Одоогоос найман жилийн тэртээ НҮБ-ын гишүүн 193 орны төрийн тэргүүн 2030 он гэхэд тогтвортой хөгжлийн төлөөх ажлуудыг дэс дараатайгаар авч хэрэгжүүлэхамлалт өгсөн. Бид замынхаа талаас илүүг нь хэдийнээ туулчихлаа. Гэвч эх дэлхийнхээ өмнө өгсөн амлалтаа хангалттай хэрэгжүүлж чадаж байгаа болов уу?

World Resource-ийн тайлангаас харахад энэ оны байдлаар 2030 он хүртэлх зорилтуудын биелэлт, ирээдүйн хандлагыг илэрхийлэх 42 үзүүлэлтээс зөвхөн цор ганц нь л хангалттай биелэлттэй байгаа аж.

Тогтвортой хөгжлийн зорилтуудын хүрээнд 2100 он гэхэд дэлхийн дундаж дулаарлыг 1.5 хэмд барихаар зорин ажиллаж буй хэдий ч үр дүн нь тийм ч хангалтгүй байгааг өнгөрсөн арван жилийн их халалтаас бэлхнээ харж болно. Дэлхий даяар 2023 он гэхэд л түүхэн дэх хамгийн дулаан жилээр тохиож, аж үйлдвэржилтийн өмнөх үеэс аль хэдийнээ 1.4 хэмээр дулаарчээ. Товчхондоо, бидний хийж буй “гэрийн даалгавар” тун тааруу үнэлгээтэй байна гэсэн үг.

Тиймээс хүн бүхэн дор бүрнээ шинэ оны зорилгоо тодорхойлж буй энэ цаг үед бидХААН Банктай хамтран хүргэдэг цахим товхимлоороо дамжуулан ирэх онд тогтвортой хөгжлийн зорилтуудыг биелүүлэхэд бид бүгд хэрхэн хувь нэмрээ оруулж болох тухай зөвлөмжийг бэлтгэлээ.

Сүрдэх хэрэггүй дээ. Тогтвортой хөгжил хэмээх үгийг сонсмогц л ихэнх хүний толгойд маш их хичээл зүтгэл, хөрөнгө мөнгө шаардсан, хүрэхэд хол мэт зорилтууд буудаг ч угтаа бидний өдөр тутмын амьдралд дахь энгийн үйлдлийн нийлбэр эцсийн дүндээ тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд хангалттай хувь нэмэр оруулж чадна гэдэгт итгээрэй.



Манай улсын хувьд хөдөлмөр эрхэлж буй таван хүн тутмын нэг нь ажил орлоготойгоос үл хамааран ядуу гэх ангилалд багтдаг бөгөөд тогтвортой хөгжлийн 17 зорилгоос хамгийн ахиц тааруу байгаа нь энэхүү ядуурлыг устгах юм. Хөгжиж буй орнуудын хувьд ядуурлыг бууруулах хамгийн үр дүнтэй арга нь эдийн засгийн өсөлтийг хүний хөгжилд буюу иргэдийн боловсрол, эрүүл мэнд буюу хүний хөгжилд түлхүү ашиглах нь зүйтэй гэж судлаачид зөвлөдөг.

Тиймээс ирэх ондоо та бусадтай ур чадвар, мэдлэгээ хуваалцах, хувь хүмүүс оюутнуудад зөвлөгөө өгөх, ашиглахаа больсон ном, сурах бичгээ хэрэгцээтэй газарт нь хандивлах, боловсролын байгууллагад сайн дурын ажил хийх зэргээр нийгмийн боловсролыг дээшлүүлэхэд хувь нэмрээ оруулж болох юм.



Бид хүнсний хаягдлаа багасгаж, хариуцлагатай хэрэглээг төлөвшүүлснээр өөрийнхөө эрүүл мэнд төдийгүй байгаль орчноо хайрлахад томоохон хувь нэмэр оруулах болно. Харин хаанаас нь эхлэхээ мэдэхгүй байвал эдгээр энгийн алхмыг дадал болгоорой.

Долоо хоногт нэг удаа цагаан хоол идэж, хүлэмжийн хий ялгаруулдаг махны хэрэглээгээ багасгахыг хичээгээрэй.

Өөрсдийн идэх хэмжээнээс хэтрүүлэн таваглаж, хоол хүнсний хаягдал гаргахаас зайлсхийгээрэй.

