Дэлхийн таван тивийн 35 оронд 60 гаруй төсөл, үйлдвэрлэл эрхэлдэг Рио Тинто групп. Өмнийн говийн Оюу Толгойн менежментийг хариуцдаг тэд Монголд уул уурхайгаас гадна соёл, боловсрол, байгаль орчны салбарт үр өгөөжтэй, үлдэх зүйлтэй олон төсөл, хөтөлбөрийг дэмжин ажилладаг гэдгийг уншигч та бүхэн хэлүүлэлгүй мэдэх байх.       

Рио Тинтогийн Монгол дахь салбарт 200 гаруй монгол залуус гаднын орнуудад бизнесийн үйлчилгээ үзүүлж, олон улсын мэргэжилтнүүдээс дутахааргүй ажиллаж байна. 150 жилийн түүхтэй, үндэстэн дамнасан компаниудын дэлхийн хэмжээний төсөл, хөтөлбөрт Улаанбаатар дахь оффисоосоо ажиллах ямар байдаг бол?      

Ямар улсад ямар сургууль төгссөн байхаас үл хамааран дэлхийд үнэлэгдсэн боловсон хүчин болж чадсан тэд ажил мэргэжил, арга барилынхаа тухай 10 өөр өнцгөөс хуваалцсаныг хүлээн авна уу. 

i. М.Янжмаа, Төслийн үйлчилгээний шинжээч


Би Дундговийн хүүхэд. Арван жилээ аймагтаа төгсөж, олон улсын харилцааны мэргэжлээр Москвагийн Олон улсын харилцааны сургуулийг 2015 онд дүүргэсэн. Монголд ирсний дараахан МҮХАҮТ-д оффисын туслахаар ажиллаж байх үед танил эгч маань англи хэл шаардсан төсөл дээр ажиллах боломж байна гэхэд нь сонирхож анкетаа илгээж байв. 2017 онд тухайн үедээ 40 гаруй хүнтэй, Mongolian Delivery Center нэртэй байсан компанидаа төслийн үйлчилгээний шинжээчээр ажиллаж эхэлсэн.

Манай баг Рио Тинто группийн төсөл хэрэгжиж буй 35 гаруй орны төслийн менежерүүд болон тэдний багтай хамтарч, үйл ажиллагааг нь дэмжин ажилладаг. Аливаа төслийн зардал, түүнтэй холбоотой нэхэмжлэх, төслийн бичиг баримтуудыг нягтлан зохицуулж, цааш амжилттай үргэлжлэх тал дээр тусламж үзүүлж ажилладаг гэсэн үг. Төрөлх хэлээрээ бус Англи, Франц зэргээр тухайн төслийн менежер ямар хэлтэйгээс хамаарч олон хэлээр харилцана. Бид ажлаа сайн хийснээр Рио Тинтогийн төслүүдийн үйл ажиллагааг хялбаршуулж, хурдтай байлгаж, өөрсдийн ур чадвараараа улсынхаа эдийн засагт эерэг нөлөө авчирж байгаагаа харах сайхан.

Ажлаас гадуур сонирхлоороо олон янзын клуб байгуулж, үйл ажиллагаа зохиож, түүндээ идэвхтэй оролцдог. Миний хэн байх, хаана сургууль төгссөн байх, ажлын ямар туршлагатай байхаас үл хамааран нөхөрлөж чаддаг нь манай байгууллагын онцлох соёл.

II. Н.Санчир, Бизнес шинжилгээний ахлах зөвлөх


Би нисэх онгоцны системийн инженер мэргэжилтэй. Одоо Рио Тинто компанид Бизнес шинжилгээний ахлах зөвлөхөөр ажилладаг. Тэс ондоо хоёр карьер хөөх болсон нь дататай холбоотой. Сургуулиа төгссөний дараахан юуг ч хийж чадах юм шиг зориг төрж, нисэхийн томоохон компаниуд руу ажлын хүсэлт илгээсэн боловч нэгэнд нь ч тэнцээгүй. Тэр үед үргэлжлүүлэн сурах ёстойгоо ойлгож Python хэлийг бие даан сурсан. Монголд ирсний дараа Юнител компанийн дата аналистын зарыг харж, эмээж байсан ч өөрийгөө сориод үзэхээр шийдсэн. Ажилдаа ч тэнцэж, дата аналистаар ажилласан нэг жил гаруйн хугацаанд SQL, Tablou, Power BI зэрэг одоогийн ажилдаа ашиглаж буй программуудаа эзэмшин чамгүй туршлагатай болсон.

