Манай дэлхий цельсийн хоёр хэмээр дулаарахад л сээр нуруутай амьтдын найман хувь, ургамлын 16 хувь, шавжийн 18 хувь нь амьдрах аргагүй болж устах аюултай гэдгийг та мэдэх үү?

Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөнд хамгийн түрүүнд, хамгийн хүчтэйгээр нэрвэгдэж болзошгүй амьд бие организмын олон янз байдлын тухай бид хэр ихийг мэдэх билээ?

Манай орны хувьд Сибирийн тайгаас Төв Азийн хуурай хээр, цөлийн бүст шилжих шилжилтийн заагт оршдог учраас биологийн олон янз байдлын хувьд тун баялаг. Хэдийгээр бид нийт газар нутгийнхаа 20.1 хувь буюу Польш улсын нийт нутаг дэвсгэртэй тэнцэх хэмжээний газрыг улсын тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээнд хамруулж чадсан ч энэ тоо болзошгүй аюулаас бүрэн сэргийлэхэд хангалттай юу гэвэл үгүй.

Монгол Улс 1992 онд Рио де Жанейро хотод зохиогдсон НҮБ-ын хурал дээр Биологийн олон янз байдлын олон улсын конвенцыг батлах үед газар нутгийнхаа 30 хувийг хамгаалалтад авахаа амласан түүхтэй.

2026 онд НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх суурь конвенцод нэгдэн орсон талуудын 17 дугаар хурлыг Монгол Улсад зохион байгуулахтай холбоотойгоор бид ХААН Банктай хамтран бэлтгэдэг товхимлын энэ удаагийн дугаартаа экосистемийг хамгаалахын ач холбогдол, үр нөлөөг тайлбарлахын сацуу сайн туршлага, жишээг онцолж байна.


манай улсын экосистемийн онцлог?

Төв Азийн элгэнд орших Монгол Улс нь Сибирийн тайга, ЕвроаАзийг дамнан үргэлжилсэн хээр, Төв Азийн говь цөл, Хойд мөсөн далай, Номхон далай, Төв Азийн гадагш урсгалгүй гурван том ай савын хагалбар бүхий онцгой нутаг. Газарзүйн энэ өвөрмөц тогтолцоо, эрт дээрээс эрхэлж ирсэн нүүдлийн мал аж ахуй, хүн амын сийрэг суурьшил нь манай улсыг дэлхийд устан үгүй болж буй экосистем, ховордсон ургамал амьтны зүйлийг хамгаалан үлдэхэд нэн чухал орон зай болгосон юм.

Гэвч XX зууны сүүлийн хагасаас манай улсын нутаг дээрх зэрлэг амьтдын идээшил нутгийн хумигдал, амьдрах орчны доройтол гэх мэт аюул, дарамтууд шинээр учирч эхлэв.

Монгол орны нутаг дэвсгэрээс XX зууны сүүлийн хагаст цөөвөр чоно (1968 он), Тахь адуу (1950-иад он), Соргог бөхөн (1950-иад он) устаж үгүй болсон нь нэн харамсалтай. Агнуурын амьтныг хамгаалах асуудлыг төр дангаар хариуцаж байсан цаг үед агнуурын амьтдын тоо толгой аюулын түвшинд хүрсэн бөгөөд 1990-ээд онд 130 мянгаар тоологдож байсан халиун бугын тоо 10 мянга хүртэл цөөрч, 40 саяар тоологдож байсан монгол тарвага 5 сая орчим болтлоо буурсан нь үүний тод жишээ.

Монгол орны Байгаль орчны төлөв байдлын тайлангаас харахад өдгөө нийт ан амьтны тоо толгой 1970-1980 оноос 50-70 хувиар буурчээ. Харин 1990-2000 оны дүнтэй жишвэл 20-40 хувиар өсжээ. Түүнчлэн Монгол бөхөнгийн тухайд, хууль бус агнуур, бэлчээрийн зохисгүй ашиглалт, байгаль цаг уурын хүндрэлийн улмаас сүүлийн 35 жилд тоо толгойн (популяцын) 70-80 хувь нь хорогдсон байна.


