Зуны амралт эхэлсэнтэй холбогдуулан оюутан, сурагчдын нэмэлт орлогын эх үүсвэр болох цагийн ажлын талаар төрөл бүрийн сонирхолтой туршлагуудыг багцлан хүргэхээр бэлтгэлээ. Нарийн боовны тогоочоос эхлэн сагсан бөмбөгийн дасгалжуулагч хүртэл тун сонирхолтой цагийн ажлуудаас уншигч та өөрт тохирох цагийн ажлын шинэ санаа, сэдлийг олж авч чадна хэмээн найдаж байна.
ХУДАЛДААНЫ ЗӨВЛӨХ М.ОЮУНБАДРАХ, 20 НАСТАЙ
Ажлын газар: CU
Цагийн хуваарь: Ээлжийн, 8:00-16:00, 16:00-00:00
Ээлжээ хүлээж аваад, бараагаа өрж цэгцлээд, касс бичилт дээрээ зогсдог бөгөөд ээлжээс буухдаа цэвэрлэгээ хийгээд нэг өдрийн ажил дуусна. Энд ажиллаж байхдаа олон төрлийн зан араншинтай хүмүүстэй харилцаж сурсан нь хамгийн чухал гэж боддог. Аливаа бизнес, үйлчлүүлэгчийн хэрэгцээ шаардлагад тулгуурладаг ба бид дэлгүүртээ үйлчлүүлэгчийн хүсэж буй зүйлийг байлгаснаар бизнес амжилттай байдаг гэдгийг ойлгож авсан. Тиймдээ ч зарим бараа бүтээгдэхүүний нийлүүлэлтийг ихэсгэх талаар цагийн ажилтан санал өгөх боломжтой байдаг.
Хичээл сургууль болоод бэлтгэлийн хажуугаар хийхэд тохиромжтой тул энэ цагийн ажлыг сонгосон. Миний хувьд спортоор тогтмол хичээллэдэг учраас хичээл, бэлтгэл, ажлаа хослуулан, цагаа төлөвлөж, өөрийгөө завгүй байлгаж чаддаг. Үеийн залуус маань ч мөн миний адилаар өөрт тохирсон ажил хийж, туршлага хуримтлуулаасай гэж хүсэж байна.
ЦАГИЙН БАГШ Л.МИШЭЭЛ, 17 НАСТАЙ
Ажлын газар: Монголиа дижитал сургууль
Цагийн хуваарь: 13:00-14:30 15:00-16:30
Ирээдүйд багш болохыг мөрөөддөг учраас одооноос туршлага хуримтлуулж, цагийн багшаар ажиллаж байна. Миний хувьд 6-9 насны хүүхдүүдэд шүүмжлэлт болон олон талт сэтгэлгээний чадварыг багаас нь эзэмшүүлэх зорилготой Сингапурын хөтөлбөрт сургалтыг ордог.
Өмнө нь олон хүмүүсийн өмнө илтгэл тавьж чаддаггүй, ичимхий хүүхэд байлаа. Гэхдээ эцэг эхчүүд болон сургуулийн захиргаанд мэдээллээ хүргэж, үйлчлүүлэгч татахын тулд бусадтай тасралтгүй харилцсаны үр дүнд тус чадвар минь сайжирсан.
Миний бодлоор, зөвхөн мөнгө олохын тулд бус, бага цалинтай байсан ч мэргэжлээрээ, сонирхлоороо ажилласан нь илүү дээр.
Хүүхдүүдтэй харилцаж, хичээлээ заахын тулд мэдэхгүй зүйлээ сураад, бусдад хүргэнэ гэдэг нь маш том чадвар. Тиймдээ ч, хичээлийг сурагчийн биш багшийн өнцгөөс харж, түүнийгээ заахад зориулан бэлдэх нь ямар их хичээл зүтгэл шаарддагийг энэ ажлыг хийх явцдаа ойлгосон.
САГСАН БӨМБӨГИЙН ДАСГАЛЖУУЛАГЧ Я.АЛТАНГЭРЭЛ, 20 НАСТАЙ
Ажлын газар: Сагсан бөмбөгийн клуб
Цагийн хуваарь: Амралтын өдрүүд
Миний хувьд сагсан бөмбөгийн клубт хоёрдох жилдээ дасгалжуулагчаар ажиллаж байна. Энэ спортод үнэхээр их хайртай болохоор сурсан мэдсэнээ хүүхдүүдэд зааж өгөх нь тэдэнд өгч буй бодит хөрөнгө оруулалт гэж үздэг. Манай клуб амралтын хоёр өдөр гурван насны ангиллаар хуваагдаж хичээллэдэг ба би 13 насны ангийг дааж ажилладаг. Хоёр цагийн турш ур чадвар, багаар ажиллах, талбай харах чадвар зэрэг дээр нь анхааран хичээлээ явуулдаг.
