Гэрийн тэжээвэр амьтанд ээлтэй, аюулгүй нийгмийг бий болгох, амьтан тэжээж буй хүмүүсийн хариуцлагыг сайжруулах, хяналтгүй үржүүлэг болон амьтан харгислалыг таслан зогсоох, гэрийн тэжээвэр амьтдын тоо толгойг энэрэнгүй аргаар хязгаарлах зорилго бүхий "Гэрийн тэжээвэр амьтны тухай хууль"-ийн төслийг танилцуулах, саналыг нь авах хүрээнд зохион байгуулсан BePawsitive-2 арга хэмжээ өнгөрөгч ням гарагт Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд болж өнгөрлөө.

"Азтай савар" ТББ-аас зохион байгуулж буй уг арга хэмжээнд гадаа жиндүүхэн, бороо зүсрэн орж байсан ч амьтанд хайртай хүн бүр хүрэлцэн ирсэн юм. Хэдий гадаа сэрүү татаж, чийг даасан өдөр болж өнгөрсөн ч тэнд байсан хүн бүрийн сэтгэлд амьтдын эрхийг хамгаалах гал халуун хүсэл оргилж байсан биз ээ. Ингээд тэдний төлөөлөл болгон амьтанд хайртай 10 зочныг онцлон гэрийн тэжээвэр амьтдын эрхийн тухай хэрхэн өгүүлснийг хүргэж байна. Ташрамд уг арга хэмжээ болж дууссан ч та энэхүү хуулийн төсөлд хувь нэмрээ оруулах боломжтой юм шүү.

Хуульд саналаа өгөх бол ЭНД дарна уу.

I. Вася муу глгийн эзэн Ронин


"Азтай савар" ТББ-аас гэрийн тэжээвэр амьтны тухай хуулийг санаачлан, батлуулахаар зүтгүүлж буйд маш их баяртай байгаа. Энэ хуулийг батлагдаасай гэж мөн ч их хүссэн дээ. Учир нь хууль батлагдсанаар амьтад болоод түүнийг тэжээгчдийн үүрэг тодорхой болж, амьтадтайгаа хандах хандлага нь ч өөрчлөгдөн, амьтдын эрх ашигт илүү бодит нөлөөллүүд гарч ирнэ гэж найдаж байна. Мөн гэрийн тэжээвэр амьтад гэдэгт зөвхөн нохой, муур гэлтгүй тоть, орог зусаг, загас гээд бүхий л амьтад орж буй шүү дээ.

Ямар нэгэн амьтан хүүхэд гэмтээхэд эцэг эх нь бүү хэл нийгмээрээ хүчтэй эсэргүүцэл үзүүлж, сэтгэл хөдлөл өндөртэйгөөр хүлээж авдаг. Харин хүүхэд муур, нохойтой буруу харьцвал та ч мөн адил хариуцлага хүлээх ёстой гэдгийг эргээд мэдрүүлдэг болмоор байгаа юм. Учир нь сүүлийн үед хүүхдүүдийн хүмүүжилгүй байдал хэрээс хэтрэн, амьтдыг зовоох үзэгдэл нэлээд гарах болсон. Эхэн үедээ уг хүчирхийлэл нь амьтан дээр илрэх ч гэлээ алсдаа хүн дээр илрэх боломжтой. Харин энэ байдлыг хамгийн сайн бөгөөд зөвөөр шийдэх гарц нь тэжээвэр амьтны тухай хуульд тусгагдсан гэж найдаж байна. Хэрэв энэхүү хуулийн төсөл нь УИХ-аар батлагдан, хэрэгжиж эхэлбэл Монгол Улс нэг шатаар ахиж буй гэсэн үг.

Ямар нэгэн амьтан хүүхэд гэмтээхэд эцэг эх нь бүү хэл нийгмээрээ хүчтэй эсэргүүцэл үзүүлж, сэтгэл хөдлөл өндөртэйгөөр хүлээж авдаг. Харин хүүхэд муур, нохойтой буруу харьцвал та ч мөн адил хариуцлага хүлээх ёстой гэдгийг эргээд мэдрүүлдэг болмоор байгаа юм.