Монгол бөхөн уламжлалт тархац нутгийнхаа дөнгөж 27 хувьд л тархан амьдарч байна. 2016, 2017онуудад гарсан мялзан өвчин, 2017, 2018 оны хүнд хэцүү өвлийн улмаас 2018 оны тавдугаар сар гэхэд бөхөнгийн популяцийн хэмжээ 3600 бодгаль болтлоо буюу 2014 онд байснаас 70 хувь хүртлээ буурсан.

дэлхий

ДЭЛХИЙ ДАЯАРХ ЗЭРЛЭГ АМЬТДЫН ТОО ТОЛГОЙ БУУРАХ БОЛСОН ШАЛТГААН?

Дэлхийн зэрлэг ан амьтдын сангаас гаргасан тайланд дурдсанаар дэлхий даяарх сээр нуруутан амьтдын тоо 1970 оноос хойш дунджаар 69 хувиар буурчээ. Зарим экосистемийн хувьд сээр нуруутан амьтдын мөхөл бүр ч хурдтайгаар явагдаж байгаа. Жишээлбэл Латин Америк, Карибын тэнгисийн орнуудын судалгаанд хамрагдсан амьтдын тоо толгой 1970 оноос хойш дунджаар 94 хувиар буурсан бол гол мөрөн, нууранд амьдардаг цэнгэг усны амьтдын дунд тооцоолсон бууралт 83 хувьтай байгаа юм.

Дэлхий даяарх хөхтөн амьтдын 96 хувийг хүн төрөлхтөн, тэдний хоол хүнс болсон үхэр, тахиа, гахай гэхчлэн амьтад эзэлж байна. Харин экосистемийн зохистой тэнцвэрийг хангахад чухал үүрэгтэй зэрлэг амьтдын тоо толгой ердөө дөрвөн хувь ч хүрэхгүй.

Сүүлийн хагас зуун жилд бид хүнс тариалах илүү таатай орчин нөхцөл хайсаар Умард Америк, Бразилийн ширэнгэн ой, тропикийн бүс орчмыг хэтрүүлэн сүйтгэжээ. Ширэнгэн ойн экосистемийг хөдөө аж ахуйн бүс нутаг болгох нь байгаль орчинд учруулж болох хамгийн хөнөөлт ажлын нэг. Гэвч бодит байдал дээрээ үгүй болсон халуун бүсийн газар нутаг хүн төрөлхтний хүнсний хангамжид гэхээс илүүтэй малын тэжээл болох шар буурцаг тариалах, дал модны тос гарган авахад л ашиглагдаж байгаа нь харамсалтай.


"Азийн ганц эвэрт" гэгддэг Саола бол Вьетнам, Лаосын Аннамит ширэнгэн ойд амьдардаг, дэлхийн хамгийн том хөхтөн амьтдын нэг юм. Харамсалтай нь, сүүлийн арван жилийн хугацаанд тоо толгой нь 80 хувиар буурч, 2050 он гэхэд бүрмөсөн устах магадлалтай амьтдын тоонд ороод буй.

"GOOGLE"-ДЭХЭЭС ЗАЛХУУРСАН АСУУЛТ

ШАВЖНУУД ХААЧСАН БЭ?

Хүн төрөлхтний хэтийдсэн хэрэглээний өөр нэгэн хохирогч бол шавжнууд. Шавж бол хөдөө аж ахуйд хамгийн бага үнэлэгдсэн ажилчид юм. Зөгий, цох хорхой, шоргоолж, эрвээхэй зэрэг нь жимсний мод, хүнсний ногооны ургамал болон какао, кофе зэрэг бусад үр тариаг тоосжуулах ажилд ихээхэн үүрэг гүйцэтгэдэг.