Долоо хоногт хоёр удаа ажиллаж байгаа болохоор өөртөө зарцуулах цаг гардаг сайн талтай. Өөрийгөө сагсан бөмбөгийн спортоор хичээллээд цаг баримтлах, багаар ажиллах, төлөвлөгөө боловсруулахдаа нэг шат ахисан гэж хардаг. Заримдаа олон цагаар зааланд байж, бөмбөгний чимээ сонсохоор толгой өвддөг ч дуртай зүйлээ хийж, аз жаргалтай байгаа нь удаан хугацаанд үүнийг хийх шалтгаан болдог болов уу.
ГРАФИК ДИЗАЙНЕР Г.МӨНХЖИН, 24 НАСТАЙ
Ажлын газар: Naturella
Цагийн хуваарь: Чөлөөт
Анх энэ ажлыг оюутан байхдаа нэмэлт орлого олох зорилгоор хийж эхэлсэн. Харин одоо ур чадвараа сайжруулахаас гадна үндсэн ажлын хажуугаар багахан завсарлага авах орон зай болж байгаа юм шиг санагддаг. Захиалгаар дижитал зураг зурдаг ба энэ ажлыг цагт баригдалгүй чөлөөт цагаараа хийх боломжтой. Долоо хоногт дунджаар гурваас дөрвөн зургийг амралтын өдрүүд болон ажлын бус цагаар зурдаг.
Энэ ажлыг хийх хугацаандаа захиалагчдаа зургийн утга санаагаа ойлгуулах, эскизийн үйл явцыг тайлагнах гэх мэтээр өөрийн бодлоо хүнд ойлгомжтойгоор тайлбарлаж сурсан.
Өдөрт олон цаг зарцуулж зургаа дуусгасан ч захиалагчийн сэтгэлд нийцэхгүй байх, эсвэл урьдчилан зургийн санаагаа тохирсон ч зураг дууссаны дараа өөрчлөх гэх мэтээр их бага хэмжээний сорилт бүр нь бие махбодь болон сэтгэл санааг ядраадаг. Миний бодлоор өөрийгөө их хүчлэхээр тэгдэг юм шиг ээ. Тиймээс аливаа зүйлийг хийх зуураа өөрийгөө амрааж, яаралгүй бага багаар хийх нь чухал.
ТОК ТОК ХҮРГЭЛТИЙН АЖИЛТАН М.ТЭНГЭР, 21 НАСТАЙ
Ажлын газар: Ток ток хоол хүргэлт
Цагийн хуваарь: Уян хатан
11 цагаас эхлэн гэрээсээ ток ток аппаараа өөрийн хүргэх боломжтой захиалгыг авч, ресторанаасаа хоолоо аваад, дугуйгаар түгээж эхэлнэ. Өдөрт дунджаар долоон хүргэлт хийдэг. Үйлчилгээний байгууллагад ажиллаж байгаа тул хүмүүстэй соёлтой харилцахаас эхлээд дугуй хурдан унахыг хүртэл сурч байна.
Манай цалин долоо хоног тутам буудаг нь санхүүгийн тогтвортой эх үүсвэртэй байхад их тустай байдаг. Дугуйгаар хүргэлт хийхэд замын түгжрэл төдийлөн нөлөөлдөггүй тул хурдан хүргэх боломжтой ч замын дундуур явж байхад гэнэт автомашин орж ирээд огцом зогсох үед онхолдох, хоолоо асгах аюултай. Тиймээс энэ төрлийн ажил хийж байгаа залуустаа болгоомжтой явж байгаарай гэж хэлмээр байна.