II. Баавгайн эзэн Э.Уранзаяа


Манай нохойг Баавгай гэдэг. "Азтай савар" группийн бараг л бүх гишүүд мэддэг, алдартай нохой. Учир нь анх олдохдоо Сэлэнгэ, Эрдэнэтийн зүгээс нэлээд хүнд өвчтэй олдож байсан юм. Тухайн үед хөл хорионы үе байсан болоод ч тэр үү эмчилгээ хийхэд хэцүүхэн байлаа. Гэсэн ч "SOS Мал Эмнэлэг"-ийн эмч нарын ачаар эдгэрч чадсан. Ер нь "Азтай савар" ТББ-ын хийдэг үйл ажиллагаануудаас хамгийн хэцүү хэсэг нь аварсан амьтаддаа үүрдийн эзнийг нь олж өгөх байдаг.

Миний хувьд өмнө нь нохойноосоо хагацах зовлонг мэдэрч байсан болохоор өөр нохойтой болно ч гэж бодоогүй. Гэхдээ Баавгайд түр харагч хайж байгаа талаарх постууд нэлээд явж байсан учир ахин нэг л удаа энэ пост нийтлэгдэх юм бол түр харагчаар нь авна даа гэх шийдвэрийг өөртөө гаргасан. Яг бодож байсны дагуу ахин нэг пост нийтлэгддэгээрээ нийтлэгдэж, би өөртөө амласан ёсоороо Баавгайгаа зуны хоёр сар түр харагчаар нь авч байлаа. Тэгээд л явц дундаа миний нохой болохыг нь мэдэрч Баавгайнхаа үүрдийн эзэн болохоор шийдсэн. Хачирхалтай нь дийлэнх хүмүүс Баавгайн нэрийг сонсчхоод эрэгтэй гэж боддог ч эм юм шүү (инээв).

Миний хувьд гэрийн тэжээвэр амьтдын хуулийг бүхий л талаар дэмжиж байгаа. Анх "Азтай савар" ТББ үйл ажиллагаагаа явуулж эхлэхэд хууль гэдэг асар хол зүйл мэт санагддаг байлаа. Бид ч эхэн үедээ аварсан амьтаддаа хэрхэн эзэн олж өгөх талаар л боддог байсан гэхэд болно. Гэвч алсдаа энэ асуудлыг цогцоор нь шийдэх хэрэгтэйг ойлгон, одоо ингээд хуулийн төслөө батлуулах гээд эхний шатандаа явж байгаа нь маш том амжилт гэж харж байна. Яах вэ, монголчууд эрт дээр үеэсээ хотны малаа хамгаалуулах зорилгоор нохойг тэжээж, нохойд хайртай байсан ч одоо зориулалт нь өөр болсон. Хотжилт тэлж буйн хэрээр гэрийн тэжээвэр амьтад гэх төрөл зүйл үүсэж, түүнд хамаарах хууль эрх зүйн асуудлууд гарч ирж байна. Хамгийн гол нь уг хууль зөвхөн амьтдын эрхийг хамгаалаад зогсохгүй нийгмийг бүрдүүлж буй бүхий л хэсгийн эрх ашгийг давхар хангаж буй.

Хотжилт тэлж буйн хэрээр гэрийн тэжээвэр амьтад гэх төрөл зүйл үүсэж, түүнд хамаарах хууль эрх зүйн асуудлууд гарч ирж байна. Хамгийн гол нь уг хууль зөвхөн амьтдын эрхийг хамгаалаад зогсохгүй нийгмийг бүрдүүлж буй бүхий л хэсгийн эрх ашгийг давхар хангаж буй.

III. Cream-ийн эзэн Чуи Ерин


Бид өмнө тэжээж байсан нохойгоо жам ёсоор мөнх бусыг үзтэл нь (16 жил) хамт амьдарч байсан. Хайртай амьтнаасаа хагацахын зовлонг мэддэг болохоор ахин нохой тэжээхгүй гэж бодсон боловч яалт ч үгүй найзын маань нохой гөлөглөж таарсан. Бүх зулзагууд нь дорхноо үрчлэгдсэн хэрнээ Cream л үрчлэгдэхгүй байсан. Cream угаас надад үнэхээр хөөрхөн харагдаад байсан болохоор хэдхэн хоног хамт байгаад үзье гэж авсан боловч эргүүлээд явуулж чадаагүй (инээв). Тэгээд л бидний нохой болсон доо. Бас анх ирсэн өдрөө яг л сүүн крем шиг байсан болохоор нь Cream гэдэг нэрийг өгсөн.

