Цаг цагаараа байдаггүй, цахилдаг хөхөөрөө байдаггүйн адилаар хүүхэд ахуй цагт маань биднийг технологийн хөгжил дэвшилтэй танилцуулсан дүлий хар телевиз, кассетны хөгжим, DVD тоглуулагч, Sega, халаасны камер зэрэг төхөөрөмж өнөөдөр аль хэдийн электрон хог хаягдал болон хувирчээ. Нэгэн цагт хамгийн гоё, хамгийн лаг хэмээх тодорхойлолтод нийцдэг асан эдгээр төхөөрөмж хэн хүний бага насны олон арван онцгой дурсамжтай нягт холбогддог нь гарцаагүй. 

Тиймээс бид 10 ертөнц, 10 өнцөг нийтлэлийнхээ энэ удаагийн дугаарт хэдийгээр электрон хог хаягдал болж, хуучран мартагдсан ч тухайн цаг үедээ чинхүү дэвшилтэт технологийн хэрэгсэл байсан тэдгээрийг эргэн сануулж байна. Тэдэнгүйгээр өнгөрсөн үеийг төсөөлж болно гэж үү?

Гэснээс аравдугаар сарын 26-ны өдөр бол Back to the Future киноны гол дүр Marty McFly-ийн анх удаа өнгөрсөн рүү буцсан өдөр гэдгийг та мэдэх үү? Иймд бид энэхүү нийтлэлийг Юнивишн компанитай хамтран хүргэж байгаа ба хамтдаа өнгөрсөн рүү аялцгаая.

ХАМГИЙН БАТ БӨХ 3310


Би бол 2000-аад оны эхэн үеийн жинхэнэ сонгодог гар утас Nokia 3310. Уншигч та надтай амьдралынхаа аль нэг үед таарч байсан нь лавтай. Яагаад би үл хуучрах гар утас вэ гэж үү? Учир нь одоо цагт хүн бүрийн хэрэглэх болсон шилэн нүүртэй, олон үйлдэлтэй, магадгүй таны амьдралын үнэт цагаас ихээхэн хомсолж байгаа ухаалаг гар утаснуудтай харьцуулахад би унахад эвдрэхгүй, тэр хэрээр эдэлгээ урт, батарей барилт удаан болохоор тэр юм. Олон нийтийн сүлжээгээр 3310-ыг газарт унагавал утас нь биш шал нь эвдрэх вий гэсэн хошигнол хүртэл яригддаг байсныг тодхон санаж байна.

Мэдрэгчтэй дэлгэц, олон аппгүй энгийн намайг анх худалдаанд гарахад 20 сая орчим хувь зарах төлөвлөгөөтэй байсан ч 126 сая ширхгийг борлуулсан гэдэг. Магадгүй надад байсан сүлжээний зураас, секунд хэмжигч, Pairs II, Space Impact, Bantumi, Snake II зэрэг тоглоом нь тухайн цаг үедээ хамгийн шинэлэг гар утасны функц, нэмэлтүүд байсан урчаас тэр биз ээ.

ДҮЛИЙ ХАР ТЕЛЕВИЗ


Монголчууд надтай “Халтар царайт” киноны үеэс буюу 1990-ээд оны дунд үеэс эхлэн ойр танилцсан юм. Уг нь би Sony Trinitron нэрээр 1972 онд үйлдвэрлэгдсэн ч цагийн эрхээр танай оронд “Дүлий хар” нэрээрээ алдаршсан билээ. Миний дууг чангалахын тулд бахиар эргүүлж, дүрс тасалдах үед дээр нь нүдсээр ямартаа ч таг болгочхолгүй ажиллуулсаар ирсэн гэдэг. Гэсэн ч 90-ээд онд бол би айл саахалтаар нь цуглуулж чаддаг шидэт хайрцаг байсан юм шүү.

