Өөрийн дуртай, хайртай зүйлдээ цаг зав, амьдралаа зориулна гэдэг хамгийн гайхалтай. Үүний тод жишээ бол үндэсний өндөгний хэрэглээний дийлэнхийг нь хангадаг "Түмэн шувуут" компанийн гүйцэтгэх захирал Ж.Болд юм. Хөдөө аж ахуйн бизнес рүү эргэлт буцалтгүй орж, өдгөө 300 мянга гаруй шувуутайгаар жилд 60 сая өндгөөр монголчуудыг ханган ажиллаж байна. Дуртай зүйлдээ бүхнээ зориулж, ажлаа "тултал" хийж, хойч үедээ илүү сайхан зүйлсийг үлдээх нь Түмэн шувуутынхны зорилго. Өндөг, шувуу, технологи, медиа, үүрэн телефон гээд эрхэлж буй ажил тань юу ч байж болно. Гол нь та түүндээ сэтгэл зүрхээ зориулах, өдөр алдалгүй хөдөлмөрлөх нь амжилттай бизнесийн хамгийн гол зарчим ажээ. 

Бизнесийн нэр:"Түмэн шувуут" ХХК
Үйл ажиллагааны чиглэл:
Шувууны аж ахуй, өндөгний үйлдвэрлэл
Байгуулагдсан он: 2004
Ажилчны тоо: 160
Сошиал хуудсууд: Түмэн Шувуут ХХК

БИЗНЕСИЙН САНААГАА АНХ ХААНААС ЯАЖ ОЛСОН БЭ?

Анх тахиан ферм байгуулж байхад шувууны чиглэлийн бизнес уналтад орчихсон, өндгийг бараг 100 хувь импортоор авч хэрэглэдэг үе байсан. Тэр үед бид л үүнд илүү оролцоотой байж энэхүү ажлыг эхлүүлэх ёстой юм байна гэж бодсон. Хэн нэгэн хийхийг хүлээгээд байх юм бол хэзээ ч бүтээн байгуулалт хийж чадахгүй гэж боддог. Үүнийхээ хүчинд импортын өндгийг 40 хувь болтол нь бууруулж, одоо дотоодын өндөгний үйлдвэрлэлийн 30 хувийг, нийт өндөгний 20 хувийг хангаж байна. Анх аав ээж маань “Түмэн шувуут”-ыг үүсгэн байгуулж миний бие 2007 онд эхнэрийнхээ хамтаар үргэлжлүүлэн удирдах болсон. Одоогоор 300,000 мянган шувуутай болж, анх байгуулагдаж байснаас 12 дахин өргөжсөн байдлаар үйл ажиллагаагаа явуулж байна. Зөвхөн өндөглөгч тахианы аж ахуй байсан бол одоо малын тэжээл бэлтгэдэг, дэгдээхийгээ өөрсдөө инкубаторт бойжуулдаг, өндөгний сав баглааг өөрсдөө хийдэг, тахианы мах боловсруулдаг гээд шувууны аж ахуйд байж болох бүхий л үйл ажиллагааг явуулдаг цогцолбор болоод байна.

ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТАА ХЭРХЭН ШИЙДСЭН БЭ?

Бусад бизнесүүдийн адилаар өөрсдийн хуримтлал болон банкны зээлээр шийдэж байсан. Монголд бизнес эхлүүлэхэд санхүүгийн гол боломж нь банк учраас тийм л замаар шийдэж байлаа.

ТАНАЙ ОНЦЛОГ, ДАВУУ ТАЛУУД?

“Түмэн шувуут”-ын тухайд бусад компаниас ялгарах ялгаа нь цогц байдал. Бид шувууны тэжээлээ бэлдэж, өндөгний сав баглааг нь үйлдвэрлэж, вакцинжуулалтыг хийх гэх мэтээр манай компани бүгдийг дотооддоо өөрсдөө хийдэг. Тэр утгаараа бүх үйл ажиллагаа маань бидний нүдэнд хяналтад байдаг. Гарал үүсэл нь тодорхой, ямар байдлаар ажиллаж байгаа гэх мэт нь бүгд тодорхой юм уу даа. Түүний хэрээр бид хэрэглэгчдэдээ найдвартай, баталгаатай байдлыг санал болгож байна. Өөрсдийн лаборатори, эрүүл ахуйн шаардлага, олон улсын стандарт гээд онцлох зүйл олон бий. Бусад өөр бүтээгдэхүүн тухайлбал, зайрмаг, ундаа, бялуу амт, чанар, хэлбэр, орц найрлага зэрэг олон үзүүлэлтээр хоорондоо ялгаатай хэмжигддэг бол өндөг зөвхөн шинэ, хуучин гэдгээр л ялгагддаг. Тиймээс импортын өндөг хуучин байдаг. Одоог хүртэл Монголчуудын өндөгний хэрэглээний 40 хувийг импортын өндөг эзэлж байна. Манай салбарт ажиллаж буй 10 гаруй компани өрсөлдөх гэхээсээ илүү бүгд хамтдаа импортын өндөгний хэрэглээг бууруулж, дотоодын шинэ өндөгний хэрэглээг нэмэгдүүлэх чиглэлээр ажилладаг.

БИЗНЕСИЙН АЛСЫН ХАРААГАА ЮУ ГЭЖ ТОДОРХОЙЛСОН БЭ?

Манайх зарим компаниуд шиг сүртэй үг лоозон тавихыг урьтал болгодоггүй. Уриа үг, хэлж буй үгс нь үйл хэрэгтэйгээ давхацдаг байх ёстой болов уу. Гэтэл мундаг алсын хараа, бизнесийн уриа тавьчхаад түүнийгээ биелүүлж ажилладаггүй бизнесүүд олон. Тиймээс юуны өмнө урьдах ажлаа тултал нь, хамгийн сайнаар хийхийг л урьтал болгож байна.

“Тахиан дуунаар танд хүргэе” гэсэн уриа үг бидэнд бий. Тахиа эрт донгоддог амьтан учраас цагийн эртэд шинээр нь бүтээгдэхүүнээ танд хүргэнэ гэсэн санаа. Энэхүү үгийг санаж, уриа үгээ болгон ажилладаг ч үүнд тийм их ач холбогдол өгдөггүй. Цаасан дээр байгаа үгийг бодохоос илүү урдах ажлаа хамгийн сайнаараа, хариуцлагатайгаар хийх нь л нэн түрүүний чухал зүйл юм болов уу гэж боддог доо.

БИЗНЕСИЙН ҮНЭТ ЗҮЙЛС, БАРИМТЛАДАГ ЗАРЧИМ ТАНЬ ЮУ ВЭ? 

Бид шувууны аж ахуй эрхэлж буй ч үүнээс илүүтэйгээр хүн рүү чиглэсэн үйл ажиллагаа явуулж байгаа гэдгээ ухамсарлаж ажилладаг. Ялангуяа хүний хүнс, цаашлаад түүнээс хамаарсан эрүүл мэндийн асуудал яригдаж байгаа тул хариуцлагатай байх шаардлагатай. Өмнө хэлсэнчлэн манайх 300 мянган шувуутай ажиллаж, жилд 60 сая өндгийг хэрэглэгчдэд хүргэж байна. Өндөр хариуцлага учраас ямагт зорилгоо, үүргээ ухамсарлаж ажиллахыг хичээдэг. Энэ их ажил ундарч буй тул ажилчид ч гэсэн нэг зорилготойгоор нэгдэж ажиллах шаардлага үүсдэг.

Тэдний инкубаторт нэг ээлжинд 40 мянган дэгдээхий боожиж байна

ОДОО ТА БҮХЭН ЮУН ДЭЭР ТӨВЛӨРЧ АЖИЛЛАЖ БАЙГАА ВЭ?

Манайх 5 үйлдвэрт үйл ажиллагаагаа явуулдаг. Өндөглөгч тахианы аж ахуйгаас гадна малын тэжээлийг бэлтгэж фермер, малчдад хүргэдэг. Саяхан Увс аймагт Усжуулах ХК-ийн хяналтын багцын хувьцааг худалдан авлаа. Газар тариалан цаг уураас хамааралтай учраас малын тэжээлийн тариалалтаа цаг агаарын хараат байдалд эрхлэхгүйн тулд энэхүү усалгаатай газар тариалангийн компанийг худалдан авсан.

Мөн энэ жилдээ багтан IPO гаргаж нээлттэй компани болох төлөвлөгөөтэй байгаа. Компанийнхаа 25 хувийг олон нийтэд санал болгохоор зэхэж байна. Тиймээс манай компанийн хувьцааг хэн ч худалдан авч үндэсний үйлдвэрлэлийнхээ эздийн нэг болох боломжтой. Цаашдаа манайх үйл ажиллагаагаа өргөжүүлж, хэд хэдэн томоохон төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. IPO гаргаж нээлттэй компани болох нь үүнд том түлхэц өгнө хэмээн итгэж байгаа.

Тэд одоогоор тахианы аж ахуй, малын тэжээлийн үйлдвэр, тахианы мах боловсруулах үйлдвэр, дэгдээхийн инкубатор цех, сав баглаа боодолны үйлдвэр гэсэн 5 үйлдвэртэй.

