Египетийн Шарм Эл Шэйх хотноо энэ сарын зургаанаас 18-ын хооронд уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг дэлхийн хамгийн том хурал COP27 болж өнгөрөв. Уур амьсгалын тухай НҮБ-ын суурь конвенцод оролцогч талуудын хуралд АНУ-ын ерөнхийлөгч Ж.Байден, Их Британийн ерөнхий сайд Р.Сунак, Францын ерөнхийлөгч Э.Макрон тэргүүтэй 90 улсын төрийн тэргүүд, нийт 35 мянга гаруй төлөөлөгчид хүрэлцэн ирсэн. Гэвч дэлхийн нийт хүлэмжийн хийн 35 хувийг дангаар бүрдүүлэгч Хятад, Энэтхэгийн төлөөлөл G20-д илүүтэй анхаарал хандуулж, COP27-г алгассан билээ.

Энэ жилийн тухайд хөгжингүй орнууд ядуу, буурай бүс нутагт 100 тэрбум ам.долларын дэмжлэг үзүүлэх тухай өдийг хүртэл бүрэн биелэгдээгүй амлалтыг нухацтайгаар хэлэлцэж, дэлхийн дулаарлын гол шалтгаан болж буй (Их хорийн улсууд нийт хүлэмжийн хийн 80 хувийг ялгаруулдаг) хөгжингүй орнуудаас санхүүгийн хувьд дэмжлэг бус нөхөн төлбөр нэхэж буйгаар онцлог.

Unread-ын зүгээс дэлхийн удирдагчид нэгэн дээвэр доор 14 хоногийн турш чуулж буй эдгээр өдрүүдэд COP27 хурлын тухай 2030 цахим товхимлын тусгай дугааруудыг өнгөрсөн долоо хоногийн турш бэлтгэн хүргэсэн. Тиймдээ ч бид энэ удаагийн нийтлэлээрээ COP27 хурлын эргэн тойрны онцлох үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.


1. cop27 хурлын өмнө: яагаад бид уур амьсгалын өөрчөлтийн талаар хэлэлцэх ёстой гэж?


ЦААЗЫН ЯЛААС ЯЛГААГҮЙ

Дэлхийн дундаж температур 1880 оноос хойш дунджаар 1.2 температураар нэмэгдсэн нь мөстлөгийн үеэс хойших хамгийн өндөр хэм юм. Долоон жилийн өмнө Парисын хэлэлцээрээр 192 улс дэлхийн дулаарлыг 1.5 градуст барих амлалт өгсөн. Харамсалтай нь, бидний дэлхий хэдийнээ 2.7 градусаар халах замдаа гараад байна. Энэ хэмжээний дулаарал олон орны хувьд цаазын ялаас ялгаагүй.

Энэ оны наймдугаар сард Пакистаныг дайрсан үерийн улмаас 30 тэрбум доллар, 2019 онд Мозамбик, Малави, Зимбабвег дайрсан "Идлай" хар салхи 2.2 тэрбум долларын хохирол учирч, тус бүрдээ 1000 гаруй хүний амь нас байгалийн гамшгийн үеэр эрсэдсэн. Үүний зэрэгцээ Сомали улсад сүүлийн 40 жилд тохиогоогүй ган гачгийн улмаас 1.1 сая хүнийг нүүлгэн шилжүүлж, үр тариа хомсдож, 6.7 сая хүн өлсгөлөнд нэрвэгдсэн.

Африк тив дэлхийн нийт хүнсний гуравны нэгийг хангадаг ч өөрсдөө дэлхийн дулаарлаас шалтгаалан жил бүр 7-15 тэрбум ам.долларын алдагдал хүлээж буй. Бид хамтдаа дорвитой өөрчлөлт хийхгүй байх аваас 2050 онд энэ тоо 50 тэрбум ам.долларт хүрнэ.

Тэрчлэн, 2030 он гэхэд уур амьсгалын өөрчлөлтөд хамгийн ихээр өртөж буй ядуу буурай улс орнуудын хохирлыг нөхөхийн тулд хамгийн багадаа жилд 290-580 тэрбум ам.доллар шаардлагатай болох тухай судалгааны дүн ч бий. Тэгвэл энэ их төлбөрийг хэн төлөх ёстой вэ?



ХЭРГИЙН ЭЗЭД ХЭН БЭ?

Одоогоос 13 жилийн өмнөх, COP15 уулзалтын үеэр хөгжингүй орнууд ядуу буурай бүс нутгийн хүн амд уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицоход нь туслах зорилгоор жил бүр 100 тэрбум ам.долларын санхүүжилт олгохоо амласан.