ТҮРГЭН ХООЛНЫ БЭЛТГЭГЧ Э. ЦЭНДДОРЖ, 24 НАСТАЙ
Ажлын газар: Pizza Max (Ирланд)
Цагийн хуваарь: Өдөрт найман цаг, долоо хоногийн таван өдөр
Ирланд улсад хэл сурахын хажуугаар цагийн ажил хийж байна. Ажил дээрээ ирээд багийнхантайгаа хоолны жоруудаа бэлтгээд, дараа нь шарж эхэлдэг. Иран, Ирак, Америк, Дани гээд олон орны хүмүүстэй харилцан ойлголцоход бэрхшээлтэй, анх удаа түргэн хоол хийж байгаа болохоор бүтэлгүйтэх, төхөөрөмжөө ажиллуулахдаа будилах гэх зэрэг олон сорилтууд гарч байсан. Гэхдээ энэ ажлыг хийснээр өөр орны соёлтой танилцах, олон орны хүмүүстэй нөхөрлөн, хэлээ сайжруулах зэрэг олон давуу талууд үүсэж, сэтгэл ханамжтай ажлаа хийдэг.
Огт цагийн ажил хийж үзээгүй эсвэл хэзээ ч хийхгүй гэж боддог хүмүүст хандаж хэлэхэд, өөрийгөө сорилт бэрхшээл дунд байлгаж үзээрэй. Би хэзээ ч аяга таваг угаахгүй гэх мэт нэг талаар хайрцаглагдсан үзэл санааныхаа эсрэг орчин нөхцөлд очиж байж хүн өөрийгөө болон юмсыг өөр талаас нь харах мэлмий нь нээгддэг. Мөн залуус гадаад оронд очоод зөвхөн мөнгөний төлөө амьдралаа золиослоод байгаа юм шиг санагддаг. Тиймээс зорилгоо тодорхой болгож байгаад ирээрэй.
ОЛОН УЛСЫН МЭРГЭШСЭН КӨҮЧ Б.БОЛОРМАА, 28 НАСТАЙ
Ажлын газар: Хувиараа
Нэг хүнтэй 60-90 минутын турш ярилцахдаа тухайн хүн ямар асуудлыг шийдвэрлэж, ямар үр дүнг гаргамаар байна гэдгийг тодорхойлон мэдрэмжүүдээ хуваалцдаг. Анх эхлэхдээ бусдад тусална гэсэн том хүсэл эрмэлзэлтэй байсан ч хамгийн түрүүнд өөрөө өөрийгөө сэтгэл зүй, санхүү, бусад ур чадварын хувьд бүтэн болгож байж, дараа нь бусдад тусалж чадна гэдгийг ойлгосон.
Көүч гэхээр ментор эсвэл сэтгэл засалчтай андуурдаг. Эдгээрээс ялгаатай нь, үйлчлүүлэгчийн яриан дунд хүчтэй асуултуудыг тавьж, үйлчлүүлэгч өөрөө өөрийнхөө ярианаас шийдэл олж, амьдралдаа өөрчлөлт авчрах боломжийг бүрдүүлдэг мэргэжил. Энэ салбар нь Монголд шинээр хөгжиж байгаа учраас уулзалт болгон дээрээ мэргэжлийнхээ талаар тайлбар өгдөг.
Судалгаагаар хүн амьдралдаа хамгийн багадаа 12 удаа ажлаа сольдог байтал монголчууд нэг газраа насаараа ажиллах хандлагатай байдаг. Амьдралынхаа турш нэг л зүйлээ хийснээсээ болоод өөрт байсан бүх потенциалаа ашиглаж чадалгүй өнгөрчихвөл хичнээн харамсалтай. Тийм учраас өөрийнхөө төлөө зоригтой байгаарай гэж хэлмээр байна.
БАРИЛГЫН ЗАСАЛ ЧИМЭГЛЭЛЧ О.БАТСАЙХАН, 25 НАСТАЙ
Ажлын газар: Улсын драмын эрдмийн театр
Цагийн хуваарь: Даваа - Баасан, 8:00-18:00
Миний хувьд уурхайд 14 хоног ажиллаад, 14 хоног амардаг ба амрах үеэрээ энэ цагийн ажлыг хийдэг. Хийсэн бүтээлээ дараа нь хараад бахархах сэтгэл төрдөг нь барилгын ажлын хамгийн сайхан тал нь. Монголын нөхцөлд барилгын ажил явагдахад зохион байгуулалт муу, тогтсон дэг журам байхгүй, эмх цэгцгүй юм шиг санагддаг. Жишээлбэл, иргэд ажил явагдаж байхад хязгаарлалтын шугамыг давж, хувцсаа бохирдуулчхаад бидэнд уурлах тохиолдол цөөнгүй. Мөн зарим хамтран ажиллагсад маань ажилдаа сэтгэл гаргалгүй, мөнгөө аваад л болоо гэсэн хандлагатай байдаг тул тийм сэтгэлээр битгий хандаасай гэж ихэд хүсдэг. Энэ салбар нь улс орны нүүр царайг илтгэж, хүмүүсийн насан туршдаа амьдрах орчныг бүрдүүлдэг тул ажлынхаа үнэ цэнийг мэдэрч, стандартын дагуу, нягт нямбай, чин сэтгэлээсээ хийгээрэй гэж зөвлөмөөр байна.
