Энэ удаагийн дугаарт залуус өсөж хөгжих, үзэл бодлоо илэрхийлэхэд нийгэм, гадаад орчноос ямар асуудал тулгарч байгаа талаар салбар бүрийн төлөөлөлтэй ийн ярилцлаа.
Залуус та бүхэн эдгээр асуудлуудыг харж эсвэл мэдэрч байгаа бол хэрхэн хамтдаа илүү сайхан ирээдүйг бүтээж болох вэ? гэдгийг тунгааж нэг үзээрэй.
I. Г.Бөридэм: Өөрсдөөс биш нийгмээс бурууг хайгаад байгаа нь бидэнд тулгараад буй гол асуудал
Нийгэм бүрд асуудал байдаг нь бичигдээгүй хууль. Мэдээж хэн асуудалд дуртай байхав, бүгд л шанална, бухимдана. Гэхдээ нэг зүйлийг асууя. Нийгмийг буруутгахаасаа өмнө та санасандаа хүрэхийн тулд хангалттай хичээл зүтгэл гаргасан уу? Миний анзаарснаар залуус өөрсдийнх нь хүслийг нийгэм гүйцэлдүүлж өгөх өртэй мэт аашилж, бүхий л асуудлаа нийгэм, гадаад орчин руу нялзайгаад байх шиг. Үнэндээ хүн бүрийн үзэл бодол, харилцаа, хандлага энэ нийгмийг бүрдүүлж байгаа шүү дээ. Тэгэхээр бидний нийгэм хангалттай сайхан биш байвал хүн тус бүр хангалттай сайн хичээхгүй байна гэсэн үг. Нийгмийг бүрдүүлж буй эд эс бид хичээвэл өөрсдийнхөө ирээдүйг бүтээх бүрэн боломжтой.
II. Г.Тэмүүлэн: Удирдлагууд ажилтандаа үлгэрлэхүйц хичээл зүтгэлтэй биш байна
Аливаа байгууллагын удирдлага ажилтнуудаа удирдан чиглүүлж, залж явах үүрэгтэй. Гэвч хөдөлмөрийн зах зээл дээр байгууллагын удирдлагууд ажилтнууддаа үлгэрлэхүйц амбицтай, хөдөлмөрч, хичээл зүтгэлтэй биш байх шиг санагддаг. Түүнээс болоод шинэ, залуу боловсон хүчин өөрсдийгөө хангалтгүй, муу ажилтнаар мэдэрч, сэтгэлээр унах, цаашлаад сэтгэл зүйн асуудалтай болох эрсдэл бий.
III. Г.Дашням: Хэдэн жилийн өмнө байсан асуудал одоо ч шийдэгдээгүй байна
Ковидын үед сурч, хөгжих эрмэлзэлтэй оюутан залуус нэгдэн анх TsoilogsoZ гэх хүрээллийн шавыг тавьж байлаа. Тухайн үед бид залуусын өмнө тулгараад буй асуудлыг гадаад болон дотоод асуудал гэж хуваан, гадаад асуудалд нь залуусыг дутуу үнэлдэг нийгмийн хэвшмэл ойлголтууд, үе хоорондын ялгаа, чанаргүй боловсролын систем зэргийг багтаасан. Харин дотоод асуудал нь залуусд хийж бүтээх хүсэл байвч хаанаас эхлэхээ мэддэггүй, шийдвэр гаргахдаа бусдын нөлөөнд автдаг гэх мэт асуудлуудыг жагсааж байсан нь одоо ч бүрэн шийдэгдээгүй байсаар байна. Тиймээс бид эдгээр асуудлыг шийдэхэд өөрсдийн чадах зүйлээрээ гар бие оролцохоор шийдсэн нь энэ удаагийн арга хэмжээ билээ. 3000 залуусыг нэг дор цуглуулан залуу үе хандалга, сэтгэлгээний хувьд ямар байвал илүү сайхан ирээдүйг бүтээж чадах вэ? Гэх сэдвийн дагуу экспертүүдийн мэдлэг, туршлагаас суралцаж, хамтдаа нэг өдрийг өнгөрүүлэхээр төлөвлөөд байна.
