлаа. Энэ нүсэр техникүүдийг сэлбэг байхаас нь нэгбүрчлэн угсарч, уурхайн үйл ажиллагаанд бэлэн болгох үйл явц бол ажил мэргэжлээрээ бахархах мөч маргаангүй мөн. Удахгүй тэтгэвэртээ гарчхаад үр ачаа тойруулан суулгаж, аав нь, өвөө нь энэ том техникүүдийг угсарч, засаж байлаа гээд бахархан ярих байх.
Уурхайд зөвхөн эрчүүд л хүнд хүчир ажил хийдэггүй. Энд олон чадварлаг эмэгтэйчүүд ажилладгийг онцлон хэлэхийг хүсэж байна. Үүнээс гадна гаднын нүдээр уурхайн цалин хөлс айхтар өндөр гэсэн түгээмэл ойлголт тархсан юм шиг ажиглагддаг. Бид яг л бусад мэргэжилтэй адил чадлынхаа хэрээр ажиллаж, хийснийхээ хэрээр л цалинждаг.
iv. я.баяраа, экскаватор, komatsu техникүүдийн оператор
Би 2006 оноос "Оюу толгой" ХХК-д оператораар ажиллаж эхэлсэн, ууган ажиллагсдын нэг. Миний жолооддог R-9400 загварын цагаан экскаватор нь голдуу 15 метрийн өндөртэй хана цэвэрлэдэг.
Уурхайд хөдөлмөрийн аюулгүй байдал хамгийн чухал. Аюулгүй ажиллагаа бол тоон үзүүлэлт бус, шууд утгаараа хүмүүсийн амь нас, эрүүл мэндтэй холбогддог учраас “Уурхайчид зөвхөн аюулгүй үед л ажиллана” гэсэн үндсэн дүрэмтэй.
Сүүлийн жилүүдэд техник болон оператортай холбоотой олон үзүүлэлт автомат мэдрэгчээр дамжин шууд диспетчерт очдог болсныг дурдах хэрэгтэй. Дугуйн хий, тосны түвшин зэрэг бүх дата диспетчерт очдог бөгөөд хэрвээ дугуйн даралт үл ялиг буурсан л бол аюулгүй газар очиж зогсон шалгах ёстой. Түүнчлэн оператор техник рүүгээ шатаар авирч орох бус “hot seat” буюу шууд тавцангаас халуун суудалд суудаг болсон нь сүүлийн жилүүдэд гарсан томоохон дэвшлүүдийн нэг.
Хэдий бүх зүйл төлөвлөгөөний дагуу явагдаж байгаа ч гэсэн хүн л болсон хойно ядарна, нойр хүрнэ гээд биеийн байдалд гэнэтийн өөрчлөлт орох үе тохионо. Энэ асуудлыг бид ухаалаг малгайн тусламжтай шийдсэн. Энэ малгай маань операторын нойр эсэргүүцэх чадварыг хэмжээд датаг шууд диспетчерт шилжүүлдэг. Малгай дээр анхааруулах гэрэл нэг ассан тохиолдолд анхааруулна, хоёр асахад хаа байгаа газраа зогсох ёстой. Энэ мэтчлэн уурхайн зүгээс ажиллагсдын аюулгүй ажиллагааг хангахын төлөө жил бүр шинэ технологи, санаачилгууд нэвтрүүлдэг.
v. э.одмаа, гүний уурхайн олборлолтын инженерийн хэлтэсийн ахлах мэргэжилтэн
Блоклон олборлох технологи нь босоо нэвтрэлтүүдийг хооронд нь холбож, босоо цооног өрөмдөн зөвхөн хүдрийн буулгуураар хүдрийг ил гаргадаг технологи юм. Одоогийн байдлаар 1300 метрийн гүнд 110км гаруй хөндий гаргаж, 21 хүдрийн буулгуур байгуулаад байна. Манай багийн хувьд гадарга дээр ажиллаж байгаа техникийн инженерүүд болон талбай дээрх уурхайчдын хооронд холбоос болдог.
Гүний уурхайн олборлолт гэрээнээс шалтгаалан олон жил нааш, цааш болсон. Маш олон үйл явдал өрнөсний эцэст өнгөрсөн жил гүний уурхайн үйлдвэрлэлийн эхний үе шат буюу анхны тэсэлгээг хийх команд өгөх тэр мөч үнэхээр нулимс дуслам, ажил мэргэжлээрээ омогшмоор үе байсан. Зөвхөн Монгол төдийгүй дэлхийд тавд эрэмбэлэгдэх өндөр технологийн гүний уурхайг ашиглалтад оруулах үйл явцын яг цөмд нь гар бие оролцож байгаагаа ухаарах мөч үнэхээр бахархам.
