Сүүлчийн цас, анхны бороотой уяхан цэнхэр хавар урин дулаан зунаар солигдож, төгсөлтийн баяраа хийж буй “цэнхэр нөмрөгтнүүд” хотын төвөөр хөөрцөглөн гүйлдэнэ. Бид аливаа зүйлийг эцэслэн өндөрлүүлж, хавтсыг нь хаахдаа өнгөрсөнтэй холбоотой түм буман эргэцүүлэлд автах нь олонтаа. Тэгвэл их сургууль төгсөхдөө бид юуг хамгийн их боддог вэ? Их сурууль, оюутан нас гэхээр хамгийн түрүүнд юу санаанд орж ирдэг вэ? Магадгүй хичээлийн анхны өдөр, профессороос сонссон зэмлэл, дөр суулгасан дадлага, нойргүй бичсэн диплом ... 

Төгсөлтийн баяр бол амжилтын баяр юм. Гэхдээ амжилт гэдэг онц дүн, амжилттай карьераас илүү шантарсан ч бууж өгөлгүй, өөрийгөө ялан дийлсэн мөчүүдийг хэлдэг. Энэ удаагийн дугаартаа бид Юнител групптэй хамтран өөрийгөө ялан дийлсэн үе үеийн төгсөгчдийн түүхийг хуваалцахаар бэлтгэлээ.  

1. а.намуунаа


Би Рояаль ОУИС-ийн энэ жилийн төгсөгч мөн үндэсний дээд лигийн энэ жилийн эхний драфтаар Pirates багт сонгогдсон, багийн хүчний довтлогч. Миний хувьд сагсан бөмбөгийн спортоор хичээллээд есөн жил болж байгаа бөгөөд их сургуулийн эхний жилдээ завсарлага авч, дараа жилээс нь их сургуульд элсэж байсан. Тухайн жилд надад Тайвань Улсын их сургуульд сурангаа сагсан бөмбөгийг илүү дээд түвшинд сурах ховор боломж тохиосон юм. Тодруулбал, Монголын 3х3 сагсан бөмбөгийн холбоо болон Тайванийн CBTC сургуулийн хамтарсан гэрээгээр надтай нийлээд таван охин Тайвань руу явсан. Монголд байхад өвдөгний мөгөөрс урагдаж, түүнийгээ эмчлүүлээд явсан боловч очсоны дараа ачаалалтай бэлтгэл хийсний улмаас бэртэл минь сэдэрчихсэн. Улмаар эхний жилдээ ур чадвараа бүрэн харуулж чадаагүйдээ сэтгэлээр унах үе байсан ч зүгээр гутраад суугаагүй. Энэ хүртэл ирсэн юм чинь өөрийнхөө ур чадварыг харуулна гээд тууштай бэлтгэлээ хийсэн. Зорьсондоо ч хүрч, Тайванийн оюутны лигийн аварга болохдоо өөрөөрөө болон найзуудаараа маш их бахархаж билээ. Гэвч оюутны лигт том өөрчлөлт орж, талбайд зөвхөн нэг л гадаад тоглогч тоглох эрхтэй боллоо. Маш их зориг, золиос гаргаж очсон гадаад оюутнуудад энэ дүрэм их хүндээр туссан. Шинэ дүрмээс болж багийн бүрэлдэхүүнд бүрэн өөрчлөлт орж, шударга бус санагдаж билээ. Тэгээд би Монгол руу буцаж лигт тоглох эсвэл тэндээ үлдээд бэлтгэл хийх гэсэн хоёр сонголтын өмнө тулж, өөртэйгөө болон гэр бүлийнхэн, дасгалжуулагчтайгаа удаан ярилцсаны эцэст Монголынхоо лигт тоглонгоо их сургуулиа төгсөхөөр шийдсэн. Ер нь аливаа асуудлыг сэтгэлийн хөөрлөөр шийдэлгүй бусадтай ярилцаж шийдвэр гаргавал олон талаас нь харсан зөв шийдэл болно гэж би боддог.

