Ядуурал гэдэг зөвхөн мөнгөний гачигдал бус, харин хүн болж төрсний хувьд өөрийн бүх авьяас чадварыг бүрэн нээх бололцоогүй байх тухай асуудал юм.

Нобелийн шагналт эдийн засагч Амартиа Сэн

Цар тахлын улмаас дэлхийн 120 оронд хөл хорио тогтоож, хэдэн зуун сая хүн ажилгүйдэлд өртсөн тухай тоо баримт хаа сайгүй хөвөрсөөр байна. Халдварт өвчин тархаж, олон сая хүний амийг авч одож буй амаргүй энэ цаг үед хэнийг ч ардаа үлдээхгүй байхад анхаарч, тогтвортой хөгжлийг цогцлоохын төлөө чармайх учиртай.

Өдгөө жил бүр есөн сая хүүхэд ядуурлын улмаас таван нас хүрч чадалгүй нас барж буй нь гашуун. Энэ баримтыг уншаад цааш үргэлжлүүлмээргүй санагдаж, ядуурал, өлсгөлөнгийн тухай аль болох бодмооргүй болох вий. Магад асар том асуудал учраас бүгдийг нь шийдэх аргагүй гэх бодол төрж болох юм.

Гэхдээ “Ядуурлаас зугтах амаргүй ч боломжийг мэдрүүлэх, сайтар тооцсон бяцхан тусламж (багахан мэдээлэл, үл ялиг түлхэц) заримдаа санаанд оромгүй том үр дүнд хүргэнэ” хэмээн Эдийн засгийн салбарт Нобелийн шагнал хүртсэн Абхижит Банержи, Эстер Дюфло нар “Ядуурлын эдийн засаг” номдоо өгүүлсэн нь нэгийг бодогдуулах биз ээ.

Тиймээс ХААН Банктай хамтран бэлтгэдэг “2030” цахим товхимлын энэ удаагийн дугаарт цар тахлаас үүдэлтэй ядуурал, тэгш бус байдлын асуудлыг хөндөж, амаргүй цаг үеийг даван туулах боломжийг эрэлхийллээ.

Тоогоор тайлбарлах нь 

205,000,000: Цар тахлын улмаас ирэх 2022 он гэхэд дэлхий даяар 205 сая хүн ажилгүй болох тооцоо гарчээ.

28.4%: Манай улсын хүн амын 28.4 хувь нь сарын 166 мянган төгрөгөөс бага хэрэглээтэй буюу ядуу ангилалд багтдаг.

7/10: Монголд 10 ядуу хүн тутмын долоо нь ундны усны сайжруулсан үүсвэр, ариун цэврийн байгууламж, нэгдсэн халаалтын системгүй амьдарч байна.

32 сая: Эдийн засгийн хямралын улмаас дэлхий дахинд 32 сая хүн ядуурлаас гарах боломжоо алдсан.

8.1%: Зүүн Ази, Номхон далайн бүс нутагт 2021 онд БНХАУ-ын эдийн засаг хамгийн өндөр буюу 8.1 хувийн өсөлттэй байх төлөвтэй байна.

ой санамжид уях баримтууд 

Ядуурал бидэнтэй олон мянган жилийн турш хамт байсан нь үнэн. Энэ зуунд 2004 оны Энэтхэгийн далайн цунами, 2010 оны Гаитигийн газар хөдлөлт зэрэг байгалийн гамшгийг эс тооцвол дэлхий даяар ядууст анхаарал хандуулж, хандив тусламжийг давалгаалуулах шалтгаан байсангүй. Саяхныг хүртэл ядуурлын түвшин түүхэн дэх хамгийн бага түвшиндээ хүрээд байсан билээ.

Гэвч цар тахал нийгмийн бүх салбарт хүчтэй нөлөөлж, ажилгүйдэл, ядуурлын түвшин эргээд нэмэгдэж байна. Манай улсын хувьд ДНБ-ний өсөлт 2020 онд дөрвөн улирал дараалан хасах буюу буурсан үзүүлэлттэй гарсан. Халдвараас урьдчилан сэргийлэх арга хэмжээний хүрээнд томоохон компаниуд борлуулалтынхаа дөрөвний нэгийг алдсан бол жижиг, дунд аж ахуйн нэгжүүд борлуулалтынхаа гуравны нэгийг алджээ.

Нөгөө талаар, манай улсын хувьд хүн амаа вакцинжуулалтад бүрэн хамруулж, дотоодын эдийн засгаа идэвхжүүлж чадвал 2021 онд эдийн засаг сэргэх төлөвтэй байгааг Дэлхийн банкны тайланд дурдсан.

"GOOGLE"-ДЭХЭЭС ЗАЛХУУРСАН АСУУЛТ

Цар тахлын үед бизнесийн салбарт ямар өөрчлөлт гарч байна вэ?

