Нэг сэдвийн хүрээнд 10 зочин өөрсдийн үзэл бодол, санал сэтгэгдлээ хуваалцдаг “10 ертөнц 10 өнцөг” булангийн шинэ дугаарыг бид “Томүжин” алтернатив ахлах сургуультай хамтран хүргэж байна. Ингэхдээ, амьдралдаа тулгарсан томоохон сорилт бэрхшээлийг залуус хэрхэн даван туулж, хязгаараа эвдэж чадсан 10 түүхийг хуваалцахаар бэлтгэлээ.
Сонирхуулахад, “Томүжин” алтернатив ахлах сургуулиас 13-25 насны хүүхэд, залууст зориулан 10 сая төгрөгийн шагналын сантай “Хязгаараа эвд” эсээ бичлэгийн уралдааныг анх удаа зохион байгуулж байна. Тус уралдаанд оролцохын тулд өөрийн хязгаарыг хэрхэн эвдсэн түүхээ 600 үгэнд багтаан сийрүүлэх бөгөөд эцсийн шатанд шалгарсан 21 оролцогчийн эсээ тус сургуулиас эрхлэн гаргах “Хязгаар эвдсэн түүхүүд” номонд багтаж, хүүхэд багачууд, үеийн нөхдөө урам зоригоор цэнэглэх боломжтой.
Эсээ хүлээн авах эцсийн хугацаа: 2025.03.31
Уралдаанд бүртгүүлэх: join.tomujin.edu.mn/хязгаараа-эвд
Дэлгэрэнгүй мэдээлэл: Tomujin Alternative School
1. д.сундуйжав
Миний амьдралын хамгийн том бэрхшээл бол харааны бэрхшээл байсан. Насан туршдаа юу ч харахгүй байна гэдэг хэнд ч аймшигтай санагдана шүү дээ. Миний хувьд төрөлхийн харааны бэрхшээлтэй байсан болохоор ч тэр үү, багаасаа л төрөл бүрийн боломжийг эрэлхийлж, идэвх чармайлт гаргадаг байсан. Бага ангидаа тусгай сургуульд сурдаг байсан ч энгийн сургуульд орох нь надад хамгийн их боломж, мөн сорилт болсон шиг санагддаг.
Монголын нэгэн сайхан үг байдаг даа. “Биеэ засаад, гэрээ зас. Гэрээ засаад төрөө зас” гэж. Үүний адилаар би өөрт ямар нэгэн саад бэрхшээл тохиолдох үед шийдвэрлэх арга замыг хайж, дараа нь тусламж хэрэгтэй болсон өөр нэгэн хөгжлийн бэрхшээлтэй хүнд асуудлыг нь шийдэхэд тусалдаг байсан. Учир нь хөгжлийн бэрхшээлтэй хүн бүрийн ирээдүйн амьдралыг сайхан, баялаг байлгахын тулд тэдэнд туслах нь надад маш чухал санагддаг. Одоо ч мөн шинэ технологи, хиймэл оюуныг судлан, ашиглаж, хүрээлэлдээ хувь нэмэр оруулахыг хичээж байна. Мөн хөгжим, дуутай ойрхон байдаг болохоор ирээдүйд хөгжмийн зохиолч болж, хүмүүст аялгуу бэлэглэхийг хүсдэг.
Зарим хүмүүс хөгжлийн бэрхшээлийг амьдралд сүйрэл авчрах, хэзээ ч давшгүй зүйл гэж боддог байх. Би л гэхэд сургуульд элсэж ороход, бас энгийн сургууль руу шилжих үед ойлгомжгүй, шантармаар зүйлс олон тохиолдсон. Шалгалтаа өгөхөд хэцүү, орчинтой танилцах боломжгүйгээс өгсүүлээд хааяа зүгээр л бүхнийг орхимоор санагддаг үе бишгүй л байсан. Гэвч хүн болгон намайг дэмжиж, хамт олон маань найрсгаар хүлээн авч, бас шинэ технологийн дэвшил гэх мэт зөндөө олон боломж гарч ирсэн болохоор сүүлдээ би өөрөө шинэ зүйлсийг хайж, судалж, хүн болгонд тусалмаар санагддаг болсон.
Эцэст нь хэлэхэд, ямар нэгэн бэрхшээлийг битгий садаа болгож хараарай. Тэр үедээ хэцүү байсан ч боломж гэдэг өнцгөөр харвал бүх сорилт бэрхшээлийг даван туулж, илүү эрч хүчтэй нэгэн болдог. “Одоогийн болж байгаа бүхэнд бүү шантраарай” гэж би өөртөө хэлдэг. Бусад хүмүүст ч гэсэн хэлмээр байна.