Монголд ирээд дээд лигийн драфтын тэргүүн сонголтоор сонгогдож, өөрөөрөө бяцхан онгирч билээ. Гэхдээ өөртөө бардалгүй өөрийгөө илүү их дайчилж, багийнхандаа тус дэм болохыг зорьж, бэлтгэлээ ч сайн хийсэн.

Энэ жилийн оюутны лиг маш их ачаалалтай байлаа. Мэдээж төгсөх курсийн оюутан хичээлээ орхигдуулж болохгүй тул өдөр бүр хичээлдээ явж, мөн ахлагчийн хувиар багийнхнаа зөв залж чиглүүлэх, сахилга баттай байх талд анхаарч, өдөр бүр бэлтгэл сургуулилт хийдэг байв. Мөн дээд лигийн “Старс” багийн менежерээр давхар ажилладаг байсан болохоор ачаалал хэд дахин нэмэгдэж, биеэ хоёр хуваасан ч амжихгүй их ажилтай юм шиг санагдаж билээ. Гэсэн ч энэ бүх зүйлийг амжилттай туулаад зогсохгүй оюутны лигтээ медаль хүртэж, сургуулиа ч амжилттай төгслөө. Энэ хугацаанд ажлаа төлөвлөж, цагаа зөв хуваарилах гэх мэт олон ур чадварт суралцсан. Одоо эргээд харахад Тайвань Улсаас явах шийдвэр намайг илүү хурцалж, өнөөдрийн намайг бүтээсэн болохоор зөв хор шар хүнд байх хэрэгтэй зүйл гэж боддог.

Зөв хандлагатай байж, шаргуу хөдөлмөрлөвөл хүссэндээ хүрч чадна. Хичээл зүтгэл хэнийг ч хоосон орхидоггүй. Гол нь өөрийгөө болон бусдыг хууралгүй хийх ёстой зүйлээ тултал хийж байгаарай.

Их сургуулиа төгсөж буй залууст

2. э.өнөмөнх


Их сургуулийн босгоор алхаад шууд л том хүн болчихсон юм шиг санагдаад нэг тийм бахархал төрж билээ. Гэхдээ битүүхэн айдастай. Санхүүгийн хувьд аав ээжээсээ хараат бус байж, өөрөө бүхнийг зохицуулахын тулд цагийн ажил, оюутны холбооны үйл ажиллагаа, урлагийн наадам, зураг авалтын цаг зэргийг хооронд нь зөрүүлж, төлөвлөх л хамгийн шандас шаардсан асуудал байсан. Жишээ нь “Search” мини олон ангит кинонд тоглох үеэр зураг авалт хэзээ ч төлөвлөсөн цагаар явдаггүй гэдгийг мэдсээр байж маргааш нь болох англи хэлний олимпиадад бүртгүүлээд шөнө зураг авалт дууссан болохоор олимпиаддаа очиж чадалгүй хүний ч боломжийг хааж, өөрийнхөө ч боломжийг алдсан байдаг. Магадгүй энэ зүйл тохиолдсоноороо давж гарах биш алдаж байж ойлгох ёстой зүйл байдаг юм байна гэдгийг ойлгосон. Гэхдээ том хүн болох ёстой гэж өөртөө зохиомол дарамт үүсгээд байсан юм болов уу гэж одоо бодогддог л юм. Өөрийн гэсэн үзэл бодол, сурч мэдсэн, судалсан зүйлстэй, гүн бодож, гүн мэдэрдэг хүн байх ямар сайхан бэ гэдгийг үлгэр дууриалал авдаг хүмүүсээсээ харж, илүү хичээх сэдэл төрдөг байсан.

Оюутан нас бол өөрт чинь олгогдсон богинохон цаг хугацаа, дахиж ирэхгүй болохоор харамсахааргүй их дурсамж, мэдлэг, чадвар, хандлагыг сурч бас бүтээж аваарай. Өөрийгөө ядарсан үедээ ч бас сайн амраагаарай. Амьдрал гэх баялаг далайг сайн муу, сайхан муухайтай нь хамт хүлээн зөвшөөрөөрэй.

Их сургуулиа төгсөж буй залууст

3. э.нинжин


Би энэ жил СУИС-ийг жүжиг, киноны зохиолч, утга зохиол судлаач мэргэжлээр улаан дипломтой төгсөж байна.

Урлаг хүнийг татаж, дурлуулах хүчтэй увдистай байдаг учраас би ч мөн адил урлагт тэгж л татагдсан. Хэдий дуртай салбартаа, дурласан мэргэжлээрээ сурч байгаа ч хэцүү санагдах үе байдаг юм билээ. Сурах явцдаа бичсэн зохиолууд маань миний хүссэн хэмжээнд хүрэхгүй, өөртөө урам хугарч, шантрах үе бишгүй л тохиолдсон. Бас миний авьяас чадварт итгэж үнэмшээгүй хүмүүс олон байсан ч эргээд бодоход тэдгээр хүмүүс, өөрөө өөрийгөө голсон тэр мөчүүд намайг илүү хурцалж, алсын бодолтой, хашир хүн болгож. Шантрах үедээ би энд яах гэж ирсэн, энэ бүхнийг яагаад эхлүүлсэн билээ гэдгээ эргэн санаж, урагш алхах хүчээ олж авдаг.

Би хоёрдугаар курсээсээ бичлэг хийж бас зуны амралтаараа ажил хийж, сургалтын төлбөрөө өөрөө төлж эхэлсэн. Анх сургалтын төлбөрөө төлчхөөд ээждээ “Би сургалтын төлбөрөө төлчихлөө, одооноос би өөрөө төлдөг болно оо” гэж хэлэхэд ээжийн минь баярлаж байсан тэр мөч санаанаас гардаггүй юм. Өөрөө мөнгөө олоод, төлбөрөө төлөхөөр хичээлээ таслахаас ч хайран санагддаг юм билээ.

Харин одоо би олон ангит киноны зохиолчоор ажиллаж байгаа. Энэ нь миний мэргэжлээрээ ажиллаж байгаа албан ёсны анхны бүтээл учраас маш их хичээж, дурлаж бичиж байгаа. Хайрлаж, дурласан мэргэжлээ сонгоод, дуртай юмаа хийж амьдарвал тулгарах саад бэрхшээл нь хүртэл амттай байдаг гэж би боддог.

Мэргэжил бүхэн сайхан гэж үг байдаг. Тиймээс мэргэжлийнхээ сайхныг олж хараад ажлаа жаргаж хийдэг байгаарай гэж бусдад уриалмаар байна. Мөн энэ жил их сургуульд орох гэж байгаа, мэргэжлээ сонгох чухал үедээ яваа дүү нартаа хандаж хэлэхэд дуртай зүйлээ сонгоод сурахдаа ч, дараа нь ажиллахдаа ч жаргалтай байгаарай гэж захья.

Их сургуулиа төгсөж буй залууст

4. м.хатансүлд


ДХИС-ийн сонсогчид нэгдүгээр курстээ казармд байрлаж, хоёрдугаар курсээс эхлээд гэрээсээ хичээлдээ явж эхэлдэг юм. Тэр үед л жинхэнэ хоёр шөнө гурван өдрийн аялал эхэлж байгаа юм даа. Учир нь манай гэр Яармагт, харин сургууль Ботаникт. Өглөө тав өнгөрөөж босоод хичээлдээ явж, орой ес өнгөрч байхад хичээлээсээ ирнэ. Хичээл, нойр, хоолыг тэгэхэд л зохицуулж сурдаг юм билээ. Сургуулиасаа хол гэртэй байснаар цаг баримтлах, цагаа зөв тооцоолж сурах зэрэг давуу талууд ч бас байсан.