Зөвхөн цалин аваад гэр бүлээ тэжээх бус ирээдүйд өөрсдийнхөө үр хүүхэд, ач зээ нарын ажиллах ажлын байрыг бэлдэж, Монгол улсад маань үлдэх ашиг, мөнгөн урсгалыг бий болгохын төлөө ажиллаж байгаагаа мэдрэх үнэхээр сайхан.
vi. б.баясгалан, хайгуул нөөц болон системийн хэлтэсийн геологи үйлчилгээний техникч
Би геологич мэргэжлээр БНХАУ-д суралцсан шинэхэн төгсөгч. Ажлын гараагаа Оюу толгойн уурхайгаас эхлүүлээд хэдхэн сар өнгөрч байна. Одоо би Нөөц ба Системийн хэлтсийн геологийн үйлчигээний техникчээр ажилладаг. Геологийн үйлчилгээний техникч бол өрмийн чөмгөн дээжинд чиглэлийн шугам татах, чулуулгийн соронзон шинж чанарын хэмжилт, дээжний гарц, дээжлэлтийн ажил, зурган баримтжуулалт гэх мэт олон төрлийн ажлыг хийж гүйцэтгэдэг.
Манай дээж боловсруулах байгууламж дээр Хайгуул, Минералоги, Геофизик, Геологийн үйлчилгээ гэсэн 4 баг тус тусын үүрэгт ажлуудаа хийж гүйцэтгэдэг. Мөн манай байгууламжид ил, далд уурхай болон хайгуулын өрөмдлөгийн ажлын чөмгөн дээжүүдийг хүлээн авч геологи-геотехникийн бичиглэлийг хийж гүйцэтгэдэг. Ер нь Оюу толгой төслийн хайгуулын ажлын бүх чөмгөн дээж хадгалагддаг гэж хэлж болно. Ойролцоогоор 1.3 сая метр дээж хадгалагддаг. Зүйрлүүлж хэлбэл энэ бүх дээжүүдийг цувуулаад тавибал Баян-Өлгий аймаг хүрнэ гэж ойлгож болно.
Геологи-Геотехникийн бичиглэл гэдгийг товчхон тайлбарлавал газрын гүнд ямар ямар төрлийн чулуулгууд тархаж байна, хэрхэн оршиж байна, аль хэсэгт нь зэсийн хуримтлал үүссэн байна зэрэг мэдээллүүдийг цуглуулдаг.
Ер нь бидний хийж байгаа ажил нь хамгийн үндсэн, суурь чухал ажлуудын нэг. Бидний авч байгаа мэдээлэл дээр үндэслээд уурхайн хөгжүүлэлтийн олон тооцоо судалгаа хийгдэж уурхайн бүтээн байгуулалт өргөждөг.
vii. б.энхтөр, дэд бүтцийн цахилгаан нарийн хэмжүүрийн багийн ахлах ажилтан
Өнгөрөгч сарын 13-нд “Sustainable Production” буюу гүний уурхайн олборлолт эхэллээ. Энгийнээр тайлбарлавал, гүний уурхай энэ цагаас эхлэн зогсох, буцах замгүй болж байгаа хэрэг. Харин уурхайн 24/7 тасралтгүй ажиллагааг автоматжуулалтгүйгээр төсөөлөхийн аргагүй.
Орчин цагийн дэвшилтэт уурхайнуудтай адил Оюу толгойн гүний уурхай хүний үйл ажиллагааг хөнгөвчилсөн автоматжуулалтын системийг бүхий л шатандаа ашиглаж байна. Манай баг уурхайн барилга байгууламж, ус, цахилгаан, дулаан хангамж зэрэг дэд бүтцэд шаардлагатай цахилгаан автоматжуулалтыг хариуцан ажилладаг. Зөвхөн цахилгаан гэлтгүй үйлдвэрийн автоматжуулалт, техник төхөөрөмжүүдийн хэвийн үйл ажиллагааг хангах зорилготой хамт олон.
Ямар ч үйлдвэрийн хувьд автоматжуулалт гэдэг яг л тархитай адил. Тиймдээ ч Rockwell Automation компанийн тоноглол зэрэг хамгийн сүүлийн үеийн технологиудаар манай уурхай тоноглогдсон.
viii. х.өлзийжаргал, мазаалай рестораны туслах тогооч
Би бол монголын хамгийн том, хамгийн олон хүнд нэгэн зэрэг үйлчлэх хүчин чадалтай “Мазаалай” рестораны тогооч. Манай ресторан нэг өдөрт 8-11 мянган хүнд үйлчилдэг.
