Америкийн нэр хүндтэй Йелийн их сургуулийн хамгийн алдартай хичээлүүдийн нэг нь “Аз жаргал судлал” гэгддэг. Уг хичээлд 1200 гаруй оюутан бүртгүүлсэн нь тус сургуулийн 316 жилийн түүхэнд хамгийн олон оюутныг хамруулсан хичээл болж байжээ. Аз жаргал бол зүгээр нэг олоод авчихдаг зүйл биш, харин хичээл зүтгэл шаарддаг зүйл гэсэн санаа нь энэ хичээлийн танд өгөх гол санаа. Өнөөдөр миний бие энэхүү аз жаргалийн хичээлийг дөрвөн долоо хоног судалсны эцэст уншигч та бүхэнтэйгээ хуваалцан “аз жаргал”-ыг түгээхийг хүсэв.

Хамгийн хүчтэй чадваруудаа ашиглах

Өөрийн хамгийн гол чадваруудыг ашигладаг байх нь аз жаргалтай байхад их нөлөөлдөг болохыг та мэдэх үү. Энэ нь аз жаргалын түвшинг нэмэхээс гадна сэтгэл хямралыг бууруулдаг гэнэ.

Зөвлөгөө
Жишээ нь сониуч байдал таны хамгийн гол чанар бол өмнө огт идэж байгаагүй цоо шинэ хоолыг туршиж үзээрэй. Харин өгөөмөр байдлыг та өөрийн хамгийн давуу чанар гэж үздэг бол хэн нэгэн хүнийг чин сэтгэлээсээ баярлуул. Харин манлайлах чадвартай бол багийнхныгаа урамшуулж, шударга үнэнч нэгэн бол бусдад үнэнийг байнга хэлэх зэргээр аз жаргалаа нэмэх боломжтой. Та долоо хоногийн турш өдөр бүр өөрийн давуу чадварыг ашиглан, үнэхээр илүү их аз жаргалтай болох нь уу, нэг шалгаад үзээрэй.

Өөрийнхөө хамгийн гол 5 чанарыг мэдэхийг хүсвэл : Via Survey of Character

Хүний 24 давуу чанарын жагсаалт ба тэдгээрийг өдөр тутамдаа ашиглах нь : Via Character Strengths

Өдөр тутам таашаал мэдрэх

Бага ч гэсэн зүйлээс таашаал авч сурах нь магадгүй бидний эзэмшиж болох хамгийн чухал чадвар байх. Учир нь ихэнх тохиолдолд бид тухайн цаг үедээ сэтгэл хангалуун байж, аз жаргалтай байж чаддаггүй. Уг нь тухайн цаг үедээ төвлөрч эерэг талыг нь олж харж чаддаг бол хүн ихээхэн жаргалтай амьдарч чадна.

Зөвлөгөө
Өдөр болгон нэг зүйлийг сонгон авч чин сэтгэлээсээ мэдрэх гээд үзээрэй. Халуун усанд орох, зайрмаг идэх, бороонд алхах, нохойтойгоо тоглох гээд юу ч байж болно. Хамгийн гол нь та тухайн цаг үеэ мэдрэх нь чухал. Тэрхүү мэдэрсэн сэтгэгдлээ зургийг нь авч хадгалах, бичиж үлдээх зэргээр бусадтайхуваалцаж, дурсамж болгон үлдээж байгаарай.

талархлын тэмдэглэл хөтлөх 

Талархал, аз жаргал хоёр салшгүй холбоотой ойлголт аж. Олон судалгаагаар талархал нь хүнийг илүү аз жаргалтай, мөн эрүүл болгодог нь батлагдсан байдаг.

Зөвлөгөө
Орой болгон 5-10 минутыг зарцуулан амьдралдаа талархаж буй таван зүйлийг бичиж тэмдэглээрэй. Тэдгээр нь энгийн жижиг зүйлс ч байсан болно. Хамгийн гол нь хэсэг хугацаанд тууштай бичээд үзээрэй.