Худалдан авалтаа сайтар төлөвлөж жагсаалт гаргаарай.

Өдөр тутмын хэрэглээндээ тохирсон бага хэмжээтэй хөргөгч хэрэглэхийг хичээгээрэй.

Худалдаж авсан хүнсний бүтээгдэхүүнээ хадгалах горим, зааврыг сайн уншаарай.

Хаягдлаа бүртгэж, төгрөгөөр хэмжиж тооцоо гаргаж үзээрэй.



Манай улсын нийт хүн амын дунд өдгөө амьсгал, хоол боловсруулах, зүрх судас, шээс, бэлгийн замын болон гэмтэл, хордлого, бусад гадны шалтгаант өвчин эмгэг зонхилж байна. Дээр дурдсан олон өвчний суурь шалтгаан нь эрүүл бус хооллолт, хөдөлгөөний идэвхгүй байдал, тамхи, согтууруулах ундааны хэт хэрэглээ зэргээс болдог нь нууц биш.

Хамгийн наад зах нь энгийн нүүрс ус бүхий хүнс тогтмол хэрэглэх, тэр дундаа чихэрлэг ундаа тогтмол уух нь хэвлийн өөхлөлтийг ихэсгэж, бодисын солилцоог удаашруулах шалтгаануудын нэг болдог.

Тэгвэл ирэх ондоо сэтгэл санаа тогтворгүй үедээ хэтрүүлэн идэхээс зайлсхийж, боловсруулсан хүнсний бүтээгдэхүүнээс тодорхой өдрүүдэд татгалзаж, өдрийн хоолны дараа каффейн агуулаагүй шингэн зүйлс уух, гэрээсээ өдрийн хоолоо бэлдэх зэрэг цөөн хэдхэн алхмыг хэвшүүлээрэй.



Нобелийн шагналт, эдийн засагч Жеймс Хейкман “Боловсролд хөрөнгө оруулсан 1 доллар тутмын эргэн ирэх ашиг нь 13 доллар гэдгийг тооцоолж, хувь хүний хөгжилд оруулсан хөрөнгө оруулалт нь улс орны эдийн засгийн хөгжилд нь өндөр үр ашигтай " гэсэн байдаг.

Гэхдээ боловсрол хэмээх ойлголт маш өргөн цар хүрээтэй. Өөрийгөө хөгжүүлэхээс эхлээд бусдад мэддэг заддагаа заах гээд олон үйлдэл үүнд багтана. Жишээлбэл, та орой бүр хүүхдэдээ эсвэл дүүдээ ердөө 15 минут зарцуулж, үлгэр уншиж өгөх нь тэдний оюун ухааныг хөгжүүлж, хамтдаа халуун дулаан дурсамжийг бүтээж буй хэлбэр юм. Тогтмол цаг зориулж, дадал болгоход л хангалттай.


Гэрийн ажил буюу хөлсгүй хөдөлмөр эрхлэхэд эмэгтэйчүүд бүтэн цагийн ажил эрхэлж буй эсэхээс үл шалтгаалан эрчүүдээс гурав дахин их цаг зарцуулдаг гэх судалгаа бий. Энэ ялгаа хүүхэд наснаас эхэлдэг ба 12-15 насны хөвгүүд аяга угаах, гэр цэвэрлэх, дүүгээ асрах, хоол хийх, хувцсаа угаах зэрэгт өдөрт 1 цаг 30 минут зарцуулдаг бол охид 2 цаг 20 минут зарцуулдаг ажээ.

Тиймээс энэхүү нийтлэлийг уншин суугаа эрчүүд маань ээж, эхнэр, эгч, охин дүүгийнхээ үүрч буй ахуйн, гэрийн гэх тодотголтой “дуусдаггүй бөгөөд үнэлэгддэггүй” их ажлын ачааллаас хуваалцаарай хэмээн хүсэж байна. Нас, хүйс үл хамааран хүн бүхэнд асрахуйн дэмжлэг хэрэгтэй.



Хэрвээ танай гэр бүл амины орон сууц, зуслангийн байшиндаа хуванцар материалтай ундны ус зөөх, хадгалах сав ашиглаж байгаа бол тухайн саван дээр 7PC гэсэн тэмдэглэгээ байгаа эсэхийг анзаарч хараарай. Хэрвээ үүнээс өөр тэмдэглэгээ байвал зориулалтын бус сав ашиглаж байгаа гэсэн үг юм.

