Одоогоос 100 гаруй жилийн өмнө оршин суугчидтайгаа хамт нүүж асан Өргөө хэмээх эсгий хотхон яван явсаар Богд уулын ард, Туул голын хөвөөнөө суурьшсан түүхтэй. Зуу зууны турш дөрвөн зүг, найман зовхист малаа даган нүүдэллэж ирсэн монголчууд тэрхүү цагаас аж үйлдвэржилттэй танилцан, бүтээн байгуулалтын ажилд ханцуй шамдан орсон билээ. Тоосго, чулуу, мод зэрэг хэдхэн түүхий эдээр зөвхөн сүм дуганы барилга барьдаг цаг үе тэртээ ард хоцорч, төрөл бүрийн ган, бетон, цемент өргөнөөр хэрэглэх болов.

Өдгөө эдгээр түүхий эдийн үндсэн хэрэглэгч болсон барилгын салбар Монгол Улсын ДНБ-ийн дөрөв орчим хувийг бүрдүүлж байна. Гэвч энэхүү үсрэнгүй хөгжил нь материаллын үйлдвэрлэлээс үүсэх хүлэмжийн хийн ялгарал, их хэмжээний барилгын хог хаягдлын асуудал дагуулж байгааг мартаж болохгүй.

Тиймээс ХААН Банктай хамтран бэлтгэдэг цахим товхимлын энэ удаагийн дугаартаа бид байгаль орчинд ээлтэй түүхий эдийн хэрэглээ болон иргэдийн эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэхгүйгээр тэдгээрийг хэрхэн устгаж, дахин ашиглах тухай асуудлыг онцлон хөндлөө.



барилгын материалын эргэн тойронд: 

Бидний хэрэглээ ямар түвшинд байгаа вэ?


Зах зээлийн эдийн засаг руу шилжсэн цагаас хойш арав гаруй жилийн турш уналтад ороод байсан Монголын барилгын салбар 2000 оны дунд үеэс гадаад худалдааны таатай орчин, санхүүгийн зах эээлийн тогтвортой байдал, хүн амын орлогын өсөлт зэргээс шалтгаалан одоог хүртэл эрчимтэй хөгжсөөр байна. Үүнийг дагаад бүх төрлийн материалын /бетоноос металл хүртэлх/ эрэлт ч тасралтгүй өссөөр... Барилгын “талх” гэгддэг цементийн үйлдвэрлэл гэхэд сүүлийн арван жилийн хугацаанд долоо дахин нэмэгдэж, 2.2 сая тоннд хүрээд буй. Цар тахал, түүхий эдийн үнэ, ханшын зөрүү, тээврийн өртөг зэрэг хүчин зүйлээс шалтгаалан сүүлийн нэг жилд цементийн үнэ 30 хувиар нэмэгдсэн ч дотоодод үйл ажиллагаа явуулж буй таван үйлдвэр хэрэглэгчдийн өсөн нэмэгдэж буй хэрэгцээг хангаж хүчрэхгүй байгаа билээ.

Одоогийн байдлаар манай улсад барилгын материалын үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлдэг 770 гаруй компаниуд нийт түүхий эдийн 50 гаруй хувийг дотооддоо үйлдвэрлэж, үлдсэн хэсгийг нь импортоор худалдан авдаг аж.

Дахин боловсруулсан бус, шинэ түүхий эдээр үйлдвэрлэсэн барилгын материалыг импортлох процесс нь эдийн засгийн хувьд алдагдал ихтэйгээс гадна хүлэмжийн хийн ялгарлыг ихэсгэх сул талтайг дурдахгүй өнгөрч боломгүй.



бид үйлдвэрлэлийн хэмжээгээ нэмэх боломжтой юу?

Хэдийгээр Засгийн газар дотоодын барилгын материалын үйлдвэрлэлийг өсгөх бодлого баримталж, 2030 он гэхэд жилдээ 100.0 мянган тонн ган туйван, барилгын болон төмөр замын металл хийц үйлдвэрлэх хүчин чадал бүхий үйлдвэрийг ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй байгаа ч одоогийн байдлаар барилгын салбарт ашиглагдаж буй үндсэн түүхий эдүүдээ ч дотоодоосоо бүрэн хангаж чадахааргүй нөхцөл байдалтай байна.