Харин Рио Тинтогийн хувьд, нэг орой LinkedIn-ээ шалгаж байхдаа энд ажилладаг нэг хүн ажлын байрны зар хуваалцсаныг харсан. Рио Тинтогийн тухай сайн мэддэггүй боловч дата шинжлэл сонирхолтой санагдсан учраас тэр оройдоо л анкетаа явуулсан.

Манай Work Management баг групп даяарх бусад багуудын ажиллаж буй төсөлд хэрэгтэй платформуудыг хуваарилж, зохицуулдаг. Мөн бид ажлаа автоматжуулахын тулд олон шинэ зүйлсийг туршин хэрэгжүүлдэг. Жишээ нь, Канадууд ихэвчлэн Францаар ярьдаг учраас тэднээс ямар нэгэн хүсэлт ирэхэд систем хэлийг нь таньж, англиар хөрвүүлэн, гүйцэтгэх баг руу хуваарилдаг. Ажлынхаа ширээний ардаас л дэлхийн олон оронд хэрэгжиж буй төсөл, тэнд ажиллаж буй хүмүүстэй танилцаж, өөрчлөгдөн шинэчлэгдэж буй технологийн шинэчлэлүүдийг ашигладаг нь хамгийн сайхан.

III. Ө.Баяртуяа, Портфолио көүч 


Би компьютерын шинжлэх ухааны мэргэжилтэй. 2015 онд үүсгэн байгуулагдсан Mongolia Delivery Center технологийн төвийн анхны 10 ажилтны нэгээр орж, тайлан хөгжүүлэгчээс эхлээд мэдээлэл технологийн засаглал, багцын удирдлага чиглэлээр ажиллаж байна.

Одоогоор Рио Тинто компанийн CIO-н ажлын албанд мэдээлэл технологийн багцын көүч гэх шинэ ажлын байрыг удирдлагын багийн хоёр гишүүнтэйгээ хамтран томоохон төслүүд дээр туршиж байна. Миний хариуцдаг аналитикийн багц хөрөнгө оруулалтын үнэ цэнийг нэмэгдүүлэхэд удирдлагын багийг чиглүүлдэг. Энэ багцаар дамжуулан бизнесийн шийдвэрүүд хамгийн сүүлийн үеийн, зөв өгөгдөл, мэдээлэлд суурилж, байгууллагад маань өрсөлдөөний давуу тал бий болох учиртай.

Хувийн хүсэл эрмэлзэл тухайн байгууллагын алсын хараа, үнэ цэнтэй нийцэж байвал тууштай, тогтвортой, сэтгэл ханамжтай ажиллах юм шиг санагддаг. Би аливаа зүйлийг шинээр сурах, өөрийгөө үргэлж хөгжүүлэхийг хичээдэг зантай. Сониуч байдал бол Рио Тинтогийн гурван гол үнэ цэнийн нэг. Технологийн салбар хурдтай өөрчлөгддөг учраас манай алба тэр бүхнийг туршин шалгаж, боломжит сайн хувилбарыг олохын тулд шинэ сорилтуудтай учирдаг нь миний үнэ цэнтэй нийцдэг. Манайд ажилчид өөрсдийн сонирхлоороо ажлын байраа солих, дуртай ажил, төсөлдөө оролцож, өөрийгөө сорьж үзэх нээлттэй байдаг.