Хэдий тангараг өргөсөн төрийн алба хаагч ч гэлээ шантрах, унтрах, сэтгэлээр унах үе зөндөө тохиолдоно. Тэр үед миний эхнэр л намайг тайвшруулж, унахад минь босгож, түшиг тулгуур болдог. Хайртай дотны хүмүүсээсээ хол, амьдралд бууж өгмөөр санагдсан ч өнгөрсөн үеийн дурсамж, намайг хүлээж байгаа сайхан ирээдүйгээ бодох мөч намайг эргээд хүчтэй болгодог байсан. Он жавуудтайгаа өнгөрүүлсэн өдөр, цаг, минут тутам оюутан цагийн минь хамгийн том ялалт байж дээ. Хамтдаа шалаа лаадаж, гялтганатал нь зүлгэж, ороо ёотон шиг болтол нь хурааж, хөлсөө дуслуулан жагсаалын талбайд бэлтгэл хийж, цэргийн тангараг өргөөд сонсогч цолоо авсан үе гээд л. Энэ бүхэн саяхан мэт л санагдаж байна.

Өнөөдөр бидний амьдралын нэгэн чухал бүлэг хаагдаж, шинэ замын эхлэл тавигдаж байна. Энэ цаг үе биднээс тууштай байдал, хариуцлага, эрэлхийлэл, хичээл зүтгэлийг илүүтэй шаардах болно. Та бүгдийн цаашдын ажил амьдралын замналд эрч хүч, урам зориг хүсье.

Их сургуулиа төгсөж буй залууст

5. т.хотолсар


Мэргэжлийн хичээл үзээд эхлэх тусам “Энэ яг надад тохирох мэргэжил мөн үү?” гэдэгт эргэлзэж эхэлсэн. Семестр ахих тусам энэ мэргэжил надад тохирохгүй гэдгийг улам бүр ойлгож, хоёрдугаар курсээ төгсөөд бүрэн ухаарч байсан юм. Тэр үед шантраад бууж өгмөөр санагдсан ч хоёр жил сурсан хугацаа маань хайран байсан болохоор өөрт тохирох чиглэлээ олоод түүнийгээ одоо сурч буй холбооны инженер гэх мэргэжилтэйгээ хослуулах гээд үзье гэж шийдсэн. Улмаар инженерийн суурь мэдлэг дээрээ үндэслэн ямар нэгэн холбооны чиглэлийн компанид өөрт тохирох бас өөрийн хүсэж буй чиглэлийн ажлын байран дээр ажиллая гэдэг шийдэлд хүрсэн. Базаад хэлбэл, ирээдүйд гарах үр дүн болон одоогийн нөхцөл байдлаа “жинлэж” үзээд хамгийн оновчтой гэж бодсон сонголтоо хийсэн нь энэ юм. Энэ нь намайг шантарч, бууж өгөхөд хүргээгүй, харин ч зөв сонголт хийхэд хүргэсэн гэж боддог.

Оюутны он жилүүдээсээ оройтолгүйгээр өөрийгөө ямар чиглэлээр ажиллавал тохирохыг олсон нь миний хувьд хамгийн том ялалт байсан. Яг үнэндээ 10 жилийн боловсролын систем их сургуулиа, мэргэжлээ сонгоход хэрэг болохуйц мэдлэг мэдээлэл өгдөггүй болохоор зарим хүүхдүүд харанхуйгаар мэргэжлээ сонгож, эцэст нь дипломныхоо хэргийг гаргадаггүй юм шиг санагддаг.

Энэ мэргэжлээр төгсөж байгаа ч гэсэн ирээдүйд ажлын байран дээр юу хийхээ сайн мэдэхгүй, тухайн мэргэжилдээ итгэлгүй байгаа бол зүгээр дээ, битгий санаа зов. Чиний суралцаж төгссөн мэргэжил ирээдүйн ажлын чинь суурь болж, олон төрлийн ажлын байр руу хөрвөх боломжтой байдаг шүү.

Их сургуулиа төгсөж буй залууст

6. б.ганчимэг


Би энэ жил СУИС-ийн КТМУС-ийг кино найруулагч мэргэжлээр суралцан улаан дипломтой төгсөж байна. Өдрийн бүхий л хугацаанд гэртэй ганцаараа, дискэн дээр хуулсан кинонууд үзээд суудаг байсан бяцхан охин арванхоёрдугаар ангиа төгсөхдөө эргэлзэж тээнэгэлзэлгүй найруулагч мэргэжлээр суралцахаар их сургуулийн босгыг алхсан юм. Оюутны дөрвөн жил урт санагдаж, онцолж сонгосон мэргэжилдээ жижигдэж, шантарч гутармаар үе олон байлаа. Тэр дундаас надад тулгардаг хамгийн том бэрхшээл бол ур чадвар минь дутуу санагдаж, бичсэн зохиол, бүтээсэн богино бүтээл маань сэтгэлд хүрэхгүй, өөрийгөө чамлаж, өөртөө итгэх итгэл маань улам уруудсаар байсан явдал байв.

Сонгосон мэргэжлийн маань босго өндөрдөж, шантарч бууж өгмөөр санагдсан үедээ “Хүсэж зорьсон, хайрлаж дурласан зүйлдээ бууж өгвөл амьдралд би өөр юу хийж чадах юм бэ?” гэдгийг хамгийн их бодож, өөрийгөө нэг талдаа зэмлэж нөгөө талдаа хурцалдаг байв.

Оюутан байх үеийн хамгийн том ялалт, нөгөөтээгүүр өөрийгөө чамлаж байсан сөрөг бодлоос ангижруулж, сэргэлт болж чадсан үйл явдал бол “Хурд” хамтлагийн “Бүсгүй” хэмээх уран бүтээл дээр туслах найруулагчаар ажиллах завшаан тохиосон явдал байв. Энэ үйл явдлын ачаар нэр хүндтэй, ур чадвартай уран бүтээлчдээс суралцаж, мөрөөдөл минь дахин гэрэлтэж эхэлсэн.

Мэргэжил бүхэнд хайрлаж дурламаар, халширч ядармаар тал бий. Гэхдээ дурлаж сонгосон л бол бууж өгөлгүй хичээсээр байгаарай. Амьдрал хичээл зүтгэлтэй нэгнийг хэзээ ч мартдаггүй юм шүү гэж хэлмээр байна. Оюутан гэгээн нас минь дуусаж, хөнгөхөн гунигтай хөндүүрлэж суугаа ч энэ бол төгсгөл биш, эргээд харахад дүв дүүрэн цэлэлзэн байдаг өчигдөр, өнөөдөр, бас бидний ирээдүйн эхлэл юм. Зорилго тэмүүллээр дүүрэн амьдралын урт замд нь амжилт бүтээлийн дээдийг хүсье. Үе тэнгийн төгсөгч, найз нөхөд минь амьдралд тавтай морил.

Их сургуулиа төгсөж буй залууст

7. т.тэмүүлэн


Оюутан болохоор анх удаа Японд очиж байсан миний хувьд хэлний бэрхшээл, эргэлзээ, соёлын ялгаа гэх мэт олон сорилт тулгарсан. Эдгээрээс үүдэн шантармаар санагдсан үедээ өөртөө тавьсан зорилгоо няхуур бодож тайвширдаг байлаа. Ер нь тухайн үед би юмсыг сайтар төлөвлөдөг байсан. Төлөвлөх төлөвлөхдөө хэдэн онд сургуулиа төгсөх, хэдэн настайдаа юу хийх гэх зэрэг хэдэн жилээр нь төлөвлөнө. Одоо бодоход, тэр төлөвлөгөө маань л намайг их хурцалдаг байсан санагддаг.

10 жилийн сургуульд бол тэгээд л урсгалаараа, зайлшгүй сурах ёстой суурь мэдлэгээ авдаг бол их сургуульд чамд сонголт хийх боломж гарч ирдэг. Чи юунд дуртай, юунд сонирхолтой гэх мэт амьдралдаа хийж байгаа хамгийн том бөгөөд чухал сонголтоо хийдэг гэж боддог.

