Цахим товхимолд бүртгүүлэх: 2030.mn
Unread Media & Khan bank
Соёл иргэншил үүссэн цагаас хойших хамгийн олон цагийг дотор орчинд өнгөрүүлж буй хүмүүс бол өнөө үеийнхэн. Тодруулбал, орчин цагийн хотын иргэд өдрийн 22 цагийг дотор орчинд өнгөрүүлж байна. Оффис, гэр, иог, хоолны газар, сургалтын төв гэхчилэн бидний амьдралынхаа ихэнх цагийг өнгөрүүлдэг орчин бүгд л дотор байршилтай.
Тиймдээ ч амьдралынхаа 90 гаруй хувийг өнгөрүүлж байгаа дотоод орчны агаарын бохирдолд анхаарлаа хандуулахгүй бол агаар дуслын замаар халдварт өвчин дамжих, суралцах чадвар, ажлын бүтээмж буурах зэрэг олон сөрөг талтай юм.
Манай улсын хувьд НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилгуудыг биелүүлэхэд юун түрүүнд шийдэх учиртай асуудал бол агаарын бохирдол билээ. Энэ хүрээнд ХААН Банктай хамтран бэлтгэдэг тогтвортой хөгжлийн цахим товхимлынхоо шинэ дугаарт бид дотоод орчны агаарын бохирдлын тухай сэдвийг хөндлөө.
дотор орчны агаарын чанарт анхаарлаа хандуулах нь яагаад чухал гэж?
Бодит байдал дээр дотоод орчны агаар гадаад орчинтой харьцуулахад дор хаяж тав дахин бохирдолтой байдаг боловч хүмүүсийн 78 хувь нь энэ талаар огтхон ч мэддэггүй ажээ.
Барилгын материал, тоосонцор, нүүрсхүчлийн давхар исэл, цэвэрлэгээний бүтээгдэхүүн, тавилга, хуванцар, тоглоом гэх мэт дотоод орчны агаарыг бохирдуулах хүчин зүйлс тун олон. Дотоод орчны агаарын чанар муу байх нь нүд, хамар, хоолой загатнах, толгой өвдөх цаашлаад амьсгалын замын өвчин, астма, уушгины архаг бөглөрлийн шалтгаан болох аюултай. Хэрвээ та чийгтэй, хөгцтэй орчинд ажиллаж, амьдарч байгаа бол астма өвчнөөр өвчлөх магадлал бусадтай харьцуулахад 40 хувиар илүү.
Ялангуяа агаарын бохирдлын өртөлтөд хамгийн эмзэг бүлэг бол хүүхдүүд. Агаарын бохирдолоос үүдэлтэй өвчлөлийн улмаас нярай болон бага насны хүүхэд эндэх эрсдэл өндөр байдаг бөгөөд дэлхий дахинд жил бүр 230 мянган хүүхэд гадаад орчны агаарын бохирдлоос үүдэлтэй амьсгалын доод замын хурц үрэвслээр нас барж, 500 мянга гаруй хүүхэд хоол хийхдээ ашигладаг хатуу түлшнээс ялгардаг доторх орчны агаарын бохирдлын улмаас эндэж байгаа гэх НҮБ ын судалгаа бий.
Үүн дээр нэмээд сууцаа халаах зорилгоор түлж буй хатуу түлшний ялгарлаас үүдэлтэй нас баралт тооцогдох ёстой ч дэлхийн хэмжээнд үүнийг нэгтгэсэн тодорхой тоо алга.
Насанд хүрэгчдийнхтэй харьцуулахад бага насны хүүхдийн уушги бүрэн гүйцэд хөгжөөгүй, илүү их хүчилтөрөгчийн хэрэгцээтэй байдаг тул агаарын хорт бодист илүү өртөх магадлалтай. Хүүхдийн амьсгал насанд хүрэгчдээс илүү богино, давтамж их, хамраараа гэхээс илүү амаар амьсгал авах нь элбэг байдаг учраас агаарын чанар тэдний эрүүл мэндэд шууд нөлөөтэйг эцэг, эхчүүд онцгойлон анхаараарай.
сурах үйл явцад сургуулийн орчны агаарын бохирдол сөргөөр нөлөөлдөг үү?
Сургуулийн барилга, анги танхимын хүрэлцээ хангамж хэдийнэ шүдний өвчин болсон манай улсын хувьд ЕБС-ийн нэг ангид танхимд хэдэн хүүхэд суралцах ёстойг заасан стандарт байдаггүйг та мэдэх үү?
ДЭМБ-ын тайланд “Агаар дахь тоосонцор 1м/куб-т 21 мкг байх нь стрессийг 17 хувиар ихэсгэж, ургийн гажиг, үр зулбалтад нөлөөлдөг” хэмээн дурджээ. Харин манай улсын агаарын чанарын стандартад “РМ2.5 хэмжээтэй тоосонцор 1м/куб агаарт 50 микрограм-аас их байвал эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй” гэсэн ангилалд ордог.