IV. С.Билгүүн, Бүтээмжийн хэмжүүр хөгжүүлэгч 


Рио Тинтогийн хэрэгжүүлж буй 60 орчим төсөл, хөтөлбөрүүд бүгд өөр стандартаар датагаа хадгалдаг. Харин манай баг түүнийг нь нэгдсэн стандартад оруулж бүтээмжийг нь хэмжин тайлагнах үүрэгтэй. Датануудыг өмнө нь нэг газар төвлөрүүлэн хадгалдаг байсан бол саяхнаас үүлэн технологи руу шилжсэн.

Би өдөр тутамдаа Австрали, Хойд Америк, Африкийн бизнес аналистуудтай харилцаж, олон орноос ирсэн дататай ажилладаг. Ажлын шаардлагаар шинэ технологитой танилцаж, суралцах боломж гардаг нь ажлаасаа мэдэрдэг сайхан зүйлсийн нэг.

Сургуулиа төгсөөд хөгжин дэвших, суралцах боломжтой газрыг хайж байсан. Үндсэн мэргэжил маань дата биш боловч технологийн салбартаа дуртай. Технологийн салбар үргэлж шинэчлэгдэж, цоо шинэ зүйлүүд туршиж байдаг учраас амжиж сурах хэрэг гарна. Харин Рио Тинтогийн хувьд энэ онцлогийг тун сайн шингээсэн компани. Жишээ нь өнгөрсөн Баасан гарагт IS&T группийн Learning day өдөр тохиож бид ажлаа хийлгүйгээр өөрсдийгөө хөгжүүлэхэд зориулсан.

V. Ц.Алунгуа, Төслийн үйлчилгээний ахлах мэргэжилтэн


Олон салбарт ажиллаж байсан ч одоогийн ажилдаа хамгийн дуртай. Манай баг 20 гаруй гишүүнтэй. Ажилтнууд хоёр долоо хоног бүр баг хариуцсан менежер, даргатайгаа уулзаж өөрийн карьер, хувийн амьдралаа ярилцдаг. Бидний дунд албан тушаал, монгол эсвэл гадаад гэх ямар нэгэн зааг, ялгаа байдаггүй. Хүн бүр аливаад нээлттэй ханддаг учраас өндөр бүтээмжтэй, сэтгэл хангалуун ажилладаг гэж боддог.

Монголоос англи, франц зэрэг олон хэлээр төслийн менежментийн үйлчилгээг дэлхийн өнцөг булан бүрд хүргэж байгаа нь бидний хамгийн том давуу тал. Олон улсын байгууллага учраас өдөр тутамдаа янз бүрийн туршлагатай хүмүүстэй ажиллана. Зарим үед мэдэхгүй, чадахгүй зүйлс гарах боловч тэдгээр сорилтыг суралцах боломж гэж хардаг. Долоон жилийн хугацаанд өдөр бүр шинэ сорилттой тулж, түүнээсээ суралцаж, өөрийгөө хөгжүүлж байгаадаа сэтгэл хангалуун байдаг.

Vi. С.Энхтүвшин, Эрүүл мэнд, аюулгүй байдал, байгаль орчны албаны ахлах


Би Mongolian Delivery Center-ийн анхны 10 ажилтны нэг. Багаасаа л компьютер тоглоомд дуртай, компьютер хэрхэн бүтээгдсэн, дотроо яаж ажилладаг гэдгийг шимтэн сонирхдог хүүхэд байлаа. 2012 онд МУИС-ийн Мэдээллийн технологийн ангийг төгсөж, мэргэжлийнхээ чиглэлээр ажлын байр сонирхон явахад Mongolian Delivery Center-ийг найз маань санал болгож, 2015 оноос хойш одоог хүртэл ажиллаж байна. IT хэлтэст найман жил тайлан хөгжүүлэлтийн мэргэжилтэн хийж, энэ оноос Эрүүл мэнд, аюулгүй байдал, байгаль орчин гэх шинэхэн албаны ахлах болсон.

