Forbes сэтгүүлийн “The Origin Of The Subscription Model” нийтлэлд дурдсанаар Их Британид 1860-аад оны үед сүү худалдаалагч саальчид урьдчилсан захиалга авч хүргэлт хийдэг байсан бол сэтгүүлийн захиалга 1800-аад оны сүүл үеэс эхэлжээ. Тэгэхээр subscription үйлчилгээ бидний санаснаас хамаагүй өмнө эхэлсэн байгаа биз. Харин өнөө цагт саалийн сүү бүү хэл сансар огторгуйн тухай ч баттай мэдээлэл өгч чаддаг болсон subscription үйлчилгээ Монголын хөрсөн дээр хэрхэн бууж байгаа бол? Энэ удаагийн нийтлэлдээ бид дараах арван зочноос ямар subscription үйлчилгээ тогтмол хэрэглэж буй талаараа хуваалцахыг хүслээ.
1. spotify - э.баттөр

Сүүлийн таван жилийн турш сар бүр Spotify-д 9.99 доллар төлж байна. Дуу, подкаст тогтмол сонсдог болохоор өдөрт дөрвөөс зургаан цагийг энэхүү платформд өнгөрүүлдэг. Ашиг тусын хувьд аудио формат нь өндөр чанартай, хиймэл оюун ухаан нь миний хүсэл сонирхолд нийцүүлэн бараг л DJ Mix шиг дуунаас дуу руу шилжүүлдэг. Мөн миний сонирхдог хөгжмийн урсгалтай холбогдуулж, шинэ соргог зүйлс санал болгодог.
2. юнивишнийн гурвалсан үйлчилгээ - г.ану

Гэртээ Univision-ийн интернэт, IPTV, суурин утасны гурвалсан үйлчилгээ, тэр дундаа одоо санал болгож буй багцуудаас нь сарын 49,900 төгрөгийн M Plus багцыг ашигладаг. Энтертэйнмент болон ажлын бүтээмж дэмжих олон subscription ашигладаг болохоор нэгийг нь онцлохын оронд бүгдийнх нь интернэт харилцаа холбооны суурь хэрэгцээг хангаж байгаа үйлчилгээг онцолъё гэж бодлоо. (Интернэт харилцаа холбоондоо ч мөн subscription үйлчилгээ ашигладаг болохоор)
Оройдоо мэдээ, амралтын өдрөөр тойм нэвтрүүлгүүд монгол, гадаад суваг харгалзахгүй үздэг, дээрээс нь интернэт тогтмол ашигладаг болохоор энэ хоёр үйлчилгээний тус бүрийнх нь үнийг суурин утас багтсан гурвалсан үйлчилгээний үнэтэй харьцуулж үзээд багцаар нь авбал функиональ үнэ цэн илүү өндөр гэдгийг мэдээд гурвалсан үйлчилгээг сонгосон юм. 2015 оноос хойш гурвалсан үйлчилгээ ашиглаж байгаад цар тахлын үеэр видео сангаас кино түрээсэлж үздэг болсон. Өмнө нь iTunes-ээс кино түрээсэлж үздэг (3.99 доллар буюу 13,614 төгрөг) байсан ч Univision-ийн видео сангаас кино түрээслэх нь хялбар бас илүү хямд (5,500 төгрөг) юм байна лээ. Интернэт дэд бүтэц болон зохиогчийн эрхтэй контент нэгдмэл болохоор монголчуудын худалдан авах чадамжид тохирсон, боломжийн үнэтэй байж чаддаг юм болов уу.
3. the new yorker - Б.ДҮҮРЭНТУЯА

Сард 11.99 доллар төлдөг. The New Yorker яг л чимээгүй мөртлөө амбицтай хүн шиг санагддаг. Америкийн телевизийн бүтээлүүдэд (Game Of Thrones-Dothraki & High Valyrian, Thor: The Dark World-Languages of Dark Elves, Dune-Fremen) зориулж шинэ хэл зохиодог Дэвид Ж.Петерсон гэх эрхмийн карьерын замналыг давхар өгүүлсэн "Dune" киноны маркетингийн нийтлэлийг уншиж New Yorker-той танилцаж байсан юм. Түүнээс хойш өглөө, оройдоо ямар нэг нийтлэл эсвэл хөнгөн хошигнолтой ч гүн агуулгатай зурагт өгүүллэгүүдийг нь уншсаар байгаад байнгын хэрэглээ болчихсон. Чанартай мэдээллийг нийтлэл, эсээ, зурагт өгүүллэг, асуулт хариулт зэрэг олон янзаар авч чаддаг болохоор сар бүр 12 доллар зарцуулдаг.
4. APPLE ONE - Э.ГАНЗОРИГ

