Саяхныг хүртэл бид жолоочгүй автомашин, ген засварлах CRISPR технологи, хиймэл оюун ухаан зэрэг технологийн өндөр дэвшлийг төсөөлөө ч үгүй явсан. Харин одоо энэ бүгд бидний өдөр тутмын хэрэглээ эсвэл зүгээр л хүн бүрийн мэдэх энгийн ойлголт болж хувирчээ.
Тэгвэл лабораторид ургуулсан мах, шавжийн гаралтай уураг, иддэг сав баглаа боодол гээд одоо сонсоход хачин боловч биднээс тийм ч алс хол биш эдгээр “шинэ хүнс” нь бидний дэлхийг аврах шийдэл болж чадах уу? Уг асуултад хариулахаар дэлхий дахины эрдэмтэд, судлаачид шаргуу ажиллах зуур бид энэхүү нийтлэлээрээ ер нь яагаад бидэнд шинэ хүнсний хэрэг болов? Тэр шинэ хүнс нь чухам юу байх вэ? Бидний одоогийн хүнсний хэрэглээ байгаль орчинд хэрхэн нөлөөлж байгаа зэрэг асуудлыг хамтдаа задалж ойлгоё.
Мах тийм муу гэж үү?
Энэ сэдвийг хөндөхөөс өмнө яагаад бид махыг олон зууны турш хүнсэндээ хэрэглэж ирснийг хэлэлцэх хэрэгтэй. Хүний биед хэрэгтэй үндсэн макро шим тэжээлийг цогцоор нь агуулдаг хүнс бол маргаангүй мах юм. Учир нь бие махбод өөрөө үйлдвэрлэж чадахгүй есөн чухал амин хүчлийг гаднаас буюу махнаас авах зайлшгүй хэрэгцээ бидэнд байдаг байх нь. Ургамлын гаралтай хүнс нь уургаар хангадаг ч зарим тодорхой амин хүчлээр бидний биеийг тэтгэж чаддаггүй.
Мөн маханд агуулагдах зарим шим тэжээлийг хүний бие организм илүү хурдан задалдаг. Жишээ нь: Хэдий бууцай нь махнаас өндөр төмрийн агууламжтай боловч махнаас илүү удаан задардаг сул талтай. Өөрөөр хэлбэл бууцай шингэхдээ биеэс илүү их энерги шаарддаг гэсэн үг.
Яагаад махнаас татгалзах болов?
Судалгаанаас үзэхэд мал аж ахуй нь хүлэмжийн хийн ялгаралт, ойн хомсдол, усны бохирдол, биологийн олон янз байдал устах зэрэгт ихээхэн хувь нэмэр оруулдаг байна. Тухайлбал, 2018 онд “Science” сэтгүүлд нийтлэгдсэн судалгаагаар мах, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэл хөдөө аж ахуйн хүлэмжийн хийн ялгарлын жаран хувийг бүрдүүлдэг болохыг баталжээ. Тэгвэл яагаад ийм асуудал анхнаасаа үүсэх болов?
Дэлхийн хүн ам 2050 он гэхэд 10 тэрбум хүрэх бөгөөд тэр үед бидэнд одоогийнхоос жаран хувиар илүү хүнс шаардагдах тооцоо гараад буй. Тиймдээ ч бидэнд амьтнаас өөр эх үүсвэрээс уураг, шим тэжээлээ авахаас өөр аргагүй ирээдүй улам ойртсоор байгаа юм. Дэлхий даяараа бид махны хэрэгцээгээ фермийн аж ахуйн тусламжтай хангадаг. Фермийн аж ахуйн эрэлт их байх тусам малаа тэжээх талбай болон малын тэжээл тарьж ургуулах талбай төдий чинээ хэрэгтэй болно гэсэн үг.
Газар ашиглалтын нөлөөгөөр байгаль орчинд маш том гарз хохирол учирч буй нэгэн жишээ бол Амазоны ой юм. Дэлхийн зэрлэг ан амьтдыг хамгаалах сан (WWF)-ийн тооцоолсноор сүүлийн 50 жилд Амазоны ширэнгэн ойн арван долоо орчим хувь нь мал аж ахуйгаас болж устаад байгаа юм. Амазоны ойг илүү их малын тэжээл тарихын тулд тайрч байгаагаас гадна тэнд тарьсан тэжээлийг дан ганц Бразилын мал аж ахуй төдийгүй цаашлаад Европ руу импортлодог нь бүр ч илүү тээврийн зардал, нөөцийг зарцуулж, ойн экосистемд томоохон гарз хохирол учруулах шалтгаан болж буй.
