Цахим товхимолд бүртгүүлэх: 2030.mn


Монгол Улс даяар 342,000 гаруй айл өрх монгол гэрт амьдардгийн ихэнх нь уламжлалт зуухаа галлаж өвлийг давдаг. Нүүрсний дутуу шаталт, стандарт бус зуухны хэрэглээ нь агаарын бохирдол, хүлэмжийн хийн ялгарлын гол шалтгаан бөгөөд агаарын бохирдлын 80 орчим хувийг бий болгодог гэсэн судалгаа бий. Мэдээж инженерийн дэд бүтцийн хангамжгүй нөхцөлд амьдарч байгаа эдгээр өрх агаарын бохирдлын голлох шалтгаан болохыг хүсэж буй гэвэл, үгүй.

Идэр есийн хүйтэн хэдийн хаяанд тулж, хэн хүнгүй өвөлжилтийн бэлтгэл ажлаа дор бүрнээ базааж, хэрхэн дулаан өвөлжих тухай ярилцаж буй энэ цаг үед бид шинэхэн товхимлоо “Эрчим хүчний хэмнэлттэй орон сууц” сэдвийн хүрээнд бэлтгэлээ.

"GOOGLE"-ДЭХЭЭС ЗАЛХУУРСАН АСУУЛТ

ЭРЧИМ ХҮЧНИЙ ХЭМНЭЛТТЭЙ ОРОН СУУЦ ГЭЖ ЮУ ВЭ?

Дулааны болон эрчим хүчний алдагдлыг бууруулж, хэрэглээг үр ашигтайгаар хэмнэснээр байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөг багасгасан барилга, сууц энэ ангилалд багтана. Энэ төрлийн орон сууцанд дэвшилтэт технологи, тусгай материалуудыг ашигладаг бөгөөд дараах гол онцлог шинжүүдтэй:

Дулааны алдагдал багатай ханын материал, дулаалгын систем

Эрчим хүчний хэмнэлттэй гэрэлтүүлэг, цахилгаан хэрэгсэл

Сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр (жишээ нь, нарны зай, салхины эрчим хүч).

Усыг дахин ашиглах, хэмнэх технологи.

Зөвхөн айл өрхөөс гадна худалдааны төв, сургууль цэцэрлэг гээд томоохон барилга байгууламж ч дээрх технологиудыг ашиглан, хүрээлэн буй орчиндоо ээлтэй, эдийн засгийн хувьд ч хэмнэлттэй байх бүрэн боломжтой юм. Үүний нэгэн жишээ нь “Go.to market” төсөл.


“Go.to market” – Ногоон хөгжлийн шинэ жишиг

“Мастер түншлэл” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Мөнхтуяа

“Go.to market” төсөл хотын төв цэгээс хойш 1.6 км зайд, 7-р хороололд байршилтай. Сүүлийн жилүүдэд энэ бүсэд хүн амын төвлөрөл огцом нэмэгдэж, шинэ орон сууцны хорооллууд эрчимтэй баригдаж байгаа ч томоохон худалдаа, үйлчилгээний төвийн хэрэгцээ хангагдаагүй байсан нь төслийг эхлүүлэх шалтгаан болсон билээ.

Анх төсөлдөө санхүүжилт хайж байхдаа бид ХААН Банктай холбогдож, Европын сэргээн босголт, хөгжлийн банк (ЕСБХБ)-ны санхүүжилттэй ногоон зээлийн хөтөлбөрт хамрагдах боломжтой гэх сайхан мэдээ дуулсан. Энэ нь бидний хувьд томоохон боломжийг нээж, санхүүжилтийн зардлыг хүртэл мэдэгдэхүйц бууруулах нөхцөл бүрдүүлсэн шүү.

Өмнө нь бид ногоон барилга барих нь өндөр өртөгтэй, зардлаа удаан хугацаанд нөхдөг гэх нийтлэг ташаа ойлголттой байлаа. Гэвч ЕСБХБ-ны ногоон зээлийн шаардлагуудыг судлах явцдаа санхүүжилтийн гол шалгуур болох барилгын эрчим хүчний хэмнэлт, дулаан алдагдал, усны хэрэглээг 20 ба түүнээс дээш хувиар бууруулах нь эдийн засгийн хувьд харин ч үр ашигтай болохыг баталж чадсан юм. Энэхүү санхүүжилтийг авсны дүнд төсөл маань тогтвортой хөгжлийн үзэл баримтлалыг хэрэгжүүлэхийн зэрэгцээ эдийн засгийн өгөөжийн хувьд ч илүү үнэ цэнтэй төсөл болох боломжтой болсон.