ПРОГРАММ ХӨГЖҮҮЛЭГЧ Б.АМАР, 30 НАСТАЙ
Ажлын газар: Timber Hub
Цагийн хуваарь: Ажлын өдөр
Технологид сонирхолтой хүүхэд байсан тул 12 наснаасаа эхлэн код бичсэн. Миний ажлын өдөр тун энгийн. Зайнаас ажилладаг учраас өглөө босоод гэрээсээ цахим уулзалт хийж, хийсэн ажлаа тайлагнаад, тухайн өдөр хийх ажлаа төлөвлөнө.
Манай баг таван хүний бүрэлдэхүүнтэй, Европын Timber Hub түүхийн эдийн экспортын компанийн хүргэлтийн системийг хөгжүүлж байгаа. Өмнө нь Google, Amazon, Audible зэрэг томоохон компаниудад ажиллаж байхад зохион байгуулалт сайтай тул асуудал үүсдэггүй байсан ч одоогийн ажил маань гарааны бизнес учраас хоорондын үл ойлголцол, менежментийн алдаа бага зэрэг гардаг. Үүнээс үзэхэд технологийн салбарт зайнаас ажиллаж байгаа тохиололд хувийн сахилга бат болон ажлаа цаг тухайд нь хийж гүйцэтгэх нь маш чухал.
Ажиглаад байхад ялангуяа программистуудын эрэлт олон улсад өндөр байдаг. Тиймээс байнгын өөрийгөө хөгжүүлж, өөрийн гэсэн үнэ цэнээ бүтээгээрэй.
НАРИЙН БООВНЫ ТОГООЧ С.ЧИНХҮСЭЛ, 17 НАСТАЙ
Ажлын газар: Шангри-Ла олон улсын зочид буудал
Цагийн хуваарь: Өдөрт найман цаг
МҮИС-ийн тогоочийн ангид сурахын хажуугаар ОУ-ын Шангри-Ла зочид буудлын Улаанбаатар Монголиа салбарт нь ажилладаг. Хичээлээсээ онолын мэдлэгээ аваад, ажлаа хийж байхдаа бодит туршлага хуримтлуулах боломжтой тул энэ цагийн ажлыг сонгосон. Ахлахтайгаа зөвлөлдөн 7 хоногоор цагийн хуваариа гаргаад хичээл дууссаны дараа найман цагаар ажилладаг болохоор ядрахгүй байхын тулд ажлаа хамгийн чухлаас нь эхэлж хийдэг. Ажиллах үедээ олон улсын стандартуудыг дагаж мөрдөх учиртай тул хамт олноосоо арга техникт суралцаж л байна.
Өнөө үед хүн бүр орц, найрлагын дагуу хоол хийж чадах ч нарийн боов бол заавар үзээд хийх амар зүйл биш. Нэг удаа сэтгэлээ шингээж хийсэн талхнууд маань хөөгөөгүй байхаар нь ахлах дээрээ очоод “Талх уначихлаа” гэж хэлэхэд миний нулимс гарчихсан. Тэр үед ахлах маань “Зүгээр дээ, талх хөөж байгаад уначихаар сэтгэл санаа үймүүлчихдэг тийм л амаргүй зүйл” гэж хэлсэн нь одоо ч тод санагддаг.
Миний хувьд цайны газар угаагч, касс, ногоо арилгагч хүртэл хийж байсан. Юм бүхэн багаасаа эхэлнэ. Гол нь тууштай байх хэрэгтэй. Сургуульд сурсан эрдэм ажлын байран дээр гарахад хангалтгүй. Тиймээс цагийн ажил хийж, илүү их мэдлэг, туршлага олж авах нь сургуулиа төгсөөд ажилд ороход тус нэмэр болдог юм шүү.