Энэхүү систем нь сайн дурын үндсэнд ажилладаг бөгөөд учирсан хохирлыг барагдуулах бус дасан зохицох, бууруулахад чиглэгддэг. Нөхөн төлбөр төлөх ёстой орнуудаас хамгийн хойш байгаа улс нь АНУ. Тэд нийт хүлэмжийн хийн дөрөвний нэгийг дангаар ялгаруулж байгаа хэр нь ердөө долоон тэрбум ам.долларыг л өнгөрсөн онд олгожээ.

Гэвч 100 тэрбум долларын дэмжлэг олгоод л асуудал шийдэгдэхгүй. Уур амьсгалын өөрчлөлтийн аюултай түвшнээс зайлсхийхэд шаардагдах хөрөнгө оруулалттай харьцуулахад 100 тэрбум ам.доллар өчүүхэн тоо юм. Зөвхөн эрчим хүчний салбарыг ногоон болгоход бидэнд жилдээ 2.4 их наяд ам.долларын санхүүжилт шаардлагатай.

Харин энэ бүх эдийн засгийн хохирол ядуу буурай улсуудын нуруун дээр тэр чигтээ бууж буй.(Африк тивийн 50 улс нийлээд хүлэмжийн хийн ердөө дөрвөн хувийг ялгаруулдаг.) COP27 хурлын үеэр Арлын улсуудын холбооны ерөнхийлөгч хөгжингүй орнуудын удирдагчдад хандан “Та бүхэн өнгөрсөн хугацаанд бидэнтэй буяны үйлс үйлдэж байгаа мэт харьцаж, сайн дурын сан байгуулах зэргээр өөрсдийн учруулсан хохирлыг хаацайлж ирсэн. Харин одоо бид өөрсдийн авах ёстой нөхөн төлбөрийг та бүхнээс шаардаж байна” хэмээн хүчтэй мэдэгдэл хийсэн нь олон улс орны энэхүү хуралд хүрэлцэн ирсэн хамгийн том зорилгыг илэрхийлсэн юм.

Тиймдээ ч энэ жилийн гол сэдэв санхүүжилт байгаад гайхах зүйл үгүй. Энэ жилээс уг санхүүжилтэд Хятад, Энэтхэг улсыг хөгжиж буй статусаас нь үл хамааран хувь нэмрээ оруулах шаардлагыг хүчтэй тавьж байна.


2. cop27 хурлын онцлох мөчүүд 

ХЭТЭВЧЭЭ МАРТСАН АНУ

АНУ бол түүхэн дэх хамгийн том хүлэмжийн хий ялгаруулагч улс. Тэд зөвхөн өнгөрсөн жил гэхэд 5.4 сая тонн буюу дэлхийн нийт нүүрстөрөгчийн давхар ислийн 10 хувийг дангаар ялгаруулсан. Тиймдээ ч дэлхийн улс орнууд COP27 хурал дээр АНУ-ын төрийн тэргүүн Жо Байдены тавих илтгэл, түүний өгөх амлалтыг чих тавин хүлээсэн билээ. Харамсалтай нь, дэлхийн хамгийн хүчирхэг гүрний удирдагч энэ удаагийн хуралд хэтэвчээ мартаад ирсэн бололтой. Түүний илтгэлээс онцлох санааг базвал:

-АНУ 2024 он гэхэд хөгжиж буй улс орнуудын сэргээгдэх эрчим хүчний салбарыг хөгжүүлэх зорилгоор 11 тэрбум ам.долларыг зарцуулах болно хэмээн илтгэлээ нээсэн билээ. Гэвч өнгөрсөн жилийн COP26 хуралд тэрээр энэхүү амлалтаа хэдийнээ өгчихсөн гэдгийг мартаж болохгүй.

-Түүнчлэн 2021 онд Ж.Байден конгрессоор дээрх тусламжаас ердөө нэг тэрбум ам.долларыг л батлуулж чадсан. Тэгэхээр хоёр жилийн дотор энэхүү амлалт хэрэгжиж дуусах эсэх нь тун эргэлзээтэй гэсэн үг. АНУ жил бүр 150 сая ам.долларыг уур амьсгалын өөрчлөлтөд хамгийн хүчтэй нэрвэгдэж буй Африк тивийн улсуудад зарцуулахаар амлав.