Солонгос улсын хувьд гэрийн тэжээвэр амьтны тухай хуультайгаас гадна гэрийн тэжээвэр амьтадтайгаа орж үйлчлүүлж болдог үйлчилгээний газрууд ихтэй. Мөн амьтдын эрхийг хамгаалдаг газрууд өчнөөн байдаг болохоор Солонгост байхдаа нэг их амьтныхаа эрхийг зөрчүүлж байгаагүй. Харин Монголд ирэхэд гэрийн тэжээвэр амьтантай байхыг ойлгодоггүй хүмүүстэй их таарч байлаа. Ийш тийш явахаар бохир заваанаараа ч дуудуулах нь бий. Энэ нь хууль байхгүйтэй шууд холбоотой байх гэж бодож байна. Харин одоо хуультай болох гэж буйд баяртай байгаа. Бас ойр хавийн амьтан тэжээдэг найзуудтай танилцаж, энэ мэт амьтны эрхийг хамгаалах үйл ажиллагаанд оролцож байгаадаа ч таатай байна. Мөн өнөөдөр манай нохой энэ арга хэмжээнд оролцох үеэрээ хүмүүсийн саналаар "Хамгийн ганган савар" шагналын эзэн болсон.

Солонгос улсын хувьд гэрийн тэжээвэр амьтны тухай хуультайгаас гадна гэрийн тэжээвэр амьтадтайгаа орж үйлчлүүлж болдог үйлчилгээний газрууд ихтэй. Мөн амьтдын эрхийг хамгаалдаг газрууд өчнөөн байдаг болохоор Солонгост байхдаа нэг их амьтныхаа эрхийг зөрчүүлж байгаагүй. Харин Монголд ирэхэд гэрийн тэжээвэр амьтантай байхыг ойлгодоггүй хүмүүстэй их таарч байлаа. Ийш тийшээ явахаар бохир заваанаараа ч дуудуулах нь бий. Энэ нь хууль байхгүйтэй шууд холбоотой байх гэж бодож байна.

IV. Penny-ийн эзэн Б.Алтаншагай


Penny анх Эрдэнэт хотод ямар ч эзэнгүй хашаанд уяатай, долоо, найман зулзага гаргачихсан, биед нь битүү шивээ зоогдож, хоол тэжээлийн дутагдалд орсноос үүдэлтэй эцэнхий туранхай байдалтай олдсон түүхтэй. Ийм байдалтай байхад нь нэг охин олж "Азтай савар"-т мэдэгдэж байсан юм. Ийнхүү түүнийг Эрдэнэтээс авчран зулзагуудыг нь хүнд үрчлүүлж, нэлээд удаан хугацааны хүнд эмчилгээнд хамруулж байтал нэмээд гударга гэх өвчин туссан удаатай. Тухайн үед Penny-г олон хүн мэддэг болсны дээр анх олдсоноо бодоход хамаагүй царайлаг болчихсон болохоор үрчлэгдэхэд асуудалгүй байх гэж бодсон. Тиймээс мөн л гудамжнаас олдсон Кура гэх нохойг үрчилж авах талаар бодож байлаа. Энэ талаараа азтай саврынханд хэлтэл тухайн үед Penny-ийн түр харагч байсан "Азтай савар"-ын админ Болоршүр эгч "Penny-г үрчилж аваач" гэж зөвлөсөн юм. Учир нь Penny урт хугацаанд асар их зовлон үзэж, хүнд эмчилгээнүүдийг даван туулсан болохоор найдвартай хүнд л өгөх хүсэлтэй байсан юм билээ. Тэгээд ч Болоршүр эгчийн өөрийнх нь нохой бас хүндээр өвдсөн тул Penny-г нэн яаралтай хүнд үрчлүүлэх хэрэгтэй болсон юм. Эхэндээ би түр харагчаар авъя гэж зөвлөлдсөн ч нэг мэдэхэд л дасаж орхисон (инээв). Бас Penny анхнаасаа л надаас өөр хүнээс зугтааж, намайг дуудахад шууд ирж, гадуур дотуур явсан ч надаас огт салдаггүй, яг л эзэн нь мэт авир гаргадаг байсан нь "үүрдийн эзэн" нь болоход нөлөөлсөн.