Бидний төлөвлөснөөр “Go.to market”-аар өдөрт дунджаар 14,000 хүн үйлчлүүлэхээс гадна 600 гаруй хүний ажлын байр бий болно. Энэ урсгалыг дагаад бараа бүтээгдэхүүний татан авалт, нийлүүлэлтийн байнгын эргэлт үүсэж, хог хаягдлаас эхлээд ус, эрчим хүчний хэрэглээ нэмэгдэх нь тодорхой.

Энэ бүх шатанд юуг хэмнэх, яаж дахин ашиглах, аль хэрэглээг хэрхэн бууруулах боломжтой гэдгийг бид төслийн эхний шатнаас сайтар судалсан. Ингээд саарал усны хэрэглээг авто угаалга зэрэг үйлчилгээнд нэвтрүүлж, эрчим хүчний хэмнэлттэй материал, технологиудыг сонгон хог хаягдлын менежментийг цогцоор нь шийдэж чадсандаа туйлын баяртай байгаа.



яагаад монголын нөхцөлд чухал гэж? 

Өвөлдөө -40 хэм хүртлээ хүйтэрдэг манайх шиг эрс тэс уур амьсгалтай нутагт орон сууцны дулаан алдагдлыг багасгах нь амьдрах тав тухыг нэмэгдүүлэхээс гадна цахилгаан, дулааны зардлыг мэдэгдэхүйц хэмжээнд бууруулах бодит давуу талтай. Ялангуяа орлого багатай айл өрхүүдэд санхүүгийн дарамтыг багасгах чухал шийдэл. Тэгэхээр өвөл болохтой зэрэгцэн халаагуур, түлшний эрэлд мордохоосоо өмнө байшингийнхаа дулаалгыг нэг бодоод үзээрэй.

Байшингаа дулаалах нь яг үнэндээ таны бодсоноос ч олон давуу талтай юм. Европын холбооны СВИЧ-Эшиа хөтөлбөрийн санхүүжилттэй “Дулаан шийдэл II” төслийн судалгааны баг Улаанбаатар хотын гэр хорооллын 100 өрхийн дунд өвлийн хэмжилтийн ажлыг зохион байгуулжээ. Уг судалгааны үр дүнгээс харахад:

1. Хүлэмжийн хийн ялгарлыг багасгах

Бүтэн дулаалгатай байшинтай айл өрхүүдийн 1м2 түлшний жилийн зарцуулалт нь дулаалгагүй болон хагас дулаалгатай байшинтай айл өрхүүдээс 37-46 хувиар бага гэх тооцоо гарчээ. Мөн дулаалгатай өрхүүд дулаалгагүй өрхүүдтэй харьцуулахад 2 дахин бага хүлэмжийн хий ялгаруулдаг болохыг судалгаагаар тогтоосон аж.

Туршилтаар 5 см-ийн дээврийн дулаалгатай айл өрхүүдийг авч үзэхэд огт дулаалгагүй өрхүүдээс 0.5 тн-оор бага нүүрс төрөгчийн давхар ислийг ялгаруулж байсан юм. Байшингаа дулаалах нь утаа, агаарын бохирдлыг бууруулахад шууд нөлөөлөхийн зэрэгцээ уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд хувь нэмэр оруулж буй хэрэг болохыг энэхүү судалгааны үр дүн харуулж байна.

2. Дотор орчны агаарын хэмийн хэлбэлзэл багасгах

Байшиндаа тухтай амьдрах хамгийн чухал нэг хүчин зүйл бол дотоод орчны агаарын хэмийн тогтвортой байдал юм. Өөрөөр хэлбэл, дотоод орчны агаарын хэм тогтвортой байснаар үүрээр орноосоо босож гал түлэх шаардлагагүй болно оо гэсэн үг.

Дотоод орчны агаарын хэмийн хамгийн их болон бага утгын зөрүү бүтэн дулаалгатай өрхүүдийн дунд 8°C, дээврийн 5 см дулаалгатай өрхүүдийн хувьд 10.5°C, дулаалгагүй өрхүүдийн хувьд дээрх ялгаа дунджаар 11.4°C байжээ.