Харамсалтай нь, НЭМҮТ-ийн хийсэн судалгаагаар РМ2.5 тоосонцрын хэмжээ нийслэл хотын төвийн шугамд холбогдсон сургуульд 272, хэсгийн халаалттай сургуульд 636байна. Уг тоо бидэнд агааржуулалт муутай, тоосонцор ихтэй орчинд удаан хугацаагаар хичээллэж буй сурагчид хүчилтөрөгчийн дутагдалд орж, алгуурхнаар нүүрсхүчлийн хийн хордлогод өртөж байгааг бэлхнээ баталж буй хэрэг.
Дэлхийн стандартын дагуу бага ангийн сурагчдад дор хаяж 2.5 м.кв талбай ноогдох ёстой ч манай улсын хувьд энэ тоо 1 м.кв-д ч хүрэхгүй. Хүүхдийн сурах орчныг бохирдуулагч өөр нэгэн хүчил зүйл нь хүний биеэс ялгарч байдаг нүүрстөрөгчийн давхар исэл. Уг бодис нь хүнийг нозооруулах, идэвхгүй болгох, бүүр цаашлаад орчноо мэдрэхээ болиход хүргэх аюултай.
Ташрамд сонирхуулахад, АНУ-ын Мичиган мужид хийгдсэн судалгаагаар PM 2.5 тоосонцор ихтэй агаараар амьсгалсан сурагчдын хичээлийн ирц, шалгалтын үнэлгээ нь цэвэр агаарт амьдардаг сурагчидтай харьцуулахад маш доогуур байжээ. Уг судалгаа нь агаарын бохирдол хүний ой санамж, оюуны чадамжийг хүртэл бууруулдаг болохыг харуулж байгаа юм.
Ингээд бодохоор 50 хүрэхгүй м.кв талбайтай ангид 50-60 хүүхдийг ямар ч агаарын солилцоогүйгээр дөрвөөс дээш цаг суралцахыг шаардаж байгаа томчууд бид өөрсдөө “чимээгүй хүчирхийлэгчид” мэт.
Хөгжингүй орны сургуулиуд дотоод орчны агаарын бохирдлоос сэргийлэхийн тулд төвлөрсөн агаар халаах, хөргөх, сэлгэх системдээ HEPA шүүлтүүр байрлуулсан байдаг бол манай улсын сургуулиуд дийлэнхдээ цонхоо нээх төдийхнөөр агаар сэлгэлт хийж буй нь тун харамсалтай.
"GOOGLE"-ДЭХЭЭС ЗАЛХУУРСАН АСУУЛТ
БУДАГ НЬ ХАНХАЛСАН БАЙШИНГИЙН АРДАХ БОДИТ ҮНЭН
Засвар хийгээд удаагүй, цоо шинэ барилга байшингийн тухай ярихдаа бид "Будаг нь ханхалсан" гэх үгийг хэрэглэх нь бий. Гэвч бидний хэрэглэж байгаа зарим төрлийн барилгын материал маш их хэмжээний дэгдэмхий хортой нэгдлүүдийг агуулдаг учраас л будагны үнэр хамар сэтлэх шахам үнэртдэг ажээ.
Жишээлбэл, барилгын материал, тавилга үйлдвэрлэлд өргөнөөр ашигладаг формальдегид гэхэд Олон улсын хорт хавдрын судалгааны агентлагаас гаргасан хорт хавдар үүсгэгчдийн нэгдүгээр ангилалд бичигддэг аюултай хорт бодис юм.
Европын холбоо зарим төрлийн барилгын материал, бүтээгдэхүүний үйлдвэрлэлд формальдегид ашиглахыг хориглосон бол Канад улс уг бодисыг хортой аюултай бодисын жагсаалтад оруулсан байна. Манай улсад энэ бодис нь OSB зэрэг шахмал хавтан хийхэд ашиглаж буй цавуунд түгээмэл агуулагддаг.
"GOOGLE"-ДЭХЭЭС ЗАЛХУУРСАН АСУУЛТ
ГЕНЕТИКИЙН АРГААР САЙЖРУУЛСАН БАЙГАЛИЙН АГААР ЦЭВЭРШҮҮЛЭГЧ
Дрекселийн их сургуулийн 2019 онд хийсэн судалгаагаар зарим төрлийн тасалгааны ургамал нь агаар дахь дэгдэмхий органик нэгдлийг (ДОН) онолын хувьд устгаж чаддаг ч сайн чанарын агаар шүүгчтэй адил ашиг тус хүртэхийн тулд та орон сууцандаа дор хаяж 100 гаруй тасалгааны ургамал тарих ёстой гэнэ. Тэгвэл Францын Neoplants хэмээх стартап генийн инженерчлэлийг ашиглан "Neo P1" нэртэй ердийн бус тасалгааны ургамлыг зохион бүтээжээ. Neo P1-ийн агаар цэвэршүүлэх чанар нь энгийн ургамалтай харьцуулахад 30 дахин илүү.