Гэрийн тэжээвэр амьтны хуулийн төслийг боловсруулах түвшинд нь би оролцсон л доо. Судалгааны явцад гадаадын олон оронд гэрийн тэжээвэр амьтдыг эд зүйл биш, бие даасан субъект, гэр бүлийн нэг гишүүн гэдгийг хэдийн хүлээн зөвшөөрч, ойлгочихсон байгаа юм. Харин Монголд хуультай болсноор яг энэ үзэл бодлын анхан шатны суурь тавигдана гэж харж байгаа. Үүний тулд нэгдүгээрт эзэд маш хариуцлагатай байх ёстой. Тэгэхгүй бол Penny шиг олон амьтан эзгүй хашаанд уяатай орхигдож байна. Тэгэхээр хуулийн механизм зайлшгүй шаардлагатай гэсэн үг. Нөгөөтээгүүр хуультай болсноор эзэд хариуцлагатай болохоос гадна эрүүл ахуйн асуудал яригдаж буй. Мөн давхар амьтдын эрх ч хамгаалагдаад явна. Тухайлбал, гудамжны амьтдын тоо олшрохгүйгээс гадна амьтад хоол ундтай, таатай орчинд амьдрах нөхцөл бүрдэнэ гэх мэтчилэн олон асуудал хөндөгдөж буй.

Судалгааны явцад гадаадын олон оронд гэрийн тэжээвэр амьтдыг эд зүйл биш, бие даасан субъект, гэр бүлийн нэг гишүүн гэдгийг хэдийн хүлээн зөвшөөрч, ойлгочихсон байгаа юм. Харин Монголд хуультай болсноор яг энэ үзэл бодлын анхан шатны суурь тавигдана гэж харж байгаа.

V. Гурван Голден, нэг муурын эзэн Ү.Ананда


Би 16 нас хүрэх үедээ аав, ээжээсээ нохойтой болох зөвшөөрөл авч, додигор гэх чинь үүлдрийн нохой авахаар Хорооллын амьтны дэлгүүрийг зорьсон юм. Гэвч замд анхны маань нохой шонд уяулчихсан, урд талын сарвууных нь хуруунууд тас цавчуулчихсан, хажуудаа нэг төмөр идүүртэй, хөөрхийлөлтэй байдалтай олдсон. Тухайн үедээ заавал үүлдрийн нохой гэж байхаар тус нохойг авах шийдвэрийг гаргаж, эмнэлэгт аваачиж байлаа. Эхэндээ чанга дуу чимээ, эрэгтэй хүн гээд л бүхий л зүйлсээс айдаг, айхдаа дороо шээс алдчихдаг тийм л өрөвдөлтэй амьтан ирсэн. Харин одоо овоо нийгэмшиж чадсан шүү. Харин 2018 онд хоёр дахь нохойгоо олж байсан түүхтэй. Бас Голден үүлдрийнх. Түүнийг анх олоход үржүүлээд гөлгийг нь аваад хаячихсан болж таарсан. Тэр хавиар гөлгийг нь хайгаад олоогүй. Гөлөгнүүд нь байхгүй болохоор хөөрхий амьтны хөх нь хоорондоо нийлж томорч, чинэрээд, хөхнөөс нь идээтэй сүү гардаг байдалтай хэсэг байсан. Уг нь анх түр харахаар авсан ч нэг л мэдэхэд дөрвөн жил хамт байчхаж (инээв). Гурав дахь нохойгоо мөн адил түр харагчаар аваад хамт байхаар болсон. Угаас явуулж чадахгүй юм билээ.

Хүмүүсийн дунд "Амьтан ч гэсэн ээж, аав болж, ангир уургаа хөхүүлэх аз жаргалыг мэдрэх ёстой" гэсэн тэнэглэл байдаг. Угтаа амьтад орооныхоо халуунд төрсөн аав, ээж, ихрүүдтэйгээ хүртэл нийлэх тохиолдол бишгүй. Тэгэхээр энэ тэнэглэлээ зогсоож, амьтдын ирээдүйг бодоод ч болов спей, заслага хийлгэх нь амьтан тэжээж буй хүн бүрийн үүрэг. Мөн би хашаандаа нохой уяж өөрсдийн объектоо харуулдаг үзэгдлийг ойлгодоггүй. Үнэхээр харуулмаар байгаа бол камер авч болно шүү дээ. Ер нь хүмүүс "Би бүхнээс дээгүүр" гэх бодлоо авч хаях хэрэгтэй юм шиг санагддаг. Амьтад ч гэсэн амьтай, зүрх сэтгэл, мэдрэмжтэй гэдгийг ойлгоосой.

Хуулийн тухайд дан ганц амьтны эрхийг бус амьтан, тэдний эзэд, бусад энгийн иргэдийн бүгдийнх нь эрхийг тал талаас нь бодолцож гаргаж байгаа. Жишээ нь, би үүргийнхээ дагуу олон нийтийн газар нохойгоо дагуулж явахдаа хошуувч зүүлгэнэ. Харин бусад энгийн иргэд ч мөн адил амьтад тэжээж буй иргэдийн эрхийг харилцан хүндэтгэх шаардлагатай. Мөн эздийн хувьд хариуцлагаа ухамсарлан амьтдыг хооронд нь зодолдуулж, хээлтүүлж, гаргаж хаяж болохгүй зэрэг наад захын зүйлийг хуульчилж өгч буй.

Хүмүүсийн дунд "Амьтан ч гэсэн ээж, аав болж, ангир уургаа хөхүүлэх аз жаргалыг мэдрэх ёстой" гэсэн тэнэглэл байдаг. Угтаа амьтад орооныхоо халуунд төрсөн аав, ээж, ихрүүдтэйгээ хүртэл нийлэх тохиолдол бишгүй. Тэгэхээр энэ тэнэглэлээ зогсоож, амьтдын ирээдүйг бодоод ч болов спей, заслага хийлгэх нь амьтан тэжээж буй хүн бүрийн үүрэг.

VI. Bobby-ийн эзэн Э.Дуламсүрэн


Одоогоос зургаан жилийн өмнө "Азтай савар"-ын групп дээр Bobby-г үрчлүүлнэ гэх пост орж байсан юм. Зарын дагуу тухайн хүнтэй холбогдон Bobby-г очиж авахдаа яагаад үрчлүүлэхээр болсон талаар нь асуутал ихэд сонин шалтгаан хэлсэн. Юу гэсэн гэхээр "Ламд үзүүлтэл нохойгоо хүнд өргүүлэхгүй бол болохгүй, танайд муу юм тохиолдоно" гэж хэлсэн юм гэнэ лээ. Түүнээс хойш Bobby нэг л удаа өвдөж, хүндхэн хагалгаанд орж байсан удаатай. Өөр бусдаар надад ч муу юм тохиолдоогүй (инээв). Харин ч Bobby маань миний үгэнд орж, хань болохоос гадна намайг ойлгодог юм.

Хуулийн хувьд зайлшгүй хэрэгтэй байгаа. Учир нь Монголын нийгэмд амьтдын эрхийг ямар түвшинд хэрхэн авч үздэг билээ? Өөрийгөө илэрхийлэн ярьж чаддаггүйг нь далимдуулан ихэд харгис ханддаг шүү дээ. Эзний хариуцлагын хувьд үүргээ ухамсарлаагүйн үүднээс болчимгүй үйлдлүүд өчнөөн гаргах нь бий. Тухайлбал, өчигдөр л гэхэд "Азтай савар"-ын группт нэг хүн муураа дөрвөн давхраас шидсэн талаарх пост уншсан гэх мэтчилэн эзний хариуцлага ард нь зайлшгүй байх шаардлагатай. Өөрөөр хэлбэл хариуцлагатай эздийг төлөвшүүлэх хэрэгцээ шаардлага хэдийн бий болсон. Нөгөөтээгүүр төр засгаас эзэнгүй муур, нохойн устгалд хэдэн арван тэрбумыг зарцуулахаас илүүтэйгээр үржил хаахад нь анхаарах хэрэгтэй санагддаг.

Гэрийн тэжээвэр амьтдын тухай хууль зайлшгүй хэрэгтэй байгаа. Учир нь Монголын нийгэмд амьтдын эрхийг ямар түвшинд яаж үздэг билээ? Өөрийгөө илэрхийлж ярьж чаддаггүйг нь далимдуулан ихэд харгис ханддаг шүү дээ.

VII. Lexy-ийн эзэн Ц.Зориглон


Анх 2013 оны намраас "Азтай савар" байгуулагдан, эхэн үедээ 60, 70 азтай саврыг аварч байлаа. Тухайн үед тэднийгээ байлгах газар хайж байхдаа Төв аймгийн Өлзийт хороололд хашаа, байшин түрээслэхээр болсон юм. Ийнхүү өнөөх олон азтай савруудаа зөөх оосор, идүүр зэрэг хэрэгслүүд хэрэг болсон учир манай ажлын нэг хүн Нарантуул зах яваад буцаж ирэхдээ "Хогон дунд хэвтэж байсан жаахан шар гөлгийг авчирлаа" гэсээр ирсэн. Бид яг азтай савруудаа зөөж таарсан болохоор өнөөх шараа минийх болно ч гэж мэдээгүй олон нохойн дундаа аваад явж байлаа. Асрах газар очсон азтай савруудын маань зарим нь амь хорогдож, дийлэнх нь үрчлэгдсээр сүүлдээ өнөөх шар л ганцаараа тунаад үлдчихдэг байгаа. Хөөрхийг ганцаараа үлдсэн юм болохоор 2014 оны хавар болж, дулаартал гэртээ байлгаж байгаад эзэн олоод өгчихье гэж бодож байсан боловч тэр чигээрээ миний нохой болоод үлдчихсэн. Үүнийг англиар "Foster fail" гэдэг юм билээ (инээв).

Би хууль санаачлахад гар бие оролцож байгаагийн хувьд хамгийн нэгдүгээрт эздийн хариуцлага маш өндөр байх ёстой гэдгийг тусгаж өгсөн. Эзэд хариуцлагатайгаар нохой, муурынхаа үржлийг хааж, тэднийгээ нийгэмшүүлж, наад зах нь хүрээлэн буй орчноо бохирдуулахгүй байх зэрэг үүргийг хүлээх ёстой. Ингэснээр эргээд нохой, муур тэжээдэггүй иргэдийн эрх ашиг давхар хангагдана. Өөрөөр хэлбэл, нохой устгалд зориулан зөвхөн Улаанбаатар хотод л гэхэд тэрбум гаруй төгрөгийн төсөв зарцуулж, жилд буудуулж буй нохойн тоо 70-80 мянга даван, тэдгээрийн сэг зэм хөрсний бохирдол үүсгэж, энэ нь цаашлаад иргэдийн эрүүл аюулгүй амьдрах орчинд нөлөөлж буй. Нэмээд гудамжны нохой муураас үүдэлтэй халдварт өвчнүүд газар авч байна. Мөн хамгийн чухал нь бага насны хүүхдүүдийн дэргэд нохой буудаж буй нь хүүхдэд хүчирхийлэл үйлдэх нь энгийн үзэгдэл гэж ойлгуулахаас гадна сэтгэлзүйд нь асар том гэмтэл учруулж буй. Тэгэхээр хүмүүс эл хуулийг зөвхөн амьтан тэжээгчдэд хамааралтай, эсхүл амьтдын эрхийг л хамгаалах хууль гэж бүү ойлгоосой. Угтаа энэ нь нийт иргэдийн нийгмийн асуудал юм. Тиймээс эрх ашгийнхаа төлөө "D Parliament" аппликейшн дахь хэсэгт саналаа өгч, өөрийн хувь нэмрээ оруулахыг уриалж байна.

Хамгийн чухал нь бага насны хүүхдүүдийн дэргэд нохой буудаж буй нь хүүхдэд хүчирхийлэл үйлдэх нь энгийн үзэгдэл гэж ойлгуулахаас гадна сэтгэлзүйд нь асар том гэмтэл учруулж буй. Тэгэхээр хүмүүс эл хуулийг зөвхөн амьтан тэжээгчдэд хамааралтай, эсхүл амьтдын эрхийг л хамгаалах хууль гэж бүү ойлгоосой. Угтаа энэ нь нийт иргэдийн нийгмийн асуудал юм.

VIII. Tommy-ийн эзэн Б.Мөнхбат


Анх 2009 оны тавдугаар сард ээжтэйгээ Хорооллын нэгэн амьтны дэлгүүрээр зочлоход тухайн дэлгүүрийн эзэн согтуу байсны дээр амьтадтайгаа зүй бусаар харьцдаг хүн байж таарсан. Ээж маань амьтанд их хайртай хүн учир тэдгээр амьтдаас нэгийг нь буюу Tommy-г худалдаж авахаар үнийг нь асуутал бараг нэг архины мөнгө өгөхөд л болно гэж хэлж байсан шиг санагдана. Үүнээс түүний ямар хандлагатай хүн болохыг харж болно. Ингэж л Tommy гэр бүлийн минь нэгээхэн хэсэг болсон түүхтэй.

Ер нь монголчууд мууранд "янзгүй" хүмүүс шүү дээ. Тэр ч утгаараа гудамжинд явж буй муур эсхүл мууртай явж байгаа хүнтэй онцгүй харилцана, муур гэлтгүй амьтан авчхаад хэнэг ч үгүй хаядаг энэ үзэгдлийг албажуулан хариуцлага тооцдог болж буйд баяртай байна.

Ер нь монголчууд гудамжинд явж буй муур эсхүл мууртай явж байгаа хүнтэй онцгүй харилцана, муур гэлтгүй амьтан авчхаад хэнэг ч үгүй хаядаг энэ үзэгдлийг албажуулан хариуцлага тооцдог болж буйд баяртай байна.

Ix. Lexie-ийн эзэн С.Уянга


Манай муурыг Lexie гэдэг. Нэг нас гурван сартай, Сиамын үүлдрийн муур. Үеэлийн маань муур зулзагалснаар Lexie-гээ үрчилж авсан түүхтэй. Мууртай болохоосоо өмнө амьтдын эрхийн талаар нэг их сонирхдоггүй байсан юм билээ. Харин одоо бол төрөөс амьтдын устгалд зориулж буй тэр их мөнгийг үржил хаахад зарцуулан, зөв бодлого хэрэгжүүлээсэй гэж хүсдэг болсон. Бас гудамжинд хаягдсан амьтдыг өрөвдөн, тэдний тоо толгойг нэмэхгүйн тулд муураа есөн сартайд нь спей хийлгүүлж байлаа. Дийлэнх хүмүүс үүлдрийн амьтдыг үржүүлэх сонирхолтой байдаг ч миний хувьд Lexie-ийн ээжийн зулзагуудаа төрүүлсний дараах хүндхэн байдлыг нь харсан болохоор ахиж амьтан зовоохыг хүсээгүй.

Төрөөс амьтдын устгалд зориулж буй тэр их мөнгийг үржил хаахад зарцуулан, зөв бодлого хэрэгжүүлээсэй гэж хүсдэг болсон.

X. Наястагийн эзэн Г.Анир


Гадаадын улсуудад гэрийн тэжээвэр амьтдын хууль байдгаас гадна "Азтай савар" ТББ шиг амьтдын эрхийг хамгаалдаг байгууллагууд зөндөө байдаг гэж сонссон. Харин Монголд хууль байдаггүй болохоор "Азтай савар" ТББ шиг байгууллагууд үйл ажиллагаа явуулахад хүндрэлтэй байдаг болов уу гэж боддог. Бас амьтад хэлж, ярьж чадахгүй л болохоос биш хүнээс ч илүү ихийг мэдэрдэг. Тийм болохоор амьтан зовоохгүйн тулд өөрсдийг нь хамгаалах хуультай болох хэрэгтэй гэж бодож байна.

Амьтад хэлж ярьж чадахгүй л болохоос биш хүнээс ч илүү ихийг мэдэрдэг. Тийм болохоор амьтан зовоохгүйн тулд өөрсдийг нь хамгаалах хуультай болох хэрэгтэй гэж бодож байна.