3. Түлш, цахилгааны зардал багасах

Судалгаанд оролцсон нэг өрхийн түлш болон цахилгааны жилийн дундаж зардал 1,215,359 төгрөг байжээ. Энэхүү зардал нь байшингийн хэмжээ болон дулаалгатай эсвэл дулаалгагүй гэдгээс хамааран өөр өөр байх боломжтой тул 1 м2 талбайгаар сарын дундаж зардлыг тооцож үзэхэд:

Бүрэн дулаалгатай байшин: 3423 төгрөг

Хагас дулаалгатай/ дээврийн дулаалгатай байшин: 4,397 төгрөг

Дулаалгагүй байшин: 4833 төгрөг байжээ.

Эндээс харахад дулаалгатай байшингийн түлш болон цахилгааны дундаж зардал дулаалгагүй байшингийнхаас 40 орчим хувиар бага байгаа юм.



"GOOGLE"-ДЭХЭЭС ЗАЛХУУРСАН АСУУЛТ

МОНГОЛД ХЭРЭГЖИЖ БУЙ ТӨСЛҮҮДИЙН ТУХАЙ:

Бидний сайн мэдэж байгаачлан гэр суурьшлын бүсэд амьдардаг оршин суугчдын дийлэнх нь өвлийн улиралд хамгийн бага өртөгтэйгээр нь нүүрс түлэхээс өөр сонголтгүй байдаг нь эргээд бидний улиг болсон сэдэв болох “утаа”-ны голлох шалтгаан болдог билээ. Гамшгийн хэмжээнд хүрсэн уг асуудлыг шийдэхээр, агаарын бохирдлыг бууруулах, гэр хорооллын оршин суугчдыг тав тухтай аж төрөхөд туслах зорилгоор манай улсад хэрэгжиж буй төслүүдээс танилцуулахад:

Coal-to-solar төсөл

ЮРИКА старт-апын хөгжүүлж буй энэхүү систем нь нарны эрчим хүч хураагуур, зай хураагуур, хайбрид хувиргагч болон дулаан хураагууртай цахилгаан халаагуур зэргээс бүрдэх сэргээгдэх эрчим хүч ашигласан дулаалгын систем юм.

Нарны эрчим хүчний хураагуураа хамгийн их нарны гэрэлтэй өдрийн турш цэнэглэдэг бөгөөд оройн цагийн сүлжээний хамаарлыг бууруулахын тулд зай хураагуур нь өдрийн оргил цагуудад ажилладаг аж.

Төслийн тухай дэлгэрэнгүй мэдээллийг эндээс аваарай.

ЧИП багц

ЧИП багц нь монгол гэрийн бүтэц, хэлбэрийг өөрчлөлгүйгээр дулаан их алддаг хэсгүүдийг битүүмжлэн сайжруулж, нүүрсээр галладаг уламжлалт зуухны хэрэглээг эрчим хүчний хэмнэлттэй цахилгаан халаалтын системээр солиход зориулагдсан. Монгол гэрийн халаах талбай нь 25-32 м2 бөгөөд энэ талбайг халаахад жил бүр 4 тонн түүхий нүүрс болон шахмал түлш эсвэл 1.0-2.5 м.куб түлээ шаардана. Харин ЧИП багц нь монгол гэрийн чанарыг ахиулсан, эрчим хүчний хэмнэлттэй, боломжийн үнэ өртөг бүхий цогц шийдэл гэдгээрээ онцлогтой. Уг багцыг хэрэглэдэг айл өрхүүд сар бүр дунджаар нүүрс, түлээ, цахилгаан болон эрүүл мэндтэй холбоотой 275 мянган төгрөгийг хэмнэж чаддаг.

Төслийн тухай дэлгэрэнгүй мэдээллийг эндээс аваарай.

Дулаан шийдэл төсөл

Тус төсөл нь зөвхөн гэр хорооллын байшинг дулаалах үйлчилгээ үзүүлэхээс гадна нарны панел, дулааны насос гэх мэт дэвшилтэт технологиудыг гэр хорооллын сууцуудад нэвтрүүлэх, зах зээлийг нь бий болгох тал дээр төвлөрөн ажиллаж байгаа юм. Төсөл хэрэгжиж эхэлснээс хойш 6 жилийн хугацаанд 1,546 өрхийг дулаалж, 3,556 тн хүлэмжийн хий ялгарахаас сэргийлж чадсан байна.

Төслийн тухай дэлгэрэнгүй мэдээллийг эндээс аваарай.