Гэхдээ сайн мэдээ ч бас бий шүү. 2012 онд л гэхэд бид нийт цементийн хэрэглээнийхээ 80 гаруй хувийг импортолдог байсантай харьцуулбал импортын хэмжээ жил ирэх тусам буурч, цаашлаад цементийн дотоодын хэрэгцээг бүрэн хангах, экспортлох боломж бүрдэх хангалттай нөөц бидэнд байгаа тухай мэргэжилтнүүд онцолсоор буй. Түүнчлэн сантехникийн хуванцар хоолой, PVC хуванцрыг дахин боловсруулсан материал ашиглан багахан хэмжээгээр дотооддоо үйлдвэрлэж байгааг дуулгая.

Аж үйлдвэрийн салбарын мэдээнээс харахад цемент, бетон зуурмаг, суурийн блок зэрэг бүтээгдэхүүний үйлдвэрлэл сүүлийн арав гаруй жилийн хугацаанд гурваас 300 дахин өсжээ. Дараагийн арван жилийн хугацаанд баригдах орон сууцны төслүүдээс гадна томоохон хэмжээний инженерийн байгууламж, эрчим хүчний станц, газрын тос болон бусад хүнд үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажлыг тооцоолон үзвээс дээрх өсөлт үргэлжилсээр байх нь тодорхой.

Товчхондоо, үндэсний үйлдвэрлэл тодорхой хэмжээнд зогсолтгүй нэмэгдэж байгаа ч барилга угсралтын салбар дахь эрчимтэй хөгжлийг хүчин чадал нь гүйцэж чадахгүй байна аа гэсэн үг юм.



"GOOGLE"-ДЭХЭЭС ЗАЛХУУРСАН АСУУЛТ 

Түүхийн эдийн үйлдвэрлэл байгаль орчинд хэр халтай вэ?

Хамгийн ойрын жишээ болох цементэн дээр жишээ авцгаая. Цемент бол усны дараа дэлхий дээр хамгийн өргөн хэрэглэгддэг бодис гэдгийг та мэдэх үү? Хэрэв цемент үйлдвэрлэлийг дэлхийн аль нэгэн гүрэн хэмээн төсөөлбөөс 2.8 тэрбум тонн нүүрстөрөгчийн давхар ислийн ялгаруулалтаар АНУ, Хятадын дараа дэлхийд гуравдугаарт бичигдэх улс байх байлаа.

Эртний Ромчууд шохойг шатааж буталсан чулуутай холих аргаар энгийн цементийг бүтээж анхны бетонд хэрэглэж эхэлсэн түүхтэй. Өдгөө цемент үйлдвэрлэл нь дангаараа дэлхийн нүүрстөрөгчийн давхар ислийн 8 орчим хувийг үйлдвэрлэж байгаа нь агаарын тээврийн салбараас даруй гурав дахин их үзүүлэлт билээ. Цементийн үйлдвэрүүд нь кокосжсон нүүрснээс хамааралтай хэт халуун температурын зуух, шохойжуулах химийн үйл явцаас шалтгаалан сэргээгдэх эрчим хүчийг ашиглахад хүндрэлтэй байдаг сул талтай.

Цементийг үйлдвэрлэх хуурай ба нойтон гэсэн хоёр төрлийн арга бий. Сүүлийн жилүүдэд дэлхий даяар хүрээлэн буй орчныг хамгаалах зорилгоор цементийг хуурай аргаар үйлдвэрлэх хандлага нэмэгджээ. Энэхүү арга нь нойтон аргын технологиос эрчим хүчний хэрэглээ 4.5 дахин, усны хэрэглээ тав дахин бага байдгаараа давуу талтай. Тэр хэмжээгээр хүлэмжийн хийн ялгаруулалт ч мөн багасах учиртай. Гэвч нэгж бүтээгдэхүүний өртөг, тоног төхөөрөмжийн шинэчлэлтээс шалтгаалан дийлэнх үйлдвэр хуучин технологио ашигласаар байна.