Би тухайн цаг үедээ л шинэлэг дизайн, чанартай дүрс, өнгөний нарийвчлалаараа анхдагч болж, барууны гэр бүлүүдэд алдаршин телевизийн технологид шинэчлэл авчирч чадсан юм. Тэгээд ч болоогүй үйлдвэрлэгдсэнээс хойш нэгхэн жилийн дараа буюу 1973 онд Эммигийн шагнал хүртэж, инженерчлэлийн шилдэг бүтээл болж байв. Даанч өнөөдөр надад хувийн цуглуулгын нэг хэсэг аль эсвэл хаягдаж хоцорсон хуучин хог болох сонголт л үлджээ.

Сонирхолтой баримт дурдахад, НҮБ-ын мэдээлснээр манай гаргийн хүн бүр жилд дунджаар 7.6 кг электрон хог хаягдал гаргадаг бөгөөд үүнийг найман тэрбум хүнд үржүүлбэл 57.4 сая тонн гэсэн үг. Тэгвэл өрхийн электрон хог хаягдлын хэмжээгээ багасгах нэг арга бий нь Юнивишн компани хуучин төхөөрөмжүүдээ дахин боловсруулж буй явдал юм. Танай гэрт хуучирсан Юнивишний төхөөрөмж байгаа бол Юнителийн салбарт авчран байгаль дэлхийдээ ээлтэй сонголт хийх боломжтой.

ОЛОН ҮЙЛДЭЛТ КАССЕТНЫ ХӨГЖИМ


Сайн уу, дуу хөгжимд дурлагсад аа! Намайг санаж байна уу? Магадгүй та надтай ижил төрлийн хэрнээ өөр загварын кассет тоглуулагчийг ашигладаг байсан нь лавтай. Авсаархан, хаана ч авч явахад тохиромжтой загвар маань тухайн үед намайг сонгох гол шалтгаануудын нэг байлаа. Мөнгөө цуглуулж байгаад дуртай хамтлаг, дуучныхаа кассетыг авах тэр мөчийн тань баяр баяслыг би л гэрчилж, хуваалцдаг байв.

Миний хэрэглээ зөвхөн кассетаар үл хязгаарлагддаг билээ. CD хийгээд зурагттайгаа холбоод хүссэн киногоо үзэж болно. Бүр долгионоо тааруулаад FM ч сонсож болно. Олон талт хэрэглээ маань одоо ч зарим үед намайг ашиглах шалтгаан болох нь бий.

ХОЛЫГ ХОЛБОГЧ СУУРИН УТАС


“Маргааш сургууль руу хэд гэж гарах уу?”, “Гадаа гарч тоглох уу?”, “Би чамд сайн. Хоёулаа үерхье.” энэ бол суурин утас миний дамжуулж ирсэн танил мөртүүд. Түүхийн хуудсыг сөхөн харвал 19-р зууны үед Александр Грэхэм Белл намайг зохион бүтээсэн ба хэдхэн товчлуур эргүүлээд л олон километрийн цаанаас дуу хоолойгоо сонсож, ярих боломжтой болсон нь тухайн үед ид шидийн гэмээр үйл явдал байлаа. Цаг хугацааны явцад би зориулалтаараа гэр, оффис тэр ч бүү хэл гудамжинд олноор тавигдах нийтийн утас болж, тоо томшгүй чухал яриануудын гэрч болсон.

1960-1970-аад оны үеэс гадна төрх маань шинэчлэгдэж, сонгодог загвараас илүү орчин үеийн товчлуурын загварт шилжсэн юм. Өнгө өнгийн сонголт, өвөрмөц хэв маягаараа харилцаа холбооны төхөөрөмжөөс гадна гэрийн дотоод засалд ч чамгүй үүрэг гүйцэтгэх боллоо. Ингээд аажмаар би хэрэглээнээс гарч, гар утас гээч жижигхэн зүйлд байр сууриа тавьж өгсөн билээ. Өнөөдөр би ретро хэв маягийн зураг авалтад туслах дүр бүтээхээс цаашгүй болжээ.