Гэвч та бүхний мэдэж байгаачлан хүлэмжийн хийн хор уршгийн дийлэнхийг нуруун дээрээ үүрч буй Африк тивийн хувьд дээрх мөнгө огтхон ч хангалтгүй. Төгсгөлд нь, 2030 он гэхэд хүлэмжийн хийн ялгаруулалтаа 52 хувиар бууруулах болно хэмээн мэдэгдсэн боловч хэрхэн, яаж шат дараатайгаар багасгах тухай дэлгэрэнгүй мэдээлэл өгсөнгүй.



Харин COP27 хурлын дараа тэрээр G20 уулзалтад оролцох үедээ дэлхийн хамгийн том нүүрсний экспортлогч улс болох Индонезид хангалттай өгөөмөр зан гаргасан нь гайхширал төрүүлэм. Тодруулбал, G20-ийн үеэр Ерөнхийлөгч Байден БНХАУ-ын дарга Ши Жиньпин нар гурван цаг хагас ганцаарчлан уулзсаныхаа дараа Индонези улсыг нүүрснээс татгалзаж, улмаар шавхагдах нөөцөө сэргээгдэх эрчим хүчээр солиход нь туслах зорилгоор 20 тэрбум ам.долларын багц санхүүжилт олгохоо зарласан.



ХУРЛЫН ОД


Сонгуульд ялалт байгуулснаас хойш ердөө хоёр долоо хоногийн дараа Бразилийн ерөнхийлөгч Лула да Силва COP27 индэр дээрээс олон улсад хандсан анхны илтгэлээ тавьсан нь түүнийг тус хурлын жинхэнэ од болголоо.

Хэрэв бид хамтдаа Амазоныг хамгаалж чадахгүй бол дэлхийн дулаарлыг зогсоох талаар санахын ч хэрэггүй хэмээн тэрээр мэдэгдээд уур амьсгалын өөрчлөлт нь түүний Засгийн газрын хамгийн чухал асуудал байх болно гэв. Гэвч шинжээчдийн үзэж буйгаар түүний амлалт бодит хөрсөн дээр буухын тулд олон бэрхшээлтэй тулгарна.

Ирэх нэгдүгээр сард ерөнхийлөгчийн бүрэн эрхээ Лулад шилжүүлэн өгөх экс ерөнхийлөгч Жаир Болсонаругийн засаглалын үед Амазоны ширэнгэн ойн байгалийн гамшиг түүхэн дээд хэмжээнд хүрсэн. Гал түймэр, замбараагүй ой мод огтлол, уур амьсгалын өөрчлөлт үргэлжилсээр байвал Амазоны ширэнгэн ойн амьтдын 58 хувь устаж алга болох аюул ойрхон буй.

Тэрчлэн, COP27 хурлын үеэр дэлхийн халуун орны ширэнгэн ойн талаас илүү хувийг эзэлдэг Бразил, Индонез, Конго нар ширэнгэн ойг хамгаалах гэрээнд гарын үсэг зурж, байгаль хамгаалах “санхүүжилтийн механизм”-ын талаар хэлэлцээ хийхээр тохиролцсон билээ. Гэвч энэхүү хэлэлцээр нь одоогийн байдлаар тогтвортой санхүүгийн дэмжлэггүй бөгөөд уриалга төдий ажил байгааг дурдах хэрэгтэй болов уу.



ХОНГИЛЫН ҮЗҮҮРТ ГЭРЭЛ 

Нийт 14 хоногийн турш хуралдсаны эцэст дэлхийн 200 орчим орны төлөөлөгчид хөгжингүй орнуудын бохирдлоос үүдэлтэй уур амьсгалын өөрчлөлтийг даван туулахад ядуу, буурай бүс нутагт туслах сан байгуулахаар тохиролцов.

Хэлэлцээрийн хүрээнд 24 орны төлөөлөгчдийг оролцуулсан хороо байгуулж, ирэх жилээс өмнө ямар хэлбэрээр сан бүрдүүлэх, аль улсууд хандивлагч болох, цугларсан мөнгийг хаашаа чиглүүлэх зэрэг асуудлыг шийдэхийг уриалсан байна. Гэхдээ бид энэ удаагийн хурлаар аль ч улс орон уг санд төлбөр төлөөгүйн улмаас хуулийн хариуцлага хүлээхгүй буюу өмнөх 100 тэрбумтай адил сайн дурын үндсэн дээрх хандив гэдгийг санууштай.

Пакистаны Уур амьсгалын өөрчлөлтийн асуудал эрхэлсэн сайд Шерри Рехман "Сан байгуулах мэдэгдэл нь дэлхийн өнцөг булан бүрд уур амьсгалын өөрчлөлтийн үр дагаврыг нуруун дээрээ үүрч буй ядуу, буурайн улсын иргэдэд итгэл найдвар төрүүлж байгаа төдийгүй энэ удаагийн хурлын гол утга учир нь боллоо” хэмээсэн юм.

