Цахим товхимолд бүртгүүлэх: 2030.mn

Unread.media&Khan Bank

Та өөрийгөө Марс гараг руу зорчих багийн гишүүн хэмээн төсөөл. Эзгүй гараг дээр хөл тавьсныхаа дараа та зөвхөн газрын гадарга дээрх бэлэн нөөцийг ашиглахаас өөр гарцгүй. Энэ жишээтэй адил хэрэв хүн төрөлхтний байгалийн нөөц шавхагдваас бид зөвхөн хог хаягдлаа түүхий эд болгож, шаардлагатай бүтээгдэхүүнээ үйлдвэрлэх болно.

Залуу мэргэжилтнүүдийн хамгийн том цугларалт Unplug зургаа дахь жилдээ

Тиймээс ч үндэстэн дамнасан томоохон компаниуд эхнээсээ хог хаягдлыг багасгах, нөөцийг хамгаалах замаар экологийн тогтвортой байдлыг баталгаажуулах “тойрог эдийн засаг”-ийн хэлбэр рүү шилжиж буй. Өнөөг хүртэл хэрэгжүүлсэн “түүхий эд – бүтээгдэхүүн – ашиглалт – хог хаягдал” гэх дараалалтай шугаман эдийн засгийн уршгаар бид асар их хэмжээний нөхөн сэргээгдэх нөөцийг алдсан тул шинэ үеийн үйлдвэрлэл эргэлт буцалтгүй дээрх хэв маяг руу шилжихээс өөр гарцгүй болж байна.

Тогтвортой хөгжлийг дэмжигч ХААН Банктай хамтран бэлтгэдэг цахим товхимлын шинэ дугаартаа тойрог эдийн засгийн ач холбогдол, ангилалт дахин боловсруулалтыг сайжруулах бодит арга замыг гаднын болон дотоодын жишээн дээр тулгуурлан бэлтгэлээ.


ТОЙРОГ ЭДИЙН ЗАСГИЙН ТУХАЙ ТОВЧХОН?

Анхнаасаа "дахин хэрэглэгдэхүйц" бүтээгдэхүүн үйлдвэрлэж хэмнэлттэй, үр дүнтэй, ашигтай байх нөхцөлийг бүрдүүлэх эдийн засгийн шинэ загварыг ийнхүү томъёолж буй.

Эх дэлхийн оршин тогтносон хугацаатай зүйрлэвэл хумсны толион чинээнд ч хүрэхгүй тийм ахархан хугацаа байдаг аж. Гэвч бид энэ асар богино хугацаанд өөрсдийн гэр орон гэр болсон эх дэлхийгээ хангалттай бохирдуулаад буй. Байгаль буюу амьтдын ертөнцийн хувьд “хогийн сав” гэж үгүй. Нэг зүйлийн хаягдал нөгөөхийнхөө хоол хүнс болох замаар жинхэнэ утгаар нь тэд тойрог амьдралын хэв маягийг бүтээдэг билээ.

Амьдт биетүүд өсөн үржин, үхэж үрэгдэн, хөрсөндөө шим тэжээл болгон шингэнэ. Тэрхүү тэжээл дахин нэг амьтныг хорвоод мэндлэхэд туслах замаар энэхүү тойрог мөнхөд үргэлжилнэ. Харин хүн төрөлхтний дийлэнх нь одоог хүртэл байгалийн баялгийг олборлож, боловсруулаад шууд хаях гэх ганцхан сонголттой шугаман эдийн засгийн загвараар амьдарсаар л.



дАХИН БОЛОВСРУУЛАХ ЯВЦЫН ЦООРХОй?

Сүүлийн жилүүдэд хаягдлаа ангилах нь дахин боловсруулалтын “эхний алхам” хэмээн тасралтгүй сурталчилж буй. Гэвч нөхцөл байдал бодит хөрсөн дээр арай өөр.

АНУ-д л гэхэд нийт хог хаягдлын 3 хувийг айл өрхүүд үүсгэдэг бол Европт энэ тоо 8 хувьтай. Өөрөөр хэлбэл, бидний гэрээс гарах нэг чингэлэг хог хаягдал тутамд бараа, бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид нэмэлт 70 чингэлэг хог хаягдал үүсгэдэг ажээ.

Харамсалтай нь, өнөөдөр дийлэнх үйлдвэрлэгчид бүтээгдэхүүн, сав баглаа боодлоо дахин боловсруулагдахгүй материалаар хийх, эсвэл дахин боловсруулалтад оруулах боломжгүй загвар (жишээ нь олон давхар эсвэл олон төрлийн материал холих) ашиглах нь элбэг байсаар байна. Иймээс л хамгийн том хаягдал үүсгэгчид өөрчлөлт хийхгүй бол хүн бүр хаягдлаа төгс ангилсан ч, хүрээлэн буй орчиндоо ээлтэй амьдрал гэдэг мөрөөдөл төдий хэвээр үлдэнэ.



Дэлхий даяар олборлогдсон 100 тэрбум тонн байгалийн нөөц тутмын 37 тэрбум тонныг дахин сэргээх боломжгүй бөгөөд тэдгээр нь хүрээлэн буй орчинд тархах, хүлэмжийн хий болон уурших зэргээр алга болдог гэх судалгаа бий. Мэдээж үүнийг дахин ашиглах ямар ч боломжгүй. Хамгийн түгээмэл дахивар болох хуванцраар жишээ аваад үзье.

Хуванцрыг дахин боловсруулахад түүний физик чанар буурдаг тул боловсруулах явц бүрд чанар нь буурч байдаг аж. Ус ундааны саваар дахин шинэ сав үйлдвэрлэлээ ч гэсэн нэг шинэ сав хийхэд хэд хэдэн сав хэрэг болно гэсэн үг. (Дэлхий дахинд хуванцар сав баглаа боодлын дөнгөж 14 хувь нь дахин боловсруулагдаж байгаагаас ердөө 2 хувийг нь л анхны байдлаар нь шинээр үйлдвэрлэж байна.)

Тиймээс бид дан ганц дахин боловсруулалтад найдалгүй үйлдвэрлэл, хэрэглээний урсгалаа багасгах зайлшгүй шаардлагатайг энэ жишээнээс харж болно.

"GOOGLE"-ДЭХЭЭС ЗАЛХУУРСАН АСУУЛТ

PATAGONIА-ИЙН БАХАРХАЛТ ТҮҮХ

Хэрвээ хүсвэл ганцхан үйлдвэрлэгч дэлхий дахинд ямар том өөрчлөлт авчирч болдгийн тодоос тод үлгэр жишээ бол Patagonia брэнд.

Патагониачуудын хувьд байгаль хамгаална гэдэг чөлөөт цагаараа хийдэг аар саархан үйл төдийхөн биш. Тэд эх дэлхийгээ хамгаалах гэж л бизнес эрхэлдэг үндсэн философитой. Хамгийн чухал нь тэд тойрог эдийн засгийн загвар бодит амьдрал дээр эдийн засгийн үр ашигтайгаар хэрэгжиж болохыг бусдад баталж буй.

Патагониа 2005 оноос эхэлж, полистер материалтай хувцаснуудаа хэрэглэгчдээсээ буцаан авах хөдөлгөөнийг эхлүүлсэн бөгөөд зургаан жилийн дараа гэхэд бүх бүтээгдэхүүнээ худалдан авдаг болжээ. "Worn Wear" хэмээх тэдний онлайн платформоос хүссэн хэн бүхэн Патагониа брэндийн хуучин хуучин эд зүйлсийг худалдан авах боломжтой. 2017 онд нээлтээ хийснээс хойш уг платформоор дамжуулан 130 гаруй мянган бүтээгдэхүүн худалдаалагджээ.



Хувцас загварын үйлдвэрлэлийн хувьд түүхий эдийн нийлүүлэлтээс хамгийн их хүлэмжийн хий үүсдэг (Патагониагийн ялгаруулж буй хүлэмжийн хийн 86 хувь түүхий эдийн тариалалт, нийлүүлэлттэй шууд холбоотой.) Тийм ч учраас тэд спортын хувцас, хэрэглэлийг иж бүрнээр нь худалдаалахаас гадна түрээслэх үйлчилгээг хэрэглэгчдэдээ санал болгосон юм. Та жилдээ хэдхэн удаа цанаар гулгадаг бол зориулалтын хувцсыг худалдаж авахын оронд хүссэн үедээ түрээсэлж болох нь.

Тэдний санаачилсан өөр нэгэн ажил бол хувцас засварын газар. Хэрэглэгчид дийлэнхдээ хуучин эд зүйлсээ үл ялиг эвдэрсэн тохиолдолд засаж чадалгүй далд хийх, улмаар бүрмөсөн хэрэглэхээ больдгийг анзаарч, энэхүү санаагаа бодит ажил болгожээ. Эдүгээ Невада мужийн Рено хотод байрлаж буй Патагониагийн хувцас засварын төв Хойд Америк дахь хамгийн том хувцас засварын газар болсон нь эндээс улбаатай. 50 гаруй ажилчинтай тусэл төв жил бүр дунджаар 40 мянга гаруй хувцас засварладаг аж.

Сүүлийн хэдэн жилд Патагониа дахин боловсруулсан материалыг үйлдвэрлэлдээ өргөнөөр ашиглаж буй. Тухайлбал, тэд 100 хувь дахин боловсруулсан материалаас бүтсэн Fair Trade Certified оёмол цамцны түүхий эдэд 4.8 ширхэг хаягдал хуванцар сав, 0.1 кг хөвөнгийн хаягдал ашигласан төдийгүй үйлдвэрлэлийн явцад ердийн цамцнаас 96 хувиар бага ус хэрэглэж, нүүрсхүчлийн хий 45 хувиар бага ялгаруулжээ.



"GOOGLE"-ДЭХЭЭС ЗАЛХУУРСАН АСУУЛТ

ДАХИН БОЛОВСРУУЛАЛТЫН ӨНӨӨГИЙН НӨХЦӨЛ БАЙДАЛ

2021 оны байдлаар манай улсад дахин боловсруулах 18 үйлдвэр үйл ажиллагаа явуулж байгаа хэдий ч тэд хүчин чадлынхаа дөнгөж 52.4 хувийг ашиглаж байгаа төдийгүй 55 хувь нь импортоор анхдагч түүхий эдээ авдаг гэнэ. Угтаа бид хогоо ангилаад дадчихвал эдгээр үйлдвэрийг түүхий эдээр хангах бүрэн боломжтой.

Нийслэл хотын орон сууцанд амьдарч байгаа нэг хүнээс бүтэн жилд гарах хогны хэмжээ хамгийн багадаа 146 кг, үүнээс 5.2 кг нь PET буюу хатуу хуванцар хаягдал. Энэ тоо бол зөвхөн айл өрхийн хаягдал. Гэрээс гадуур хэрэглэсэн хуванцрын хэрэглээг тооцох юм бол уг дүн дор хаяж хоёр дахин үржигдэх нь лавтай.

Тэгэхээр хэрэглэгчид бид нэг талдаа хуванцрын хэрэглээгээ бууруулах, хэрэглэсэн хаягдлаа зүй зохистой ангилж, дахин боловсруулах үйлдвэрийг түүхий эдээр хангах шаардлагатай байна.

2020 онд ашиглалтад орсон “Ти Эм Эл” пластик үйлдвэр гэхэд манай улсын хэмжээнд жилд ашиглаж буй бүх ундаа,усны хуванцар савыг 100 хувь дахин боловсруулах бүрэн хүчин чадалтай гэдгээрээ онцлог. Гэвч тэд одоогоор хүчин чадлынхаа ердөө 50 хүрэхгүй хувийг ашиглаж байгаа нь түүхий эдийн олдоцтой шууд хамааралтай.



"GOOGLE"-ДЭХЭЭС ЗАЛХУУРСАН АСУУЛТ

АНГИЛСАН ХУВАНЦРАА ХААНА ТУШААХ ВЭ?

Ангилаад л байдаг, тэгээд хаана тушаах билээ? гэдэг асуулт нийслэл хотын хогоо ангилах хүсэлтэй иргэн бүрийн толгойд эргэлддэг. Дахивар хүлээн авах цэгүүд Улаанбаатар хотноо хэд хэд байгаа ч тэрхүү газрууд руу ирж очихоос эхлээд гарах зардал, цаг хугацаа гээд олон асуудал бий.

Тэгвэл “Ти Эм Эл” пластик үйлдвэрийн харьяа, “SESL Smart Solution” компани нь энэхүү асуудлыг шийдэхээр энэ оны дундуур байгуулагдсан юм. Тэд Улаанбаатар хотын аль ч цэгээс өөрсдийн тээврээр очиж, таны ангилсан түүхий эдийг худалдан авч дахин боловсруулаад эдийн засгийн эргэлтэд оруулна.

Тэд одоогоор 70 орчим хүний бүрэлдэхүүнтэй, гурван албаны бүтэцтэй үйл ажиллагаа явуулж, хагас жилийн хугацаанд зөвхөн Улаанбаатар хотод л гэхэд хэдийнэ СӨХ, ААН байгууллага нийлээд 700 гаруй, орон нутагт 20 гаруй харилцагчтай болоод амжжээ. Харилцагчийн цуглуулсан хуванцрыг тэд өөрийн тээврийн хэрэгслээр очиж авдаг бөгөөд кг тутамд нь 250 төгрөгийн төлбөр төлдөг аж. Дахивраа тушаахдаа та ердөө дуудлага өгөхөд л хангалттай.