2. м.намуун
Би багаасаа л хичээлдээ шамдан суралцаж, багшийн өгсөн үүрэг даалгаврыг бүрэн гүйцэд хийдэг хүүхэд байлаа. Зарим багш нар намайг сайшаан магтдаг ч чадах чинээгээрээ доош нь дардаг багш нар ч бас байсан. Манай ангид зарим багш нарын хүүхдүүд сурдаг болохоор өөрсдийнхөө л хүүхдийг бусдаас илүү гаргах гэж оролдоно. Хэд хэдэн удаа миний дүнг дарсан байгааг анзаарч билээ. Тухай бүрд нь би хэлж залруулаад, дүнгээ засуулж байсан. “Надад дургүй” гэх багш нар хичээл заах үеэрээ надруу л чичилж, хүнд хэцүү асуулт асууж, буруу хариулбал шившигт хутгана. Үүгээр ч зогсохгүй надад атаархах, зэвүүцэх, ардуур муу хэлэх нь олонтоо. Тэгээд л энэ миний байх ёстой газар биш гэдгийг ухаарч, “Томүжин” алтернатив сургуульд шилжин суралцсан.
"Хэдий чамд таарч тохирсон газар мэт санагдаж байж болох ч чи үргэлж зөв газартаа оршиж байна гэсэн үг биш."
3. ч.дөлгөөн
Хүмүүн сургуулийн 11,12-р ангийн сурагчидтай University of Hong Kong, Chinese University of Hong Kong, NYU Shanghai аялал хийхээр явах л хамгийн сүүлд тохиолдсон маш том бэрхшээл байлаа. Эцэг эхчүүдээс зөвшөөрөл авахаас эхлээд 30 гаруй хүүхдийг хариуцаад гадаад явна гэдэг миний хувьд шинэ туршлага болсон. Хамгийн аймаар нь явахын өмнөх өдөр бидний очихоор төлөвлөсөн гурван сургуулийн нэг нь цахим шуудангаа харахгүй, нөгөө хоёр сургууль нь бараг оруулж болохгүй гэх утгатай зүйл ярьснаас болоод хамаг зорилго сүйрэх шахам юм болсон ч тухайн үедээ “Яадаг ч байсан аргалаад орно доо” гэж бодоод бүх сургууль руугаа орж чадсан.
Миний хувьд анхнаасаа л гэр бүл, найз нөхдийн зүгээс яах, юу хийх ёстойг зааж зааварлаж байгаагүй, зөвхөн өөрийнхөөрөө явдаг байсан. Одоо харахаар хүчтэй хүмүүст тусламж ирдэггүй гэдгийг л ойлгож байна даа. Намайг өөрийгөө аваад явчихна, ямар нэгэн аргаар болгочихно биз гэж бодоод огт тусалдаггүй юм шиг. Гэхдээ тэр нь ч зөв байх. Ямар ч тусламж ирдэггүй болохоор сүүлдээ ямар ч том асуудал болсон за “Би өөрөө зохицуулна даа” л гэж боддог болсон.
4. с.энхзаяа
Миний хувьд багаасаа л гадаадын шилдэг их сургуульд элсэн суралцах хүсэлтэй байсан учраас миний сонгож буй зүйл, хийж буй үйлдэл бүхэн их сургуульдаа тэнцэхийн төлөө байсан юм. Төгсөх жилдээ өөртөө илүү их боломж нээхийн тулд Улаанбаатар хот, тэр дундаа “Томүжин” алтернатив сургуульд шилжин суралцсан. Өнгөрсөн наймдугаар сараас эхлээд манай сургуулийн багш, сурагчид их сургуулийн өргөдлөө бэлдэх үеэр заримдаа бүх зүйл болохгүй байгаа мэт, бууж өгмөөр өдөр хоногуудыг туулсны эцэст өөрийн мөрөөдлийн сургууль болох Вандербилтийн их сургуулиас тэнцсэн гэх хариуг авсан. Өмнөх өдрүүдэд бусад сургуулиас татгалзсан хариу авах бүрд нэг л тийм айдастай, түгшүүртэй, сэтгэл санаа тогтворгүй байсан ч эцэст нь “CONGRATULATIONS ENKHZAYA” гэсэн хариуг авсандаа асар их баярласан.