Шинэлэг технологийн тухайд гэвэл, Амазон, Майкрософт зэрэг томоохон компаниудаас хөрөнгө оруулалт татаж чадсан CarbonCure Technologies нь сүүлийн жилүүдэд цементийн үйлдвэрлэлийн хаягдал нүүрсхүчлийн хийг дахин боловсруулалтад оруулах замаар илүү бат бөх бетон зуурмаг үйлдвэрлэж байгаа бөгөөд нүүрсхүчлийн хийг битүү гинжин хэлхээ үүсгэн ашиглаж, арван жилийн дараа гэхэд хүлэмжийн хийн ялгаруулалтыг 500 сая тонноор бууруулах өөдрөг төсөөлөлтэй ажиллаж байгаа юм.



Түүхий эдийн хувь заяа хаана очоод “дуусдаг” вэ?

Барилгын салбарын бүтээн байгуулалт манай улсад төдийгүй дэлхий дахинд идэвхжихийн хэрээр байгаль орчинд ээлтэй барилга, байгууламж ихээр барих шаардлагатай нүүр тулж буй. Барилгын материал болон түүний үндсэн түүхий эд нь байгаль орчинд ямар нэг сөрөг нөлөөгүй, хүний эрүүл мэндэд хор хөнөөлгүй байх нь хамгийн чухалд тооцогдож байна. Мөн нэгэнт ашигласан материалыг дахин боловсруулалт хийж ус, эрчим хүчээ гамнах уриалга ч хаа сайгүй чих дэлссээр. Гэтэл бодит амьдрал дээр бидний нөхцөл ямаршуухан байна вэ?

Барилгаас үүдэлтэй хог хаягдал нь манай улсын нийт хатуу хог хаягдлын 20-25 хувийг эзэлдэг гэх тооцоолол бий. Монгол Улсад хатуу хог хаягдлын менежмент хангалтгүй байгаагаас хүний эрүүл мэнд болон байгаль орчинд энэхүү асар их хог багагүй асуудал үүсгэж байгаа нь мэдээжийн хэрэг. Нийслэлийн ахуйн болон үйлдвэрийн хог хаягдлын 90 гаруй хувь нь Цагаан даваа, Нарангийн энгэр, Морин даваа зэрэг хогийн цэгүүд рүү зөөвөрлөгддөгөөс барилгын хаягдал хүлээн авах боломжтой Цагаан даваан дээр өдөрт дунджаар 80 машин барилгын хог ачиж ирдэг гэнэ. Шил, хуванцар зэрэг боловсруулах боломжтой материалыг хувь хүмүүс хогийн цэг дээрээс шууд түүн авч хаягдал цуглуулах төвд тушаадгаас өөрөөр энд нэгдсэн дахин боловсруулалтын систем гэж үгүй.

Түүнээс гадна барилгын хог хаягдлыг барилгын талбай дээр эсвээс хаана ч хамаагүй хууль бусаар хаях явдал түгээмэл байгаа нь хүрээлэн буй орчныг бохирдуулах томоохон шалтгаан болж байгааг санууштай.

Ямар зохицуулалт байж болох вэ?

Европын Холбооны улсуудын туршлагаас дурдахад:

• Хог хаягдлыг булах тухай зохицуулалт

Дани, Нидерланд, Герман улсад шатаах эсвэл дахин боловсруулах боломжтой материал булахыг хориглодог.

Барилгын хог хаягдлын менежментийн бодлого

Барилгын хог хаягдлыг үүсгэж буй этгээд байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл, үүсэж болох боломжит эрсдэлүүдийг анхаарч, бусад талууд /үйлдвэрлэгч, түгээгч, барилгын материал хэрэглэгчид, устгалын компани, дахин боловсруулах компани, улсын байгууллагууд/-тай хамтран ажилладаг байх хэрэгтэй.

Чанарын стандарт

Бельги улсад хэрэгжүүлж буй хог хаягдлын бодлогод барилгын салбарт хоёрдогч түүхий эд болгон ашиглах боломжтой хог хаягдлын шинж чанарыг тодорхой зааж өгсөн байдаг тул иргэд өөрсдийн булах эсвэл дахин боловсруулалтад өгч болох түүхий эдээ маш сайн ялгаж чаддаг.



