2019 онд Европын холбоо ирэх арван жилд дор хаяж 1 их наяд еврогийн тогтвортой хөрөнгө оруулалтыг ногоон, хүртээмжтэй эдийн засагт шилжихэд шаардлагатай төслүүдэд оруулахаа амласан цаг саяхан. Тэрчлэн өнгөрсөн жилийн COP27 хурлын гол асуудал “санхүүжилт” байж, ядуу буурай бүс нутгийн хүн амд уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицоход нь туслах зорилгоор жил бүр 100 тэрбум ам.долларын санхүүжилт олгох ажлыг гол сэдвээ болгосон нь санаандгүй тохиол биш.

Зөвхөн эрчим хүчний салбарыг ногоон болгоход бидэнд жилдээ 2.4 их наяд ам.долларын санхүүжилт шаардлагатай гэж бодохоор тогтвортой хөгжлийн зорилгуудыг биелүүлэхийн тулд бизнесийн байгууллагуудын оролцоог нэмэгдүүлэхээс өөр аргагүй.

Тиймдээ ч сүүлийн жилүүдэд аливаа байгууллагын урт хугацаанд амжилттай үйл ажиллагаа эрхлэх найдвартай байдлыг байгаль орчин, нийгэм, засаглалын (БОНЗ) хүрээнд оруулж буй эерэг үр нөлөөгөөр нь үнэлдэг жишиг тогтоод байна.

ХААН Банктай хамтран бэлтгэдэг “2030” цахим товхимлын шинэ дугаартаа бид БОНЗ (ESG)-ийн тухай товч ойлголт болон байгаль орчин, нийгэм, засаглалын сайн шалгуур бүхий үйл ажиллагаа хэрэгжүүлэгч компани байх нь ирээдүйн үнэ цэнийн өсөлтөд хэрхэн эергээр нөлөөлөх тухай тайлбарлалаа.



бонз компанийн нийгмийн хариуцлагЫН АЖЛУУДААС ялгаатай юу?

Өнгөрөгч зуунд Милтон Фридманы онолоор аливаа бизнесийн байгууллагын үндсэн зорилго ашиг орлогоо нэмэгдүүлэх төдий байв. Компанийн санхүүгийн эх үүсвэрийг хуваарилахдаа хувьцаа эзэмшигчийн үнэ цэнийг нэмэгдүүлэхэд үүрэг гүйцэтгэдэггүй үйл ажиллагааг анхаарч үзэх нь шаардлагагүйд тооцогддог байлаа.

Гэтэл нийгмийн сайн сайхан байдал болон бизнесийн амжилт хоорондын уялдаа холбоо салшгүй болох нь сүүлийн жилүүдэд тодорхой болсоор байна. Тэгвэл энэхүү асуудлыг тодорхой хэмжээнд шийдэхээр сүүлийн жилүүдэд байгаль орчин, нийгэм, засаглал буюу БОНЗ (ESG) хүчин зүйлсийг хөрөнгө оруулалтын үйл явц, шийдвэр гаргахад дэлхийн томоохон корпорацууд өргөнөөр ашиглаж буй.

Бизнесүүд буяны хандивлагчийн хувиар бус бизнес эрхлэгчээр ажиллах үед ашиг орлогоо нэмэгдүүлэхийн зэрэгцээ байгаль орчны гүйцэтгэл, нийгмийн эрүүл мэнд, хоол тэжээл, хямд орон сууц, санхүүгийн аюулгүй байдал, нийгмийн сайн сайхан байдлын бусад чухал арга хэмжээг сайжруулах боломжтой.

БОНЗ-ын шалгуурууд нь уламжлалт санхүүгийн шинжилгээний нэг хэсэг биш боловч санхүүгийн хамааралтай байж болох өргөн хүрээний асуудлыг хамардгаараа онцлогтой. 2004 онд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга асан Кофи Аннан томоохон санхүүгийн байгууллагуудын 50 гаруй гүйцэтгэх захиралуудад хандан уриалга гаргаж, НҮБ-ын Даян дэлхийн гэрээний ивээл дор, Олон улсын санхүүгийн корпорацийн дэмжлэгтэйгээр БОНЗыг хөрөнгийн зах зээлд нэвтрүүлсэн түүхтэй. Өдгөө дэлхийн шилдэг 250 компани (G250) бараг бүгдээрээ тогтвортой хөгжил, S&P 500 компанийн 86 хувь нь БОНЗ-тай холбоотой ямар нэгэн тайлан тогтмол гаргаж байгаа гэх судалгаа бий.



ОРЧИН ЦАГИЙН БИЗНЕСИЙН БАЙГУУЛЛАГУУД ЯАГААД БОНЗ-ыг анхаарах шаардлагатай вэ?