нийгмийн идэвхтэй байх 

Нийгмийн харилцаа маш чухал. Судалгаагаар аз жаргалтай хүмүүс аз жаргалгүй хүмүүсийг бодвол бусадтай байнга харилцаатай байдаг нь тогтоогджээ. Гудамжинд танихгүй хүнтэй яриад өнгөрөхөд л бидний сэтгэл санаа сэргээд явчихдаг гэнэ.

Зөвлөгөө
Тиймээс та долоо хоногийн өдөр бүр шинэ хүнтэй танилцах гээд үзээрэй. Олон нийтийн тээврийн хэрэгсэлд зорчиж байгаа хүнтэй, ажлынхаа шинэ танилтай, аль эсвэл кофе шопийн баристатай гээд хэнтэй ч хамаагүй шинээр танилцаж, 5 минут ч болов ярилцаад үзээрэй. Хамгийн гол нь цаад хүнтэйгээ чин сэтгэлээсээ ярилцах нь чухал юм шүү.

дасгал хөдөлгөөнтэй байх 

Өдөрт дунджаар 30 минутын дасгал хийх нь таны сэтгэл санааг өргөхөөс гадна мэдээж эрүүл чийрэг болгоно.

Зөвлөгөө
Ирж буй долоо хоногийн өдөр бүр багадаа 30 минутын дасгал хийгээрэй. Нарийн тодорхой байлгахын тулд дасгал хийх цаг болон газраа тодорхой болгож төлөвлөгөөндөө оруулаарай. Фитнессд гүйх, онлайнаар иогийн хичээл дагаж хийх, бүжиглэх, их алхах гээд юу ч байж болно. Хамгийн гол нь дасгал хөдөлгөөнтэй л байх хэрэгтэй.

сайн нойр авах

Орчин үед олон хүн аз жаргалгүй байгаагийн шалтгаан нь ердөө нойр дутуугийнх гэвэл та итгэх үү? Сайн нойртой явах нь бидний төсөөлж байгаагаас ч илүүгээр сэтгэл санааг өргөдөг байна.

Зөвлөгөө
Та долоо хоногийн дөрвөн өдөр нь дор хаяж 7 цагийн нойр аваарай. Өнөөдөр бид цагт хавчигдсан, завгүй нийгэмд амьдарч байна. Хугацаа нь тулсан ажлууд, уулзах найз нөхөд, гэр болон нийгмийн ажил гээд таны хийх ажлын жагсаалт дуусахгүй болов уу. Гэвч нойроо хамгийн нэгдүгээрт тавьж сайн нойртой хонох нь танд сэтгэл зүйн болоод бие физиологийн маш эерэг өөрчлөлтүүдийг авчрах болно. Унтахынхаа өмнө дор хаяж утсаа 30 минут оролдохгүй байх нь чухал.

бясалгал хийх

Бясалгал хийх нь оюун бодлоо төвлөрүүлж сурахад, өөрийнхөө юу хүсэж байгааг мэдэхэд тусална. Судалгаагаанаас үзэхэд, өдөрт 10 минут л бясалгал хийхэд сэтгэл санаа дээрдэж, төвлөрөл нэмэгдэхээс гадна тархины хөгшрөлтийг удааширч ой санамж сайжирдаг гэнэ.

Зөвлөгөө
Ирж буй долоо хоногт та өдөрт хамгийн багадаа 10 минутыг бясалгахад зарцуулаарай. Бусад хүмүүс саад болохооргүй чимээгүй тохиромжтой орчныг сонгоорой. Ихэнх хүнд бясалгал хийх нь эхэндээ хэцүү санагддаг ч шантралгүй хэдэн өдөр хийгээд үзэхэд ямар үр дүнтэй болохыг нь та мэдрэх болно.

Хэрвээ та анхлан бясалгал хийх гэж байгаа бол Soundcloud дээрх энэ бясалгалыг туршиж үзээрэй.

аз жаргалтай амьдарцгаая!

Та өөрийгөө хэр аз жаргалтай хүн болохоо мэдэх үү? Аз жаргалын түвшингээ тодорхойлж мэдэхийг хүсвэл ийшээ зочлоорой: Authentic Happiness Inventory Test

Иелийн Их сургуулийн "Аз жаргал судлал" хичээлийн онлайн хичээлийг эндээс үзэх боломжтой.