Дөнгөж өчигдөрхөн буюу нар буцахын өмнөх өдөр нийслэл хотод маань цас бударч, цахим ертөнцөд цастай холбоотой хөгжилтэй стори, постууд тасралтгүй хөвөрснийг та анзаарсан нь лавтай. Харамсалтай нь, энэхүү цаг агаарын онцгой үзэгдэл бол уур амьсгалын өөрчлөлтийн шууд тусгал билээ.

ЦУОШГ-ын мэдээлснээр, өнгөрөгч сард агаарын дундаж температур олон жилийн дунджаас 2.5 градусаар дулаан байсан бөгөөд 1940 оноос хойших хамгийн дулаан тавдугаар сар болж өнгөрсөн юм. Гэтэл ирэх сард нь агаарын температур ганцхан хоногийн дотор бараг 20 градусаар хүйтэрч, зургаадугаар сарын төгсгөлд бид өвлийн хувцсаа шүүгээний мухраасаа гаргаж, өмсөхөд хүрлээ.

Тэгвэл сонгуулийн сурталчилгаа ид өрнөж, хүн бүхэн намуудын мөрийн хөтөлбөртэй танилцаж буй энэ цаг үед намууд “Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх тухай” ямар бодлого баримталж, ирэх дөрвөн жилд хэрэгжүүлэх тухай мөрийн хөтөлбөртөө тусгасныг тоймлон хүргэж байна.


Улаанбаатар хот, 2024.06.21-ийн өдөр

Улаанбаатар хот, 2024.06.21-ийн өдөр

бид яагаад уур амьсгалын өөрчлөлтөд анхаарал хандуулах ёстой гэж? 

Дэлхийн дундаж температур 1880 оноос хойш цельсийн 1.2 хэмээр нэмэгдсэн нь XX зууны сүүлчээр гарсан хамгийн том өөрчлөлт. Уур амьсгалын өөрчлөлтийн талаарх хэвшмэл буруу ойлголтуудын тэргүүн эгнээнд цаг агаар, уур амьсгалын ялгаа багтдаг. Цаг агаар гэдэг нь биднийг гадаа гарахад байнга өөрчлөгддөг цаг уурын нөхцөл, харин уур амьсгал нь эдгээр нөхцөлийн урт хугацааны дундаж бөгөөд ихэвчлэн 30 жилийн хугацаанд тооцдог аж. Энгийнээр хэлбэл цаг агаар нь өнөөдрийн сэтгэл санааны байдал бол уур амьсгал нь таны төрөлх мөн чанар хэмээн ойлгоход хангалттай.

Тиймээс цельсийн 1 хэм нь цаг агаарын томоохон өөрчлөлтийг илэрхийлэхгүй ч уур амьсгалын ноцтой өөрчлөлт юм. Энэ тоо далайн мөсийг хайлуулах, хур тунадасны хэмжээг өөрчлөх, экосистемийг сүйрүүлэхэд хангалттай гэсэн үг.

Сүүлийн 80 гаруй жилийн хугацаанд манай орны жилийн дундаж агаарын температур 2.25 градусаар дулаарч, хур тунадасны хэмжээ 7.3 хувиар бууран, уур амьсгалын өөрчлөлтөд хамгийн хурдацтайгаар нэрвэгдэж байгаа улсуудын нэгээр тодроод буй.

монгол улсын одоогийн нөхцөл байдлын тухайд 

Угаас нийт нутаг дэвсгэрийнх нь 41 хувь говь, цөлийн бүсэд хамаарагддаг манай улсын газар нутаг бэлчээрийн даац хэтрэлт, хүний оролцооноос үүдэн маш богино хугацаанд 30 сая гаруй га нь цөлжилтийн нэн хүчтэй зэрэглэлд багтаад буй.