Нөөц ашиглалт гэснээс 1 кг үхрийн мах бидний хоолны ширээнд ирэх хүртлээ 15,000 литр ус зарцуулдаг байх нь. 5 литрийн савтай усыг 3000 удаа зүгээр л урсгаж байна гээд төсөөлөөд үз дээ?
Веганизм дэлхийг аврах уу?
Цагаан, ногоон хоолны дэглэм нь 1970-ад он буюу XX-р зууны дунд үеэр амьтны эрх, эрүүл мэнд, ёс зүй, байгаль орчны асуудлуудыг дэвшүүлэн гарч ирж байсан юм.
Дэлхийн хүлэмжийн хийн ялгарлын 14.5 орчим хувийг мал аж ахуйн үйлдвэрлэл эзэлдэг бөгөөд тэр дундаа үхрийн аж ахуй хамгийн их хүлэмжийн хий ялгаруулдаг хэмээн НҮБ-ын Хүнс, Хөдөө Аж Ахуйн Байгууллага (ХХААБ) мэдээлсэн байна. Харин Оксфордын их сургуулийн судалгаагаар веган хоолны дэглэмтэй болсноор нэг хүний нүүрс төрөгчийн ул мөр 75 хувь хүртэл буурах аж.
Байгаль орчны асуудлаас гадна эрүүл мэндийн үр ашгийг дурдахгүй өнгөрч болохгүй. Веган хоолны дэглэм нь зүрхний өвчин, зарим төрлийн хорт хавдар, II хэлбэрийн чихрийн шижин өвчнөөр өвчлөх эрсдэлийг бууруулах зэрэг олон төрлийн эрүүл мэндийн ашиг тустай болохыг судалсан байдаг. Америкийн Зүрхний Нийгэмлэгийн сэтгүүлд нийтлэгдсэн судалгаагаар ургамлын гаралтай хоолны дэглэм нь зүрхний өвчнөөр нас барах эрсдэлийг 32 хувь хүртэл бууруулдаг болохыг тогтоожээ. Өмнө дурдсанчлан хэдий эрүүл мэндийн ашиг тус веган хоолонд их байгаа ч зарим шим тэжээлийг зөвхөн ногооноос авах боломжгүйг санах хэрэгтэй.
Содон технологи ба ирээдүйн хоолны ширээ
Хиймэл мах
Харь холын юм шиг сонсогдох лабораторид мах ургуулах технологийн үндэс нь яг л ургамал ургуулж байгаатай адил. "Үр" буюу амьтны эсийн дээжийг шим тэжээлээр баялаг өсгөвөрт тарина. Дараа нь эдгээр эсүүдийг биореакторт буюу бидний мэдэх шар айргийн үйлдвэрлэлд ашигладаг том эсгэх төхөөрөмжтэй адил төхөөрөмжид хийдэг. Ингэж эсийн ургах таатай нөхцөлийг бүрдүүлснээр эс үржиж, яг л лего угсарч байгаа мэт уламжлалт махтай төстэй булчин, өөхний эд бүрддэг.
Нэг давуу тал нь лабораторийн махыг ариутгасан орчинд үйлдвэрлэдэг учраас ердийн махан дотор байх E. coli, Salmonella зэрэг эмгэг төрүүлэгч бичил биетүүдээр бохирдох эрсдэлийг бууруулдаг. Сонирхолтой нь, судалгаагаар лабораторид ургуулсан мах нь махнаас гаралтай хүлэмжийн хийн ялгаруулалтыг 96 хувь хүртэл бууруулж чадна гэж тооцоолоод байгаа юм.
Шавж
Ирээдүйд шавжаас гаргаж авсан уураг хэрэглэнэ гэхээр эвгүй сонсогдож байгаа биз. Гэхдээ бие жижиг ч бэлчээр том энэ амьтны биеийн жингийн 60-70% нь уураг агуулдаг нь үхрийн махтай харьцуулахад 2.4 дахин их уургийн агууламжтай гэсэн үг юм. Мэдээж нөөц ашиглалтын хувьд илүү ашигтай буюу бага ус, газар ашиглалт, тэжээл зэргийг шаардана.