Гэвч асуудал ийм амархан шийдэгдэх үү гэвэл бас үгүй.

АНУ болон Европын холбооны зүгээс дэлхийн хамгийн том хүлэмжийн хий ялгаруулагч төдийгүй хоёр дахь том эдийн засаг болох Хятадыг уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх аливаа санд зайлшгүй хувь нэмрээ оруулах ёстой бөгөөд Хятад улс эдгээр сангаас тусламж дэмжлэг авахгүй байх тухай баталгааг НҮБ-аас шаардаж байгаа юм.

3. УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧлӨЛТ бидний амьдралд хэрхэн нөлөөлж байгаа вэ?

ҮЕРИЙН АЮУЛ 

Энэ зун Пакистаны нутгийн зүүн өмнөд хэсгээр ширүүн үргэлжилсэн аадар борооны улмаас үер бууж, 1000 гаруй хүн амиа алдсан харамсалтай үйл явдал тохиосон. Нийт 30 сая гаруй хүн уг үерт өртсөн бөгөөд 700 мянган айлын гэр усанд автаж, борооны улирлын үеэр буусан хур тунадасны хэмжээ жилийн дунджаас 700 хувиар давсан гэсэн тооцоо гарсан юм.

Африк тивийн хувьд ч энэ жил ээлж дараалан тохиосон үерүүд томоохон гарз хохирлуудыг дагуулсан билээ. Баруун Африкт борооны улирлын үеэр үер болох нь хэвийн үзэгдэл хэдий ч Нигери болон хөрш зэргэлдээ орнуудад сүүлийн хэдэн арван жил дэх хамгийн аймшигтай үер тохиосон.

НҮБ-аас тус үерт өртсөн хүний тоо 3.2 саяыг давсан бөгөөд ойролцоогоор 1.5 сая хүнийг нүүлгэн шилжүүлсэн гэх мэдээллийг өгсөн. Үерийн уршгаар үлэмж хэмжээний үржил шимт газар тариалангийн талбай усанд автаж, түлш, хүнсний хангамж тасалдсаныг ч дурдах хэрэгтэй.

Эдгээр байгалийн гамшиг бол уур амьсгалын өөрчлөлтийн шууд үр дагавар. Тэгвэл хэрхэн их хэмжээний хур тунадас байгалийн гамшиг болон хувирдаг хэрэг вэ?

Дэлхийн дундаж хэм өсөхөд усны ууршилт нэмэгдэж, илүү хүчтэй, илүү өндөр давтамжтай аадар бороо ордог. Харин энэхүү их хэмжээний борооны усыг хөрс тэр чигт нь шингээж чадахгүй. Хөрсөнд шингэж амжсан багахан хэмжээний ус маш хурдтай уурших тул өнгөн хөрс хуурайшна. Энэ байдал удаан үргэлжилбээс гүний усыг ч ууршуулах аюултай.

Энэ бүхний үр дүнд усаар тэтгэгдэх учиртай үржил шимт хөрс ургамал тэжээх чадалгүй болж хувиран ган гачиг үүсэж байгаа юм. Ийм үед их хэмжээний бороо нэмж орвол үер болно.

IBCC-ийн тооцоолсноор хэрэв дэлхий хоёр градусаар дулаарвал гурван тэрбум хүн цэвэр усны хомсдолд орно гэж үзсэн. Гэтэл цэвэр усгүй бол уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох шилжилтийг хүн төрөлхтөн амжилттай хийж чадахгүй.



ХҮНСНИЙ ХОМСДОЛ 

Уур амьсгалын өөрчлөлт хэтэрхий хурдацтай явагдаж буй энэ үед гурилын үнэ хэтэрхий хурдан өсөж байвал та бүү гайхаарай. Гурилын гол орц болох улаан буудай нь +8-аас 27 градусын дулааныг л тэсвэрлэх чадвартай. Өдрийн дундаж хэм 25 байсан ч манай улс шиг эрс тэс уур амьсгалтай нутагт өдөр шөнийн температурын зөрүү 10 градусаар хэлбэлздэг шүү дээ.

Өөрөөр хэлбэл, өнөөдрийн дээд хэм 30 градус хүрч, доод хэм 8 градусаас доошилсон өдрүүд олшрох тусам бид намрын ургацаа алдаж улмаар улаан буудайн хомсдол үүсэх өндөр магадлалтай. Нөхцөл байдал дээрдэхгүй байх аваас 2100 он гэхэд Монгол болон хоёр хөрш маань нийт ургацынхаа 30-аас 40 хувийг алдах болно. Харин эрдэнэ шишийн эх орон болсон АНУ-ын хувьд төвийн бүс, төв Азийн нутагт 40 хувийн алдагдал хүлээх төлөвтэй.