Оксфорд болон Харвардын их сургуулиас хөрөнгө оруулалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудын дунд дэлхийн хэмжээнд явуулсан судалгааны үр дүнгээс ажиглахад хөрөнгө оруулалтын гүйцэтгэлд санхүүгийн чухал ач холбогдолтой учраас БОНЗ-ын асуудлаарх мэдээллийг ашигладаг хэмээн “Судалгаанд оролцогчдын дийлэнх буюу (82 хувь) нь хариулжээ. Тэрчлэн 2000 гаруй бизнесийн байгууллагын дунд явуулсан судалгаагаар БОНЗ-ын материаллаг асуудлууд дээр сайн ажилладаг компаниуд санхүүгийн өндөр үзүүлэлттэй байдаг" гэжээ. Судалгааны үр дүнд БОНЗ-санхүүгийн гүйцэтгэл хоорондоо ойролцоогоор 90 хувь сөрөг биш хамааралтай байсан байна. Зөвхөн санхүүгийн хөрөнгө оруулалтаас гадна олон талд БОНЗ нь ач холбогдолтой.

Harvard Business Review-д дурдсанаар ажилтнуудын хувьд БОНЗ-ын өндөр оноо нь нэгэн төрлийн ажлаараа бахархах сэдэл болдог. Ажилд шинээр орж буй хүмүүсийг урт хугацаанд тогтвортой ажиллуулах, headhunting өрсөлдөөнд ялалт байгуулахад ч БОНЗ нь чухал хүчин зүйл болдог аж.



"GOOGLE"-ДЭХЭЭС ЗАЛХУУРСАН АСУУЛТ

БОНЗ-ын ач холбогдол

Байгаль орчин, нийгэм, засаглал буюу товчоор БОНЗ-ынг асуудлыг үйл ажиллагаандаа анхаарч, тодорхой ажлуудыг бодлогын түвшинд хэрэгжүүлж, түүнийхээ үр дүнг хэмжин, ил тод тайлагнах нь байгууллагуудад олон давуу тал бий болгодог. Эдгээрээс цөөн хэдийг дурдахад:

-БОНЗ-ын шалгуур үзүүлэлт, тайлагналыг сүүлийн үед дэлхий даяар албажуулж байгаа нь байгууллагын эрсдэлийн тогтолцоо өргөн хүрээ, урт хугацааг хамруулан удирдах, төлөвлөх, хамгаалах боломжийг албан байгууллагуудад бий болгохоос гадна зах зээлд өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх

-Олон улсаас болон дотоодоос хөнгөлөлттэй, илүү нөхцөл сайтай санхүүжилт татах боломж олгох

-Нийгмийн хариуцлагын хүрээнд тодорхой ажлууд хийж байгаа нь ажилтнуудын сэтгэл ханамжид эергээр нөлөөлж, байгууллагадаа үр бүтээлтэй ажиллах, харилцагч олон нийт талаас тухайн байгууллагад итгэх, үнэнч байхад нөлөөлөх

-Оролцогч талуудын итгэлийг хүлээж, брэндийн үнэ цэнийг нэмэгдүүлэх гэхчлэн жил ирэх тусам ач холбогдлын хүрээ нь ихсэж буй.



Монголын бизнес эрхлэгчид БОНЗ асуудалд хэр анхаарлаа хандуулдаг вэ?

Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй компаниудаас ердөө 13 хувь нь БОНЗ-ын мэдээллээ олон нийтэд нээлттэй тайлагнадаг бол 29 хувь нь тогтвортой байдлын нөлөөллийн үнэлгээ хийлгэсэн гэх судалгаа бий. Энэхүү судалгаанд нийт 42 компани (хөрөнгийн биржид бүртгэлтэй үнэт цаас гаргагчдын 25 орчим хувь) хамрагдсан бөгөөд дээрх компаниудын хувьд хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэх эрсдэл зэрэг байгаль орчин, нийгмийн асуудлаар тайлагнах талаар мэдлэг, ур чадвар дутмаг байгааг мэргэжилтнүүд онцолжээ.

Сүүлийн жилүүдэд ХААН Ббанк, Голомт банк зэрэг банк санхүүгийн байгууллагууд БОНЗ-ын чиглэлээр санхүүгийн байгууллагуудыг түүчээлж, М-Си-Эс, Оюутолгой зэрэг үндэсний томоохон үйлдвэрлэгч компаниуд жил бүр гаргадаг тогтвортой хөгжлийн тайлангаараа бусад бизнес эрхлэгчдэдээ үлгэр жишээ болж буй.

ХААН Банкны хувьд 2018 оноос эхлэн Тогтвортой хөгжлийн тайланг өөрийн вэбсайтаар олон нийтэд нээлттэй тайлагнадаг болсон. Уг тайлангаараа тэд урт хугацаанд ХААН Банк тогтвортой үйл ажиллагаа явуулах итгэл, найдвартай байдлаа оролцогч талуудад батлан харуулах жишгийг тогтоогоод байна.