САЛБАРЫН ОНЦЛОХ МЭДЭЭ: 

  • Оксфордын их сургуулийн докторын хөтөлбөрийн монгол оюутан Б.Марал COP28 хурлын үеэр зохион байгуулагдсан, АНЭУ-ын зөвлөлийн гишүүний нэрэмжит дээд шагнал “PROTOTYPES FOR HUMANITY AWARDS 2023”-д түрүүллээ.
  • Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын Суурь конвенцын талуудын 28 дугаар бага хуралд (COP28) оролцож буй 20 гаруй орны удирдагчид нүүрстөрөгчийн ялгарлыг бууруулахын тулд 2050 он гэхэд дэлхийн цөмийн эрчим хүчний хүчин чадлыг гурав дахин нэмэгдүүлэхийг уриалсан тунхаглал баталлаа.
  • COP28 хурлын эхний өдөр Ерөнхийлөгч Султан аль-Жабер Европын холбоо, Их Британи, АНУ болон бусад орнууд уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөнд өртөж буй ядуу буурай орнуудад 420 сая орчим долларын тусламж үзүүлэхэд хувь нэмэр оруулна гэдгээ амласан нь хурлаас гарсан хамгийн эхний чухал шийдвэр байв.
  • ХААН Банк Монголын хөрөнгийн зах зээлд анх удаа Ногоон бонд олон нийтэд санал болгох үйл ажиллагаагаа өчигдөрөөс албан ёсоор эхлүүлж, үнэт цаасны танилцуулгаа хийлээ.


САНАЛ БОЛГОХ НЬ:

ВИДЕО:Хуванцар дахин болон боловсруулах технологийн шинэ үе гэгдэж буй химийн дахин боловсруулалт гэж юу вэ? Ямар ч төрлийн хуванцрыг цоо шинэ мэт хувиргаж чадна хэмээн амлаж буй уг технологи дахин боловсруулалтын салбар дахь асуудлыг шийдэж чадах болов уу?
CAN CHEMICAL RECYCLING SOLVE THE WORLD'S PLASTIC PROBLEM?

СУДАЛГАА: Дахин боловсруулалтад суурилсан хог хаягдлын менежментэд тулгардаг асуудал, бэрхшээлүүд болоод түүний урвуу нөлөөний тухай дэлгэнгүй мэдээллийг энэхүү тайлангаас уншаарай. ТЭГ ХАЯГДАЛ БОЛОН ТОЙРОГ ЭДИЙН ЗАСАГ: УРАГШЛАХ ЗАМ

НОМ: Дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлт, байгаль эхийн уналт доройтлын эсрэг бодит хувь нэмрээ оруулж байгаа Патагониа брэнд, үүсгэн байгуулагч Э. Шүйнардын түүх болон бизнес эрхлэгчдэд өөрсдийн жишээгээр үлгэрлэн яваа Патагониагийн философийг өгүүлсэн гайхалтай намтар бүтээл.
ДАВЛАГАА ХӨЛӨГЛӨН ДУРААР ДАВШ

ПОДКАСТ: АНЭУ-ын Дубай хотноо энэ сарын 12-ныг дуустал НҮБ-ын уур амьсгалын асуудлаарх чуулган COP28 зохиогдох болно. Чухам бид яагаад уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг дэлхийн хамгийн том хуралд анхаарлаа хандуулах ёстой талаар BBC-гийн The Climate Questions подкастын уг дугаараас дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.

WHAT IS COP?


Бид тогтвортой хөгжлийн тухай сэдвийг хүн бүрийн ой тоонд шингээж, алхам бүрдээ хариуцлагатай байх дадал хэвшил, эх дэлхийгээ хайрлах ухамсрыг бүтээхийн тулд Тогтвортой хөгжлийг дэмжигч ХААН Банктай хамтран "Тогтвортой хөгжил-2030" цахим товхимлыг бэлтгэн хүргэдэг билээ.Хүн төрөлхтний гэрийн даалгавар гэгдэж буй "Тогтвортой хөгжлийн 17 зорилго"-той холбоотой мэдээллүүд, үйл явдлууд, сайн жишээнүүдийг энгийн үгээр, сонирхолтойгоор тайлбарлан давхар блог нийтлэл болгон хүргэж байна.