Технологи бол зөвхөн хэрэгсэл. Хүүхдийн сурах хүсэл эрмэлзлэлийг өдөөж, хамтдаа ахиц дэвшил гаргаж чадах хамгийн чухал туслах бол багш билээ.

Билл Гейтс

Дэлхий дахинд цар тахлын улмаас өнгөрсөн онд ерөнхий боловсролын сургуулиудын 90 хувь нь хаагдаж, 1.2 тэрбум гаруй хүүхэд танхимын сургалтаас завсардах болсон. Үүний улмаас алсын зайнаас, цахимаар хичээллэх арга замыг олон улсад хэрэгжүүлж буй билээ.

Гэвч орлого багатай гэр бүлийн хүүхдүүд технологийн хангамж тааруу, алслагдсан бүс нутагт амьдардаг зэргээс шалтгаалан хичээлээс хоцрогдох, тэгш бус байдал бий болох эрсдэлтэй байна.

НҮБ-ын тогтвортой хөгжлийн зорилгод 2030 он гэхэд эрэгтэй, эмэгтэй бүх хүүхэд тэгш, чанартай бага, дунд шатны боловсролыг үнэ төлбөргүй эзэмшиж, үр дүнтэй эрдэм мэдлэгтэй болсон байх зорилт тавьсан билээ.

Тиймээс ХААН Банктай хамтран бэлтгэдэг “2030” цахим товхимлын энэ удаагийн дугаартаа бид цар тахлаас үүдэлтэй боловсролын хүртээмж, тэгш бус байдал, зайнаас хичээллэх сургалтыг амжилттай хэрэгжүүлж буй орнуудын жишээ, туршлагыг онцоллоо.

Тоогоор тайлбарлах нь 

9.700.000: Хүүхдийг ивээх сангаас мэдээлснээр цар тахлын улмаас ядуурал нэмэгдэж, 9.7 сая хүүхэд буцаж сургуульдаа орж чадахгүйд хүрч магадгүй хэмээн тооцоолжээ.

31%: Дэлхий дээр сургуулийн насны хүүхдүүдийн 31 хувь нь интернэт, телевизор, гар утас, компьютер зэрэг дижитал хэрэгсэл хангалтгүйн улмаас боловсрол эзэмшихэд хүндрэл учирч байна гэв.

45%: Монголд цар тахлын улмаас нэг хичээлийн жилийн сургалтын 45 орчим хувийг зайнаас үзэж байна.

174.000: Манай улсад оршин суугаа газар, амьжиргааны түвшин, эрчим хүчний хангалт зэргээс хамаараад теле болон цахим сургалтад хамрагдаж чадахгүй байгаа 174 мянган хүүхэд байна.

ой санамжид уях баримтууд 

Манай улсад бага, дунд, ахлах ангийн 646 мянган сурагч, их дээд сургуулийн 147 мянган оюутан бий. Монголд 2000 оноос зайны сургалтын нэгдсэн платформ ховор, сурагчдад үзсэн хичээлээ баталгаажуулах, кредит тооцох асуудал шийдэгдээгүй байв.

Өдгөө дэлхийн нийт хүн амын 46.4 хувь нь өдөр тутам интернэт ашиглах боломжгүй нөхцөлд амьдарч буй. ЮНЕСКО-гийн тайланд дурдсанаар Европ тивд насанд хүрэгчдийн 43 хувь нь дижитал суурь мэдлэг байхгүй гэжээ. Ялангуяа, ахмад настан, хөдөө орон нутагт амьдардаг эмэгтэйчүүд технологийн мэдлэг тааруу байгааг онцолж байна.

Орон даяар зайнаас хичээллэх болсон энэ цаг үед боловсролын салбарт олон төрлийн дижитал шилжилтүүд өрнөсөөр байна. Хөл хорионы улмаас хүүхдүүдийн нийгмийн харилцаанд орох боломж багассан ч эцэг эхчүүдийн хувьд хүүхдийнхээ боловсролд урьдынхаасаа илүү анхаарах боломж гарсан тухай онцолжээ. Мөн багш нарын заах арга зүй, хүүхдийн бие даах чадвар гээд боловсролын салбарт олон жил яригдаж буй асуудлыг даруй шийдэх шаардлагатайг цар тахал харууллаа.

"google"-дэхээс залхуурсан асуулт

Цар тахал боловсролын салбарт ямар өөрчлөлт авчрав?

Боловсролын салбарт уламжлалт арга барилуудаа шинэчлэх цаг болсныг илтгэх олон өөрчлөлт гарлаа. 2020 он бол онлайн хичээлийн платформын зах зээлд тун онцлог, амжилт ололттой жил байв. Аль ч онлайн сургалтын вэб сайт руу зочилсон компьютерийн шинжлэх ухаан, програмчлал, хиймэл оюун ухаан, бизнес зэрэг сэдвүүд топ сургалтад тооцогдож байсан бол 2020 оны хувьд цар тахал, хөл хориотой холбоотой эрүүл мэндийн хичээлүүд тэргүүлжээ.

Төрөл бүрийн онлайн хичээлүүдийг багтаасан арвин сантай Coursera вэб сайтын хувьд энэ жил хамгийн өндөр хандалттай платформын нэг байв. Тус платформ 2019 онд найман сая хэрэглэгч шинээр бүртгэсэн бол 2020 онд гурав дахин их буюу 31 сая хэрэглэгч шинээр элсүүлжээ. Ингэснээр дэлхий даяар нийт 76 сая хэрэглэгчтэй болоод байна.

сайн туршлагыг хуваалцах нь 

БОЛОВСРОЛЫН ТЭГШ БАЙДАЛД ХЭРХЭН АНХААРЧ БАЙНА ВЭ?

Өмнөд Солонгос улсад бага орлоготой гэр бүлүүдийг үнэ төлбөргүй дата, төхөөрөмжөөр хангаж, нээлттэй зайн сургалтуудыг нэмэх болжээ. Тэгвэл Ирланд улсад хүүхдүүдэд гэрийн даалгавраа хийхэд нь туслах сайн дурын багш нарыг ажиллуулж байна. Тэд гар утсаар холбогдон хүүхдэд унших, бичих, энгийн математикийн бодлого бодоход тусалж буй гэнэ.

Түүнчлэн ЮНЕСКО-гийн Насан туршийн боловсролын хүрээлэн, "Microsoft" компанитай хамтран Бангладеш улсад 2015-2018 он хүртэл гар утсаар дамжуулан бичиг үсгийн боловсролыг дээшлүүлэх төсөл хэрэгжүүлсэн юм. Тэд хичээлийн материалыг хадгалах сан үүсгэж, гар утас эсвэл компьютер дээрээ хаана ч, хэзээ ч үзэх болох нээлттэй санах ойг бий болгосон нь ямар ч нөхцөлд хичээл үзэх боломжийг олгожээ.

Мөн интернэт сүлжээгүй газарт үнэтэй дата багц худалдаж авахгүйгээр ямар ч төрлийн гар утас, таблет эсвэл компьютерт ашиглаж болох Cell-Ed гар утасны аппликэйшнийг АНУ-аас эхлээд Чили, Гана, Кени, Нигери улсад хэрэгжүүлсээр байна.

Зөвлөгөө

Бага насны хүүхдийг цахим орчинд хэрхэн аюулгүй байлгах тухай Харилцаа холбооны зохицуулах хорооны зөвлөмжийг хүргэж байна.

Санал болгох нь 

ВИДЕО: "Microsoft" корпорацын үүсгэн байгуулагч Билл Гейтс онлайн сургалт ирээдүйд ямар боломж, давуу тал авчрах тухай тайлбарласныг үзээрэй.

EDUCATION 2030

НОМ: Шашны хэт шүтлэгтэн гэр бүлийн золиос болж, хүнд хэцүү бүхэнтэй тулгарсан ч хүсэл тэмүүлэлдээ хөтлөгдөн боловсрол эзэмшсэн нэгэн эмэгтэйн түүхийг уншаарай.

EDUCATED

КИНО: Орчин цагийн хүүхдүүдэд боловсрол эзэмшүүлэхэд тулгарч буй асуудлыг тун сонирхолтойгоор харуулсан бүтээлийг үзээрэй.

WAITING FOR SUPERMAN

ПОДКАСТ: Сурагчдадаа зайнаас хэрхэн үр дүнтэй хичээл заах тухай хэлэлцсэн багш нарын яриаг сонсоорой.

EDU MONGOLIA: ЦАХИМ СУРГАЛТ


Бид тогтвортой хөгжлийн тухай сэдвийг хүн бүрийн ой тоонд шингээж, алхам бүрдээ хариуцлагатай байх дадал зуршил, эх дэлхийгээ хайрлах ухамсрыг бүтээхийн тулд Тогтвортой хөгжлийг дэмжигч ХААН Банктай хамтран “Тогтвортой хөгжил-2030” цахим товхимлыг бэлтгэн хүргэдэг билээ.

Хүн төрөлхтний гэрийн даалгавар гэгдэж буй "Тогтвортой хөгжлийн 17 зорилго"-той холбоотой мэдээллүүд, үйл явдлууд, сайн жишээнүүдийг энгийн үгээр, сонирхолтойгоор тайлбарлан давхар блог нийтлэл болгон хүргэж байна.

Цахим товхимолд бүртгүүлэх 2030.mn

Unread