Тоогүй нь гэвэл, эдгээр ажилчид хүлэмжийн хий, экосистемийн доройтлын улмаас устах ирмэг дээр тулаад байна. Германд хийгдсэн судалгаагаар 1989-2016 оны хооронд нисдэг шавжны тоо 75 хувиар буурчээ. Нэгэн цагт АНУ-ын хаа саагүй тархсан байсан үхэр хэдгэний тоо толгой хорьхон жилийн дотор 90 хувь болжбагассан гэх сэтгэл сэрдхийлгэм тоо баримт энэ бүх сүйрлийн дөнгөж эхлэл ч байж магад.



ЧИЙГИЙН УЛААН ХОРХОЙ ҮР ТАРИА ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ЧУХАЛ ТОГЛОГЧ ГЭДГИЙГ ТА МЭДЭХ ҮҮ?

Органик бодисыг задалж, хөрсийг сийрэгжүүлэх шидтэй чийгийн улаан хорхой нь дэлхийн нийт үр тарианы ургацын 6.5 хувийг бүрдүүлэхэд гар бие оролцдог хөдөлмөрч амьтад юм.

Nature Communications сэтгүүлд нийтлэгдсэн судалгаагаар хөрсөнд амьдардаг уг сээр нуруугүй амьтад жилдээ 140 сая тонн үр тариа үйлдвэрлэдэг бөгөөд хэрвээ тэд бие даасан улс байсан бол дэлхий дээрх дөрөв дэх том үр тариа үйлдвэрлэгч гүрэн байх байж.

Чийгийн улаанууд газар нүхэлж, хооллож байх үедээ хөрсөнд агуулагдах органик бодисыг задалж, сийрэгжүүлэхийн сацуу үржил шимийг нь нэмэгдүүлж, микро организмуудад шим тэжээл дамжуулдаг хосгүй авьяастай амьтад юм. Хэрвээ экосистемийн доройтлын нөлөөгөөр эдгээр хорхойны төрөл зүйл устаж үгүй болох юм бол хүн төрөлхтний хүнс тэжээлийн нөөцөд ноцтой аюул учрах нь тодорхой.

НАЙДВАР ТӨРҮҮЛЭХ САЙН ТУРШЛАГУУД

Экосистем, биологийн олон янз байдлын доройтол зэрэг сэдвийн тухай ярихад дийлэнх хүмүүс өөрсдийнх нь оролцооноос хэтийдсэн, хэдийнээ шийдвэрлэх гарцгүй болсон асуудал хэмээн бодох нь олонтоо.

Гэхдээ багахан хичээл зүтгэл байхад бид эх дэлхийгээ хайрлаж, хамгаалж болохын ганцхан жишээ бол Говь- Алтай аймгийн Хөхморьт суманд таван жилийн өмнө Дэлхийн байгаль хамгаалах сангийн дэмжлэгтэйгээр элсний нүүдлээс хамгаалах хашааг татаж, элстэй, цөлөрхөг газар ургаж болох бүх төрлийн модны суулгац суулгасан явдал юм. Үр дүнд нь энэ хугацаанд байгалийн ургамал өөрөөрөө сэргэн ургаж, таван жилийн өмнө 19-хэн хувьтай байсан ургамлын бүрхэц 80 хувьд хүржээ.


 Зургийн эх сурвалж WWFMongolia

 Зургийн эх сурвалж WWFMongolia

САЛБАРЫН ОНЦЛОХ МЭДЭЭ: 

Байгаль орчны асуудлуудыг олон нийтэд таниулж, тэдгээрийг шийдвэрлэхэд залуусын оролцоог нэмэгдүүлэх зорилготой Зориг Сангийн Байгаль орчны манлайлал хөтөлбөрийн 14 дэх жилийн элсэлт эхэллээ.

БОАЖЯ-аас 2024 оныг “Мазаалай баавгай хамгаалах жил” болгон зарлалаа.