IV. А.Даваажаргал: дээд үедээ сэтгэл зүйгээ ойлгуулахгүй байснаас үл ойлголцол үүсдэг
Үеийн ялгаа бодитоор оршдог ч аль алиныхаа онцлог талыг хүлээн зөвшөөрчихвөл хамтарч ажиллахад илүү амар болох сон. Залуу хүмүүсийг эмзэг, хурдан гомддог гэж дээд үеийнхэн их хэлдэг. Би ч тэр эмзэг төрлийн хүмүүсийн нэг л дээ. Тийм болохоор өөр үеийн хүмүстэй ажиллахдаа өөрийнхөө сэтгэлзүйн байдлыг ойлгуулаад хэлэхийг хичээдэг юм. Урьдчилаад өөрийнхөө нөхцөлийг хэлчихсэн байхад ундууцаж эсэргүүцэх хүн ховор шүү дээ. Яг л ийм байдлаар бие биенээ ойлгоод, хүндлээд явдаг нийгэм бий болоосой гэж би хүсдэг.
V. Б.Пүрэвсүрэн: Үе үеийн нийгмийн ялгаанаас үүдэн хамтарч ажиллахад асуудал тулгарч байна
Милленниал үеийнхэнд ганцаараа оффист төвлөрч ажиллах нь амар байдаг бол Z үеийнхэн бусадтай ярилцаж, гадуур сууж ажиллахыг илүүд үздэг тал бий. Учир нь аль ч насны хүмүүс өссөн нийгмийнхээ онцлог, давуу талыг хувь хүний ур чадвар, ажиллах арга барилдаа суулгаж авдаг. Уг нийгмийн ялгаанаас үүдэн ажлын хамтралд ан цав үүсэж, бие биеийнхээ ажлын арга барилыг ойлгохгүй байх асуудал үүсэх эрсдэлтэй. Энэ асуудлыг шийдэхийн тулд дээд үе нь залуу үеийн амьдралын хэв маяг, ажлын арга барилыг ойлгож тэрхүү онцлогт хамгийн тохирсон ажлыг даалгах хэрэгтэй санагддаг.
VI. А.Буянбилэг: Хөдөлмөрийн мөлжлөг залуусын урам зоригийг мохоодог
Залуу хүмүүс шинэ ажилд ороод туршлага хуримтлуулж, ажил сурч байгаа нь тухайн ажлаас авах хамгийн том үнэ цэн боловч зохих ёсны цалин авах нь зүйн хэрэг. Гэвч хөдөлмөрийн мөлжлөг гэх асуудал олон залуусын хүсэл зоригийг мохоодог юм шиг санагддаг.
Мөн орчин үед ихэнх залуус завгүй хөдөлмөрлөдөг тул бидний хувьд цаг гэдэг зүйл хамгийн чухал. Гэвч аливаа бичиг баримт бүрдүүлэх шаардлагатай болоход тэр дундаа төрийн байгууллагуудын мэдээлэл болоод үйлчилгээний тодорхойгүй байдал хамгийн их цаг үрдгийг өөрийнхөө туршлагаар мэдэрсэн. Энэ нь хэдийгээр жижиг асуудал мэт боловч ажлын үр дүнг бууруулах, өөр олон ажил амжуулж болох байсан цагаас хомслох, тухайн өдрийн эрч хүчийг сааруулах гээд олон сөрөг нөлөөтэй.