Өнөөдрийн байдлаар Монголын газар нутгийн 76.8 хувь нь хөрсний доройтолд өртөөд байгаагийн дээр шаардлагатай арга хэмжээ авахгүй бол 2080 он гэхэд нийт газар нутгийн 92 хувь нь цөлжих төлөвтэй байгаа харамсалтай мэдээг дуулгая. Ус цаг уур, байгаль орчны хүрээлэнгээс 2020-2021 оны өвөл, хаврын бэлчээрийн даацын тухай гаргасан мэдээлэлд Монгол Улсын нийт бэлчээр нутгийн 40 гаруй хувьд бэлчээрийн даац нэгээс гурав дахин хэтэрсэн байгаа тухай онцолжээ.

Энэ жилийн зуднаар л гэхэд улсын хэмжээнд нийт 6.5 сая мал хорогдсон бөгөөд Йелийн хүрээлэн буй орчны сургуулийн нийтлэлд дурдсанаар Арктикийн дулааралтаас үүдсэн туйлын хүйтэн агаар Монголд дамжин ирснээр өмнө нь арван жилд нэг удаа тохиолддог байсан зуд ирэх жилүүдэд илүү ойр давтамжтай тохиолдох магадлалтай аж.

Бид энэхүү нийтлэлдээ намуудын мөрийн хөтөлбөр тус бүрээс “Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх тухай” онцлох 10 заалтыг хүргэж байна.



шинэ сэргэлтийн бодлого, Бүсчилсэн хөгжлийн реформ

1. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан "Тэрбум мод" хөдөлгөөнийг дэмжин үргэлжлүүлж, уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг бууруулах, цөлжилт, хөрсний доройтолтой тэмцэх, усны эх үүсвэр, экологийн тэнцвэрт байдлыг хангах, эрх зүйн цогц шинэчлэл хийх юм. "Тэрбум мод" хөтөлбөрийн хүрээнд айл өрх бүр эзэмшил газартаа мод тарих аян өрнүүлж, төрөөс үзүүлж буй дэмжлэгийг ургуулсан модны тоо, цахилгаан, усны зардалтай уялдуулна.

2. Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг үр нөлөөг багасгах, байгальд ээлтэй, оролцоотой ажил бизнесийг татварын бодлогоор дэмжинэ.

3. Хүлэмжийн хийг бууруулах стратегийг утаа, эрчим хүч, өрхийн халаалтын шийдэл, цөлжилт зэрэг тулгамдсан асуудал руу чиглүүлж, олон улсын байгууллагуудаас санхүүжилт татаж, хамтарсан төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлнэ.

4. Үндэсний хэмжээнд хүлэмжийн хийн тооллогыг хийх аргазүйг сайжруулж, олон улсын хүлэмжийн хийн кредит тооцох, арилжаанд оруулах нөхцлийг бүрдүүлж, нөхөн олговор авна.

5. Монгол орны ус цаг уур орчны шинжилгээний салбарт өндөр технологи, хиймэл оюун ухааныг нэвтрүүлэн техникийн шинэчлэл хийж, цаг уур, гамшгийг эрт зарлаж, мэдээлэх ажлыг шинэ түвшинд гаргана.

6. Байгалийн унаган төрх, биологийн олон янз байдлыг хамгаалж, эко системийн тэнцвэрийг хадгалахад хувь нэмрээ оруулсан иргэн, аж ахуйн нэгжийг урамшуулах тогтолцоог бүрдүүлнэ.

7. Ус, хөрс, бэлчээрийг хамгаалах, газрын доройтол, цөлжилтөөс сэргийлэх “Бэлчээр ашиглалтын тухай хууль”-ийг батлан хэрэгжүүлнэ.

8. Бэлчээрийг гэрээгээр ашиглуулах замаар ашиглагч-малчдыг хариуцлагажуулна. Гэрээний дагуу даацаа хэтрүүлээгүй, зөв зохистой маллаж, бэлчээр хамгаалж байгаа малчдыг бага хүүтэй ногоон зээлд хамруулах боломжийг банк санхүүгийн байгууллагуудтай хамтран бүрдүүлнэ.

9. Байгалийн тогтоц, голын татамд хур тунадас, хайлсан цас мөсний усыг хуримтлуулах 140 хөв цөөрөм, далд усан санг байгуулж, ард иргэд, мал аж ахуй, зэрлэг амьтан, үйлдвэрлэлийн ус хангамж, хүртээмжийг нэмэгдүүлнэ.