ЭНЭ БИЗНЕСИЙГ ЭРХЛЭХИЙН ЭЕРЭГ САЙН БА ХЭЦҮҮ БЭРХШЭЭЛТЭЙ ТАЛУУД

Бизнес бүхэн, ажил болгон сорилт, саад бэрхшээлтэй тулгарна. Тэглээ гээд хэцүү байна, болохгүй байна гээд орхиж болохгүй. Хийе гэж эхлүүлсэн бол дуусгах л ёстой. Шувууны аж ахуй гэхэд, шувуу эмзэг амьтан. Амархан өвчлөх магадлалтай, өвдвөл бие биедээ халдварлана, хорогдоно. Тиймээс энэхүү 300 мянган шувуу бүрийг хүүхэд шиг арчлах, асрах шаардлагатай болдог. Дэгдээхий байхад нь л гэхэд 8 удаа вакцинжуулалтад оруулна. Нэг ээлжийн 40 мянган дэгдээхийг л гэхэд тус бүрд нь 8 удаа вакцинд хамруулна гээд бод доо. Үүнээс гадна вакцинжуулаад зогсохгүй тэднийгээ арчилж, хорио цээрийн байдалтай ажиллах шаардлагатай. Халдварт өвчин гаргахгүй байх, асуудал үүсгэхгүй байх талаас бүх талын арга хэмжээг авч ус, агааржуулалт, амьдрах температур, гэрэлтүүлэг гээд бүхий л стандартыг хангаж эмх цэгцтэй ажиллаж байж эдгээр бэрхшээлийг даван туулна. Хэрэглэгчдэд хүрч буй нэг өндөг ийм олон процесс, нарийн дэглэм, стандартыг давж байж бүтээгдэхүүн болж очдог гэсэн үг.

Эерэг тал нь гэвэл бид хүмүүсийг хооллож байна, хүмүүсийн хүнсийг бэлдэж байна. Хүний хамгийн чухал хэрэгцээг хангадаг нь бидний ажлын эерэг тал. Тийм ч учраас хариуцлагатай ажиллаж, дээр дурдсан стандарт, нарийн дэглэмийг барьж ажиллах шаардлага гардаг. Эдгээр бэрх зүйлсийг хангаж ажиллаад, хүмүүст эрүүл аюулгүй хүнс хүргэж байна гэдгээ мэдрэх их сайхан шүү.

ЭНЭХҮҮ БИЗНЕСИЙГ ЭРХЭЛЖ БАЙХДАА авсан хамгийн том сургамжаасаа хуваалцана уу

Арав гаруй жил энэ салбарт ажиллаж буй учраас алдаа дутагдал, хүнд үетэй зөндөө таарч байлаа. Жишээ нь гэхэд агааржуулалтын системээ тохируулж орхихдоо буруу тохиргоог нь хийгээд 40,000 мянган шувуутай байрны 18 мянга нь үхэж байсан. Нэг ажилчин хариуцлага алдахад л ийм том гарз хохирлыг үүсгэж байгаа юм. Тиймээс бид үүнээс хойш хариуцлагатай, сонор сэрэмжтэй ажиллах ёстой гэдгийг тултал ойлгосон. Тийм ч учраас харуул хамгаалалтаа нэмэх, хяналтаа сайжруулах, анхааралтай ажиллах зэргийг улам сайн мөрдөх болсон. Энэхүү үйл явдал бизнест маш том анхааруулга, сургамжийг өгч цаашаа амжилттай ажиллах үүд хаалгыг нээж өгсөн гэж боддог. Ер нь ямар ч бизнест, ямар ч ажилд хариуцлагатай, сонор сэрэмжтэй байна гэдэг маш чухал шүү.

ЗАЛУУ БИЗНЕС ЭРХЛЭГЧДЭД ХАНДАН ЗӨВЛӨГӨӨ ӨГӨӨЧ ГЭВЭЛ ЮУ ГЭХ ВЭ?

Хийх ажил бидэнд маш их байгаа, хийх ажлаа эхлээд толгойдоо төсөөлж байх хэрэгтэй. Монголд маш олон асуудал байна, манай улс хөгжил сул дорой байна. Тиймээс эдгээр асуудлыг, энэхүү сул дорой байдлыг бид өөрсдөө л засаж залруулах учиртай. Өөрсдийгөө бодоод гадаад руу явж сайхан амьдарч болно л доо. Гэхдээ бид хойч үедээ арай дээр зүйл үлдээхийн тулд илүү их ажиллах, илүү ихийг бүтээх хэрэгтэй байна. Би хийхгүй бол өөр хэн хийх билээ гэж бодох хэрэгтэй. Хэн нэгнийг хүлээж өдөр алдалгүй хөдөлмөрлье. Манайх шиг улсад хийх ажил, шийдэх асуудал зөндөө бий. Хаана ажил байгаа юм бэ? Гэж асуулгүй өөрийн чадах зүйлсээ тултал нь хийж, өөрсдийн бодит хувь нэмэрээ үзүүлэх хэрэгтэй байна. Мөн тэрхүү чаддаг зүйлдээ сэтгэлээсээ хандаж, түүндээ гүн гүнзгий орж мэргэжилтэн болох шаардлагатай. Миний зүгээс хамгийн сайн хийж чадах зүйл нь шувууны аж ахуй, үүнийхээ төлөө 10 гаруй жил зүтгэж, үүндээ бараг мэргэшээд байна. Хүн заавал бүх юм руу эсвэл хүн болгоны орж буй салбарт амжилттай байх албагүй.

Тэд жилд 60 сая өндгийг хэрэглэгчдэд хүргэж байна