VII. Б.Алтанзул: Ажил, амьдралынхаа тэнцвэрийг хадгалахгүй бол bornout болох эрсдэлтэй
Нэг жилийн өмнө ажил амьдралын тэнцвэртээ анхаараагүйгээс болоод ажлаас халшрах хам шинж (burnout) илэрч байсан юм. Миний хувьд сэтгэл судлаач мэргэжилтэй учраас тухайн үед өөрийгөө анзааран, ажилдаа хэтэрхий их цаг гаргахаа зогсоож, өөр хүрээлэл дунд орж үзэх шийдвэрийг гаргасан. Тэр үеэ эргээд бодоход, залуус хэдий ажилдаа дуртай ч туйлдатлаа ажиллаж, хувийн амьдралаа золиослож болохгүй гэдгийг ойлгосон. Тиймээс залуус ийм байдалд орохгүйн тулд ажил, амьдралынхаа тэнцвэрийг хадгалж, илүү ухаалгаар ажиллаж, зөвлөгч, ментортой болохыг зөвлөж байна.
VIII. Э.Батзориг: Сэтгэл зүйн асуудал бол фэйсбүүк дээрээ постлоод орхих зүйл биш
Орчин үеийн дийлэнх залуус үнэн худал нь үл ялгарах сэтгэл зүйн асуудалтай болж. Харамсалтай нь тухайн асуудлаа шийдэхийн тулд бодит алхам хийж, мэргэжлийн байгууллагад хандах бус фэйсбүүк дээрээ постлоод орхиж байна.
Миний хувьд ковидын өмнөхөн ажлын хэт ачааллаас болоод гутралд орж, нар ч үзмээргүй санагдан маш хүнд цаг үеийг туулсан. Олон сэтгэл зүйчид хандаж үзсэний эцэст ховсын эмчилгээнд орж, тэр ангалаас гарч байлаа. Тиймээс залуусдаа хандаж хэлэхэд, сэтгэл зүйн асуудал бол тоохгүй өнгөрөх зүйл биш. Тоглоом хийх зүйл бүр ч биш. Тиймээс хэрвээ аливаа сэтгэл зүйн асуудал тулгарсан бол бусдад зарлаад орхих бус заавал мэргэжлийн байгууллагад хандаж, оношлуулах нь зүйтэй.
IX. Ш.Амартүвшин: Залуу нас өөрөө давуу тал бас сул тал
Залуу байна гэдэг эрч хүч, хүсэл зорилгоор дүүрэн сайхан нас боловч хэрэгцээ ихтэй. Хүнтэй суух, хүүхэдтэй болох, нийгэмд байр сууриа эзлэх гэх мэт. Гэвч өнөөгийн нийгэм нь залуу хүнийг үл хүлээн зөвшөөрөх сэтгэлгээ, эдийн засгийн тогтворгүй байдал гэх мэт асуудлаар дүүрч, залуу хүн хэрэгцээгээ хангаж, хүслээ биелүүлэхэд тун амаргүй нөхцөл байдалд хүрээд байна. Эдгээр нийгмийн асуудлаа шийдэхийн тулд залуу үе болон бидний үе хамтарч ажиллах гэтэл бас л асуудал үүсдэг нь үеийн ялгаа. Бидний үеийн хүмүүс эхлээд хувийн амьдрал, гэр бүл, ажлаа төвхнүүлж, дараа нь нийгмийн асуудалд дуу хоолойгоо хүргэдэг байсан бол одоо үеийн залуус эхлээд нийгмийн асуудлаа шийдэж байж, хүн нэг бүрийн амьдрал сайхан болно гэж үздэг.
X. Б.Тэмүүлэн: Боловсролын систем залууст тохирохгүй байна
Gen Z үеийнхэн технологитой их харьцдаг учраас анхаарал нь амархан сарнидаг. Гэвч манай орны уламжлалт боловсролын систем нь Z үеийнхний сурах барилд огт тохироохгүй байдлаар хэрэгждэг нь энэ салбарын суурь асуудал. Тухайлбал, дөрвөн жилийн бакалаврын хугацаанд өдөр бүр нэг цаг гаруй лекц унших нь залуусыг өөрт эвтэйхэн байдлаар мэдлэг олж авахад нь саад болж байна. Оронд нь богино хугацаанд суралцагчийн эзэмшвэл зохих сэдэв, хичээлийн талаар ерөнхий агуулга, зорилгыг нь тодорхой, сонирхолтой байдлаар мэдүүлэхэд л хангалттай.
Сэтгэгдэл бичих