Өнгөрөгч Мягмар гарагт Apple компани намрын ээлжит арга хэмжээгээ зохион байгуулж, албан ёсоор Lightning оролтыг халж, залгуурын замбараагүй хэрэглээнд баяртай гэж хэлэх боломжийг хэрэглэгчдэдээ олгосон юм.

Энэхүү шийдвэр нь уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг Европын холбооны эрх баригчид ирэх он гэхэд зах зээл дээр худалдаалж буй бүх гар утас, таблет төхөөрөмжийг USB-C оролттой болгох хууль баталсантай холбоотой. Хэрэглэгчид бүх төхөөрөмждөө нэг стандартын цэнэглэгч ашигласнаар жил бүр 250 сая евро хэмнэж, 11 мянган тонн электрон хаягдлыг бууруулах боломжтой юм.

Технологийн магнатууд ээлж дараалан өөрсдийн бүтээгдэхүүнээ carbon neutral буюу “нүүрстөрөгчийн тэнцвэртэй” байлгах зорилго тавьж, үйлдвэрлэлийн үе шатандаа боломжит хэмжээгээр сэргээгдэх эрчим хүч, дахин боловсруулсан түүхий эд ашиглахаар хичээж байгаа ч бодит байдал дээр электрон хаягдлын хэмжээ жил ирэх тусам өссөөр.

Хог хаягдал дундаас ангилан ялгах, дахин боловсруулахад хамгийн ярвигтай нь хэдий ч нөгөө талдаа эдийн засгийн нөөц, ховор металлын асар том эх үүсвэр болох боломжтой электрон хаягдлын тухай бид Тогтвортой хөгжлийг дэмжигч ХААН Банктай хамтран бэлтгэдэг 2030 цахим товхимлын шинэ дугаартаа дэлгэрэнгүй мэдээлэл бэлдлээ.


@techworm.mn

 ТАНАЙ ГЭРТ ХЭДЭН КГ ЭЛЕКТРОН ХАЯГДАЛ БАЙГАА ВЭ?

НҮБ-ын мэдээлснээр манай гарагийн хүн бүр жилд дунджаар 7.6 кг электрон хог хаягдал гаргадаг бөгөөд найман тэрбум хүнд үржүүлбэл 57.4 сая тонн гэсэн үг. Эдгээр хаягдлыг дундаж ачааны машинд овоолбол дэлхийг 13 удаа бүтэн ороож хүрэхүйц урт дараалал үүсэх аль эсхүл олимпын зэрэглэлийн 15 мянган ширхэг усан санг дүүргэнэ хэмээн төсөөл дөө. Хэрвээ та гэрийнхээ аль нэг шүүгээнийхээ мухар руу шидсэн хуучин кабель, ашиглахаа больсон гар утас, эвдэрхий процессор, USB залгууруудаа нэг дор нь цуглуулаад үзвэл “7.6 кг” гэх тоо харин ч бага юм биш үү хэмээн бодох вий.

Хортой бодис, үнэт материалын холимог агуулсан уг хаягдлын дөнгөж 17.4 хувийг нь л өнөөдөр бид ангилан ялгаж байна. Энэ төрлийн хаягдал нь зэс, алт, мөнгө, палладий, хөнгөн цагаан, төмөр зэрэг газрын ховор элементээс гадна хар тугалга, мөнгөн ус, бериллий, талли, кадми гэхчлэн хүний эрүүл мэндэд асар хор нөлөөтэй бодисуудыг ч давхар агуулдаг тул дахин боловсруулах нь эдийн засаг, байгаль орчин, хүний эрүүл мэндэд онцгой ач холбогдолтой.


@theconversation.com

НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрөөс гаргасан судалгаанд жил бүр 19 тэрбум ам.доллартой тэнцэх цахим хог хаягдлыг хууль бус замаар худалдаалж буй талаар өгүүлжээ.

Яг л нэгэн цагт манай улсад нинжа хэмээн нэрлэгдэх хүмүүс хууль бусаар алт олборлож байсантай адил орчин цагт хөгжингүй орны электрон хаягдлаас үнэт металл гаргаж авахын төлөө буурай орны иргэд (Хятад, Энэтхэг, Гана, Нигери) амь нас, эрүүл мэндээрээ хохирч байгаа нь гашуун үнэн. Угтаа бид хаягдлаа стандартын дагуу дахин боловсруулж чадвал эдийн засаг төдийгүй хүлэмжийн хийг багасгах алсын зорилтод асар өндөр ач холбогдолтой.


@unsplash.com

Ганц жишээ татахад зөөврийн компьютер, ухаалаг гар утас, цахилгаан машины батарейн амин сүнс болсон кобальтыг бараг 100 хувь дахин ашиглах боломжтой ч бодит байдал дээр ердөө гуравны нэгийг нь л дахин боловсруулж байна. Хоёрдогч түүхий эдийг бид ашигласнаар уурхайн олборлох, баяжуулах явцад үүсэх нүүрсхүчлийн хийн ялгаралтыг 80 хүртэл хувиар бууруулах давуу талтай.


Дэлхийн нийт эрчим хүчний долоон хувийг уул уурхайн салбар дангаараа ашиглаж байгаа цаг үед дэвшилтэт технологийн гол түүхий эд болсон газрын ховор элементийг дахин боловсруулбал бид тэр хэмжээгээрээ хүлэмжийн хийн ул мөрөө багасгах боломжтой гэсэн үг.


@theconversation.com

 ЭЛЕКТРОН ХАЯГДЛЫГ БОЛОВСРУУЛАХ ХЯЛБАР УУ?

Асуудлын хамгийн ярвигтай хэсэг нь дахин боловсруулах үйл явц. Ахуйн хог хаягдлыг зөв ангилчих л юм бол боловсруулах үйл явц нь харьцангуй энгийн бол электрон хаягдал доторх үнэт металл, хортой бодисыг нэг бүрчлэн ялгаж, хүний бие хүрээлэн буй орчинд аюулгүй байдлаар боловсруулах нь бидний бодсоноос ч төвөгтэй бөгөөд өртөг зардал өндөр.

Сонирхуулахад, ганцхан ширхэг iPhone 0.018 гр алт, 0.34 гр мөнгө, 0.015 гр палладий, багахан хэмжээний цагаан алт агуулдаг. Гэхдээ эдгээрийг нэг бүрчлэн салгаж авна гэдэг тун нарийн ажиллагаа шаардана. Өнөөдөр дэлхий даяар хэрэглэгдэж буй 16 тэрбум орчим гар утасны таван тэрбум гаруй нь ирэх жил гэхэд хог хаягдал болох тооцоог мэргэжилтнүүд гаргажээ. Эдгээрийг дээр дээрээс нь давхарлан өрвөл 50,000 км буюу тойрог зам дахь Олон улсын сансрын станц хүртэл зайнаас лавтайяа зуу дахин өндөр болох аж.



2021 оны байдлаар технологийн компаниуд ойролцоогоор 1.43 тэрбум ухаалаг утас, 341 сая компьютер, 210 сая зурагт, 548 сая хос чихэвч борлуулсан байна. Жил ирэх тусам зайгаар ажилладаг төхөөрөмжийн тоо борооны дараах мөөг шиг нэмэгдэж, хүн төрөлхтөн ч шинээр зарлагдах технологийн бүтээгдэхүүнийг минут алдалгүй худалдан авахын төлөө “алалцаж” байгаа энэ цаг үед эдгээр тоо улам л өсөх нь гарцаагүй. Харин нөгөө талдаа хаягдал болсон бүтээгдэхүүнийг хэрхэн хоёрдогч түүхий эд болгох нь бидний шүдний өвчин болно.




"GOOGLE"-ДЭХЭЭС ЗАЛХУУРСАН АСУУЛТ

ЗҮГЭЭР Л ХӨРСӨНД БУЛЧИХАЖ БОЛОХГҮЙ ГЭЖ ҮҮ?

Мөнгөн ус, хар тугалга зэрэг химийн хортой бодис нь хэдэн зууны турш байгальд задрахгүйгээр хөрс, усанд шингэдэг учраас бусад хаягдалтай адил газар булчихаж хэрхэвч болохгүй. Бидний нэрлэж заншсанаар хуруу зай гэхэд дангаараа дөрвөн метр квадрат талбайг хордуулж, 800 мянган литр ус бохирдуулах чадалтай.

Тэгвэл монголчуудын хамгийн ихээр таашаан хэрэглэдэг хос хөдөлгүүртэй автомашин буюу Hybrid машинаас ойролцоогоор 30 гаруй хаягдал баттарей гардаг бөгөөд үүнд хар тугалга, хүхрийн хүчил, шүлт болоод хийцээс хамаарч сурьма, кадми, хүнцэл, мышак зэрэг 10 гаруй төрлийн хортой химийн элемент агуулагддаг. Эдгээр бодис нь хүний эрүүл мэнд төдийгүй хөрсөнд томоохон асуудал үүсгэх аюултай. Сүүлийн үед хийгдсэн судалгаагаар нийслэл хотын суурьшлын бүсийн хөрсний 55 хувь нь хүнд металлын бохирдолттой хэмээн гарчээ.



"GOOGLE"-ДЭХЭЭС ЗАЛХУУРСАН АСУУЛТ

ЭКО ТОДОТГОЛТОЙ МАШИН ҮНЭХЭЭР “ЭКО” БАЙЖ ЧАДАХ УУ?

2021 оны байдлаар нийслэлд бүртгэлтэй 662 мянган тээврийн хэрэгслийн 150 мянга орчим нь Toyota Prius маркийн автомашин. Hybrid машин нь шатахуун бага зарцуулдаг, байгаль орчинд хор нөлөө багатай хэдий ч баттарей нь хүнд металл буюу хатуу хог хаягдлын ангилалд ордог.

Манайх Япон улсаас хамгийн олон хуучин машин импортлогч улс болохыг НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөр (Unep) байгууллагын судалгаа харуулж байна. Өнгөрсөн 2022 онд Япон улсаас импортоор 60,160 суудлын автомашин орж иржээ.

Хамгийн аюултай нь хос хөдөлгүүрт машин буюу hybrid машины хаягдал баттарейг хяналтгүйгээр хөрсөнд хаяснаар агаар мандалд тархаж буй хүнд элементүүд нь эргээд хөрсөнд тунадасжсаар хур тунадасны нөлөөгөөр уусан шингэж, бохирдлыг хөрсөн давхарга болон гүний ус руу ч нэвчүүлэх эрсдэлтэй. Харамсалтай нь, ашиглалтаас гарсан баттарейг дахин боловсруулах үйлдвэр, дахин боловсруулах боломжтой орон руу экспортлох бодлого бидэнд одоо хүртэл алга.

САЛБАРЫН ОНЦЛОХ МЭДЭЭ: 

-Өнгөрөгч мягмар гарагт нээлтээ хийсэн iPhone утасны шинэ загварууд Европын холбооны зүгээс тавьсан шаардлагын дагуу албан ёсоор USB-C оролттой болж байна.

-Электрон хог хаягдлыг дахин боловсруулах зах зээл энэ оны эхний хагаст л гэхэд 13.1 хувийн өсөлт үзүүлсэн бөгөөд 2030 он гэхэд зах зээлийн багтаамж нь 120 тэрбум ам.долларт хүрэх төлөвтэй байна.

-Их Британид долоо хоног бүр таван сая “Vape” тамхи хаягдаж байгаа нь өнгөрсөн жилийнхээс дөрөв дахин өссөн үзүүлэлт ажээ. Ийнхүү “Vape”-ийн хаягдал өссөнөөр хогийн машин болон хог боловсруулах байгууламжид гал гарах тохиолдол нэмэгдсэн байна.