Шаардлага хангаагүй, зориулалтын бус сав ашиглах нь усны чанар, хүний эрүүл мэндэд олон сөрөг нөлөө үзүүлдэг. Тиймээс ундны ус зөөх, хадгалахдаа ган, хөнгөн цагаан, төмөр, зэс, шил, шаазан, шавар сав суулга хэрэглэж хэвших нь нэн чухал юм.


Улс орон даяар эрчим хүчээ хэмнэх асуудал яригдаж байгаа энэ цаг үед та цэнэглэгчээ ашиглаагүй үедээ салгаж хэвшихэд л бид улсаараа жилдээ хэдэн зуун сая төгрөг хэмнэх боломжтойг мэдэх үү?

Цахилгаан хэрэгсэл “Standby power” буюу хүлээлгийн горимд байх үедээ цахилгаан хэрэглээнийхээ 7-25 хувийг ашигладаг гэж үздэг.

Гар утасны цэнэглэгч залгаатай үедээ өдөрт 0.5 Ватт/цаг цахилгаан эрчим хүчийг “идэж” байдаг бөгөөд үүнийг мөнгөөр тооцвол өдөрт 1.56 төгрөг, сард 46.80 төгрөг, жилд 561.6 төгрөгийн зардал гаргадаг.

Энэ нь их хэмжээний мөнгөн дүн биш хэдий ч Улаанбаатар хотын нийт 431 мянган айл өрх цэнэглэгчээ ашиглаагүй үедээ салгаж хэвшвэл бид жилдээ 242 орчим сая төгрөгийг хэмнэх боломжтой билээ.



Уг зорилтыг алхам урагшлуулахад бидний зүгээс хийж чадах хамгийн үр дүнтэй бөгөөд энгийн алхам бол дотоодын үйлдвэрлэгч, бизнесүүдээ дэмжих, тэдний бүтээгдэхүүнийг худалдан авах, бусдадаа мэдээлэл түгээн, аль чадахаараа сурталчлах явдал юм.

Шинэ үеийн залуус нийт мэдээллийнхээ 60-аас дээш хувийг цахим сүлжээнээс авдаг. Тэгэхээр өөрийн хэрэглэдэг, дуртай бизнесээ хувийн цахим сувагтаа хуваалцаж, бүтээгдэхүүн үйлчилгээнийх нь тухай эерэг сэтгэгдэл үлдээх нь тэднийг дэмжиж буй нэгэн хэлбэр юм.


Дундын оффисоор үйлчлүүлэх, гарааны бизнесүүдийн анхны үйлчлүүлэгч, худалдан авагч болох гээд таны асар өчүүхэн хэмээн бодох бяцхан хөрөнгө оруулалт хүртэл инновацын салбарыг хөгжүүлэхэд төсөөлснөөс тань илүү хувь нэмэр оруулах болно.


АНУ-д хийсэн үндэсний судалгаагаар насанд хүрсэн трансжендер хүмүүсийн 40 хувь нь амиа хорлох оролдлого хийж байсан бөгөөд тэдний 92 хувь нь үүнийг хийхдээ 25 нас хүрээгүй байсан гэжээ.

Мөн ЛГБТ хүмүүсийг хэл амаар доромжлох, хүчирхийлэх нь тэдний амиа хорлох магадлалыг дунджаар 2.5 дахин нэмэгдүүлдэг гэсэн судалгаа ч байдаг. Эрэгтэй, эмэгтэй, шашин шүтлэг, бие махбод, үзэл санааны ялгаатай байдлаас үл хамааран ижил тэгш эрх, үүрэг бүхий нийгмийг бүрдүүлэхэд та ч гэсэн хувь нэмрээ оруулаарай.



Ирэх жилийн зун, намар дамнаж улсын их хурал, орон нутгийн сонгууль тохионо. Парламентын сонгуулийн дуулианд орон нутгийн сонгууль "золиос"-нд явчхаад, тоогдохгүй өнгөрчихдөг талтай.

Гэвч угтаа орон нутгийн сонгууль бол та бидний алхам тутамд тохиолддог, хамгийн ойрын асуудлуудыг шийдэхийн төлөө ажиллах хүмүүсийг сонгох сонгууль. Хог, орчны тохижилт, зам харгуй, цэцэрлэг сургууль гэх мэт зүйлсийг хариуцан, зөв шийдэл гаргах нь орон нутгийн иргэдийн төлөөлөгчдийн ажил, үүрэг юм.

