Ном бол ертөнцийг харах цонх гэдэг. Ном уншиж бид шинэ мэдлэг цогцлоож, шинэ мэдээллээр цэнэглэгдэж, шинэ бүхнийг таньдаг. Ном л уншвал бид ухаажина, хөгжинө, дэвшинэ хэмээн сэтгэж аль болох олон номын нүүр эргүүлэхийг хичээдэг. Гэхдээ эргүүлсэн ном бүрийнхээ сургамжийг, агуулгыг та бусдад төвөггүй тайлбарлаж, амьдралдаа хэрэгжүүлсэн байдаг уу? 1000 ном уншсан хэдий ч 10 ширхэг нь таны амьдралд өөрчлөлт авчирсан бол та ном унших арга барилаа эргэн нэг бодоод үзээрэй. Ямар ч номноос өөрт хэрэгтэй мэдээллээ үлдээн авч, бодит давуу тал болгоход тань туслахаар бид дараах зөвлөмжийг бэлдлээ.

1. зорилготой унш.

Ямар нэгэн номыг уншихаас өмнө яагаад уншиж байгаагаа тодорхой болгох нь мэдээллийг марталгүй ойлгож авахын хамгийн чухал бөгөөд эхний алхам юм. Ялангуяа амьдралд тань өрнөж буй үйл явдлуудтай холбогдох номыг сонгох нь зүйтэй.

Учир нь, дөнгөж ахлах сургуулиа төгсөж буй сурагчид хэчнээн алдартай байсан ч бизнесээ хэрхэн өргөжүүлэх вэ? гэсэн ном өгвөл хэзээ ч толгойд нь тогтож, наалдахгүй юм. Харин магадгүй 10 жилийн дараа өөрийн бизнесээ эхлүүлээд явж байхад нь санал болговол хамгийн үнэ цэнтэй эд нь ч болох боломжтой.

Өнөөдөр танд ямар асуудал тулгарч, юу хамгийн ихээр санааг тань зовоож, шаналгаж байна? Ажил идэвхтэй хайж байна уу эсвэл карьерынхаа дараагийн алхмыг төлөвлөж байгаа юу? Аль эсвэл хүүхдээ хэрхэн зөв хүмүүжүүлэх тал дээр анхаарч байна уу? Тийм бол яг л эдгээр бэрхшээл, тулгамдаж буй асуудлынхаа талаар тусгасан номыг олж уншаарай.

2. ямагт бусадтай хуваалцана хэмээн эрмэлз.

Ямар ч мэдээллийг бусдад заах, хуваалцах бол түүнийг системтэй мэдлэг болгох хамгийн энгийн бөгөөд үр дүнтэй арга юм. Уншиж буй бүхнээ дараа нь бусадтай хуваалцана даа хэмээн сэтгэж өөрийгөө багш мэт харснаар бид номыг илүү гүн гүнзгий ойлгох гэж хичээдэг.

Тиймээс номыг "зүгээр л нэг" битгий унш. Нэг бүрчлэн ухаж төнхөж, бусадтай халуун яриа өрнүүлж, хэлэлцэж унш. Өөрөө өөртөө "Би сурсан бүхнээ бусадтай хуваалцана шүү" хэмээн захиж унш.

3. мэдээллийг хооронд нь үргэлж холбо. 

Уншсан бүхнээ сайтар тогтоох шалгарсан аргуудын нэг бол түүнийг бусад мэдээлэлтэй холбон төсөөлөх юм. Ерөөсөө л уншсан номынхоо хажууд бяцхан тэмдэглэл бичээд явахад л та үүнд хялбархан хүрч чадна. Хэрвээ та ном болгоныг ариун судар мэт үзэн хэн ч гар хүрээгүй мэт хадгалж явдаг бол хэзээ ч хүссэн мэдээллээ бүрэн ойлгож, өөртөө үлдээж чадахгүй.

Номынхоо булан бүрд тэмдэглэгээ хийгээд, хэрэгтэй мэдээллээ өнгө өнгөөр тодруулаад, зарим хуудсыг нь нугалаад явснаар л мэдээлэл сая нэг толгойд тань бууна. Дижитал хэлбэрээр уншдаг бол тусдаа номын тэмдэглэл хийдэг апп татаж аваад таалагдсан хэсэг, хуудсаа screenshot хийгээд яагаад хадгалж авснаа илэрхийлэх товчхон гарчиг бичээд явахад л хангалттай. Ихэнх ном уншдаг апп-ууд угаасаа тодруулах, тэмдэглэх функцтай байдаг шүү дээ.

4. Дүрсжүүлэн төсөөл.

Мэдээллийг өөртөө үлдээх өөр нэгэн сонирхолтой арга бол дүрсжүүлэн төсөөлөх явдал юм. Толгойдоо ингэж төсөөлөх нь амжилттай яваа хүмүүсийн шалгарсан арга байсаар ирсэн. Тухайлбал, саяхан их спортоо орхисон NBA-ийн тоглогч Пол Пирс "Тоглолт бүрийн өмнө би оноо авч, хамгаалахаас эхлүүлээд хэрхэн эсрэг багийн хамгийн сайн тоглогчийг зогсоохоо хүртэл төсөөлж боддог." хэмээн ярьсан байдаг.

Тийм учраас та дараагийн удаа уншиж буй номынхоо тухай найзуудтайгаа ярилцаж байна эсвэл ямар нэгэн зөвлөгөөг амьдралдаа хэрэгжүүлж байгаагаар төсөөлөөд нэг үзээрэй.

5. даруй олж авсан мэдлэгээсээ хэрэгжүүл.

Улам чадварлаг болох, илүү их мөнгө олох, аз жаргалтай харилцааг бий болгохын төлөө бид зайлшгүй хөдөлмөрлөх хэрэгтэй билээ. Тэгвэл та энэ бүхнийг ердөө номноос олж авсан мэдлэгээ амьдралдаа даруй хэрэгжүүлснээр хавьгүй хөнгөвчилж болно.

Ямар ч номыг уншиж дуусгасныхаа дараа та өөрөөсөө "Энэ номноос миний амьдралдаа заавал хэрэгжүүлэх нэг зүйл юу вэ?" хэмээн асуугаарай. Ганцхан асуулт, ганцхан жижиг үйлдэл л таны амьдралыг өөрчлөх болно. Тиймээс та энэ нийтлэлээс ч гэсэн хэрэгжүүлэх ганц зүйлээ тодорхойлоод аваарай. Хэрвээ тэгж чадвал магадгүй өнөөдөр уншсан бүхий л зүйлсээс тань энэ нийтлэл илүү үр өгөөжтэй байна гэдэгт итгэлтэй байна.

Түүнчлэн номонд дурлагч та бүхэндээ сонирхуулахад Монголын ирээдүй болсон хойч үе хүүхэд багачууд, оюутан залуус болон бусад олон хүмүүсийн оюуны санд хөрөнгө оруулсаар ирсэн "Мянган номын аян" төслийн "Book Education 2018" арга хэмжээ 11 сарын 10-ны өдөр тохиох гэж байгаа юм байна. Ном уншигч хүмүүстэй номын талаар ярилцан, хэлэлцэхийн сацуу сонирхолтой зочдын номтой холбоотой зөвлөгөө, түүхийг сонсон нэг өдрийг үр бүтээлтэй өнгөрөөхийг хүсэж буй хүн бүрийн зорих цэг бололтой.

Та бүхэн арга хэмжээний дэлгэрэнгүй мэдээллийг эндээс аваарай.

Эх сурвалж: 10 Ways To Retain More Of What You Read, Best Kept Secret to Success: The Art of Reading, Remembering, and Retaining More Books, How To Retain More From The Books You Read In 5 Simple Steps