Сэргээгдэх эрчим хүчний тоног төхөөрөмж үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгч Хятад улс салбарын өсөн нэмэгдэж буй хог хаягдлыг багасгахын тулд хуучирсан салхин турбин, нарны хавтангуудыг дахин боловсруулах системийг ойрын ирээдүйд цогцоор нь шийднэ хэмээн мэдэгдэв.



САНАЛ БОЛГОХ НЬ:

ВИДЕО:

Электрон хог хаягдалтай тэмцэх, дахин боловсруулах нь бодит байдал дээр хэр хэцүү ажил вэ? Сардаа зургаан сая гаруй тонн электрон хаягдал ангилан ялгадаг АНУ-ын тэргүүлэгч дахин боловсруулах үйлдвэрийн нөхцөл байдал, тэдний үйл ажиллагаанд тохиолддог бэрхшээлтэй уг видеогоор дамжуулан танилцаарай.

How 6 million pounds of electronic waste gets recycled a month

КИНО:

Электрон хог хаягдлыг багасгах хамгийн үр дүнтэй аргуудын нэг бол дахин боловсруулах. Зөвхөн Герман улсад 2030 он хүртэл нийтдээ нэг сая гаруй тонн нарны модуль хаягдал болно гэж мэргэжилтнүүд таамаглаж байгаа юм.

Харин Хамбург дахь 2NDLIFESOLAR компани эдгээр хаягдал модулиудын түүхий эдийг боловсруулаад зогсохгүй түүхий эдийг нь ашиглан жижиг оврын нарны хавтан шинээр үйлдвэрлэж байгаа аж. Энэ мэтчилэн электрон хог хаягдлын эсрэг тэмцэж буй дэлхий даяарх үлгэр жишээ санаачилгын тухай уг баримтат бүтээлээс үзэх боломжтой.

Recycling E-Waste-Good for Business and the Environment

НОМ:

Хэрэв бид яг одоо, энэ цаг мөчид уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг ганц ч болтугай бодит үйлдэл хийж чадвал 50, 100 жилийн дараах хүн төрөлхтний ирээдүй хэрхэн өөрчлөгдөх бол?

“Бид нэгэнтээ халуун там руу хурдны замаар давхиж байгаа юм бол, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцэхэд хэтэрхий оройтсон гэж үзэж байвал үүнд анхаарах шаардлага байгаа гэж үү? хэмээн эргэлздэг олон хүний асуултад уг ном нь хариулт болж, эргэлзээг нь тайлах юм.

The future we choose: Surviving the climate crisis

ПОДКАСТ:

Тойрог эдийн засгийн ач холбогдол, үнэ цэнийн тухай хийгээд эдийн засгийн энэхүү шинэ загвар нь жирийн иргэдийн амьдралын хэв маягт ямар олон шинэ боломж бүтээх тухай хамгийн товч бөгөөд тодорхой байдлаар тайлбарласан подкаст.

How to make sure materials get reused again and again


Бид тогтвортой хөгжлийн тухай сэдвийг хүн бүрийн ой тоонд шингээж, алхам бүрдээ хариуцлагатай байх дадал хэвшил, эх дэлхийгээ хайрлах ухамсрыг бүтээхийн тулд Тогтвортой хөгжлийг дэмжигч ХААН Банктай хамтран "Тогтвортой хөгжил-2030" цахим товхимлыг бэлтгэн хүргэдэг билээ.Хүн төрөлхтний гэрийн даалгавар гэгдэж буй "Тогтвортой хөгжлийн 17 зорилго"-той холбоотой мэдээллүүд, үйл явдлууд, сайн жишээнүүдийг энгийн үгээр, сонирхолтойгоор тайлбарлан давхар блог нийтлэл болгон хүргэж байна.

Цахим товхимолд бүртгүүлэх: 2030.mn

Unread Media & Khan bank