Сард 25.95 доллар төлдөг (өөрөөсөө гадна гурван хүнтэй хуваалцдаг). Apple Music-ийг өдөрт гурваас дөрвөн цаг, Arcade games-ийг өдөрт 15-30 минут ашигладаг. Миний хувьд Apple One багцад багтах үйлчилгээнүүдийг дараах зорилгоор ашигладаг юм:
- iCloud - Хэрэгтэй мэдээллүүдээ төхөөрөмж хооронд солбих, нөөцлөх зорилгоор ашигладаг. Ганцхан хаягаар бүх мэдээллийг нууцлан (Advanced Data Protection/end-to-end encrypted) хадгалдгаараа онцлог.
- Private Relay (iCloud+) - Safari ашиглах үед IP хаяг болон хандаж буй веб сайтуудаа (browser activity) нууцлах
- HideMyEmail (iCloud+) - бодит хэрэглээний цахим шуудангаа ил болгохгүйгээр санамсаргүй байдлаар цахим шуудан үүсгэн ашиглах
- Apple Music - Өөрийн гэсэн плэйлист үүсгэх, Apple preset playlist-үүдээс шинэ дуу хөгжмийг өндөр чанартайгаар сонсох, мөн төхөөрөмж дээрээ татан интернэт холболтгүй үед сонсох
- Apple Arcade - App Store-ийн arcade цэсний бүх тоглоомыг нэмэлт төлбөр болон сурталчилгаагүйгээр тоглох
5. LOOK TV - Б.ГАНЦАЦРАЛ

Сард 9,900 төгрөг төлөөд LookTV Premium үйлчилгээг ашигладаг. Гадаад кинонуудыг олон дахин сэргээж үзэх дуртай болохоор долоо хоногт хоёроос гурван кино үзчихдэг. Уран бүтээлчдийн бүтээлийг зохиогчийн эрхийн дагуу, чанартайгаар үзэх дуртай хүмүүс subscription үйлчилгээний үнэ цэнийг мэддэг болсон байх. АНУ болон Европын хөгжингүй орнуудын том зах зээлийн хэрэглэгчдэд Netflix энэ соёлыг түгээж чадсан бол Монголд LookTV нутагшуулж байгаа гэж хардаг. Миний Premium багцад болон кино түрээсэнд төлсөн дүн тухайн киног бүтээсэн хүмүүсийн халаас руу орж байгаа болохоор кино бүтээгчдийг дэмжиж байгаа гэдэг утгаараа таатай санагддаг юм.
Цахим платформуудаас сонирхолтой контентууд үзэж, цагийг зугаатай өнгөрөөж болох ч “наалдах” зүйл тун ховор. Юүтүб, рийл бичлэгээс үзсэн тэр олон санааг санах гээд нэг үзээрэй. Харин ард нь бүтэн баг, олон хоног ажилласан бүтээл таны сэтгэлгээний хүрээг тэлсэн тохиолдол олон бий. Иймд чанартай кино болон контентод мөнгө төлөхдөө огт эргэлздэггүй. Netflix, Hulu, Disney+ зэрэг гаднын ижил төрлийн үйлчилгээнүүдтэй харьцуулахад дор хаяж гурав дахин хямд болохоор төрөлжсөн телевизийн сувгууд бүгд байдаг болохоор спортын болон аяллын нэвтрүүлгүүд үзчихдэг юм.
6. GOOGLE STORAGE - Г.ГЭРЭЛ

Сард 2.49 доллар (100GB) төлдөг. Үүлэн системд файл хадгалахын хамгийн том давуу тал нь тухайн файл руугаа аль ч төхөөрөмжөөс хандах боломжтойд оршиж буй. Миний хувьд google sheets (excel), google words-ыг өдөр бүр нэгээс хоёр цаг тогтмол ашигладаг. Мөн бусадтай файл хуваалцахад хамгийн тохиромжтой санагддаг юм. Одоо хүн бүр gmail хаягтай болсон болохоор хуваалцах линк явуулахад огт хэрэглэж үзээгүй хүн ч хурдан ойлгодог нь тун хялбар.
7. NATURE - Ж.ГЭРЭЛЧИМЭГ