Хүлэмжийн хийг бууруулахын тулд зөвхөн нэг төрлийн зулзаган модыг олноор тариалах нь бидний бодсоноос ач холбогдол багатай төдийгүй халуун орны биологийн олон янз байдалд сөргөөр нөлөөлж буй тухай эрдэмтэд анхааруулж байна.

Мадрид хот хэт халалт, агаарын бохирдол, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх зорилгоор хотынхоо эргэн тойронд хагас сая мод тарьж, 74 км урттай ойн бүс байгуулахаар төлөвлөж байна.



САНАЛ БОЛГОХ НЬ:

ВИДЕО:

Монгол Улсын Улаан номд “Нэн ховордсон зүйл” ангилалд багтсан өндөр уулын эзэн буюу цоохор ирвэсийн амьдралын тухай эндээс үзээрэй.


ИРВЭСИЙН АМЬДРАЛ

КИНО:

Байгаль дэлхий бидний төсөөлж ч чадахааргүй сонин соргог, чих дэлдийлгэм, бүр нүдэндээ ч үл итгэм, гайхам зүйлсээр баялаг болохыг наймаалжтай нөхөрлөсөн нэгэн эрийн түүхээр өгүүлэх баримтат кино. 93 дах удаагийн Оскарын шагнал гардуулах ёслолоос “Шилдэг баримтат бүтээл” шагналыг хүртсэн тус кино усан доорх ертөнцийн үзэсгэлэн гоо хийгээд тэрхүү ертөнцийн эзэд болох далайн амьтдын нууцлаг амьдралын гайхамшгийг дэлгэн харуулсан юм.

MY OCTOPUS TEACHER

НОМ:

Эцэг эх мод хүүхдүүдтэй хамт ургаж, тэднийгээ өсөж өндийхөд нь тэтгэн тусалж, өвдөж доройтсон нэгэнтэйгээ шим тэжээлээ хуваалцаж, айсуй аюул заналын тухайд өрөөл бусдадаа сэрэмжлүүлдэг. Үүний үр дүнд ой модод нэг хамтлаг эсвэл нэг гэр бүл мэт хамгаалагдаж, өндөр насыг зооглох боломж бүрддэг аж. Ой мод гэдэг эх дэлхийн ямар амин чухал эд эс болохыг уншсан хэн бүхэнд ойлгуулах увдистай сэтгэл хөдлөм бүтээл.


МОДНЫ НУУЦЛАГ АМЬДРАЛ


ПОДКАСТ

Мөстлөгийн үеэс өдийг хүртэл тэсэж үлдсэн, эртний эрмэл амьтан хэмээгддэг дүр төрхөө хадгалан Монголд нутагшин амьдарч буй нэн ховор амьтан бол Бөхөн. Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн Бөхөн хамгаалах сүлжээний багийн ахлагч Б.Батсайхантай Sustainable Mongol подкаст бөхөнгийн тоо толгойг нэмэгдүүлэхийн тулд ямар ажлууд хэрэгжүүлж буй тухай ярилцжээ.



МОНГОЛ БӨХӨН, ЗОЧИН Б.БАТСАЙХАН



Бид тогтвортой хөгжлийн тухай сэдвийг хүн бүрийн ой тоонд шингээж, алхам бүрдээ хариуцлагатай байх дадал хэвшил, эх дэлхийгээ хайрлах ухамсрыг бүтээхийн тулд Тогтвортой хөгжлийг дэмжигч ХААН Банктай хамтран "Тогтвортой хөгжил-2030" цахим товхимлыг бэлтгэн хүргэдэг билээ.Хүн төрөлхтний гэрийн даалгавар гэгдэж буй "Тогтвортой хөгжлийн 17 зорилго"-той холбоотой мэдээллүүд, үйл явдлууд, сайн жишээнүүдийг энгийн үгээр, сонирхолтойгоор тайлбарлан давхар блог нийтлэл болгон хүргэж байна.

Цахим товхимолд бүртгүүлэх: 2030.mn

Unread Media & Khan bank