Шинэ оны босгон дээрх анхны дугаартаа өнгөрөгч онд дэлхий даяар тогтвортой хөгжлийн зорилтуудын хүрээнд хэрэгжүүлэх учиртай гэрийн даалгавраа хэр сайн гүйцэтгэсэн тухай бид тоймлон хүргэж байна.

Дэлхий дахинаа өнгөрөгч онд нийгэм, эдийн засаг, байгаль орчин гэсэн гурван тулгуурын хүрээнд тогтвортой хөгжлийн асуудалд ямар ахиц үзүүлсэн бол? Хамтдаа өнгөрсөн оноо дүгнэж, эрсдэл сорилтыг даван гарах итгэл найдварыг ч мөн эргэцүүлье.



монгол улс хаана явна?

Өнгөрөгч оны байдлаар манай улс ТХЗ-ын биелэлтийн үнэлгээнд 64.7 оноо авч, дэлхийн 166 орноос 106-д эрэмбэлэгдэж байна.

“Монгол Улс эдийн засгийнхаа 18 хувьтай тэнцэх хэмжээний мөнгийг жил бүр зарцуулж чадвал 2030 он гэхэд ТХЗ-ыг хангаж чадна хэмээн” Монгол улсын ерөнхийлөгчийн зөвлөх мэдэгдсэн байдаг. Харин Нээлттэй нийгэм форумаас гаргасан тайланд дурдсанаар 2018-аас 2020 оны хооронд Монгол Улс ТХЗ-д хамаарах долоон салбартаа бүгдэд нь төсөвлөснөөс бага мөнгөн дүн зарцуулснаас дан ганц боловсролын салбарт дорвитой ахиц гаргаж чадсан аж. Бусад зургаан салбарт ямар сорилт, бэрхшээл тулгарч буйг тоймловол:

-Эрүүл мэндийн салбар нэгдсэн төсвийн зарлагын 3 дахь том хувийг (7.3 хувь) эзэлдэг ч тогтвортой хөгжлийн тайланд “анхаарал хандуулах шаардлагатай” салбарын тоонд орж байна.

-Хөдөө аж ахуй ба хүнсний салбарын хувьд ТХЗ-ын гүйцэтгэл нь холбогдох зорилгоо (Зорилго 2: Өлсгөлөнг зогсоох) биелүүлэхэд “гол бэрхшээлүүд хэвээр”, зорилгын төлөв нь “зогсонги байдалтай” гэж гарчээ. Хүнсний хэрэгцээгээ хангахад импортын бүтээгдэхүүнээс ихээхэн хамааралтай байдаг орны хувьд Монгол Улс гадаад хүчин зүйлийн нөлөөнд өртөх эрсдэл өндөртэй.

-Байгаль орчны салбар нь холбогдох ТХЗ-оо (Зорилго 13: Уур амьсгалын өөрчлөлтийн үр нөлөөг багасгах, Зорилго 15: Хуурай газрын нөөцийг хамгаалах) биелүүлэхэд “гол бэрхшээлүүд хэвээр байгаа” гэсэн гүйцэтгэлийн үзүүлэлттэй байгаа бол төлөвийн хувьд эдгээр хоёр зорилго “зогсонги байдалтай” гарсан байна. Уг салбар нэгдсэн төсвийн зарлагын нэг хувийг эзэлдэг хэдий ч төсвийн зарлагын төлөвлөгөө, гүйцэтгэлийн зөрүү нь -9.5 хувь буюу хамгийн өндөр.

- Хотын хүн амын 75.6 хувь нь (дэлхийн дундаж нь 86.9 хувь, Зүүн Ази, Номхон далайн орнуудынх 94.1 хувь гэсэн үзүүлэлттэй байдаг ) ариун цэврийн наад захын үйлчилгээ авч чаддаг манай улсын хувьд ус, ариун цэврийн байгууламжийн асуудалд нэгдсэн төсвийн зардлынхаа ердөө 0.7 хувийг зарцуулж байна.

-Хүчирхийллийн хохирогчдод тусламж дэмжлэг үзүүлэхэд улсын төсвийн дөнгөж 0.003 хувийг зарцуулдаг бөгөөд төсвийн төлөвлөгөө, гүйцэтгэлийн зөрүү -4.9 хувьтай. ТХЗ 5 буюу жендерийн эрх, тэгш байдлыг хангахад томоохон сорилтууд хэвээр байсаар байна.



улаанбаатар аж төрөхөд таатай хот мөн үү?

MICC судалгааны баг 2022 оны үзүүлэлтээр Зүүн хойд Ази, Төв Азийн долоон нийслэл хотын тогтвортой хөгжлийн төлөв байдлыг тоон аргаар судалж, НҮБ-ын 2030 оны зорилгод нийцүүлэн “индекс”-жүүлэн харьцуулжээ. (Дэлгэрэнгүй судалгааг Sustainable сэтгүүлийн шинэ дугаараас унших боломжтой).

Судалгааны хүрээнд авч үзсэн найман зорилгын үзүүлэлтээр сонгосон долоон хотоос (Токио, Улаанбаатар, Ташкент, Бишкек, Бээжин, Астана, Сөүл) Токио уг жагсаалтыг 87.4 оноо авч тэргүүлсэн бол Улаанбаатар 55.5 оноогоор хамгийн сүүлийн байранд оржээ. Манай нийслэл хотын хувьд хамгийн өндөр оноог “жендэрийн эрх тэгш байдлыг хангах” зорилго дээр (72.9) авсан бол “эдийн засгийн өсөлт, баталгаат ажлын байраар хангах” зорилго хамгийн бага оноо (34.9) авчээ.