Ташрамд сонирхуулахад, ХААН Банк Тогтвортой хөгжлийн зорилгын хүрээнд Улаанбаатар хотын төвд байрлах Сөүл оффисынхоо дээвэр дээр 48 ширхэг нарны хавтан, 224 м² талбай бүхий цахилгаан эрчим хүч үйлдвэрлэдэг ухаалаг шилэн фасад суурилуулсны үр дүнд цахилгааны хэрэглээнийхээ 20 хувийг сэргээгдэх эрчим хүчээр хангаж байгаа юм. Нарны систем нь хайбрид зай хураагууртай бөгөөд хуримтлуулсан эрчим хүч дуусах үед төвийн цахилгаанд автоматаар шилждэг шийдэлтэй. Энэхүү шийдэл нь жилд 40 тонн нүүрсхүчлийн хий ялгаруулалтыг бууруулах давуу талтай.

Мөн ХААН Банк Өвөрхангай аймгийн Хархорин, Төв аймгийн Лүн, Баянчандмань, Сэлэнгэ аймгийн Алтанбулаг, Дорноговь аймгийн Айраг сумдын тооцооны төвүүдэд нарны хавтан суурилуулж, эдгээр салбаруудын цахилгааны хэрэглээг 100 хувь сэргээгдэх эрчим хүчээр хангаж байна.



ТОС форумын эргэн тойронд:

Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Монголын Тогтвортой санхүүгийн форум” гурван өдрийн турш үргэлжиллээ. “Монгол Улс – Ногоон хөгжлийг санхүүжүүлэх нь” сэдэвт энэ жилийн форумыг ТоС холбооны 2024 оны “Манлай банк”-аар ажиллаж буй ХААН Банк Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгын газар, Тогтвортой санхүүгийн холбоо (ТоС холбоо) болон Монгол Улс дахь Нэгдсэн үндэстний байгууллагатай хамтран зохион байгуулсан бөгөөд уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, дасан зохицохоос эхлээд биологийн олон янз байдлыг хамгаалах, эрчим хүчний хэмнэлттэй орон сууцны санхүүжилт зэрэг урьд жилүүдээс илүүтэй нийгмийн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх санхүүгийн шинэлэг шийдлүүдийг хэлэлцсэн билээ.



Тогтвортой хөдөө аж ахуй, уур амьсгалын өөрчлөлт, эрчим хүчний хэмнэлттэй орон сууц тойрсон олон эргэлзээтэй асуудлыг бодлогын түвшинд ярилцсанаараа энэ удаагийн форум онцлог байв.

Форумын үеэр ХААН Банк ногоон технологийн шалгуур хангасан бараа бүтээгдэхүүн, үйлдвэрлэгч бэлтгэн нийлүүлэгчийн мэдээллийг нэг дор багтаасан, Монгол Улсын анхны ногоон технологи, ногоон санхүүжилтийн порталыг танилцуулсан нь голлох үйл явдлуудын нэг байв.

Иргэд харилцагчдад нээлттэй тус платформоор дамжуулан ямар зээлийг ногоон ангилалд авч үзэх, ямар тоног төхөөрөмж, бараа бүтээгдэхүүн “ногоон”-ы шалгуур хангах вэ гэдэгт хариулт өгөх төдийгүй ногоон бараа бүтээгдэхүүн, тоног төхөөрөмж, технологийн бүртгэл бүхий цогц мэдээллийг агуулах юм. Ногоон технологи үйлдвэрлэгч, бэлтгэн нийлүүлэгчид ХААН Банкны тус платформоор дамжуулан бүтээгдэхүүнээ бүртгүүлээд ногоон зээлээр бүтээгдэхүүнээ борлуулах, мөн ногоон бизнесийн зээлийн санхүүжилт авах боломжтой.



Хэлэлцүүлгийн үеэр онцолсон голлох санааг тоймлоход:

УИХ-ын гишүүн, УИХ-ын дэргэдэх Ногоон, хүртээмжтэй орон сууцны тогтолцоо, санхүүжилтийг бүрдүүлэх ажлын хэсгийн ахлагч Г.Лувсанжамц

"Ногоон орон сууцны эрэлт, нийлүүлэлтийн бодлогыг хэрэгжүүлж байна. Уур амьсгалын өөрчлөлтийн сангаас хэрхэн ногоон хөнгөлөлттэй санхүүжилт авахад төвлөрөн ажиллаж, олон байгууллага, хувь хүний оролцооноос шийдэл гаргах үүднээс нээлттэй санал хүсэлт авч байна."