ТЕЛЕВИЗ ОРЛОГЧ DVD ТОГЛУУЛАГЧ


Би анхны дискээ тэсэн ядан хүлээж байснаа тодхон санаж байна. Миний юу чаддагийг үзэх гээд намайг худалдан авсан гэр бүл урд минь халуун попкорн барьчхаад, над руу цоо ширтэж байсан юм. Кино эхлэх тэр мөчид л би баяр баясгалантайгаар гэрэлтэж, тод дүрс, чанга дуугаар тэднийг аз жаргалтай болгосон билээ.

Үндсэндээ би 1997 онд зах зээлд нэвтэрч, Sony, Philips, Toshiba, Panasonic тэргүүтэй компанийн Home entertainment-ийн нэгэн чухал төхөөрөмж болов. Аажмаар VHS буюу хуурцаг тоглуулагчийн хэрэглээг халж, DVD, CD нэгэн зэрэг тоглуулах нөхцөлийг бүрдүүлснээр зах зээлийг эзэлж эхэлсэн юм. Гэхдээ технологи хөгжихийн хэрээр стрийминг үйлчилгээ нэвтэрч, миний байр суурь нэгэнт үгүй болсон ч эцсийн эцэст би энгийн нэг төхөөрөмжөөс илүүтэй олон гэр бүлийн онцгой дурсамжтай холбоотой.

UNIVISION-ИЙ АНХНЫ УДИРДЛАГА


Гурвалсан үйлчилгээг Монголдоо таниулахад чухал үүрэг гүйцэтгэсэн Юнивишнийг өдгөө айл өрх бүр өргөн хэрэглэж буй. Мэдээж төхөөрөмжүүд өөрчлөгдөн шинэчлэгдсээр цаг үетэйгээ нийцсэн хувилбаруудыг санал болгож, тэр дунд удирдлага би ч хэдийн арван жилийн тэртээх хуучин загвар болжээ. Энэ хорвоод амьдрахдаа эхнэр нөхөр хоёрын дуртай контентоо үзэх өрсөлдөөний гол зэвсэг болж ч явлаа. Хэдэн жилийн хойно тэдний хайраас бүтсэн үр хүүхдүүдийнх нь тоглох тоглоом болж, товчлууруудаа нэг нэгээр нь ч сугалууллаа.

Гэсэн ч цагтаа би үүргээ бүрэн дүүрэн гүйцэтгэсэн тул одоо намайг шургуулгандаа хадгалалгүй авсан газартаа эргүүлэн хүргэж өгөхийг уншигч танаас хүсье. Электрон хаягдал болж гэрт тань байснаас дахин боловсруулагдаад шинэ бүтээгдэхүн болж, танай гэр бүлийн төлөө ахин зүтгэсэн нь дээр биз ээ.

Сонирхуулахад, Юнивишн компанийн зүгээс 2023 оноос хойш нийт 34,484 ширхэг хуучин төхөөрөмжийг зах зээлээс эргүүлэн татаж дахин боловсруулжээ. Хуучин төхөөрөмжийн гаднах хуванцар хэсэг нь 4447 кг бол дотор байрлах эх хавтан нь 2922 кг буюу нийт 7369 кг төхөөрөмжийг дахин боловсруулаад байна.

ӨРСӨЛДӨӨН ДҮҮРЭН ТЕТРИС


Тетрис нэрээр маань намайг хүн бүр мэднэ. Учир нь 1984 онд зохион бүтээгдсэн Тетрис миний гол тоглоом байсан юм. Цаг хугацаатай уралдаж, миний бяцхан дэлгэцээр дүүрэн тоосго өрөх жаалуудыг хараад “Би үнэхээр бусдад хэрэгтэй юм байна” гэсэн мэдрэмж авдаг байж билээ. Мэдээж энэ аялал маань тийм ч удаан үргэлжлээгүй. Технологи хөгжихийн хэрээр намайг орлох олон янзын тоглоом, төхөөрөмж, аппууд гарч ирж, өдгөө би тоосонд дарагдан тавиурын дээр хадгалаастай, аль эсвэл надад дуртай хэн нэгний хувийн цуглуулгад оршиж байна.