Монгол залуус IT, бизнес, төсөл, санхүү, байгаль орчин аюулгүй байдал зэрэг олон салбарт ажиллаж, ур чадвараа дэлхийд харуулах боломжийг Рио Тинто олгодог. Би Эрдэнэтийн хүүхэд. Хэрэгтэй үедээ гэртээ харьж, эсвэл орон нутгаар аялж, амарсны дараа оффистоо ирэхэд яг л гадаадад ажиллаж буй мэт уур амьсгал, ажлын соёл угтдаг. Нөгөөтээгүүр хоёр том гүрний дунд оршдог манай улс бидний ажиллаж буй жишгээр outsourcing бизнес хөгжүүлэх, олон улсад танигдах, хараат бус байх боломжоо тэлэх хэрэгтэй санагддаг.

VIi.Б.Баярцэцэг, Мэдээллийн технологийн үйлчилгээний гэрээний хэрэгжилтийн багийн ахлах


Рио Тинтод гурав дахь жилдээ ажиллаж байна. Манай баг таван гишүүнтэй, группийн хэмжээнд мэдээллийн технологийн үйлчилгээг худалдан авагч талууд болон тухайн үйлчилгээг үзүүлэгч байгууллагуудын гэрээний хэрэгжилт дээр төвлөрч ажилладаг.

Хамгийн анх ажилд зуучлагч компаниар дамжуулан Рио Тинтогийн Монгол дахь оффист ирж, багийн маань хуучин ахлах, одоо Оюутолгойд ажиллаж байгаа Д.Баасансүрэн, тухайн үед менежер байсан, одоо Австрали дахь оффист ажиллаж буй Г.Цэндмаа нартай ярилцлага хийж, компанийн соёл, уур амьсгалын талаар сонсож, мөн ажлын орчин, ажиллаж байгаа хүмүүсийн идэвхтэй, эрч хүчтэй, завгүй байдлыг хараад энэ байгууллагад ажиллах хүсэл маань батжиж байлаа. Рио Тинтод орохоос өмнө мэргэжлийн зөвлөх үйлчилгээний компани, олон улсын төслүүд дээр ажиллаж байсан туршлагыг маань үнэлж 2020 онд гэрээний хэрэгжилтийн багт мэргэжилтнээр орох санал тавихад дуртайяа хүлээж авсан. Компанийн маань нийгэмд үзүүлж буй эерэг үр нөлөө, үнэ цэн нь сэтгэл дүүрэн ажиллах хөшүүрэг болдог.

Гаднын байгууллагад ямар нэгэн ажил эхлүүлэхэд олон шат дамжлагатай, удах, хүлээх шаардлагууд үүсдэг. Харин Рио Тинтогийн хувьд гүйцэтгэлийн хяналт, чанарыг алдагдуулахгүйгээр олон шат дамжлагуудыг цөөлөх, хялбарчлах, автоматжуулах шинэ санаа, санаачилга гаргаж, хэрэгжүүлэхэд байнга дэмждэг. Хүнээ сонсдог, нэгнээ хүндэлдэг, чин сэтгэлээсээ санаа тавьж, оролцоотой байхад уриалдаг нь манай компанийн бусдад үлгэрлэмээр сайн соёлууд гэж бодож байна.

VIIi. А.Ууганжаргал, Программ хангамж, хөрөнгийн менежментийн газрын ахлах мэргэжилтэн 


Анх гэрээт ажилтнаар орж ирснээс хойш гурав дахь жилдээ ажиллаж байна. Би физик, электроникийн инженер мэргэжилтэй. Ажлын ярилцлагад орох үед эмэгтэй гэдгийг минь хараад гайхсан, сонжсон хандлагаар хүлээж авдаг байсан. Монголд мэргэжлээрээ ажиллах амаргүй байсан учир Германд сураад ирсний дараа ч энэ хандлага яг хэвээрээ угтахад эмзэглэсэн шүү.