САЛБАРЫН ОНЦЛОХ МЭДЭЭ: 

--“Victoria’s Secret” брэнд полиуретан хөөсний оронд дахин боловсруулах боломжтой тусгай зориулалтын материалаар хийсэн “Forever Bra” хөхний даруулгын зөөлөвчөө танилцууллаа.

-Их Британийн Засгийн газар ирэх 20 жилийн хугацаанд нүүрстөрөгчийн давхар ислийг (C02) бууруулах зорилгоор 20 тэрбум фунт стерлингийн хөрөнгө оруулалт хийнэ хэмээн мэдэгдэв.

-ХААН Банкнаас уур амьсгалын өөрчлөлтийг бууруулахад чиглэсэн төсөл, хөтөлбөрүүдийг дэмжих хүрээнд Европын сэргээн босголт хөгжлийн банк (EBRD in Mongolia)-тай хамтран Мастер группийн “Go.to Market” төслийн бүтээн байгуулалтад 30 орчим тэрбум төгрөгийн, урт хугацаатай ногоон зээл олголоо.

-Мэйжи их сургуулийн эрдэмтэн Юки Моринага 20 жилийн турш монгол айрагны нцлог болон энэхүү хүнсний бүтээгдэхүүнийг боловсруулах, исгэх, хэрэглэх үе шатын талаар хийсэн дэлгэрэнгүй судалгааны тоймоо “Scientific American” сэтгүүлд хэвлүүлжээ.


ВИДЕО:

Сүүлийн жилүүдэд дэлхийн тэргүүлэгч брэндүүд БОНЗ-ын тайлангаа хэрэглэгчдэд ойлгомжтой, бүтээлч байдлаар бэлтгэн түгээх болсон. Тэдгээр компанийн тэргүүн эгнээнд Ikea брэнд багтдаг билээ.

IKEA SUSTAINABILITY REPORT FY22 HIGHLIGHTS

КИНО:

Орчин цагийн инфльюенсерийн нөлөөлөл, хэтийдсэн хэрэглээг сурталчилсан маркетингийн ажлууд хэрэглэгчдийн эрүүл мэнд хийгээд хүрээлэн буй орчныг хэрхэн сүйдэлж буй тухай дөрвөн ангит баримтат бүтээл.

BROKEN

ПОДКАСТ:


Өнгөрөгч онд дэлхий даяар үер, хар салхи, ган гачиг, хэт халалт зэрэг уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой байгалийн томоохон гамшгууд ээлж дараалан тохиож, эх дэлхийн түүхэнд хамгийн халуун зургаа дахь зун болж өнгөрсөн юм. АНУ-ын эрдэмтдийн үзэж байгаагаар эдгээр гамшгийн эдийн засагт учруулсан хохирлын хэмжээ 2022 онд 165 тэрбум доллартай дүйцэхүйц байсан нь 1980 оноос хойших гурав дахь өндөр үзүүлэлт аж. Уур амьсгалын өөрчлөлт дэлхийн эдийн засагтай хэрхэн холбогдож буй талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл тус дугаарыг дуустал нь сонсоорой.


HOW THE PRICE TAG ON US CLIMATE-RELATED DISASTERS HIT 165 BILLION IN 2022

НОМ:

Монголын компаниудад зориулан СЗХ, МХБ ТоС холбооноос гаргасан энэхүү гарын авлагаас БОНЗ, тогтвортой байдлын тайлагналын удирдамж хэрхэн бэлтгэх тухай дэлгэрэнгүй мэдээллийг авч болно.

БОНЗ ТОГТВОРТОЙ БАЙДЛЫН ТАЙЛАГНАЛЫН УДИРДАМЖ



Бид тогтвортой хөгжлийн тухай сэдвийг хүн бүрийн ой тоонд шингээж, алхам бүрдээ хариуцлагатай байх дадал хэвшил, эх дэлхийгээ хайрлах ухамсрыг бүтээхийн тулд Тогтвортой хөгжлийг дэмжигч ХААН Банктай хамтран "Тогтвортой хөгжил-2030" цахим товхимлыг бэлтгэн хүргэдэг билээ.Хүн төрөлхтний гэрийн даалгавар гэгдэж буй "Тогтвортой хөгжлийн 17 зорилго"-той холбоотой мэдээллүүд, үйл явдлууд, сайн жишээнүүдийг энгийн үгээр, сонирхолтойгоор тайлбарлан давхар блог нийтлэл болгон хүргэж байна.

Цахим товхимолд бүртгүүлэх 2030.mn

Unread media & Khan Bank