10. Хаягдал ус боловсруулах, цэвэрлэсэн усыг ашиглах үйл ажиллагааг хоёр дахин нэмэгдүүлнэ.

Мөрийн хөтөлбөртэй дэлгэрэнгүй танилцах


бүтэн монгол, бүрэн ардчилал

1. Эрчим хүчний хэмнэлттэй, дэвшилтэт технологи бүхий амины болон нийтийн орон сууц, дэд бүтцэд олгох ногоон зээлийн хүртээмжийг нэмэгдүүлнэ.

2. Эрчим хүчний экспортын 5 ГВт хүчин чадлыг бий болгоно. Нарны эрчим хүчний 2 ГВт, салхины эрчим хүчний 2 ГВт, нүүрсний 500 МВт, цэнэг хураагуурын 500 МВт хүчин чадлыг бий болгоно.

Нарны эрчим хүч, цэнэг хураагуур хосолсон станц байгуулна:

o Дархан 100 МВт нар, 50 МВт цэнэг хураагуур;

o Чойр 100 МВт нар, 50 МВт цэнэг хураагуур;

o Мандалговь 200 МВт нар, 100 МВт цэнэг хураагуур.

3. Хог хаягдлыг бууруулах, эдийн засгийн эргэлтэд оруулахад чиглэсэн эко төлбөрийн эрх зүйн зохицуулалтыг бий болгоно. Хог хаягдлын төвлөрсөн цэгийн стандартын ландфиллын болон аюултай хог хаягдлыг түр хадгалах, устгах зориулалтын байгууламжийг үе шаттайгаар байгуулна.

4. Салбаруудын хүлэмжийн хийн ялгарлыг хэмжих, тооцоолох, тооллого хийх, магадлах, тайлагнах чадавхийг бэхжүүлж, цахимжуулна.

5. Ойгоор бүрхэгдсэн талбайн хэмжээг нийт газар нутгийн 9 хувьд хүргэж, нүүрсхүчлийн хийн шингээлтийг нэмэгдүүлнэ. Эко системийн тэнцвэрт байдлыг хадгалах, ой, рашаан, булагийг хамгаалах чиглэлээр өөрийн хөрөнгөөр нөхөн сэргээсэн иргэн, аж ахуйн нэгжид төрөөс урамшуулал олгох эрх зүйн орчныг бүрдүүлнэ.

6. Цөлжилтөд хүчтэй өртсөн аймаг, орон нутагт газрын доройтлыг бууруулах, нөхөн сэргээх арга хэмжээг хэрэгжүүлнэ. Говь, хээрийн бүсэд газрын доорх усны ордын орчимд үерийн усыг тогтоон барих далан, шингээх худаг, нэвчүүлэх цөөрөм байгуулах замаар усны нөөц баялгийг арвижуулах, нөхөн сэргээх технологи нэвтрүүлнэ.

7. Эрчим хүчний тусгаар тогтнол” үндэсний хөтөлбөр хэрэгжүүлж, гуравдагч болон хөрш орнуудтай хамтарсан олон улсын цөмийн болон сэргээгдэх эрчим хүчний мега төслүүдийг эхлүүлнэ.

8. Эко системийн тэнцвэрт байдлын алдагдал, байгалийн нөөц баялгийн зүй бус ашиглалтыг зогсоох, цөлжилтийг сааруулах, “ногоон байгаль” бодлогыг хэрэгжүүлэн байгалийн жам ёсоор сэргэх боломжийг дээшлүүлэх замаар хүрээлэн буй орчны тогтвортой байдал, ногоон хөгжлийг дэмжин хүний амьдралын чанарыг сайжруулна.

9. Уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй, хөдөө аж ахуй - хүнсний нэмүү өртгийн тогтвортой нэгдмэл сүлжээг дэмжих бодлого, зохицуулалтын эрх зүйн орчныг бүрдүүлнэ.

10. Хүнс, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний худалдааны орчныг либералчилж, эко, ногоон, органик шошготой бүтээгдэхүүнийг олшруулан сав баглаа, боодлыг улсын нэгдмэл стандарттай болгоно.

Мөрийн хөтөлбөртэй дэлгэрэнгүй танилцах


үндэсний үйлдвэрлэлээ дэмжье, үндэстнээрээ баяжъя

1. Монгол улс 2030 он гэхэд тусгай хамгаалалттай газар нутгийн хэмжээг 30 хувьд хүргэх тухай санаачилгыг дэмжиж, биологийн олон янз байдлыг хамгаалах, хадгалах ажлыг эрчимжүүлж, МАЗААЛАЙ, ИРВЭС, ЦАГААН ШОНХОР, ТУЛ зэрэг санаачилгыг хэрэгжүүлж эхлүүлнэ.

2. Эрчим хүчний хэмнэлт, ногоон технологи, байгаль орчныг хамгаалахад чиглэсэн инновацыг хөгжүүлэх, хог хаягдлыг бууруулах зэрэг тогтвортой хөгжлийн шийдлүүдийг Нүүрстөрөгчийн зах зээлтэй холбож, хүлэмжийн хийн ялгаруулалтыг 2030 он хүртэл бууруулах зорилтын хүрээнд мөнгөжүүлэн, эдийн засгийг дэмжихэд хувь нэмэр оруулна.

3. Хөдөө орон нутгийг сэргээх үйл ажиллагаанд орчны нөхөн сэргээлт, мод тарих, усны нөөцийг зохистой ашиглах зэрэг арга хэмжээг хэрэгжүүлэх, хөдөө аж ахуйг органик байдлаар хөгжүүлэх чиглэл баримталж ажиллана.

4. Мянганыхан амьдрах орчноо уур амьсгалын өөрчлөлтөд зохицуулан бэлтгэх, цаашдын тогтвортой хөгжилд хувь нэмрээ оруулах “Ногоон ирээдүй” санаачилгыг эхлүүлж, сэргээгдэх эрчим хүч, цахилгаан тээврийн хэрэгсэл ашиглах, хог хаягдлаа ангилах, дахин боловсруулах, “Тэрбум мод” хөдөлгөөнийг дэмжин мод тарих “Ижий төгөл” ажлыг орон даяар төр, хувийн хэвшил, олон улсын байгууллагын түншлэлийн хүрээнд дэмжиж зохион байгуулна.

5. Манлай малчдаар түүчээлүүлэн, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон, эрсдэл даах чадавхтай тогтолцоог малчид, үйлдвэрлэгчид, орон нутгийн оролцоо, санаачилгад тулгуурласан “хамтын шийдвэр гаргалт”-аар бүрдүүлнэ.

6. Бэлчээрийг зүй зохистой ашиглах, нөхөн сэргээх, малын үүлдэр угсааг сайжруулах болон малын эрүүл мэндийг хамгаалах, сургалт үйлдвэрлэлийн мал эмнэлгийн төвүүдийг бүс бүрд төр, хувийн хэвшил, ХААИС болон эрдэм шинжилгээний байгууллагуудын оролцоотой бий болгоно. Технологи, инновацыг бэлчээрийн мал аж ахуйн үйлдвэрлэлд нэвтрүүлнэ.

7. Эрчимжсэн мал аж ахуйд өндөр үр ашигтай малын тоог нэмэгдүүлж, төв суурин газрын хүн амыг сүү, шинэ мах, өндөг болон хэрэгцээт бусад бүтээгдэхүүнээр хангах зорилгоор үйлдвэрлэлийн бүсүүдийг тэжээл үйлдвэрлэлийн байршил, чадавх, ханган нийлүүлэлтийн тогтолцоотой уялдуулан хөгжүүлнэ.

8. Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх тогтолцоонд шинэчлэл хийж, төгсөгчид орчин үеийн шинэ техник технологи бүхий ажлын байрны шаардлага хангахуйц мэргэжлийн ур чадвар бүрэн эзэмшсэн байх жишиг тогтооно.

9. Нүүрс, химийн үйлдвэрлэл, устөрөгч, газрын ховор элемент, зэс болон бусад металл баяжуулах, цэвэршүүлэх технологи, сэргээгдэх эрчим хүч, цөлжилт, бэлчээр, тогтвортой мал аж ахуй, эмийн ургамал зэрэг Монгол Улсын өвөрмөц давуу тал, сорилттой уялдсан судалгааны чиглэлүүдийг нэн тэргүүнд дэмжинэ.

10. Монгол хүн эрүүл орчинд ажиллаж, амьдрах үндсэн нөхцөл болох хот, суурин газрын агаар, ус, хөрсний зэрэг орчны бохирдлыг технологийн шинэчлэл, төр, хувийн хэвшил, олон нийтийн оролцоотойгоор бууруулна.

Мөрийн хөтөлбөртэй дэлгэрэнгүй танилцах


тогтвортой хөгжлийг дэмжих 

1. Сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр, ногоон технологид хөрөнгө оруулалт хийж, чулуужсан түлшний хараат байдлыг бууруулж, уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг бууруулна.

2. Бохирдлоос урьдчилан сэргийлэх, экосистемийг хамгаалах байгаль орчны дүрэм, журам стандартыг мөрдүүлэхийн зэрэгцээ байгальд ээлтэй үйлдвэрлэл, дадлыг сурталчлан хөгжүүлнэ.

3. Тогтвортой, ногоон технологийг хөгжүүлэх болон инновацын кластеруудыг бий болгоход дэмжлэг үзүүлж, судлаачид, бизнес эрхлэгчид, хөрөнгө оруулагчдыг нэгтгэн байгальд ээлтэй шийдлүүдийн талаар хамтран ажиллана.

4. Бизнесүүдийг тойргийн эдийн засгийн практикийг хэрэгжүүлэх, хог хаягдлыг багасгах, дахин боловсруулалтыг дэмжинэ.

5. Ойн бүрхэвчийг нэмэгдүүлэх, нүүрстөрөгчийн хуримтлал, хөрсийг тогтворжуулах, усны сав газрыг хамгаалах үр ашгийг нэмэгдүүлэх, говийн бүс орчмын элсний нүүдлийг сааруулах зорилгоор ойжуулалтын кампанит ажлыг эхлүүлнэ.

6. Газар ашиглалтын төлөвлөлт, экологийн үнэлгээ хийх замаар ойжуулалтын төсөл хэрэгжүүлэхэд тохиромжтой газрыг эвдэрсэн газар, орхигдсон газар тариалангийн бүс нутаг, хотын ногоон байгууламж гэж ангилан ялгаж, бодлого хэрэгжүүлнэ.

7. Уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй байдлыг бий болгож, байгаль орчинд үзүүлэх нөлөөллийг багасгахын тулд цаг уурын ухаалаг хөдөө аж ахуйн технологи нэвтрүүлэхийг дэмжинэ.

8. Хөрс хамгаалал, усны менежмент, сэлгэн бэлчээрийг багтаасан бүтээмж, тэсвэр хатуужил, байгаль орчны менежментийг сайжруулдаг хөдөө аж ахуй, мал аж ахуйн тогтвортой туршлагыг дэмжинэ.

9. Хөдөө аж ахуйн дэд бүтэц, жижиг фермерүүд, бэлчээрийн мал аж ахуй эрхлэгчдийг дэмжих бодлого хэрэгжүүлнэ.

10. Үндсэн хуулийн 5.5 заалтын хүрээнд жил бүрийн намар өвөлжилтийн бэлтгэл хангах чиглэлд бодлого боловсруулна.

Мөрийн хөтөлбөртэй дэлгэрэнгүй танилцах


байгальд ойр хөгжил 

1. Ойжуулалт, нөхөн сэргээлт, тогтвортой газар тариалан эрхлэх зэрэг газрын тогтвортой менежментийн сайн туршлагыг дэлгэрүүлнэ. Эвдэрсэн газрыг сэргээх хөдөө аж ахуйн арга техникийг хэрэгжүүлэх, нүүрстөрөгчийг шингээх, экосистемийн уян хатан чанарыг нэмэгдүүлэхийн тулд хөрс, газрыг хамгаалах хүчин чармайлтыг дэмжинэ.

2. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг дэмжиж ажиллана. Мод ургуулах ажлыг тодорхой хэмжээгээр бизнес, арилжааны хэлбэрт шилжүүлэх, гадаад дотоодын хувийн санхүүжилт, ногоон бонд, хөрөнгө оруулалтыг татах таатай орчин бүрдүүлэх, дэмжих чиглэлээр анхаарч ажиллана. Айл бүр хашаандаа 5-10 мод тарих, өрхийн аж ахуй эрхлэх эрх зүйн орчныг бүрдүүлж, үүнийг нь газар өмчлөх, эзэмших, ашиглах эрхтэй уялдуулна.

3. Аймаг, сум, аялал жуулчлалын төвүүд гэх мэт хүн ам төвлөрсөн, суурин газруудад олон улсын болон үндэсний стандартын шаардлага хангасан бүтээц, цэвэрлэгээ бүхий 150 хүртэл бага оврын био-ариун цэврийн байгууламжуудыг суурилуулна.

4. Монгол орон даяар сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр ашиглах боломжтой байршил, газруудыг улсын тусгай хэрэгцээнд авч, нар, салхи, усан цахилгаан станцын зориулалтаар хөгжүүлнэ.

5. “Эзэнтэй хог” хөтөлбөр хэрэгжүүлж, хог хаягдлын менежментийн өнөөгийн тогтолцоог бүрэн шинэчлэх, хог хаягдал дахин боловсруулах стандартыг сайжруулах зэрэг бодлогын арга хэмжээг авч хэрэгжүүлнэ.

6. Хөдөө аж ахуйн зориулалтаар ашиглагдсан газрыг байгалийн аргаар нөхөн сэргээх, сэлгэн ашиглах журмыг боловсруулна. Газар тариаланд ашиглагдаж буй химийн бодисыг олон улсад зөвшөөрөгдсөн тогтолцоогоор хянана. Хөрсний үржил шимийг нэмэгдүүлэх, хөрс тордох агротехникийн болон усалгааны хэмнэлттэй, үр ашигтай дэвшилтэт технологи нэвтрүүлэх бодлогыг хэрэгжүүлнэ.

7. Ус цаг уур, байгаль орчны хяналт шинжилгээний сүлжээг өргөтгөж техник технологийн шинэчлэл хийхэд олон улсын байгууллагуудтай хамтарна. Хөрс, газар, ус, агаар, биологийн олон янз байдлыг хамгаалах байнгын, ухаалаг мониторинг сүлжээг хөгжүүлж хүний нөөц, техник технологи, мэдээ боловсруулалт, мэдээллийн ил тод байдал, ашиглалт-хамгаалалтын цогцолборыг бүрдүүлнэ.

8. Олон улсын хүлэмжийн хийн зах зээлд Монгол Улс идэвхтэй оролцох, хүлэмжийн хийн тооцоолол, мэдээллийн бааз, цахим платформ үүсгэх, хүлэмжийн хийн тооцооллын үнэлгээ, хянан баталгаажуулах, олон улсын зах зээлд оролцох мэргэжлийн дотоод чадавхыг эрс нэмэгдүүлэх, цаашлан олон улсын түвшинд ажиллах мэргэжлийн боловсон хүчин бэлдэх чиглэлээр тусгайлан анхаарч ажиллана.

9. Агаарын бохирдлын хөдөлгөөнт эх үүсвэрээс гарах ялгарлыг багасгахын тулд хорт утаа ялгаруулж буй авто машиныг замын хөдөлгөөнд оролцохыг хориглож, түүнийг хянах тогтолцоог бий болгоно.

10. Хил дамнасан болон эх нутагтаа байх усны тусгайлсан бодлого хэрэгжүүлж, усны дахин хуваарилалтыг бүсчилсэн хөгжилтэй уялдуулна. Усны сав газрын бодлогын зэрэгцээ хот суурин газрын усны менежментийг тусгайлан хэрэгжүүлнэ.

Мөрийн хөтөлбөртэй дэлгэрэнгүй танилцах


боловсрол-бизнесийн орчин-тогтвортой хөгжил 

1. Хур тунадас багатай, гандуу хуурайгаас үүдэн гамшиг тохиолдох магадлалтай Монгол оронд эзэмшил газар болон бэлчээрийн ногоон бүрхүүлийг нэмэгдүүлэх “Хурын шим” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ.

2. Усны хүртээмж багатай Монгол орны иргэдийн хувьд иргэд ганцаараа буюу хамтран өөрийн болон дундын эдэлбэр газарт ногоон байгууламж барих, түүнийг хувийн хэвшлийн банк санхүүгийн байгууллагаас санхүүжүүлэх үйл ажиллагааг хөхиүлэн дэмжсэн хууль эрх зүйн орчин бүрдүүлнэ.

3. Монгол орны байгаль цаг уур, газар зүйн нөхцөл байдлын онцлогт нийцсэн, цаг уурын өөрчлөлтөд дасан зохицох аливаа үйл ажиллагааг иргэд хувийн хэвшилтэй хамтран шийдэж, үр дүн гарч байгаа бол тэдгээр үйл ажиллагааны тогтвортой байдлыг хангахад чиглэсэн зохион байгуулалтын ухаалаг дэмжлэг үзүүлнэ.

4. Нэг удаагийн далайлтаар кампаничлах замаар аливаа тогтвортой шийдлийг устгадаг байдлыг таслан зогсооно.

5. Орчны бохирдлыг багасгахад иргэдийн оролцоотой, тогтвортой шийдлийг дэмжинэ. Иргэд бүтээх, боловсруулах үе шатанд нь оролцоогүй, хэрэглээнд нэвтэрсний дараа иргэдийн хариу үнэлгээнд суурилсан хөгжүүлэлт хийгдээгүй, Монгол орны эрс тэс уур амьсгалд 24 сараас доошгүй хугацаанд туршигдаагүй аливаа технологийг улсын төсвөөс санхүүжүүлэхгүй.

6. Ногоон хөгжилд зориулсан болон орчны бохирдлын эсрэг бүтээгдэхүүн нь эрс тэс уур амьсгал, хэрэглэгчдийн соёлд нийцэх эсэх нь 24 сарын ашиглалтын явцад нотлогдсон бол худалдан авалт, бусад хөнгөлөлтийн дэмжлэгт хамрагдана.

7. Аливаа бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын ажлыг иргэдийн оролдоогоогүйгээр шийддэг байдлыг хална.

8. Аливаа бүтээн байгуулалт болон хөрөнгө оруулалтын үйл ажиллагааг эхлэхээс хамгийн багадаа нэг жилийн өмнө үйл ажиллагаанд шууд өртөх иргэдтэй уулзалт, танилцуулга эхлүүлсэн байхыг хуульчилна. Хэрэв иргэдийн 85 хувь нь дэмжвэл төслийг эхлүүлэхийг зөвшөөрнө.

9. Хэрэв төрийн болон орон нутгийн хөрөнгө оруулалтаар аливаа бүтээн байгуулалт хийж буй бол тухайн бүтээн байгуулалтын байршил сонгох асуудлаар заавал сонсгол хийдэг болгоно.

10. Гамшгаас хамгаалах байгууламжийг гэмтээх, өөрчлөх, эвдэх, устгах зөвшөөрөл өгсөн орон нутгийн төрийн захиргааны болон төрийн агентлагийн ажилтан, албан тушаалтныг төрийн албанаас чөлөөлж, дахин төрд ажиллах эрхийг хасна.

Мөрийн хөтөлбөртэй дэлгэрэнгүй танилцах

Монгол Улсын УИХ-ын ээлжит сонгууль 2024 оны зургаадугаар сарын 28-ны өдөр болно. Манай редакц залуу мэргэжилтнүүдийн улс төрийн боловсролыг нэмэгдүүлэх, сонгуулиа өгөх сэдлийг өдөөх зорилгоор Редакцын бодлогынхоо хүрээнд нэр дэвшигч, нам эвслүүдтэй хамтран ажиллаж байна.

Алдалгүй сонго