Монголд бизнес эрхлэгчид хүнд цаг үеийг туулж байгаа ч зарим салбарт сэргэлтийн шинж тэмдэг ажиглагдаж эхэлжээ. Бүх аж ахуйн нэгжүүд цар тахал эхэлснээс хойш бэлэн мөнгөний хомстолд орсон байна. Мөн санхүүгийн байгууллагуудад хугацаа хэтэрсэн зээлийн өр төлбөртэй компаниудын тоо 27 хувиас 76 хувь хүртэл өсжээ. Хэдий хаалгаа барихад хүрсэн байгууллага цөөнгүй ч ихэнх нь ирээдүйд үйл ажиллагаагаа дахин эхлүүлнэ гэсэн найдлага тээж буйг Дэлхийн банкны судалгаанд дурдсан нь буй.

Нийт аж ахуйн нэгжийн гуравны нэг нь цахим бизнесийн үйл ажиллагаагаа эхлүүлж, эсвэл өргөжүүлж, 40 хувь нь хүн хоорондын зай барих боломжийг харгалзан хүргэлтийн үйл ажиллагааг нэвтрүүлж эхэлсэн байна. Үүнээс гадна төрөөс үзүүлэх дэмжлэгийн хамрах хүрээ нэмэгдэж, бизнес эрхлэгчдэд бодит дэмжлэг үзүүлснийг онцолжээ.

сайн туршлагыг хуваалцах нь 

Дэлхийн дахины вакцинжуулалтын хурд, төлөвийг харвал 2021 оны эцэст аж үйлдвэржсэн орнууд нийт хүн амынхаа 80-аас дээш хувийг, хөгжиж буй улс орнууд 55 орчим хувийг вакцинжуулалтад хамруулах тооцоо гараад байгаа.

Гэвч энэ хугацаанд вирусийн шинэ хувилбарууд гарч, тооцоолсон үр дүнд сөргөөр нөлөөлж болзошгүй байна. Зүүн Ази, Номхон далайн бүс нутагт эдийн засгаа сэргээх арга хэмжээнүүдэд “ногоон”-оос илүүтэй “хүрэн” үйл ажиллагаа давамгайлж байгаа. Зүүн Ази, Номхон далай хүлэмжийн хийн ялгарал хамгийн ихтэй бүс нутгуудын нэг. Тухайлбал, 2000 оноос хойш хүлэмжийн хийн ялгарал гурав дахин нэмэгдэж, дэлхийн нийт хүлэмжийн хийн ялгарлын гуравны нэгийг бүрдүүлж байна.

Ирэх онд Хятадын эдийн засаг 8.1 хувь, Вьетнам улсынх 6.6 хувийн өсөлттэй байх төлөвтэй буй. Тус хоёр орны хувьд цар тахлаас үүдэлтэй хямралын сөрөг нөлөө харьцангуй бага байсан тул Ковид-19 халдварын өмнөх үеийн төлөвтөө илүү хурдан шилжихээр байгаа ажээ. Бусад орны эдийн засаг дунджаар 4.4 орчим хувиар өсөх тооцоо гарчээ.

зөвлөгөө 

НҮБ-аас Монгол Улсад тэгш бус байдал, ядуурлыг бууруулахад чиглэсэн зөвлөмжид дараах ажлуудыг нэн тэргүүнд урьтал болгохыг онцолжээ.

Санал болгох нь 

ВИДЕО: Цар тахал эдийн засаг, иргэдийн амьжиргаанд хэрхэн нөлөөлж буй тухай сонирхолтой баримтат нэвтрүүлэг үзээрэй.

HARVARD BUSINESS REVIEW: COVID-19 CRISIS

НОМ: Орлого багатай хүмүүсийн сэтгэлзүй, хандлагын талаар хүүрнэж, ядууралтай тэмцэх арга замын тухай тун сонирхолтой түүх өгүүлсэн номыг уншаарай.

ЯДУУРЛЫН ЭДИЙН ЗАСАГ

КИНО: Малави улсын жижигхэн тосгонд төрсөн Виллиам Камкванмба хэмээх залуугийн намтар зохиолоос сэдэвлэн бүтээсэн сэтгэл хөдөлгөм киног үзээрэй.

THE BOY WHO HARNESSED THE WIND

ПОДКАСТ: Ядуурлын шалтгаан, үр нөлөө, ядуурлыг бууруулахад чиглэсэн ажлуудтай холбоотойгоор олон улсад өрнөж буй цаг үеийн үйл явдлыг ярилцдаг подкастыг сонсоорой.

FROM POVERTY TO POWER

Бид тогтвортой хөгжлийн тухай сэдвийг хүн бүрийн ой тоонд шингээж, алхам бүрдээ хариуцлагатай байх дадал зуршил, эх дэлхийгээ хайрлах ухамсрыг бүтээхийн тулд Тогтвортой хөгжлийг дэмжигч ХААН Банктай хамтран “Тогтвортой хөгжил-2030” цахим товхимлыг бэлтгэн хүргэдэг билээ.

Хүн төрөлхтний гэрийн даалгавар гэгдэж буй "Тогтвортой хөгжлийн 17 зорилго"-той холбоотой мэдээллүүд, үйл явдлууд, сайн жишээнүүдийг энгийн үгээр, сонирхолтойгоор тайлбарлан давхар блог нийтлэл болгон хүргэж байна.

Цахим товхимолд бүртгүүлэх 2030.mn

Unread