Өнгөрсөн жилийн байдлаар Монгол Улс “Кибер аюулгүй байдлын олон улсын индекс”-д 169 орноос 120 дугаар байрт жагсаж байгаа нь бид энэ салбарт нийтээрээ анхаарлаа хандуулахгүй байгаагийн бодит илрэл юм. Үүний үр дүнд манай улсад залилах гэмт хэргийн 88.2 хувийг цахим залилан эзэлж байгаа бөгөөд дөрвөн гэмт хэрэг тутмын нэг нь цахим орчинд үйлдэгдэж байна.

НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилгуудын хүрээнд бид 2030 он гэхэд мэдээлэл харилцаа холбоо, технологийн ур чадвартай насанд хүрэгсэд болон залуучуудын эзлэх хувийг нэмэгдүүлэх учиртай.

Тиймдээ ч цахим орчинд хувийн мэдээллээ хамгаалахад суралцах нь залуусын эзэмшвэл зохих хамгийн наад захын ур чадвар юм. ХААН Банктай хамтран бэлтгэдэг цахим товхимлын энэ удаагийн дугаартаа бид цахим дархлаагаа хэрхэн хамгаалах, болзошгүй цахим халдлагаас урьдчилан сэргийлэх тухай сэдвийг хөндөж байна.



яагаад бид цахим дархлаагаа хамгаалах ёстой вэ?

Цар тахлын үеэр коронавирустэй холбоотой Гадаад харилцааны яамны нэрийг барин төрийн хэд, хэдэн байгууллагууд руу цахим шуудан илгээж, мэдээллийг нь авах зорилготой malware төрлийн халдлага болж байжээ. Тус цахим шуудан нь дотроо RTF буюу rich text format өргөтгөлтэй зурган файл агуулсан бөгөөд тухайн төхөөрөмж дэх файлуудыг хуулах, устгах, зөөх, шинэ программыг ачаалуулах, төхөөрөмж дэх сервисүүдийн жагсаалтыг авах зэрэг аюултай байсан аж.


Энэ халдлага өдөр бүр болдог сая сая гэмт хэргийн ганцхан жишээ.

Бид танихгүй нэгнээс цахим шуудан хүлээн авах, шинэ сайт дээр хэрэглэгчийн бүртгэл үүсгэх, сошиал медиа хаяг дээрээ хувийн мэдээллээ хуваалцах гээд минут бүрд цахим халдлагад өртөх магадлалтай цаг үед амьдарч байна. 2021 онд л гэхэд хакерууд зөвхөн олон нийтийн сүлжээгээр хийсэн халдлагаас нийтдээ 3.25 тэрбум долларын орлого олжээ.



цахим залилангийн цар хүрээ? 

Өнгөрсөн жилийн байдлаар дэлхий даяар 4.59 тэрбум хүн олон нийтийн сүлжээ идэвхтэй ашиглаж байгаа бөгөөд Facebook хамгийн олон буюу 2.94 тэрбум хэрэглэгчтэй. АНУ-ын 18-29 насны насанд хүрэгчдийн 84 хувь нь олон нийтийн сүлжээг идэвхтэй ашигладаг бөгөөд өдөрт дунджаар 2 цаг 25 минутыг зарцуулдаг. Зөвхөн өнгөрсөн онд л гэхэд олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн тоо 257 саяар өссөн бөгөөд үүнтэй зэрэгцэн хакеруудын золиос болох хэрэглэгчдийн тоо ч нэмэгдэж байх магадлалтай гэсэн үг. Манай улсын хувьд интернэт хэрэглэгчийн тоо 3.2 саяд, фейсбүүк хэрэглэгчийн тоо давхардсан тоогоор 2.8 саяд хүрсэн бөгөөд өнгөрсөн онд цахим залилантай холбоотой 19 тэрбум төгрөгийн хохирол иргэдэд учирчээ.

Хувь хүмүүс ч гэлтгүй дэлхий даяарх бизнес эрхлэгчдийн 64 хувь нь өнгөрсөн онд аль нэгэн олон нийтийн сүлжээний хаягаа хакердуулах, улмаар хаягаа алдах хүртэл эрсдэлтэй нүүр тулгарчээ.



"GOOGLE"-ДЭХЭЭС ЗАЛХУУРСАН АСУУЛТ

ЯАГААД БИД НУУЦ ҮГЭЭ АЛДДАГ ВЭ?

