Чухал биш юм шиг хэр нь урт хугацаандаа орц найрлагад нь зайлшгүй анхаарах учиртай бүтээгдэхүүний нэг бол аяга угаагч юм. Цэвэр цэмцгэр байдлыг сайхан арьс, анхилуун үнэр, цэвэр хувцас, идэж буй хоолоор тодорхойлж болох ч байнга хэрэглэдэг зүйлийнхээ орц найрлагыг анзаарч, өөрчлөхгүй бол дээр дурдсан бүхэн үнэ цэнгүй болно.

Сүүлийн үед хувьдаа арьс арчилгааны бүтээгдэхүүний орцуудыг тэгж их судалдаг хэр нь гараа байнга дүрдэг химийн бодисын орцыг тэр бүр анзаардаггүй нь хачирхалтай санагдах болсон юм. Арьс арчилгааны бүтээгдэхүүнүүд нь арьсанд шууд түрхэх зориулалттайгаар харшил, аюулгүй байдлын шинжилгээнд хамрагдаж байж зах зээл дээр худалдаалагддаг шүү дээ. Гэтэл аяга угаагч арьстай шууд контакт үүсгэхээс гадна бодисын үлдэгдэл нь аягандаа эргээд халуун цай, хоолоо хийж идэхэд тэр бүгдтэй хамт ходоодонд ордог нь” аймар” санагдах боллоо.

Ер нь тэр олон химийн бодисууд аяга угаагчинд байх хэрэгтэй юу? Тэдний үндсэн зориулалт, эрүүл мэндэд үзүүлэх нөлөө нь юу вэ? Уламжлалт аяга угаагчийг орлох амлалт өгөөд буй органик орцтой аяга угаагч бохирдолыг тийм сайн цэвэрлэж чадах уу? Зэрэг асуудлыг энэхүү нийтлэлээрээ тайлж олгохыг хичээцгээе. Харин тэрнээс өмнө аяга угаагч шингэн дэх хэл хугалам орцуудын талаар товчхон ойлголттой болох нь зүй.  

ХЭЛ ХУГАЛАМ ХЭЦҮҮ НЭРС

Дэлгүүрийн текэн дээр лимоны зурагтай цэлийх уламжлалт аяга таваг угаагчын гол найрлага бол SLS болон SLES юм. Эдгээр нь гадаргуун идэвхит бодис буюу энгийнээр гадаргуу дээрх бохирдол, тосыг цэвэрлэх үүрэгтэй найрлага билээ. Триклозан, формальдегид ялгаруулагч бодис, фосфат, Нонилфенол этилоксилат (NPE), синтетик үнэр, өнгө оруулагч зэрэг нь бактерийг устгах, хөөсрөлтийг нэмэгдүүлэх, илүү удаан хугацаанд хэрэглэх боломжийг олгодог. Тэгвэл эдгээр найрлагууд нь түүхийн туршид ямар шалтгаанаар аяга угаагчын уламжлалт орц болов?


Хэдий цэвэрлэх, ариутгах шинж чанараараа өргөн ашиглагдсаар ирсэн боловч угаасны дараа аяга тавагт арилахгүй үлдэж арьс, ходоод, нүд зэрэг эрхтнүүдийг маань цочроох бүр цаашлаад хорт хавдар үүсгэгч хүчин зүйл болох сөрөг нөлөөтэй тул сүүлийн үед цэвэрлэгээний бодист ашиглахаас татгалзах болоод буй.

Мөн SLS, SLES зэрэг синтетик орцын химийн бүтэц нь нарийн төвөгтэй тул тэдгээрийг хүрээлэн буй орчинд түгээмэл тохиолддог бичил биетэн задлахад төвөгтэй байдаг. Тиймдээ ч био задралд орохдоо удаан байдаг. Ингэж удаан задарснаар био аккумуляци буюу хөрсөнд хорт нэгдэл хуримтлагдах мөн цаашлаад задралын явцад өөр хорт нэгдэл ялгарах зэрэг эрсдэлийг үүсгэдэг.

Тиймээс зарим улс орнууд эдгээр найрлагуудыг үйлдвэрлэлд ашиглахыг хориглоод багагүй хугацаа өнгөрөөд байгаа юм. Жишээ нь: Европын холбоо 2017 онд 259/2012 тоот журмын дагуу аяга таваг угаагч бодис дахь фосфатыг үйлдвэрлэлд ашиглахыг хориглосон. Мөн NPE-гийн байгаль орчинд үзүүлэх нөлөөг нь харгалзан Канад улс цэвэрлэгээний бодист ашиглахыг хориглосон байна.

УЛАМЖЛАЛЫГ ХАЛАХ ОРГАНИК ОРЦ

Эх сурвалж: Epicurious

Сүүлийн үед хэрэглэгчдийн сонсохоос залхаад буй органик гэх үг нь угтаа тухайн бүтээгдэхүүнийг байгалийн гаралтай орц, найрлагатай гэдгийг л тодорхойлоод байгаа юм шүү дээ. Тэгвэл аяга угаагчийн тэдгээр цэвэрлэх орцуудыг нь байгалийн гарлалтай орцоор орлуулчихаар аяга, тавгийг яг сайн цэвэрлэж, угааж чадна гэж үү? Уламжлалт ч бай органик бай цэвэрлэгч орцууд яаж ер нь аягыг “угаагаад” байгааг ойлгохын тулд товчхон химийн хичээлээ эргэн санацгаая.

Гадаргуугийн идэвхт бодис нь гидрофиль буюу усыг өөртөө татах (усанд дуртай), гидрофобик буюу усыг түлхэх (усанд дургүй) урт нүүрс-устөрөгчийн гинж бүхий химийн бүтэцтэй байдаг. Тус бодисын усанд дургүй хэсэг нь бидний угаах аяганд наалдсан тостой холбогддог бол усанд дуртай хэсэг нь устай очиж холбогддог. Энэ холбоо нь аяган дээрх тосорхог бодисыг шингэлж, илүү жижиг дусал болгон задлангаа усаар зайлж угаах боломжийг олгодог байх нь ээ.

ХӨӨСРӨХ ТУСАМ САЙН УГААНА ГЭЖ ҮҮ?

Эх сурвалж: Stock photos

Энэ “угаах” үйлдэлийг ургамлын гаралтай хөөсрүүлэгч бодис ч гэсэн хийж чадна. Тиймээс ургамлын гаралтай орц ороод ирэхээр угаах үйлдэл нь алга болчихно гэж санаа зовох зүйлгүй байх нь. SLS, SLES уламжлалт гадаргуугийн идэвхит бодис нь илүү хүчтэй хөөсрүүлэгч шинж чанартайн дээр илүү хямд орц учраас олон жилийн турш угаалгын шингэнд хэрэглэгдсээр ирсэн юм. Харин их хөөсөрч байгааг илүү сайн цэвэрлэж байна гэж эндүүрч болохгүй. Молекул нь тосорхог бохирдолыг задалж жижиглэж байгаа нь л гол цэвэрлэх үйлдэл болохоос угаах явцад агаарыг түгжиж бөмбөлөг үүсгэх чадвар нь угааж байгаа үйлдэл биш юм. Тэгэхээр органик гадаргуун идэвхит бодис нь бидний эрүүл мэндэд хохирол учруулалгүйгээр угаах үйлдэлийг хийдгээрээ аяга угаагчийн уламжлалт орцыг орлохуйц давуу талтай орц болжээ.

Ташрамд дурдахад бүтээгдэхүүнээ компани өөрсдөө органик гэж нэрлээд л органик болчихдог тийм ч амар эд биш юм. Монголын нөхцөлд л гэхэд Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрлэлийн танхимын эко шошго хэрэглэх 2 жилийн эрхийг тодорхой шалгууруудыг хангаж байж бүтээгдэхүүнээ эко гэж бардам сурталчлах боломж бүрддэг учраас органик гэж сурталчилсан болгонд итгэж болохгүйг санаарай.

ӨӨРЧЛӨЛТИЙГ ӨӨРӨӨСӨӨ

Эцэст нь хэлэхэд дурдсан сэтгэл түгшим эрүүл мэндийн болон байгаль орчны эрсдэлийг нь үл харгалзан компаниуд ашгаа нэмэгдүүлж, түүхий эдийн зардлаа хэмнэх зорилгоор SLS, SLES, фталат зэрэг нэгдлийг ашигласаар буй. Гэсэн ч сүүлийн үед хэрэглэгчид илүү мэдлэгтэй болж, тэднийг гоё ганган өнгө, дүрсээр хуурахад улам хэцүү болж байгаа тул бид өөрчлөлтийн цаг үед амьдарч байгаа гэхэд хилсдэхгүй. Учир нь энэ нийтлэлийг сонирхон уншиж суугаа та, яг энэ өөрчлөлтийн багахан хэсэг болж суугаа юм. Хэрэглэгч аяга угаагч гэх “жул” сонсогдох мэт энэ бүтээгдэхүүнийг сонирхон судалснаар эрэлт хэрэгцээ өөрчлөгдөж, хэрэглэгчдэд ээлтэй, аюулгүй бүтээгдэхүүний тоо олшрох билээ.

Тиймээс илүү мэдлэгтэй хэрэглэгч болж өөрийн болон хайртай хүмүүсийнхээ эрүүл мэндийг хамгаалаарай.