Амьдралынхаа анхны том алхмаа хийгээд түүнийгээ амжилттайгаар биелүүлсэнд нь баяр хүргэе, та нар хөөрхөн шүү.

Их сургуулиа төгсөж буй залууст

8. м.анужин


Би Беркли хөгжмийн сургуулийн хөгжмийн манлайлагч оюутны хувьд амьдралаа тэнцвэртэй авч явж чадсан гэж боддог. Учир нь би өөрийн болон бусдын зохиолыг тоглож студид бичлэг хийлгэх, концертод тоглох гэх мэт хөгжмөө уйгагүй давтахын зэрэгцээ Беркли оюутны зөвлөл болон Харвард, Беркли хамтарсан хуулийн клубд удирдах түвшинд ажиллаж маш өндөр нийгмийн оролцоотой оюутан байсан. Энэ мэтчлэн уйгагүй ажиллахын зэрэгцээ өдөр тутмын хичээлийн давтлага, даалгавар, бэлтгэл ажилд заавал цаг гаргаж, хичээнгүйлэн суралцсан. Үүний хүчинд хоёрдугаар курстээ “Sony Music” компаниас онцолсон дэлхийн 50 сурагчийн нэг болж, тэтгэлгийн эзэн болсон нь миний хувьд том амжилт байсан гэж боддог. Үүнээс хойш тэтгэлгийн эзний хувиар хоёрдахь жилдээ Sony Music-д дадлага хийж, маш их туршлага хуримтлуулж байна. Цаашид урлагийн бизнесийн салбарт олж авсан мэдлэг туршлагаа эх орондоо хэрэгжүүлэн, үнэ цэн бүтээхийг зорьж байна.

Бид бүгд өөр өөрсдийнхөөрөө энэ дэлхийг илүү сайхан болгох боломжтой. Үүний тулд өөртөө үнэнч байж, сониуч зангаа хадгалж, шаргуу хөдөлмөрлөж, бусдад эелдэг хандах нь чухал. Гэхдээ энэ бүхний хажуугаар өөрийгөө хайрлаж, амжилтаа тэмдэглэж, алдаанаасаа суралцахаа битгий мартаарай. Жинхэнэ өөрийнхөө хэн гэдгээ байнга санаж, урам зоригтойгоор, эерэгээр, ирээдүйг хамтдаа гэрэлтүүлцгээе.

Их сургуулиа төгсөж буй залууст

9. н.мөнхмарал


Анх удаа гэрээсээ хол хүний нутагт сурахаар явсан нь миний хувьд хамгийн том бэрхшээл байсан. Япон хэлийг орчинд нь сурах гэж хичээхээс өгсүүлээд тухайн орны соёлд нь дасан зохицох гэх мэт. Харин хичээлийн хувьд өөрийн дуртай чиглэлээрээ суралцаж байсан болохоор сурахад тийм ч хүндрэлтэй биш харин ч урамтай санагддаг байсан. Хичээлийнхээ хажуугаар амьжиргааны зардлаа олохын тулд цагийн ажил хийдэг байсан болохоор хүмүүстэй харилцаж сурч, хэлээ ч илүү хурдан сурч чадсан гэж боддог. Мөн би өөрөө хүүхдэд хайртай болохоор цагийн ажлынхаа хажуугаар хүүхдийн номын санд хүүхдүүдэд үлгэрийн ном уншиж өгдөг сайн дурын ажил хийдэг байсан. Гэрээ санах, тэр дундаа бие өвдөх үед буцах юмсан гэх бодол бишгүй л төрнө. Гэхдээ би өөрийн хүслийг даган аав ээжийнхээ үгнээс зөрөн байж Япон явсан болохоор шар хөдөлж, Япон улсыг гоё санагдуулдаг зүйлсийг бодож, анимэ үзэх байдлаар л хэцүү үеэ даван туулж байлаа.