Ар гэрээсээ хол, өдөр бүр 12 цагийн турш ажиллаж буй хэн бүхний хувьд хоол гэдэг амин чухал зүйлсийн нэг. Маш олон хүнийг нэгэн зэрэг чанартай, амттай хоол хүнсээр хангана гэдэг амаргүй ажил. Мазаалайгийн арын албанд гэхэд нэг ээлжиндээ 120 гаруй хүн ажиллаж, хамгийн эхний хоолыг үүрийн дөрвөн цагаас гаргадаг хуваарьтай. Уурхайн цагийн хуваарь минут, секундээр хэмжигддэг тул бид ч мөн адил яг цагтаа хоолоо бэлэн байлгах учиртай.
Ажиллагсдын хоол гэхээрээ л нэгэн хэвийн, хэдхэн сонголт дотор эргэлддэг нийтлэг, хэвшмэл байдлыг манай хамт олон чадлынхаа хэрээр өөрчилж яваа. Бидний хувьд монгол, европ, веган, эко зэрэг ажилтнуудыхаа эрүүл мэнд, амьдралын хэв маягийн харилцан адилгүй байдалд тохируулан олон төрлийн хоолоор үйлчилдэг.
Уурхайчдын дунд сахарын өвчтэй, жингээ хасах хүсэлтэй, цагаан болон веган гээд төрөл бүрийн хоолны дуршилтай хүмүүс бий. Тэдгээр хүмүүсийг бүгдийг нь өдрийн турш амттай хоолоор угтан авч, аз жаргалтай мэдрэмжээр үдэн гаргах нь бидний туйлын зорилго. Тиймдээ ч чадахынхаа хэрээр шинэ жор, шинэ технологи, шинэ амтны эрэлд гарах дуртай.
ix. м.алимаа, аеробик, иогийн багш
Манай компани аэробик, иог, фитнес, волейбол, сагсан бөмбөг, хөлбөмбөг, ширээний теннис, талбайн теннис, дартс, биллиард зэрэг спортын олон төрлөөр хичээллэх боломжийг олгодог. Миний хувьд биеийн тамирын багш, дасгалжуулагч мэргэжилтэй. Их сургуулиа төгсөөд л Оюу толгойн спорт төвд ажилд орсноос хойш тасралтгүй зургаа дахь жилдээ ажиллаж байна.
Манай иогийн ангид өдөртөө 20-30, аэробикийн сургалтад 15-20 хүн хамрагддаг. Ер нь манай уурхайн ажилчид нийтээрээ спортлог. 12 цагийн хүнд хүчир ажлын дараа ч өөрийн бие махбод, эрүүл мэнддээ анхаарч бие бялдараа хөгжүүлж байгаа залуусаараа бахархдаг.
Жил бүрийн долдугаар сард 11 төрлийн спортын наадам зохион байгуулагддаг уламжлалтай. Энэ мэтчилэн ажилтнуудынхаа амралт, чөлөөт цагийг үр дүнтэй, зөв боловсон өнгөрүүлэхэд анхаарч, тогтмол спортын арга хэмжээнүүдийг зохион байгуулдаг онцлогтой.
x. ч.болд-эрдэнэ, оюут, манлай барны менежер
Өглөө эрт үүдээ нээдэг монголын цорын ганц бар манайх болов уу. Оюу Толгойн уурхай дээр ажиллаж байгаа залуусын тоо томоохон аймгийн төвд амьдарч буй залуусаас ч олон байх. Залуус байгаа л юм чинь ажлын дараа стрессээ тайлах, хамт олонтойгоо цагаа өнгөрүүлэх газар хэрэгтэй. Манай бар өглөө 07:00-09:00, орой 18:00-21:30 хүртэл ажилладаг. Шөнийн ээлжтэй байсан хүмүүст ийнхүү өглөө эрт үйлчилдэг юм.
Нэг ажилтан өдөрт дөрвөн ширхэг 0.33 литр шар айраг эсвэл 150 граммын дөрвөн хундага улаан дарсаас хэтрүүлэн хэрэглэхгүй байх дүрэмтэй. Нэг ёсондоо дүрэм журмынхаа дагуу л үйлчлүүлж байвал ажлынхаа алжаалыг тайлж, цагийг зугаатай өнгөрүүлэх таатай орчин энд бий.