Давхар баталгаажуулах арга (two factor authentication) ашиглахгүй байх, цахим хаягууддаа ижилхэн эсвэл хялбархан тааварлах боломжтой сул нууц үг ашиглах зэрэг нь хувийн мэдээллээ бусдын гарт алдах хамгийн том шалтгаанууд.

АНУ-д явуулсан судалгаагаар олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн 67 хувь нь сул буюу амархан тааварлах нууц үгтэй, 83 хувь нь олон платформ дээр ижил нууц үг ашигладаг гэдгээ хүлээн зөвшөөрчээ. Дэлхий даяар сард дунджаар 1.4 тэрбум олон нийтийн сүлжээний хаяг хакердуулдаг бөгөөд өөрийн мэдээллээ хамгаалахгүй л бол эдгээр хаягуудын нэг нь таных байх бүрэн боломжтой гэдгийг санууштай.



"GOOGLE"-ДЭХЭЭС ЗАЛХУУРСАН АСУУЛТ

ХУВИЙН МЭДЭЭЛЛЭЭ АЛДАХААС ХЭРХЭН СЭРГИЙЛЭХ ВЭ?

Хувийн мэдээллийг цахимаар хулгайлах олон янзын арга байдаг. Үүнд:

Хайр дурлалын луйвар: Гэмт этгээд таны зээлийн картын дугаар зэрэг хувийн мэдээллийг олж авахын тулд интернэт орчинд тантай хайр сэтгэлийн холбоо үүсгэхийг хичээнэ.

Фишинг: Фишинг нь цахим шуудан, мессеж, чат, бүх төрлийн сайт, интернэт тоглоомд хүртэл нуугдсан байх нь бий. Олон улсын кибер гэмт хэрэгтэй тэмцэх газрын Фишингийн эсрэг ажлын хэсэг (Anti-Phishing Working Group)-ийн мэдээлсний дагуу сар бүр 100 мянган шинэ төрлийн луйврын гэмт хэрэг бүртгэгдэж, үүнээс ч олон хүмүүс хохирогч болсон байдаг гэжээ.

Цахим сугалаа: Таныг сугалаанд хожсон, хэн нэгнээс өв хөрөнгө залгамжилсан мэтээр ойлгуулж, хувийн мэдээллийг тань авах оролдлого хийх нь түгээмэл үзэгдэл. Цахим орчинд танд илгээсэн эдгээр төрлийн зурваст хариулах, мэдээллээ хуваалцах нь өөрийгөө гэмт хэргийн хохирогч болгож байгаагаас ялгаагүй явдал.

Вирус: Гэмт этгээдүүд компьютерын системийг гэмтээх, идэвхгүй болгох, мэдээлэлд хууль бусаар хандах зорилгоор программ хангамж эсвэл аливаа файлыг компьютерт суулгадаг.



таны inbox=40 кг нүүрсхүчлийн хий

“How Bad Are Bananas” номд дурдсанаар зөөврийн компьютероос илгээсэн цахим шуудан дунджаар 0.3 гр нүүрсхүчлийн хий ялгаруулдаг байна. Гар утасны хувьд арай бага буюу 0.2гр. Хэрвээ нягтаршил өндөртэй зураг хавсаргасан бол энэ тоо 50гр болтол өсөх боломжтой.

Төхөөрөмжийн цахилгаан зарцуулалт, цахим шууданг илгээж, хадгалдаг сүлжээ, дата төвийн хэрэглээнээс эдгээр нүүрсхүчлийн хий ялгардаг гэсэн үг. Оффисын ажилтны хувьд жилийн туршид илгээсэн цахим шуудангийн хэрэглээ нь дунджаар 40 кг нүүрсхүчлийн хийтэй тэнцдэг. Мэдээж уур амьсгалын өөрчлөлтөд энэ тоо асар бага нөлөө үзүүлэх нь ойлгомжтой хэдий ч 3.9 тэрбум цахим шуудан хэрэглэгч байгаа гэж тооцвол анхаарлаа хандуулахгүй өнгөрч болохгүй мэт. Сонирхуулахад, дэлхий даяар өдөрт 294 тэрбум цахим шуудам илгээгддэг бөгөөд үүний талаас илүү хувь нь спам буюу олон хүн рүү зэрэг илгээсэн, ихэвчлэн сурталчилгааны агуулгатай байдаг аж.

Тэгвэл энэ тоог хэрхэн бууруулах вэ?

Зөвхөн шаардлагатай хүмүүсийн хаягийг CC, BCC хэсэгт холбох.

Боломжтой бол баримт бичиг, гэрэл зургийг эх хувиар нь хавсаргах бус холбоосыг нь илгээх.

Шаардлагагүй цахим шууданг устгах. Тогтмол уншдаггүй, үйлчлүүлэхээ больсон дэлгүүрийн бүртгэлээ “unsubscribe” хийх.

САЛБАРЫН ОНЦЛОХ МЭДЭЭ: 

Хятад Америкийг 2009 оноос эхлэн Huawei-ийн систем рүү халдаж, цахим дайралтууд тогтмол хийж байсан хэмээн буруутгалаа. Үүнийг тэд дотоодын технологийн компаниудтай хамтран хийсэн урт хугацааны эрэн сурвалжлах ажиллагааны хүрээнд илрүүлсэн хэмээн мэдээлэв.

Өнгөрөгч долоо хоногт Google Bard нэртэй хиймэл оюун ухаанаа сайжруулан хэрэглэгчийн Gmail, Google Docs болон Google Drive-тай хоршиж ажиллах боломжтой болгов.

ЦЕГ, НҮБ-ын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах, иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх зорилготой “Нууцалъя - Private” нөлөөллийн аяныг энэ сарын 15-ны өдрөөс арванхоёрдугаар сарын 25-ны хугацаанд орон даяар зохион байгуулна.


САНАЛ БОЛГОХ НЬ:

ВИДЕО:

Уг бичлэг дижитал нууцлал бидний амьдралд хэр их чухал хийгээд амьдралын бараг бүхий л талбарт нөлөөлдөг талаар дэлгэрэнгүй тайлбарлажээ.


THERE'S VIRTUALLY NOTHING YOU CAN DO TO PROTECT YOUR ONLINE PRVACY

КИНО:

Бүх төрлийн онлайн үйлчилгээнд бид шинэ хэрэглэгч болохын өмнө уртаас урт үргэлжилсэн гэрээг барагтай бол уншихгүйгээр шуудхан “Accept all” товчийг дарчихдаг. Харин энэ анзааргагүй үйлдэл бидний амьдралд хэрхэн нөлөөлж болох тухай Black Mirror цувралын шинэхэн ангиас үзээрэй.

JOAN IS AWFUL- BLACK MIRROR S06 E01

НОМ:

Халаасанд, өвөр дээр эсвэл гарт байж байдаг тэдгээр төхөөрөмж зүрх сэтгэл, оюун санаанд нөлөөлж, тархийг агшааж, зан төлөвийг хүртэл өөрчилж байхад бид тоохгүй хэвээр байсаар байгаад л сошиал медиагийн хамгийн гол асуудал оршиж буй юм. Уураг тархи гэдэг бидний амин чухал эрхтэн тул бидний гартаа барьсан төхөөрөмж тархинд чухам яаж нөлөөлж буйг “Бүү саад бол” хэмээх энэ номоос олж мэдээрэй.


DO NOT DISTURB

ПОДКАСТ


Онлайн аюулгүй байдалдаа хэрхэн анхаарах талаар мэргэжилтний зүгээс дэлгэрэнгүй тайлбарласан подкаст.

LIBERTY PUB-ОНЛАЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ



Бид тогтвортой хөгжлийн тухай сэдвийг хүн бүрийн ой тоонд шингээж, алхам бүрдээ хариуцлагатай байх дадал хэвшил, эх дэлхийгээ хайрлах ухамсрыг бүтээхийн тулд Тогтвортой хөгжлийг дэмжигч ХААН Банктай хамтран "Тогтвортой хөгжил-2030" цахим товхимлыг бэлтгэн хүргэдэг билээ.Хүн төрөлхтний гэрийн даалгавар гэгдэж буй "Тогтвортой хөгжлийн 17 зорилго"-той холбоотой мэдээллүүд, үйл явдлууд, сайн жишээнүүдийг энгийн үгээр, сонирхолтойгоор тайлбарлан давхар блог нийтлэл болгон хүргэж байна.

Цахим товхимолд бүртгүүлэх: 2030.mn

Unread Media & Khan bank