ХАЛЬСАНД МӨНХЛӨГЧ ХАЛААСНЫ КАМЕР


Би бол 2007 онд танилцуулагдсан Fujifilm FinePix F460 камер. Авч явахад авсаархан, төвөггүй тохиргоо, багтаамж сайтай гэдгээрээ гэрэл зураг анхлан сонирхогчдын гол сонголт бөгөөд мэргэжлийнхний хувьд үнэлгээ дээгүүр камер байлаа. Тиймдээ ч олон хүний хувьд чухал мөчийг нь хальсандаа буулгаж байсан түүхтэй. 12 мегапикселийн мэдрэгч, тав дахин томруулагч линз, 2.7 инчийн дэлгэцээс гадна би хүрээлэн буй орчин ямар байхаас үл хамаарч, тохиргоогоо өөрчлөн аль ч нөхцөлд хамгийн сайн гэрэл зураг дарахыг хичээж ирсэн. Мөн гэрэл зургаас гадна видео бичлэг ч хийдэг байлаа.

Магадгүй уншигч та надаас арай өөр загварын халаасны камер ашиглаж ирсэн байж болох ч бидний нэгдмэл зорилго бол таны нүдээр харсан тэрхүү гайхалтай дүрслэл, дурсамжийг гэрэл зурган дээр бүрэн харуулах билээ. Хэдий гар утасны камер эрс сайжирч, миний орон зайг нөхөж байгаа ч онцлог чанарыг минь мэдэрч, эргэн дурсдагт тань эргэлзэхгүй байна.

СЭТГЭЛ ДОГДЛУУЛСАН SEGA


1990-ээд онд шуугиан тарьж байсан SEGA Genesis тоглоомын консолыг санаж байна уу? Би 1988 онд Японд анх бүтээгдэж, 1989 онд Хойд Америкийн зах зээлд гарсан билээ. Түүнээс хойш орон орны хүүхдүүд намайг ихэд сонирхож, зүй ёсоор зул сараар Сантагаас хүсдэг гол бэлэг нь болж байв. Надад Sonic the Hedgehog-оос эхлээд Mortal Kombat, Street Fighter II, Phantasy Star IV зэрэг олон алдартай тоглоом байсан ба улмаар Sega CD болон 32X болж шинэчлэл хийгдсээр өнөөдөр надаас эхтэй олон төрлийн тоглоомын төхөөрөмж та бүгдийн амьдралын нэг хэсэг болжээ.

ШИНЭ СОРГОГИЙГ МЭДЭЭЛЭГЧ РАДИО


“Араажав” нэрээр монголчуудад танигдсан намайг 1990-ээд оны сүүлч, 2000-аад оны эхээр хөдөө өвөө эмээгийндээ очдог байсан хүүхдүүд илүү сайн мэдэх болов уу. Эх орны мэдээ, цаг агаарын мэдээ, үлгэр гээд үзэж харах зүйл багатай байсан тэр үед миний хэрэг мөн ч их байж билээ. Зарим нь бүр намайг малаа хариулахдаа авч явж, хээрийн хань хийдэг байсан гээч?

Уул шугамандаа би чинь 100 гаруй жилийн турш хүн төрөлхтнийг сонсох, сонордох зүйлээр таслаагүй басхүү түүхэн цаг үеийн олон үйл явдалд мэдээлэгчийн үүрэг гүйцэтгэсэн гавьяат нөхөр юм шүү. 1950-аад оны үед дуу хөгжмийн ертөнцийн гол суваг болж, шинэ уран бүтээлүүд надаар л дамждаг байлаа. Харин 1990-ээд он гарахтай зэрэгцэн дэлхий нийт намайг үеэ өнгөрөөлөө гэж бодож байсан ч цаг үетэйгээ хөл нийлүүлэн интернэтэд суурилсан дамжуулалт хийж, өнөөдөр хэлбэрээ өөрчилсөн ч агуулгаа хэвээр авч үлдсэн цөөн хэдэн технологийн нэг болсон байна.