Судалгааны онцлох бусад үр дүнгээс хуваалцвал:

-Улаанбаатараас бусад хот “Баталгаат ундны ус, ариун цэврийн байгууламж”-аар дунджаар хамгийн өндөр оноо (98.1) авсан бол нийслэл хот хүн амын 51 хувь нь баталгаат ундны усны хангамжгүй тул дөнгөж 61.6 оноо авчээ.

-Улаанбаатарын хүн амын бичиг үсэг тайлагдалт маш өндөр хэдий ч боловсон хүчин, санхүүгийн дэмжлэг хомсдолтойгоос үүдэн боловсролын чанар хангалтгүй. Жишээлбэл, Улаанбаатарын бага ангийн нэг багшид оногдох суралцагчийн тоо 2020 онд 34.6 байгаа нь Ташкентаас 1.6 дахин, бусад хотоос бараг 2.5 дахин их дүн юм.



энэ оны хамгийн халуун сэдэв- уур амьсгалын өөрчлөлт

Өнгөрөгч онд Антарктидын далайн мөс хамгийн доод түвшиндээ хүрч, эх дэлхийн дулаарал дахин нэг дээд амжилтыг өнгөрөгч онд тогтоов.

Хятад, Япон, АНУ, Энэтхэг гээд дэлхийн өнцөг булан бүрд тохиосон өнгөрөгч зуны томоохон үер, ээлж дараалсан байгалийн гамшиг бол уур амьсгалын өөрчлөлтийн шууд үр дагавар. Манай улсын хувьд сүүлийн 80 гаруй жилийн хугацаанд дундаж агаарын температур 2.25 градусаар дулаарч, уур амьсгалын өөрчлөлтөд хамгийн хурдацтайгаар нэрвэгдэж байгаа улсуудын нэгээр тодроод буй. Аюул яг үнэндээ бидний хаалгыг тогших бус нэгэнтээ хойморт маань заларчхаад байгааг санууштай.

-Өнгөрсөн зуны турш үргэлжилсэн халууны давлагаа Техас, Мексикт төвлөрч, Калифорни дахь Үхлийн хөндий +54 градусын дэлхийн дээд амжилтыг давахад ойрхон ирж, Флоридагийн эрэг орчмын ус бараг л халуун ваннтай дүйцэхүйц болсон юм.

-Хятадад хүн амын 15-20 хувь нь дунд болон хүнд хэлбэрийн ган гачигт нэрвэгдсэн төдийгүй байдал энэ хэвээрээ үргэлжилбэл 2100 он гэхэд тус улсын байгалийн гамшгийн давтамж 80 хувиар нэмэгдэх төлөвтэй байна.

-Есдүгээр сард Бразилийн Амазон мөрөнд урьд өмнө байгаагүй усны хомсдол үүсч, усны түвшин өмнөх жилээс ойролцоогоор зургаан метрээр буурчээ.

-Хавайн арлын Мауи хотод наймдугаар сард дэгдсэн хээрийн түймэр АНУ-ын орчин цагийн түүхэн дэх хамгийн өндөр гарз хохиролтой байгалийн гамшгуудын нэгд тооцогдож, дор хаяж 115 хүний амийг авч одлоо.



cop28-ын онцлох шийдвэрүүд 

Өнгөрөгч арванхоёрдугаар сард Дубай хотод зохиогдсон НҮБ-ын суурь конвенцын талуудын 28 дугаар бага хурлаас гарсан хамгийн онцлох шийдвэр дэлхийн улс гүрнүүд бүх төрлийн шатах түлшнээс татгалзах шилжилттэй холбоотой хэлэлцээр байсан билээ. Өмнөх хурлуудын үеэр газрын тос, байгалийн хийнээс татгалзах тухай асуудал хөндөгдөж байгаагүй гэдгээрээ уг шийдвэр олон нийтийн дунд” итгэлийн оч” асаасан гэхэд болно.

Шинэ гэрээ нь хууль ёсны баримт бичиг биш бөгөөд дангаараа аль ч улсад албадан арга хэмжээ авах боломжгүй. Ташрамд дурдахад, ирэх хоёр жилийн хугацаанд улс орон бүр 2035 он хүртэл хүлэмжийн хийн ялгаруулалтыг хэрхэн бууруулах талаар нарийвчилсан, албан ёсны төлөвлөгөө гаргах учиртай.

Гэвч бодит байдал дээр нүүрсхүчлийн хийн ялгарал (CO2) өнгөрсөн онтой харьцуулахад 1.1 хувь, цар тахлын өмнөх үеийнхээс 1.5 хувиар өссөн бөгөөд бүтэн жилийн хугацаанд хүн төрөлхтний ялгаруулсан 40 тэрбум тонн CO2-ийн 37 тэрбум нь дангаараа шатах түлштэй хамааралтай байгаа юм. Хэрвээ бид уг тоог ойрын жилүүдэд 0-д хүргэж чадахгүй бол XXI зууны дунд үед гэхэд агаарын дундаж температур 3 хэм хүртэл нэмэгдэх аюултайг уншигч та бүхэн хэдийнээ ой тойндоо шингээсэн биз ээ.

Түүнчлэн өнгөрсөн онд байгуулагдсан “Алдагдал Хохирлын Сан”-д нийтдээ 700 сая доллар цугларсан бөгөөд Арабын Нэгдсэн Эмират, Герман улсууд 100 сая долларын хандиваар тэргүүлсэн бол АНУ ердөө 17 сая доллар хандивласанд улс орнууд шүүмжлэлтэй хандаж буй.