Тиймээс ирэх жил орон нутгийн сонгуульд намуудын дэвшүүлж буй мөрийн хөтөлбөртэй танилцах, дэмжиж буй нэр дэвшигчийнхээ сонгуульт ажилд нь туслах, сонгуулийн өдөр саналаа өгөх, магадгүй өөрөө хүртэл нэр дэвших боломжтой.


Доорх Zero Waste дадлуудаас чадах хэмжээгээрээ олныг амьдралынхаа нэгэн хэсэг болгоорой.

- Нэг удаагийн цаасан алчуураас татгалзаж, даавуун алчууртай явж байгаарай

- Хуванцар савыг шилэн болон хөнгөн цагаан саваар орлуулж үзээрэй

- Дэлгүүрээс уух зүйл худалдаж авалгүйгээр үргэлж өөрийн усны савтай явж байгаарай

- Гялгар уутыг даавуун болон цаасан уутаар орлуулаарай

- Хүнсний ногоогоо нэг удаагийн гялгар уутанд биш сүлжмэл торон уутанд хийгээрэй

- Аяга таваг угаахдаа поролон биш сойтог хэрэглээрэй

- Fast Fashion-аас татгалзаж, зөвхөн шаардлагатай үед л хувцас худалдан аваарай



Монгол Улс дэлхийн нийт хүлэмжийн хийн 0.05 хувийг бүрдүүлдэг ч нэг хүнд ногдох хэмжээгээрээ хамгийн өндөр үзүүлэлттэй орнуудын тоон багтаж байна. Энэхүү үзүүлэлт цаашид өссөөр байх хандлагатай базаахгүй мэдээ бий. Гэхдээ бид нэг хүний үзүүлж чадах нөлөөлөл, үр дүнг чамлах учиргүй.

Эрчим хүчний хэмнэлттэй цахилгаан хэрэгсэл худалдан авах, шаардлагагүй нөхцөлд эрчим хүчний хэрэглээг багасгах, нийтийн тээврээр зорчих, ахуйн хогоо ангилан ялгах гээд бид маш олон төрлийн арга замаар нүүрстөрөгчийн ул мөрөө багасгах боломжтой.



Ирэх зун аяллаар явахдаа нэг удаагийн хэрэгслүүдээс татгалзаж, оронд нь олон удаа хэрэглэж болохуйц доорх бүтээгдэхүүнээс сонгоорой.

Халбага, сэрээ, хутга, соруул: Нэг удаагийн хэрэгслийг орлуулж болох төмөр, хулсан гээд маш олон сонголт бий.

Халуунаа барьдаг аяга: Хэрэв та өөрийн аягатай явж хэвшвэл жилдээ дунджаар 500 ширхэг нэг удаагийн аяганаас татгалзах боломжтой.

Усны сав: Нэг сав ус худалдан авахдаа дан ганц хуванцрын хог үүсгэж байгаа биш түүнийг үйлдвэрлэх болон тээвэрлэхэд ашигласан нүүрсхүчлийн хийг өөрийн экологийн ул мөр дээрээ нэмж байна гэсэн үг. Тиймээс хувийн усны саваа мартуузай.

Хоолны сав: Зай эзэлсэн, овортой мэт санагдаж болох ч илүүдэл хоолны хаягдал, хуванцрын хаягдал үүсэхээс сэргийлэх шилдэг сонголт.

Эмэгтэйчүүдийн аяга: Нэг удаагийн ариун цэврийн хэрэгслийн АЦХ-ийн оронд сарын тэмдгийн аяга, даавуун хэрэглэл сонгох нь аяллын турш үүсэх хогийг багасгахаас гадна таныг тав тухтай байлгана.



Хүүхэд хамгааллын үйлчилгээ үзүүлж буй “Ид шидийн орон”, хаягдсан, өвдөж зовсон амьтдыг авардаг “Азтай савар” гээд нийгэмд гэрэл гэгээ түгээж буй ТББ-д сар бүхэн тогтмол хандив өгөх нь хүртэл тогтвортой хөгжлийн зорилтыг биелүүлэхэд оруулж буй таны бяцхан алхам юм.