Exo Protein, Chirps Chips зэрэг компаниуд шавжид суурилсан хүнсний бүтээгдэхүүнийг илүү хүртээмжтэй болгоход ажиллаж байгаа бөгөөд шавжийн гаралтай уургийг гоймон, гурил, хөнгөн зууш зэрэгт нэмэх замаар уургийн хэрэгцээг ирээдүйд нөхөх магадлал өндөр. Түүнчлэн шавжийн уурагт суурилсан түүхий эд нь малын тэжээлд хэрэглэдэг шар буурцаг, загас зэрэг эх үүсвэрийн 25-100 хувийг орлож чадна гэсэн тооцоолол гараад байгаа юм.
Усан доорх газар тариалан
Спирулина, хлорелла зэрэг замаг нь уураг болон чухал амин хүчлүүдийн өндөр агууламжаараа алдартай түүхий эд бөгөөд бордоо, талбай, ус зэрэг нөөцийг шаардахгүй учраас уламжлалт тариалалттай харьцуулахад тогтвортой тариалан болж буй. Мөн далайн орчиндоо цэвэр ус бэлэглэхээс гадна хүний бие организмд шаардлагатай тэжээлээр хангана гээд элдэвтэй түүхий эд юм гээч.
Далайн ургамлыг хөнгөн зууш, амтлагч, нэмэлт тэжээл гэх мэт төрөл бүрийн хүнсний бүтээгдэхүүнд хэрэглэдэг бөгөөд сүүлийн үед замагт суурилсан гоймон, бүргер зэрэг шинэлэг хоолонд ашиглаж байна.
Ургамлын гаралтай мах
Ургамлын гаралтай махны амт, бүтцийг сайжруулах 3D хэвлэл, эсийн зүсэх технологи зэрэг сүртэй сонсогдох технологиудыг судлаад багагүй хугацаа өнгөрчээ. Үхрийн махны үйлдвэрлэлтэй харьцуулахад ургамлын гаралтай мах үйлдвэрлэх нь хүлэмжийн хийн ялгаруулалт 90%, эрчим хүч 46%, газар нутгийг 93% бага ашигладаг болохыг тогтоожээ.
“Good Food” хүрээлэнгээс явуулсан судалгаагаар 2019 онд Америкчуудын 23 хувь нь ургамлын гаралтай мах хэрэглэдэг байсан бол 2020 онд энэ тоо 18 хувиар өссөн байна.
Залуу хэрэглэгчид, ялангуяа Миллениал болон Z үеийнхэн эрүүл мэнд, байгаль орчин, ёс зүйн шалтгаанаар ургамлын гаралтай махан бүтээгдэхүүний эрэлтийг нэмэгдүүлж байгаа юм.
Та дэлхийг аварч чадах уу?
Бидний хаясан хог байтугай ам руугаа юу ч бодолгүйгээр хийсэн хүнс хүртэл байгаль орчинд тийм далайцтайгаар нөлөөлдгийг уншиж судлаад зогсохгүй түүний төлөө үйлдэл хийх хариуцлагатай үе бидний нүүрэнд хэдийн тулаад ирж ээ.
Мал аж ахуй нь байгаль орчинд томоохон гарз хохирол учруулж буйг үгүйсгэх аргагүй ч шуудхан цагаан, ногоон хоолтон болох нь цор ганц шийдэл биш. Учир нь дэлхий дээрх найман тэрбум хүний эрүүл мэндийн байдал, амьдралын боломж, хоолны соёл олон янз.
Дэлхийн нөөцийн хүрээлэн дундаж америк хүн өдөр тутмын хэрэглээний үхрийн махныхаа гуравны нэгийг гахай, шувууны мах эсвэл буурцагт ургамлаар соливол нэг хүний хоол хүнстэй хамааралтай дулаан ялгаруулалт 13 орчим хувиар буурах болно хэмээн судалсан байдаг. Тиймээс махны хэрэглээгээ тодорхой хэмжээнд багасгах болон орлуулах нь л бидний одоогийн нөхцөлд хамгийн оновчтой шийдэл байх болов уу.
Сэтгэгдэл бичих