17 зорилго, 169 зорилт, 232 хэмжүүр үзүүлэлт. Энэ бол та бидний 2030 он хүртэл хийх ажлын жагсаалт, хамтдаа мөрдөх замын зураглал. Хойч үедээ эх дэлхийгээ энэ чигээр нь өвлүүлэхийн тулд, шударга-энх тайван-хүртээмжтэй нийгэмд амьдруулахын тулд бид эдгээр зорилгоо хариуцлагатай биелүүлэхээс өөр гарцгүй.
Unread Media үүсэн байгуулагдсан цагаасаа хойш Тогтвортой хөгжлийн зорилгод онцгой анхаарал хандуулж ирсний нэгэн илрэл нь яг одоо таны 100 дахь дугаарыг нь уншиж суугаа цахим товхимол билээ. Таван жилийн турш тасралтгүй бэлтгэсэн товхимол маань хэдийнэ хүлээж уншдаг тогтмол уншигчидтай, монгол хэл дээрх энэ чиглэлийн гол эх сурвалжуудын нэг болж чаджээ.
Тогтвортой хөгжлийг дэмжигч ХААН Банкны хамт олон цахим товхимлыг санаа төдий байх цаг үеэс эхлэн хамтран ажиллаж, өнгө төрх-үзэл санаа хийгээд түгээлт, идэвхжүүлэлтийн ажлууд дээр өдийг хүртэл дэмжлэг үзүүлж байгааг дурдахгүй байхын аргагүй. Ингээд 100 дахь тусгай дугаартаа өнгөрөгч таван жилээ хамтдаа тоймлоё.
Хүндэтгэсэн,
UNREAD & KHAN BANK HQ
ТООГООР ТАЙЛБАРЛАХ НЬ:
Энэ үеийн хүн төрөлхтний “гэрийн даалгавар” гэгдээд буй Тогтвортой хөгжлийн зорилгуудад анхаарч, нийгмийн хөгжил, байгаль орчныг хамгаалахад хувь нэмрээ оруулж ажиллах нь ХААН Банкны хувьд эртнээс хэрэгжүүлж эхэлсэн санаачилга билээ. Тогтвортой хөгжлөөр дотооддоо төдийгүй бүс нутагтаа түүчээлэх том зорилго дэвшүүлсэн бидний хувьд олон нийтийн дунд тогтвортой хөгжлийн тухай суурь ойлголтыг нэмэгдүүлэх, тогтвортой, хариуцлагатай санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээг харилцагчдадаа санал болгох зайлшгүй хэрэгцээ шаардлагатай тулгарсан юм.
Тиймдээ ч тогтвортой хөгжил гэх өргөн ухагдахууныг энгийн, ойлгомжтой байдлаар тайлбарласан мэдээ мэдээллийг олон нийт, харилцагчдадаа хүргэх нь бидний хувьд хамгийн эхний ажил байсан. Энэ сэдвийг амьдралд ойр дөхөм байдлаар, анхаарал татахуйц, сонирхолтой хэлбэрээр олон нийтэд хүргэх ажлыг хамгийн сайн гүйцэтгэж чадах мэргэжлийн баг бол “UNREAD”-ийн залуус гэдэгт бид эргэлзээгүй.
ХААН Банк Монголын арилжааны банкуудаас анх удаа банкны хэмжээнд дагаж мөрдөх Тогтвортой хөгжлийн бодлогыг батлан, хэрэгжүүлж эхлэв. -2019.03.06 "Тогтвортой хөгжил - 2030" цахим товхимлын анхны дугаар олон нийтэд хүрэв.
Цар тахлын улмаас 71 сая хүн нэн ядуурлын түвшинд шилжсэн нь, 1998 оноос хойших хамгийн өндөр тоо болов. Дэлхий дахинаа COVID-19-өөр 74 сая хүн өвчилж, 1.6 сая хүн нас барсан бөгөөд худалдааны эргэлт 32 хүртэлх хувиар буурч, гадаадын шууд хөрөнгө оруулалт 40 гаруй хувиар багасав.
Дэлхий нийтэд хүлэмжийн хийн ялгарал дунджаар найман хувиар буурлаа. Ялангуяа, БНХАУ-д 25 хувь буурав.
Монгол Улсын нийт нутаг дэвсгэрийн 76.8 хувь нь цөлжилт, газрын доройтолд өртөв. Малын тоо толгой оны төгсгөлд 67 саяд хүрсэн боловч бэлчээрийн оновчтой даацаас 25 сая хонин толгойгоор хэтрэв.
Уур амьсгалын өөрчлөлтийн улмаас сүүлийн 45 жилд манай улсад хүйтэн өдрийн тоо дунджаар 15 хоногоор буурч, халуун өдрийн тоо 24 хоногоор нэмэгдэв. Хэт халуун цаг агаарын улмаас бэлчээрийн ургац хомсдож, мал тарга хүчээ авахад бэрх байгааг мэргэжилтнүүд сануулж эхлэв.
Тогтвортой хөгжлийн зорилго, түүнтэй холбогдох сэдвүүд ач холбогдлын хувьд үнэлж баршгүй чухал хэрнээ энгийн амьдралаас тасарчихсан, хэт хол сэтгэгдэл төрүүлдэг агуулгад тооцогдсоор ирсэн мэт санагддаг. Яг дэргэд, бүр хажууд нь асуудал үүсэхгүй л бол анхаарал хандуулах шаардлагагүй гэж үздэг нь ч нууц биш. Чухам энэ л “2030” цахим товхимлыг эхлүүлэх үндсэн шалтгаан болсон юм.