Би биотехнологич мэргэжлээр сурч төгсөөд одоо Unread Media-д сэтгүүлчээр ажиллаж байна. Ихэнхдээ сайтынхаа “Тайлбарлах нь” болон “Мэдүүштэй” буланд шинжлэх ухааны сэдвүүдээр нийтлэл бичдэг. Ялангуяа “Шинэ нээлтийг шинжлэх нь” цуврал нийтлэлийг бичихэд судалгааны ажлыг бүтнээр нь унших шаардлага гардаг юм. Тиймээс үндсэн мэргэжил болон одоо эрхэлдэг ажилтайгаа холбоотойгоор мөн сонирхсон судалгаагаа дэлгэрэнгүй уншихын тулд “Nature” сэтгүүлийн subscription үйлчилгээнд сард 25 евро төлдөг.
8. ADOBE - Ө.АМИН-ЭРДЭНЭ

Google One, Spotify, TickTick (task manager), Adobe Creative Cloud гээд олон үйлчилгээнд subscription төлдөг. Эдгээрээс миний хувьд хамгийн чухал бөгөөд хамгийн олон цаг ашигладаг нь Adobe Creative Cloud юм. Ингэхдээ, Турк ханшаар (VPN байршлаа Турк улс дээр тааруулаад) сарын ердөө 20,000 төгрөг төлөөд Photoshop, Illustrator гээд Adobe-ийн бүх программыг ашиглахын зэрэгцээ 100GB үүлэн багтаамж, үнэгүй татаж авах гучин мянган фонтын цуглуулга дагалдаж ирдэг. Мөнгө төлж ашиглахын өөр нэг давуу тал нь програмууд алдаа заах нь бага байхаас гадна шинэчлэлтүүдийг нь тогтмол хүлээн авдаг. Хамгийн гол нь crack-даж авснаас хэдэн зуу дахин аюулгүй тул кибер аюулгүй байдалдаа санаа зовох шаардлагагүй.
9. NBA LEAGUE PASS - Э.ЭНХ-ОД

NBA улирал буюу аравдугаар сараас дөрөвдүгээр сар хүртэл 109.99 доллар төлдөг. Тогтмол нэгээс хоёр тоглолт үздэг гэхээр өдөрт гурваас зургаан цаг зарцуулдаг юм байна. Мэдээж NBA улирлын бүх тоглолтыг үзэхээс гадна тойм мэдээ, статистик, дээд амжилт, тоон судалгаа болон багууд, хувь тоглогч нарын мэдээллийг авдаг. NBA TV дагалддаг учир нэвтрүүлгүүдийг нь үзэх боломжтой. Сагсан бөмбөгийн хөгжөөн дэмжигчийн хувьд бас нэг олзуурхууштай зүйл нь NBA түүхэнд болсон хамгийн гайхалтай классик тоглолтуудыг үзэж болно.
10. BrandNew by Under Consideration - Г.Идэр

Сард хоёр доллар төлдөг. Rebranding, logo design, brand identity-тай холбоотой контентууд нийтэлдэг учраас анх сонирхож эхэлсэн. Өмнө нь брэндингийн агентлагуудын вебсайт, инстаграм хаягуудаас түүвэрлэж, төслүүдтэй нь танилцдаг байсан бол BrandNew-г олж мэдээд төвлөрсөн нэг газраас мэдээлэл авдаг болсон. Subscription төлснөөр нийтлэлүүдийг илүү дэлгэрэнгүй унших, сэтгэгдэл үлдээх, санал асуулгад оролцох боломжтой. Олон улсын дизайны чиг хандлага, компаниудын өөрчлөгдөж буй ялгарал гэх мэт цаг үеийн мэдээллүүдийг авдаг тул бүтээлч салбарынханд санал болгох үйлчилгээ.

Сэтгэгдэл бичих (2)


d dggddg 2024.10.22 202.70.46.20
adobe 20k ehehhehe...................................................................................................................................................................................
m mt 2024.10.22 203.98.77.46
huuy ter adobe-g 20k-r awad bga nuhur yaj awaad bn . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .