Би мөнгөө эргэлзэхгүйгээр нарны эрчим хүчинд өгөх байсан. Газрын тос, нүүрс хэрэглээнээс гарахыг хүлээх шаардлагагүйгээр асуудлыг шийдэх боломж тэнд бий.

Томас Эдисон

Өдгөө дэлхий дахины эрчим хүчний үндсэн түүхий эд нүүрс хэвээр. Эрчим хүчний салбарт жилд таван их наяд доллар эргэлддэг тул энэ хорвоо дээрх хамгийн том бизнесүүдийн нэг. Гэвч нөгөө талаас байгальд хор хөнөөлтэй хүлэмжийн хий ихээр ялгаруулдаг, хамгийн том салбарын нэг хэвээр.

Тиймээс дэлхийн улс орнууд эрчим хүчээ хэмнэх, үр ашигтай хэрэглэх хандлагад шилжиж, цаашид байгальд ээлтэй, сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг өргөн хэрэглээ болгохоор зорьж байна.

Төрөөс эрчим хүчний талаар баримтлах бодлогын баримт бичигт Монгол Улс эрчим хүчний аюулгүй байдлаа хангах нөхцөлийг бүрдүүлнэ гэсэн тэргүүн зорилт байдаг. Мөн хүлэмжийн хийг бууруулах, сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлийн суурилагдсан хүчин чадлыг 2020 онд 29 хувьд, 2030 онд 30 хувьд хүргэх зорилт тавин ажиллаж байна.

Тиймээс ХААН Банктай хамтран бэлтгэдэг “2030” цахим товхимлын энэ удаагийн дугаартаа бид эрчим хүчний үнэ цэн, хэмнэлтийг онцолж, сэргээгдэх эрчим хүчний ирээдүйн чиг хандлагын талаар тайлбарлахаар бэлтгэлээ.

тоогоор тайлбарлах нь 

27%: Өдгөө дэлхийн нийт хүлэмжийн хийн 27 хувь нь эрчим хүч үйлдвэрлэх явцад гарч байна.

31%: Манай улсын цахилгаан дамжуулах, түгээх сүлжээний нийт шугамын 31 хувийн ашиглалтын хугацаа дууссан тул шинэчлэх шаардлагатай.

13%: Өдгөө хотын төвлөрсөн дулаан хангамжид холбогдсон хэрэглэгчдийн ачаалал 13 орчим хувиар хэтэрсэн үзүүлэлттэй байна.

53.8%: Монгол Улсын эрчим хүчний хэрэглээ 2005-2016 онд 53.8 хувиар нэмэгджээ.

11.5%: Нэг хүнд ногдох эрчим хүчний хэрэглээгээр манай улс дэлхийн дунджаас 11.5 хувь доогуур байна.

ой санамжид уях баримтууд 

Уур амьсгалын тухай асуудлыг гүнзгий судалж, олон нийтийн өмнө ярьж ойлгуулна гэж бодоогүй явсан Билл Гэйтс 20 жилийн өмнө Төв болон Өмнөд Африк, Өмнөд Азийн хөгжил буурай орнуудаар явж, төрөлт, нас баралт, өвчин зовлон зэрэг асуудлыг судалжээ. Тэнд тэр чигтээ хав харанхуй, гэрэл цахилгаангүй байв.

Өдгөө дэлхий дээр 860 сая хүн цахилгаангүй амьдарч байна. Цахилгаан эрчим хүчгүйгээр сурч боловсрох, бүтээмжтэй ажиллаж, тогтвортой үйлдвэрлэл явуулах, цаашлаад нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх тухай ярихад бэрх. Хэрэв вакцин хадгалах зориулалт бүхий хөргөгчийг ажиллуулах цахилгаан байхгүй бол хүмүүс яаж эрүүл амьдрах юм бэ? Гэхдээ тэднийг гэрэл цахилгаантай болголоо гээд асуудал шийдэгдэхгүй.

Хөгжингүй орнууд хүлэмжийн хий ихээр ялгаруулсаар байвал уур амьсгалын өөрчлөлтийн хор хохирлыг хамгийн түрүүнд тариаланчид амсана. Ган гачиг, үер, шуурга гээд байгалийн гамшигт үзэгдэл тэднийг юу ч үгүй болгож чадна. Тиймээс бид хүлэмжийн хий бага ялгаруулах эрчим хүчний шийдлийг эрэлхийлэх учиртай билээ. Өдгөө дэлхийн нийт хүлэмжийн хийн 27 хувь нь эрчим хүч үйлдвэрлэх явцад ялгарч буй тул бидний хамгийн их анхаарах учиртай чухал сэдэв юм шүү.

"google"-дэхээс залхуурсан асуулт

Сэргээгдэх эрчим хүч тийм үнэтэй хэрэг үү?

Эрчим хүчний салбар хөрөнгө оруулагчдын хувьд тун амаргүй аж. Бизнесийн хувьд урт хугацааны дараа өгөөжөө өгдөг, өртөг өндөртэй учраас энэ чиглэлийн хувийн сан, хөрөнгө оруулалтууд тааруухан байдаг. Мөн засгийн газрууд энэ салбарт шууд болон шууд бусаар оролцож, хууль зүйн олон зохицуулалт хийдэг нь бизнесийнхэнд амаргүй даваа болдог байна.