Нийслэлийн Засаг даргын Эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Т.Даваадалай

"Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд эрчим хүчний хэмнэлттэй орон сууцжуулах бодлого багтсан. Улаанбаатарт ногоон орон сууц нь эрчим хүчний хэмнэлттэй, ашиглалтын зардал бага байхын тулд анхны зардлаа их гаргахаас аргагүй. Анхны зардал нь жирийн орон сууцнаас 13 хувь өндөр боловч ашиглалтын зардал нь 20 хувь бага байх судалгаа бий."



Хот байгуулалт, барилга орон сууцжуулалтын яамны Орон сууцжуулалтын хэлтсийн дарга Э.Батболд

"Эрчим хүчний дутагдлаас гарах, хугацаатай хөнгөлөлттэй зээл татах үндсэн хоёр зарчмыг бид хэрэгжүүлэх шаардлагатай байна. Барилгын компаниуд эрчим хүчний техник хүлээлгүй өөрсдөө шийдэх боломж бүрдэж, ногоон санхүүжилтийн эх үүсвэрийг хөнгөлөлттэй, урт хугацааны зээл авах нөхцөл болно. Барилгын салбар дулааны эрчим хүчний нормыг өндөрсгөх замаар эрчим хүчний ангиллаа шилжүүлж, эрчим хүчний хэмнэлттэй барилгуудыг барихаар шийдвэрлээд байна."

Шпаркассэ банкны Монгол дахь сангийн суурин төлөөлөгч Л.Маркус

"Эрчим хүчний хэмнэлттэй тогтвортой ногоон орон сууцыг бүтээхэд банк санхүүгийн байгууллагуудын үүрэг оролцоо өндөр. Хүн бүрийн мэдлэг мэдээллийг нэмэгдүүлэх замаар эрчим хүчний хэмнэлттэй орон сууц, тогтвортой ногоон сонголтыг санал болгон, хамрах хүрээг нь тэлж улс нийтээр, дэлхий нийтээр тогтвортой хөгжилд хүрч чадна."

“Хайбрид Хаус” компанийн Гүйцэтгэх захирал Ц.Бат-Эрдэнэ

"Эрчим хүчний хэмнэлттэй барилга барих бус, үйлдвэрлэх хэрэгтэй. Бодлогод нийцсэн ногоон барилга барихын тулд тодорхой хэмжээний барилгын материал үйлдвэрлэснээр ажиллах хүч, хаягдлыг хэмнэн бүтээх боломжтой. Эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууц өөрөө бодит бүтээн байгуулалт юм."



САЛБАРЫН ОНЦЛОХ МЭДЭЭ: 

1. АНУ-ын Орон сууц, хотын хөгжлийн газар (HUD) бага орлоготой иргэдэд зориулсан хуучин орон сууцнуудыг эрчим хүчний хэмнэлттэй, уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй болгох зорилгоор 1 тэрбум гаруй долларын санхүүжилт олгохоор шийдвэрлэжээ. Энэ санаачилгаар 42 мужид байрлах 30,000 гаруй орон сууц шинэчлэгдэж буй аж. Түүнчлэн Калифорни мужид гэрийн халаалт, хөргөлтийн системээ шинэчлэхэд зориулж 8,000 хүртэлх долларын хөнгөлөлттэй зээл авах боломжтой болжээ.

2. Ердийн шилтэй харьцуулахад дулаан алдагдлыг 50 хувиар бууруулах дэвшилтэт дулаалгын материал болох (Low-E) шилийг эрчим хүчний хэмнэлттэй орон сууцны төсөлд өргөн хэрэглэж байна. Энэхүү сайжруулсан материал нь байгалийн гэрлийг хангалттай сайн нэвтрүүлдэг тул хиймэл халаалт, хөргөлтийн системийн хэрэглээг багасгаж, эрчим хүчний хэрэглээ болон зардлыг хэмнэхэд туслах давуу талтай.

3. Калифорни мужийн Вест Оакланд хотод хэрэгжиж буй, Project Phoenix хэмээх эрчим хүчний хэмнэлттэй 316 айлын орон сууц барих зорилготой төсөл нь нүүрстөрөгчийг шингээдэг, галд тэсвэртэй, дулаан тусгаарлах шинж чанартай, мөөгнөөс гарган авсан фасадны хавтанг барилгадаа ашиглаж байна. Энэхүү шинэ төрлийн хавтан нь ердөө долоо хоногт ургадаг давуу талтай гэнэ.


САНАЛ БОЛГОХ НЬ: