Подкастын ээлжит дугаарт дэлхийн олон эрдэмтэн судлаачийн хувь нэмрээ оруулж, Пол Хаукен хэмээх эрхмийн эмхэтгэсэн "Drawdown" буюу "Дэлхийн дулаарлыг арилгах хамгийн иж бүрэн төлөвлөгөө" номыг танилцуулж байна. Энэ номд дэлхийн өнцөг булан бүрт байгаль орчны төлөө санаа тавьдаг хүмүүс, нийгэмлэгүүд, байгууллагууд, хотуудын хэрэгжүүлдэг зөв зүйтэй санаачилга, хэрэглэдэг арга технологиудыг нэгтгэж, дэлхийн дулаарлыг арилгах 100 бодит шийдлийг гарган тавьжээ. Эдгээр шийдлүүдийн хамгийн сонирхолтой, мэдүүштэй заримыг нь сонгон Тэгшээ, Дээгий хоёр өнөөдрийн подкастад ярилцлаа.

НОМЫН ТУХАЙ

Эхлээд номын эмхэтгэн гаргагчийг товч танилцуулъя. Пол Хаукен нь байгальд ээлтэй бизнесүүдийг үүсгэн байгуулж амжилтад хүрсэн нэгэн бөгөөд улс орнуудын удирдагчид, компани бизнесийн удирдах ажилтнуудад эдийн засгийн хөгжил, үйлдвэрлэлийн экологи, байгаль орчны бодлогын чиглэлээр зөвлөж иржээ. Тэрээр нэлээд хэдэн сайн ном бичсэний дотор "The Ecology of Commerce" бүтээл нь 67 бизнесийн сургуулийн профессоруудын санал өгснөөр бизнес ба хүрээлэн буй орчны сэдвээрх коллежийн хамгийн сайн сурах бичгээр шалгарч байжээ. Тэрээр байгаль орчны олон байгууллагын удирдах зөвлөлд суудаг байна.

"Drawdown" номыг бүтээхэд дэлхийн өнцөг булан бүрээс 200 гаруй эрдэмтэн, судлаач хувь нэмрээ сайн дураар оруулжээ. Тэдний нэгдэн хийсэн судалгааны зорилго нь бид дэлхийн дулаарлыг 30 жилийн дотор бууруулж чадах эсэхэд чиглэсэн аж.

Тэдний ирүүлсэн бүх л судалгаа, мэдээлэл, туршлагыг нэгтгэн, дэлхийн дулаарлын эсрэг 100 бодитой шийдлийг энэ номд гарган тавьсан байна. Шийдэл бүр дээр үүдэл түүх, нүүрсхүчлийн хий ялгаралтад үзүүлэх нөлөө, төсөв зардал ба гаргах хэмнэлт, хийж хэрэгжүүлэх арга зам, ажиллах зарчим зэргийг тодорхой бичсэн нь хооронд нь харьцуулах боломжийг олгож, шуудхан хэрэгжүүлэх нөхцөлийг ч бүрдүүлжээ. Үүгээрээ яг л гарын авлага гэсэн үг.

100 шийдлийг эрчим хүч, хүнс тэжээл, хот байгууламж, материал түүхий эд гэх зэргээр 7 үндсэн хэсэгт хуваасан бөгөөд үүнээс подкастад сонирхолтой бөгөөд мэдүүштэй гэсэн 18-ыг нь сонгон ярилцсан байгаа. Салхины эрчим хүчнээс эхлээд бэлчээрийн мал аж ахуй, хоолны хаягдлаас аваад цахилгаан машин, ядуу буурай орнууд дахь охидын боловсрол хүртэл та бүхний заримыг нь мэдэх, зарим нь огт сонсоогүй олон сонирхолтой шийдлийг хөндсөн тул өөрийн сонирхдог, судлахыг хүсдэг шийдлийн талаар илүү дэлгэрэнгүй мэдэж болох нь. Эрчим хүчний асуудал эмзэг байдаг, байгаль хамгааллын чиглэлээр онцгой анхаарах шаардлага манай улсын хувьд санаа авах зүйл энэ номд их.

Улс орнууд дэлхийн дулаарал хамгийн тулгамдсан асуудлуудын нэг гэж аль хэдийн хүлээж зөвшөөрсөн ч хэрхэн бууруулж багасгах тал дээр нарийн тодорхой төлөвлөгөө гаргаж чадаагүй энэ цаг үед ийм ном гарсан нь тун ач холбогдолтой хэрэг болжээ. Эдгээр бэлээхэн аргачлалуудыг дэлхий нийтээрээ даган мөрдвөл дэлхийн дулаарал, байгаль орчны асуудлыг шийдээд зогсохгүй хүн төрөлхтөний эрүүл мэнд, аюулгүй байдал, хөгжил цэцэглэлтэд ч томоохон хувь нэмэр үзүүлэх юм.

ПОДКАСТЫГ СОНСОХ

Подкастыг iTunes дээр сонсох бол энд дарж бүртгүүлээрэй. Мөн Unlock Podcast фэйсбүүк хуудсанд нэгдэж шинэ подкастуудыг цаг тухайд нь хүлээн авч байх боломжтой.