Яагаад тогтвортой хөгжил, сэргээгдэх эрчим хүч, жендэр, инновац, боловсролын тэгш бус байдал, ядуурлын тухай контент сонирхолтой, анхаарал татам байж болохгүй гэж? Тайлбарлахад төвөгтэй, шингээж ойлгоход амаргүй сэдвүүдийг илүү энгийн бөгөөд хялбаршуулсан хэлбэрээр хүргэх нь медиа байгууллагын эрхэм үүрэг гэж бид итгэдэг.
Цар тахлын улмаас дэлхий даяар амиа алдсан хүмүүсийн тоо 5.2 саяд хүрлээ. Дэлхий дээр 4.5 тэрбум хүн буюу нийт хүн амын 55 хувь нь “Ковид-19” халдвараас сэргийлэх вакцинд хамрагдаад буй. Үүнээс 90 хувь нь вакцины II тунд хамрагдсан.
Дэлхийд 1970 оноос хойш гал түймрийн тоо тав дахин өсөж, Сири улсын түүхэнд тохиож байгаагүй ган гачиг нүүрлэж, Европ тивийг дайрсан хэт халалт тохиов.
Дэлхийд 1970 оноос хойш гал түймрийн тоо тав дахин өсөж, Сири улсын түүхэнд тохиож байгаагүй ган гачиг нүүрлэж, Европ тивийг дайрсан хэт халалт тохиов.
COP26 чуулганы үеэр дэлхийн нөлөө бүхий удирдагчид уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх зорилгын дор Парисын хэлэлцээрээс хойш гаргасан ахиц дэвшлээ анх удаа тайлагнаж, цаашид хэрхэх тухай шинэ хэлэлцээрийг байгууллаа. Ялангуяа, дэлхийн 200 гаруй орон нүүрсний хэрэглээг үе шаттай бууруулах тохиролцоонд хүрч, 100 гаруй улс метан хийн ялгаруулалтыг бууруулах амлалт өглөө.
Илүү олон барилга, илүү их эрчим хүч, илүү өндөр ашиг... Нэгэн цагт бид илүү л бол сайн гэж боддог байж. Гэтэл сүүлийн жилүүдэд энэ их шуналыг маань байгаль эх дийлэхээ байж, хөгжлийн хурдаа хасахыг анхааруулж байгааг та бид өдөр тутамдаа мэдэрсээр байна. Ийм ч учраас энэ цаг үеийн хамгийн чухал сэдэв бол тогтвортой хөгжил билээ.
Хэрхэн байгальдаа сөрөг нөлөөгүй, ан амьтдад ээлтэй, ирээдүй хойчоо бодсон зөв замаар хөгжих вэ гэдэг асуулт бол манай үеийн хариултыг нь олох ёстой хамгийн том асуулт юм. Энэ асуудал руу олон нийтийн анхаарлыг чиглүүлэх, үргэлж сануулах бол хэвлэл мэдээллийн хийж чадах нэгэн том ажил.
"Тогтвортой хөгжил - 2030" товхимлын эхний хоёр дугаарыг ХААН Банк болон Unread Media эрхлэн гаргав.
Дэлхий даяарх ядуурлын түвшин 1990 оноос хойших хамгийн өндөр дүнгээр өсөж, өдрийн 1.9 доллароос бага орлоготой хүмүүсийн тоо 676 саяд хүрэв.
Дэлхийн дундаж температур 1880 оноос хойш дунджаар 1.2 цельсээр нэмэгдсэн нь мөстлөгийн үеэс хойших хамгийн өндөр тоо юм.
2050 он гэхэд нийт эрчим хүчнийхээ 80 хувийг ногооруулна гэх амлалт өгсөн ХБНГУ-ын ногоон эрчим хүчний хэрэглээ оны төгсгөлд 49.6 хувь болж өссөн нь нарны эрчим хүчний үйлдвэрлэл эрс нэмэгдсэнтэй холбоотой.
Египитийн Шарм Эл Шэйх хотноо зохиогдсон уур амьсгалын өөрчлөлтийн асуудлын тухай дэлхийн удирдагчдын дээд түвшний уулзалт COP27 хурлын үеэр “Алдагдал хохирлын сан”-г шинээр байгуулахаар болсон бөгөөд өөр нэг онцлох зүйл бол Монгол Улс хүлэмжийн хийгээ 27.2 хувиар бууруулах зорилтдоо сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрээ нэмэгдүүлэх замаар хүрэхээ амласан явдал байлаа.
НҮБ-ын цөлжилттэй тэмцэх конвенцийн дээд хэмжээний 17 дугаар бага хурал (COP17)-ыг 2026 онд Монгол Улс зохион байгуулахаар тогтов. 2023.08.17 - "Тогтвортой хөгжил - 2030" цахим товхимлын 100 дахь дугаарыг бүтээв.
Тогтвортой хөгжлийн талаарх орчин цагийн чиг хандлага, ойлголт яг үнэндээ бидэнд тийм ч ойр сэдэв биш гэж хэлж болохоор. Хаа байсан Германд хог дахин боловсруулж, Хятадад сэргээгдэх эрчим хүч ашиглаж, Америкт хиймэл оюун ашиглаж буй сайн жишгийг Монголын хөрсөнд шууд буулгахад бэрх учраас энэ сэдвийг бид өөрсдөөсөө их алсын, ирээдүйн өнцгөөс бодох нь элбэг.
Таны дэргэд, миний хажууд анзаарах олон сэдэв, шийдэх олон санаа, шийдэл байгааг Доржоогийн эмээд, Зулаагийн найзад, Сарнайгийн дүүд ойлгуулах нь энэ төслийн хамгийн том зорилго. Энэ төсөл монгол уншигчдын хамгийн найдвартай эх сурвалж, цэгцтэй дата бааз байж чаддаг гэдэгт итгэдэг.