Миний зорилго бол ирээдүйд боловсролын тэгш хүртээмжийг бий болгож, хүүхэд бүрийг боловсрол эзэмших эрхээр хангах явдал юм. Учир нь анх зургаадугаар ангид байхдаа сайн үйлсийн аян зохион байгуулаад явах үедээ анх удаа маш жижигхэн, эвдэрсэн модон ширээн дээр хоёрхон төмс тавьчихсан, тав зургуулаа амьдардаг гэр бүлийг хараад зүрх минь ихэд эмтэрсэн. Тэдгээр хүүхдүүд эрүүл аюулгүй орчинд амьдарч чадахгүйн дээр сурч боловсрох эрхээ ч эдэлж чадахгүй байгааг хараад бухимдал төрөх шиг болсон сон. Тэднийг сурч боловсрох эрхээр хангахын тулд би өөрөө мэдлэг боловсролтой, чадварлаг хүн байх ёстой. Тиймээс л би гадаадын шилдэг их сургуульд орж суралцахыг хүссэн. Үүнээс гадна гэр бүл минь миний ард бат зогсож, миний хүсэл зорилгыг дэмжиж, хүндэлдэг учраас их сургууль руу өргөдлөө явуулах мөн өргөдлөө бэлдэж байх үеүдэд минь ихээхэн дэмжсэн.
Тиймээс ч миний сонгож буй зүйл, хийж буй үйлдэл бүхэн их сургуульдаа тэнцэхийн төлөө байсан. Төгсөх жилдээ өөртөө илүү их боломж нээхийн тулд Улаанбаатар хот, тэр дундаа “Томүжин” алтернатив сургуульд шилжин суралцсан. Өнгөрсөн наймдугаар сараас эхлүүлээд манай сургуулийн багш, сурагчид нийлээд их сургуулийн өргөдлөө бэлдэж эхлэх үед заримдаа бүх зүйл болохгүй байгаа мэт, бууж өгмөөр өдөр хоногуудыг туулсны эцэст өөрийн мөрөөдлийн сургууль болох Вандербилтийн их сургуулиас тэнцсэн гэх хариуг уржигдархан авсан. Өмнөх өдрүүдэд бусад сургуулиас татгалзсан хариу авах бүрд нэг л тийм айдастай, түгшүүртэй, сэтгэл санаа тогтворгүй байсан ч эцэст нь “CONGRATULATIONS, ENKHZAYA” гэсэн хариуг авсандаа асар их баярласан.
Их сургуулиуд руу өргөдөл илгээх, бас бэлдэх үедээ би өөрийгөө илүү таньж мэдэж, хийхийг хүссэн зүйлээ ойлгож, сайн найзуудтай ч болж, өөрийнхөө хамгийн эмзэг үеүдтэй тулгарах замаар өөрийгөө бүтээсэн гэж боддог. Гэхдээ өөрийгөө бүтээх аялал минь дуусах болоогүй л дээ. Бас тэр үеүдээс сургамж авсан гэхээс илүүтэй оролдож үзсэндээ талархаж байна.
5. б.тэлмүүн
Миний амьдралд цааш үргэлжлэх зам харагдахгүй мөч байгаагүй. Харин хязгаар гэж тодорхойлох нэг л зүйл байсан нь миний сэтгэлгээ, ертөнцийг харах үзэл. Хэвшмэл, хийсвэр сэтгэлгээнээс гарсан нь надад хамгийн их замыг нээж байгаа ч урагшлах тусам тодорхой бус байдал хүндээр мэдрэгдэж л байна. Гэхдээ би “Хүн өөрт ямар нэгэн команд өгч, түүнийхээ дагуу илүү сайн явж чадна” гэж итгэдэг. Өмнө нь харагдаж байгаагүй, магадгүй би чадахгүй байх гэх бодол ихсэж байгаа ч энэ миний хувьд хязгаар биш. Хязгаар гэх зүйл зөвхөн би хүлээн зөвшөөрөх үед л оршдог. Харин би үүнийг хүлээн зөвшөөрөхгүй.
6. м.анужин
Ахлах сургуульдаа завсар зайгүй л клуб, дадлага, сайн дурын ажил, судалгааны хэлэлцүүлэгт оролцдог, тэр ч утгаараа өөрийнхөө сонирхлыг хэдийн таньж мэдсэн гэж боддог байсан ч сургууль төгсөх дөхөхөд хийж үзэх зүйл олон байгааг ихэд мэдэрсэн. Улмаар хоногийн 24 цагтаа эзэн болж, “Би ийм л зүйл хийдэг, энэ чиглэлд л сонирхолтой” гэх бодлоосоо цаадахыг харах гэж хичээсэн завсар жил минь томоохон сорилт байлаа. Аль хэдийн чаддаг гэж боддог байсан зүйлсээ шинээр сурахаас өгсүүлээд өөртэйгөө янз бүрээр дахин танилцаж л байна. Ахлах сургуульдаа нэгэн багшийн удирдлага дор дадлага хийж байхдаа “угаасаа” гэдэг үгийг бага ашиглах даалгавар авч билээ. Завсар жилдээ ч өөртөө энэ үгийг цөөхөн хэлэхийг хичээсэн. Яг одоогоор би өөртөө илүү үнэнч байхад, мөн уйгагүй асууж эргэцүүлсээр байхад суралцаж байна.
7. ц.цацрал
Би яг одоо хязгаараа эвдэх замдаа буюу даамын спортын дээд оргил болох Олон Улсын Их Мастер цолыг хүртэхийн төлөө бэлдэж байна. Мэдээж маш их асуудал бэрхшээл тулгарч байгаа. Хичээл ном, сайн дурын ажил зэрэг олон зүйл давхцаж байгаа ч нойр, хоолоо хасаад ч хамаагүй дараа жил болох тэмцээндээ бэлдсээр байна. Маш олон чадварлаг тамирчинтай өрсөлдөх ч гэсэн “Би чадах болов уу?” гэх айдсаа даваад гарчихвал магадгүй би амжилтад хүрэх байх. Тиймээс бэлтгэлийнхээ хажуугаар сэтгэл зүйгээ ч мөн бэлтгэж, ер нь л мөрөөдөлдөө хүрэхийн тулд бүх зүйлээ гаргуунд нь гаргаад хичээж байна.
Энэ үеэр би цаг хугацаа бүгдийг анагаадаг гэдэгт итгэхээ больсон. Цаг хугацаа өнгөрөх тусам зарим зүйл бодсоноос тэс өөрөөр эргэж болдог учраас цагийн юмыг цагт нь хийж, хойшлуулсан ч болно гэсэн бодлоо хаях хэрэгтэйг ойлгосон.
8. о.эгшиглэн
Их сургуулийн нэгдүгээр дамжаанд суралцаж байх үеэр ковидын цар тахал гарч, улмаар Монголдоо зайнаас суралцангаа бүтэн цагаар ажилладаг байсан юм. Дараа жил нь Японд ирсэн чинь дуртай зүйлээ хийж чадахаа больж, нэг л хоосон мэдрэмж төрж, хамаг адреналинаа алдчихсан. Тэгээд л шууд дадлага ажил хайхаар шийдсэн. Бараг 20-30 компани руу CV-гээ явуулсан ч бүгдээс нь татгалзсан хариу сонсож байлаа. Харин тэр үед би өөрийгөө хангалтгүй байгаа болохоор биш CV дээрээ өөрийгөө бүрэн илэрхийлж чадахгүй байгаа юм байна гэж үзээд хичээл, цагийн ажлын хажуугаар номын сан хаатал CV-гээ “зүлгээд” суучихдаг болсон. Хоёр сар орчим тийм хэмнэлээр амьдарсны дараа ажиллахыг хамгийн их хүсэж байсан “LVMH Christian Dior”-оос Азийн төв оффис гэж хэлж болох Японы салбарт нь ажиллах санал авсан. Ажиллаж эхэлмэгц намайг гадаад хүн гэж ялгалгүй, яг л Япон хүн шиг харьцаж, чухал ажлуудыг ч даалгаж байсан тул итгэлийг нь алдахгүйн тулд хоёр дахин их хичээж ажилласан. Одоо ч тэр эрчээрээ үргэлжлүүлэн Loewe-д ажиллаж байна.
Ер нь хүн дотроо нуугдаж байгаа дуу хоолой, хүслээ сонсвол хязгаар гэх зүйл байдаггүй юм шиг. Сонсохгүй орхичихвол гомдчихдог, хийхгүй хаячихвал унтарчихдаг, хугацаатай, амьтай хүч. Үүнийг нэг л сонсчихвол инерцээрээ томордог, маш хүчтэй энерги юм билээ.
9. Б.болд-эрдэнэ
Одоо амьдарч байгаа үе, магадгүй энэ жил хамгийн хэцүү үе шиг санагдаж байна. Оюутан, дээрээс нь хэд хэдэн дотоод болон гадаадын төслүүд дээр зэрэг ажиллаж байгаа бөгөөд ажлын маань тал нь монгол, тал нь англи хэл дээр. Хийдэг бүх ажил маань контент бүтээхтэй холбоотой байдаг тул бичих, ярих, унших, судлах, тунгааж бодох гэх мэт олон чадварыг зэрэг хөгжүүлэх шаардлагатай. Мөн олон хүнтэй зэрэг ажилладаг болохоор заримдаа амжихгүй, чадахгүй хэрнээ л амжуулна гэж бодоод хоосон амлалт өгчихдөг. Бас өөрөөсөө илүү ур чадвартай, мундаг хүмүүстэй ойрхон ажилладаг тул дутуу, чадахгүй мэт олон өнгийн мэдрэмж надаас илэрдэг. Гэхдээ сүүлд нь энэ мэдрэмж илүү их хичээх шалтгаан болоод л дуусдаг даа. Яг энэ цаг мөчид л амьдралдаа байгаагүй ихээр өөрийгөө сайжруулж, хичээж, хэд хэдэн шат ахихийг оролдож байна.