Оюутан байхдаа бие дааж сурсан нь миний хамгийн том ялалт. Учир нь ажил хийж, амьдралаа авч явах, өөрийн хүрээллийг бүрдүүлэх зэргийг гэр бүл, ойр дотны хүмүүсийн дэмжлэггүйгээр би ганцаараа хийж чадсан. Тэндэхийн ихэнх гадаад оюутан байгаа улсдаа дургүй, хүчээр сурч байгаа юм шиг санагддаг байсан бол би эсрэгээрээ япон хэлийг их хайрлаж сурсан болохоор хичээлүүдээ түрүүлж үзэж дуусгаад жилийн өмнө төгсөөд ирж байсан.

Бусадтай өөрийгөө харьцуулж, хүчлээд хэрэггүй. Би үргэлжлүүлж өөр чиглэлээр сурах уу? Эсвэл эзэмшсэн мэргэжлийнхээ дагуу тухайн салбартаа төгсрөх үү? гэдгийг өөрөөсөө асуугаад хэн нэгний нөлөөнд авталгүйгээр өөрийнхөө дотоод дуу хоолойг сонсож ирээдүйгээ бүтээгээрэй.

Их сургуулиа төгсөж буй залууст

10. б.нандин


Миний төгссөн Шанхайн Нью-Йоркийн Их сургуульд оюутнууд нэгдүгээр курстээ нийгмийн талаарх дэлхийн хэтийн төлөв гэдэг хичээл заавал судалдаг. Би тэр хичээлийг ёстой баллаж тавьсан. Англи хэл тааруу, судалгаа хийх, эсээ бичих чадвар дутуу дулимгийн дээр профессор маань ч дүн гаргахдаа чанга хүн байж таараад чүү ай С үнэлгээгээр тэнцэж билээ. Тухайн үед дахиж энэ профессорын хичээлийг авахгүй юм шүү гэж бодож байсан ч амьдрал хүнийг авах ёстой сургамжаа бүрэн авсан эсэхийг шалгадаг юм шиг төгсөх курсийн дипломын ажлын маань зөвлөх профессороор өнөө С дүн тавьсан багш оноогдчихсон байдаг шүү. Тэгээд л би диплом бичихийн тулд мөн ч хэцүү цагийг өнгөрүүлсэн дээ. Судалгаагаа ахин дахин бичнэ, нэмж судална, засаж бичнэ гээд л.

Энэ үйл явцын эцэст, миний дөрвөн жилийн турш сурсан мэдлэг чадвар намайг маш сайн судлаач өгүүлэгч болгосон байгааг анзаарсан. Би өөрөө л тэгж мэдэрсэн юм биш профессор маань ч үүнийг анзаарч дипломын ажлыг минь А дүнгээр үнэлсэн. Одоо уг судалгааны ажлаа олон улсын академик вебсайтад нийтлэхээр бэлдэж байна. Энэ бүхнийг нэг төрлийн ялалт гэж нэрлэж болох ч нөгөөтээгүүр миний дотор байсан ямар нэг жижигхэн зүйл боловсорч дуусаад бүтэн болж байгаа мэт мэдрэмж төрсөн.

Одоо сургуулиа төгсчихсөн болохоор амьдралын минь нэг том бүлэг дуусаад цоо шинэ бүлэг эхлэх гэж байна. Энэ бүлэгт юу ч тохиолдож болно. Мастертаа сурах, ажилд орох, хувийн бизнес эхлүүлэх, эсвэл бүр цүнхээ үүрээд аялалд гарч ч болж байна. Аль нь ч болсон бай эхлэхээсээ өмнө хэсэг завсарлаад амьдралынхаа шинэ бүлгийн тухай тунгаахад гэмгүй. Ер нь тэгээд амьдрал гэдэг нэг зүйл дуусахад дараагийнх нь бэлэн байж байдаг амар хялбар эд биш юм билээ. Би ч яаралгүй өөрийн хурдаар алхаж явна.

Нэг үеийн төгсөгч нартаа хандан маш тодорхой нэг л зүйлийг хэлье. Эх орондоо битгий бууж өгөөрэй.

Их сургуулиа төгсөж буй залууст