Өдгөө дэлхийн эрчим хүчний зах зээлд жилд таван их наяд ам.доллар эргэлддэг тул энэ хорвоо дээрх хамгийн том бизнесүүдийн нэгд тооцогддог. Хэрэв энэ зах зээлд нэгэнт хөрөнгө оруулсан бол үнэ цэнээ мөд алдахгүй. Лав л 30 жил үр өгөөжөө өгсөөр байх аж. Харин та апп бүтээгч бол хөгжүүлэлт дутуу ч хамаагүй хэрэглэгчдийнхээ дунд туршилт явуулж, явц дундаа сайжруулах бүрэн боломжтой. Харин эрчим хүчний салбар хэзээ ч туршилт хийж, азаа үзэх боломж олгодоггүй, эрсдэл ихтэй, аюултай бизнес тул сэргээгдэх эрчим хүч нэвтрүүлнэ гэдэг урт хугацаа шаарддаг ажил гэдгийг санах хэрэгтэй.

сайн туршлагыг хуваалцах нь 

Аливаа нэг эрчим хүчний эх үүсвэрийг өөр төрлөөр солиход багадаа 10 жил зарцуулдаг аж. Түлш гэхэд 1890 онд дэлхийн эрчим хүчний хэрэглээний тал хувьд ч хүрдэггүй байсан бол өдгөө хамгийн түгээмэл хэрэглээ болсон. Харин нүүрс дэлхийн нийт цахилгааны хэрэглээний 50 хувьд хүрэхийн тулд 1840-1900 он хүртэл 60 жил зарцуулсан. Мөн байгалийн хий 1900 онд ердөө нэг хувь эзэлж байсан бол 70 жилийн хугацаанд 20 хувьд хүрсэн түүхтэй.

Сүүлийн жилүүдэд хөгжингүй орнуудад нүүрсний хэрэглээ пуужингийн хурдаар өсөж буй. 2000-2018 онд Хятадад нүүрсний хэрэглээ гурав дахин өссөн. 2000-2018 онд Хятадад нүүрсний хэрэглээ гурав дахин нэмэгдсэн нь АНУ, Канад, Мексикийн хэрэглээг нийлүүлснээс ч их дүн юм.

Нөгөө талаар, сэргээгдэх эрчим хүчний хэрэглээ давхар өссөөр байна. Өнгөрсөн оны байдлаар дэлхийн нийт эрчим хүчний 0.9 хувийг салхин цахилгаан станц эзэлжээ. Европын орнууд, тэр дундаа Их Британи салхин цахилгаан станцаараа дэлхийд тэргүүлж байна. БНХАУ олон томоохон төсөл хэрэгжүүлж, 2030 он гэхэд энэ зах зээлд том хэрэглэгч болохоор зорьж буйг дурдах нь зүй.

зөвлөгөө 

Өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээнээс бэлтгэсэн зөвлөмжийг хүргэж байна.

Санал болгох нь 

ВИДЕО: Эрчим хүч хэрхэн үйлдвэрлэдгийг харуулсан баримтат нэвтрүүлэг үзээрэй.

БИД ЭРЧИМ ХҮЧ ХЭРХЭН ҮЙЛДВЭРЛЭДЭГ ВЭ?

НОМ: Уур амьсгалын өөрчлөлтөд нөлөөлж буй эрчим хүчний хэрэглээг хэрхэн "ногоон" болгох тухай, Билл Гэйтсийн бичсэн сонирхолтой бүтээлийг уншаарай.

HOW TO AVOID A CLIMATE DISASTER

КИНО: Сэргээгдэх эрчим хүч нэвтрүүлэхэд ямар сорил, бэрхшээл тулгарч буй тухай бодитоор харуулсан баримтат киног үзээрэй.

CATCHING THE SUN

ПОДКАСТ: Эрчим хүч гаргах үйл явцын хариуд бид ямар нөхөн төлөөс төлдөг бол, цаашид бид ийм их энергийг байгалиасаа хэрэглэж чадах уу гэх асуултыг хөндсөн подкастыг сонсоорой.

СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧ = СҮҮЛИЙН ГАРЦ


Бид тогтвортой хөгжлийн тухай сэдвийг хүн бүрийн ой тоонд шингээж, алхам бүрдээ хариуцлагатай байх дадал зуршил, эх дэлхийгээ хайрлах ухамсрыг бүтээхийн тулд Тогтвортой хөгжлийг дэмжигч ХААН Банктай хамтран “Тогтвортой хөгжил-2030” цахим товхимлыг бэлтгэн хүргэдэг билээ.

Хүн төрөлхтний гэрийн даалгавар гэгдэж буй "Тогтвортой хөгжлийн 17 зорилго"-той холбоотой мэдээллүүд, үйл явдлууд, сайн жишээнүүдийг энгийн үгээр, сонирхолтойгоор тайлбарлан давхар блог нийтлэл болгон хүргэж байна.

Цахим товхимолд бүртгүүлэх 2030.mn

Unread