САЛБАРЫН ОНЦЛОХ МЭДЭЭ

-Австралийн эрдэмтэд зөвхөн пластикаар хооллох чадвартай супер хорхойг олсон байна. Нэгэн төрлийн хар цохны авгалдай нь туршилтын үеэр гурван долоо хоногийн турш пластикаар хооллосон ч амьд үлдсэн гэнэ. Энэ нь хуванцрын хаягдлын хямралтай тэмцэхэд томоохон түлхэц болох нээлт боллоо хэмээн судлаачид үзэж байна.

-АНУ хуванцар хог хаягдлынхаа ердөө таван хувийг дахин боловсруулдаг болохыг судалгаагаар тогтоожээ. Last Beach Cleanup and Beyond Plastics тайланд дурдсанаар хуванцарын 85 орчим хувь нь хогийн цэгт булагдаж, 10 орчим хувийг нь шатаадаг аж.

-Цементийн үйлдвэрүүд уутгүй болж, хомсдол үүсчээ. Цементийн худалдаа эрхлэгчдийн онцолж байгаагаар бол хомсдол үүсээд хоёр долоо хоног орчим болж байгаа гэнэ.

- Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжиж буй “Хог хаягдлын менежментийг сайжруулах” 3-р зорилтын хүрээнд Хөвсгөл нуур болон Онон-Балжийн байгалийн цогцолборт газруудад эко аялал жуулчлалыг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилготой хатуу хог хаягдлын ландфилл байгууламж барих ажлууд хэрэгжиж эхэллээ. Төслийн хүрээнд Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгалд тосгонд 50,500 м3, Ханх суманд 15,180 м3, Хэнтий аймгийн Дадал суманд 28,400 м3 багтаамжтай энгийн хог хаягдлыг хөрсөнд нэвчүүлэлгүй дарж булшлах технологи бүхий хатуу хог хаягдлын ландфилл байгууламж баригдах юм.



САНАЛ БОЛГОХ НЬ

ВИДЕО: Бетон нь дэлхий дээрх хамгийн хямд, бат бөх, удаан эдэлгээтэй түүхий эд. Гэвч нөгөө талдаа нийт хүлэмжийн хийн найман хувийг ялгаруулж буй байгальд хор хөнөөлтэй материал юм. Тэгвэл бид хэрхэн өөрсдийн байгалиа сүйтгэлгүйгээр шинээр хот бүтээн байгуулах боломжийн талаар энэхүү видеоноос үзээрэй.


HOW TO FIX THE WORLD'S CONCRETE PROBLEM

КИНО: Импортоор орж ирсэн хуванцар хог хаягдлыг хууль бусаар дахин боловсруулах нь Малайзын ард түмний эрүүл мэнд, байгаль орчинд ямар сөрөг үр дагавар үзүүлж буй тухай баримтат киног сонирхоорой.

MALAYSIA'S PLASTIC JUNGLE

ПОДКАСТ: Монгол Улсад одоогийн байдлаар хэрэгжиж буй хог хаягдлын менежментийн талаарх дэлгэрэнгүй ойлголтыг доорх ярилцлагаас авах боломжтой.


SUSTAINABLE MONGOLIA: ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТ, ЗОЧИН Н.МӨНХБАЯР


НОМ: Guardian сайтын 2019 оны шилдэг нийтлэлүүдийн нэгээр шалгарсан “Бетон: Дэлхий дээрх хамгийн хор хөнөөлтэй материал” нийтлэлтэй танилцаарай.

CONCRETE: THE MOST DESTRUCTIVE MATERIAL ON EARTH



Бид тогтвортой хөгжлийн тухай сэдвийг хүн бүрийн ой тоонд шингээж, алхам бүрдээ хариуцлагатай байх дадал хэвшил, эх дэлхийгээ хайрлах ухамсрыг бүтээхийн тулд Тогтвортой хөгжлийг дэмжигч ХААН Банктай хамтран "Тогтвортой хөгжил-2030" цахим товхимлыг бэлтгэн хүргэдэг билээ.Хүн төрөлхтний гэрийн даалгавар гэгдэж буй "Тогтвортой хөгжлийн 17 зорилго"-той холбоотой мэдээллүүд, үйл явдлууд, сайн жишээнүүдийг энгийн үгээр, сонирхолтойгоор тайлбарлан давхар блог нийтлэл болгон хүргэж байна.

Цахим товхимолд бүртгүүлэх 2030.mn

Unread Media & Khan Bank