Энэ мэтчилэн бидний өдөр тутамдаа түгээмэл хэрэглэдэг цагаан буудай, эрдэнэ шиш, улаан буудай зэргийн ургац дэлхийн дулаарлаас шууд хамааралтай. Харин уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалан жил ирэх тусам дэлхийн улсуудын өдрийн дээд, доод температур хоёр туйл руугаа хэлбийсээр.

Энэ бол хүн төрөлхтний өмнө тулгарч буй хүнсний асуудлын ганцхан жишээ. COP27 хурлын үеэр зөвхөн газар тариалан бус хүнс түгээлтийн систем, мал аж ахуй, жимс жимсгэнэ гээд хүн төрөлхтний хоол хүнсний нөөц уур амьсгалын өөрчлөлтийг хэрхэн даван туулах талаар ярилцсан юм.



ЭРЧИМ ХҮЧНИЙ ЭРСДЭЛ 

Орос, Украины дайн эхэлсний дараа Европын холбоо хойд хөршид эдийн засаг хориг тавьсны улмаас тэд хямд төсөр үнэтэй байгалийн хийн урсгалаа хаалгасан. Байгалийн хийн хэрэглээнийхээ 40 хувийг ОХУ-аас импортолдог тус тивийн хувьд энэ жил сэргээгдэх эрчим хүчийг ханалттай хэмжээнд үйлдвэрлээгүй сэн бол одоо байгаагаас хэдэн арав дахин тааруу нөхцөл байдалтай тулгарах байсан хэмээн дэлхийн эрчим хүчний судалгааны төв Ember-ээс мэдээлээд байгаа юм.

Байгалийн хийн урсгалаа нэмэгдүүлэхийн тулд Европ шинэ нийлүүлэгч хайн, энэ оноос АНУ-ын LNG хийг туршиж эхлэв. Энэ оны эхнээс өнгөрсөн сарыг дуустал АНУ-аас ЕХ руу ойролцоогоор 48 тэрбум шоо метр LNG экспортолсон нь 2021 онтой харьцуулахад 26 тэрбум метрээр их дүн ажээ.

Гэвч нийлүүлэлтийн шинэ суваг үйлдвэрүүдийг тасралтгүй эрчим хүчээр хангах, айл өрхийг хангалттай дулаахан байлгахад огтхон ч хангалттай биш байгааг дурдах нь зүй. Эрчим хүчний гэнэтийн хомсдол Европ даяар аж ахуйн нэгжүүд хамгийн их хохирол учирсан бөгөөд урсгал зардлын огцом өсөлтийн улмаас олон үйлдвэр хаалгаа барих аль эсвэл сул зогсолтын горимд шилжээд буй.

Түүнчлэн нүүрсийг хамгийн түрүүнд халах тухай итгэл төгс амлаад байсан ЕХ амлалтаасаа буцаж, нүүрсээр ажилладаг цахилгаан станцын үйлдвэрлэсэн эрчим хүчний хэмжээ өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 12 гаруй хувиар өссөн байна.



Үүсээд буй нөхцөлөөс үүдэн тавдугаар сард Европын Комисс сэргээгдэх эрчим хүчний шилжилт рүү чиглэсэн урт хугацааны төлөвлөөг яаралтай баталсан. REPowerEU хэмээх тус байгууллага нь чулуужсан түлшний эх үүсвэрийг төрөлжүүлэх, сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг хүртээмжтэй болгох ажлыг түргэвчлэхээс гадна эрчим хүчний хэмнэлтийг иргэдийн дунд нэмэгдүүлэх зорилготой юм. Гэвч тэдний сэргээгдэх эрчим хүчний томоохон амбиц биеллээ олохын тулд давын өмнө олон сорилтыг давах шаардлагатай.

Ялангуяа нарны зайн хураагуурт зориулсан фото хавтанг үйлдвэрлэх түүхий эд, технологийн нөү-хауг Хятад улс дангаараа эзэмшиж буй өнөөгийн нөхцөлд

Bloomberg-ээс хийсэн судалгаагаар 2030 он гэхэд хангалттай хэмжээний нарны эрчим хүч үйлдвэрлэх станцуудыг босгоход Европт 150 гаруй тэрбум долларын хөрөнгө оруулалт шаардлагатай аж.