Өөрийнхөө итгэсэн, мэдэрсэн зүйлийнхээ төлөө анхаарал алдалгүй, 100 хувь төвлөрч хийхийг хичээдэг. Өсвөр насандаа сагсан бөмбөг тоглодог байхдаа зөвхөн сагсаа л гэдэг байлаа. Сайжрахын тулд зөв, хэрэгтэй гэсэн бүгдийг хийнэ. Одоо ч хэвээр. Магадгүй төрөлхийн л ийм зан чанартай байх. Гэхдээ 100 хувь надаас шалтгаалах, эрсдэлтэй сонголтууд хийж байдаг болохоор сэтгэл санаагаа тайван байлгахад төвөгтэй. Тэр нь ч зөв байх. Байнгын дарамтад байна л гэсэн үг. Эрсдлээ багасгахын тулд хийх ёстой зүйлсээсээ дандаа л илүүг хийх хэрэгтэй. Гэхдээ тэгж чадахгүй, алдах үе бараг долоо хоног бүр тохиолддог. Гэхдээ л эргээд хөл дээрээ босох, чадахгүй бол ядаж өвдөглөөд суух хэрэгтэй болдог. Миний асуудал өөр хаана ч байхгүй, өвөрмөц асуудал биш ээ. Дээр дурьдсан бүх асуудлыг өмнө нь хэн нэгэн даваад туулчихсан байгаа. Тэгэхээр миний хийх ёстой гэрийн даалгавар бол тэр шийдлүүдийг л олох. Зовлон ирэх нь тодорхой, харин зовох эсэх нь миний сонголт. Толгойн дотроо тэр асуудалтайгаа зовоод байлгүй хурдан асуудлаа шийдэхийг л хичээсээр байна. Зогсолтгүй сайжруулах, засах оролдлого хийсээр л байвал эцэст нь хүссэн үр дүн минь гарч л таараа.
Нэг номон дээр их удаан итгэж явсан харах өнцгийг маань эвдсэн санаа гарч ирсэн юм. Тэр нь “Амьдрал бол марафон. Хэн хамгийн урт хугацаанд хамаг хурдаараа гүйсэн нь ялдаг.” гэсэн юм. Энэ өгүүлбэр намайг өөрийгөө ялахад хүргэж байгаа зүйлсийн нэг нь. Өдөр болгон богино зайны гүйлт хийж, маргааш харин өнөөдрийнхөөс илүү хурдан гүйх хэрэгтэй гэдэгт итгэдэг болсон.
10. з.намуун
Дунд ангид байхад манай ангийн хүүхэд миний зургийг зохисгүй тайлбартай meme болгоод фэйсбүүк дээр нийтэлчхэж билээ. Тэрнээс хойш сургууль дээр очих болгонд хүмүүс хараад ч байгаа юм шиг санагдаж, тэр зурагны талаар хэн нэгэн надаас асуувал “зүгээрээ, инээдтэй л байсан шүү дээ” гэж гаднаа инээж, дотроо бантаад л явдаг байв. Тэр явдлаас хойш өөрийгөө чөлөөтэй илэрхийлэхээс айдастай болж, нэлээн хэдэн жилийг өнгөрөөсөн. Харин одоо бодоход, өсвөр насанд маань тохиолдсон сэтгэл зүйн сорилт байсан юм уу даа л гэж боддог. Цахим платформууд дээр ч, бодит амьдрал дээр ч өөрөөрөө байх хязгааруудыг нээж, суралцсаар л явна. Амьдрал чамд лемон шиг исгэлэн үйл явдлуудыг өгөхөд Lemons сонсоод, Lemonade хийж уу гэдэг шиг л өөрийнхөө дуртай зүйлсийг хийж, айдасгүй, өөрөөрөө байх сайхан шүү дээ.
М Мөнгөнцэцэг 2025.04.21 59.153.115.93
Гайхалтай залуучууд байна . Та ирээдүйгээ яаж хязгаартайгаар харж байна уу ? Ирээдүй чинь хязгаараа эвдсэн тохиолдолд маш гайхалтай боломжууд нээгддэг