Манай баг Рио Тинто группийн программ хангамжийн худалдан авалт, хэрэглээ, тасралтгүй ажиллагааг хариуцаж, эрсдэлийг бууруулахын тулд санхүү, мэдээллийн технологи, дата анализын олон салбартай хоршиж ажилладаг. Рио Тинто гаднын компаниас авдаг байсан үйлчилгээг компани дотроо хийдэг байхаар шийдэж одоогийн манай багийг байгуулсан. Магадгүй Монголд биднээс өөр энэ чиглэлд ажилладаг компани байхгүй болов уу. Өнгөрсөн наймдугаар сард Австрали дахь оффистоо очиж ажиллаад ирсэн. Тэнд дээд удирдлагын дарга нь хүртэл багийн воркшопд оролцож, ажилчидтайгаа шууд харилцаж, санал хүсэлтийг нь нээлттэй сонсож байгааг хараад ийм соёлтой компанид ажиллаж байгаадаа баярласан.

Шинэхэн төгсөгч нартаа аминчлан захихад ажлын байрны өндөр шаардлагууд сүрдмээр санагддаг ч өөрийгөө заавал сориод үзээрэй. Оролдож үзэж байж л ажлын байранд тэнцэхийн тулд ямар чадвараа сайжруулах ёстой, юу сурах хэрэгтэй гэдгээ мэдэж авна.

IX. Б.Должин, Үйлчилгээний сайжруулалтын ахлах зөвлөх 


Рио Тинто групп даяарх технологи, мэдээллийн систем хариуцдаг дөрвөн төв нь Австрали, Канад, Монгол гэсэн улсад байршдаг. Бид эдгээр дөрвөн төвийн хамтын ажиллааг зохицуулж, үйл ажиллагааг илүү сайжруулах тал дээр зөвлөж ажилладаг. Манай баг олон цагийн бүсэд, олон янзын хэлээр харилцдаг. Жишээ нь Монгол Канадаас 12 цагийн зөрүүтэй учраас хурал, уулзалт өглөөний 7 цагт эхэлнэ. Мөн тэдний төрөлх хэл нь франц учраас хоёр талаасаа англи хэлээр харилцдаг.

Би хөгжлийн эдийн засагч мэргэжлээр Германд сурсан. Монголд энэ төрлийн мэргэжил хараахан байхгүй учир төгсөөд ирсний дараа хүний нөөцийн компаниар дамжуулж Рио Тинтотой холбогдсон. Олон улсын байгууллагад ажиллах хамгийн том давуу тал нь томоохон бүтээн байгуулалтад хувь нэмрээ оруулж, өөрийгөө сорьж, сонирхсон чиглэлдээ хөрвөн ажиллах боломж нь юм. Мөн эх орондоо, дассан соёлдоо ажиллаж буй боловч дэлхийн олон орны залуустай мэдлэг чадвараараа хамтарч, басхүү илүү сайн байхын тулд өрсөлдөж ажилладаг гэдгээрээ онцлог.

X. Б.Хулангоо, Бизнесийн зөвлөх аналист, скрам мастер


Би технологийн платформ багийн ажлын менежментийг хариуцаж, багууд ажлаа хэрхэн зөв зохион байгуулах тал дээр ажилладаг. Манай баг 300 гаруй ажилтан болон гаднын туслан гүйцэтгэгч байгууллагуудтай хамтардаг.

Скрам мастер гэдэг нь бүтээгдэхүүн хөгжүүлэгч багийг ажлаа хийх бүх үе шат, боломжоор хангаж удирддаг хүн юм. Зарим талаараа төслийн менежертэй төстэй. Аливаа төсөл, бүтээгдэхүүнийг бүтээж буй хүмүүстэй хамтарч, тэднийг ажлаа хурдан шуурхай, үр бүтээмжтэй хийх боломжоор нь хангадаг гэсэн үг. Би өөрийгөө технологийн салбарт ажиллана гэж төсөөлж ч байгаагүй. Өмнө нь гарааны бизнест ажиллаж байхдаа хөгжүүлэгч, дизайнерүүдийн бүтээсэн апп, вэбсайт аливаа асуудлыг шийдэж байгаа нь таалагдаж, мэдээлэл технологийн чиглэлээр гүнзгийрч ажиллая гэж шийдэж байлаа..