Тус компани цаашдаа ургамлын үндсэн доторх байгалийн гаралтай симбиотик бичил биетүүдэд химийн хорт бодис иддэг бактерийн ген суулгах төлөвлөгөөтэй байгаа аж.
"GOOGLE"-ДЭХЭЭС ЗАЛХУУРСАН АСУУЛТ
МОНГОЛ ХОНИНЫ НООСООР ЦЭВЭР АГААР ҮЙЛДВЭРЛЭХ НЬ
Утааны улирал хаяанд ирсэн энэ цаг үед хэн бүхэн л агаар цэвэршүүлэгчийн эрэлд гардаг. Тэгвэл та агаараа цэвэршүүлэхийн зэрэгцээ байгаль орчиндоо ээлтэй амьдрахыг хүсэж байвал монгол залуусын зохион бүтээсэн Airee агаар цэвэршүүлэгчийг сонирхоод үзээрэй.
Дэлхийн нийт хүчилтөрөгчийн 40-70 хувийг далайн замаг ялгаруулдаг. Гэвч бидний өргөнөөр ашигладаг агаар цэвэршүүлэгчийн шүүлтүүр нь синтетик материалаар хийгддэг тул эргээд байгальд задрахдаа микро пластик болон хувирдаг гэмтэй. Тэгэхээр өнөөдөр цэвэр агаар амьсгалахын тулд хийж буй сонголт маань ирээдүйд хүчилтөрөгч ялгаруулах далайн замгийг боомилох хог хаягдлын нэгэн шалтгаан болдог гэсэн үг.
Харин Airee нь байгальд 100 хувь задардаг хонины ноосон түүхий эдээр хийгдсэн, хоёр давхар шүүлтүүртэй агаар цэвэршүүлэгч гэдгээрээ онцлог.
Хонины ноос нь цахилгаан соронзон шинж чанарыг агуулдаг тул уг бүтээгдэхүүн агаарт дэгдсэн бохирдлыг өөртөө татах замаар ажилладаг бөгөөд ноос нь ДОН буюу дэгдэмхий органик нэгдлийг сайн шүүдэг, байгальд задрахдаа хурдан, дахин боловсруулах боломжтой зэрэг тун олон давуу талтай юм шүү.
САЛБАРЫН ОНЦЛОХ МЭДЭЭ:
Жирэмсний үед тээврийн хэрэгслийн утаанаас ялгардаг агаарын бохирдолд өртөх нь нярайн ноцтой хүндрэл үүсгэх хүчин зүйлийн нэг болдог гэж Техасын их сургуулийн Баруун өмнөд анагаах ухааны төвийн судлаачид тодорхойлжээ.
Монгол гэрийн дотоод орчны агаарын чанарыг сайжруулснаар хүүхдийн сурах чадварт эерэг нөлөө гарчээ.
Өнгөрсөн долоо хоногт Энэтхэгийн нийслэл Дели хотын агаарын чанарын индекс энэ жилийн хамгийн аюултай түвшин буюу 400-500-д хүрч, эрх баригчдын зүгээс бага сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг түр хаах шийдвэрт хүрчээ.
Судлаачид 2000-2018 оны хоорондох 116 орны өгөгдлийг ашиглан агаар бохирдуулагч PM2.5 тоосонцор нь хүний биеийн антибиотикт тэсвэртэй байдалд шууд нөлөөлөх хүчин зүйл болохыг туршилтын үр дүнд баталсан байна.
САНАЛ БОЛГОХ НЬ:
СУДАЛГАА:
Манай улсын агаарын бохирдлын талаарх сүүлийн үеийн өгөгдөл, судалгааны дүнгийн тухай Breathe Mongolia ТББ-ын төслийн удирдагч танилцуулжээ.
БИДНИЙ ЧИМЭЭГҮЙ МӨХӨЛ- АГААРЫН БОХИРДОЛ
Дээр дурдсанчлан агаар цэвэршүүлэх хамгийн хялбар аргуудын нэг бол тасалгааны ургамал тарих. Уг бичлэгээс тасалгааны ургамал тус бүрийн онцлог, анхаарвал зохих зүйлс, орон сууцныхаа хаана байршуулбал илүү үр дүнтэй талаарх цогц мэдээлэл авч болно.
SHOW BEDROOMS TRANFFORM WITH THESE TOP 2023 AIR PURIFIER PLANTS
НОМ:
Буруу амьсгалаас үүдэлтэй асуудлууд хэзээнээс эхлэв, үүний уг үндэс юу байв гэдгийг номын зохиолч эрж хайх явцдаа эртний хүмүүсийн амьдралын хэв маяг, хооллолт, эрүүл мэнд ямар байсныг судалж, эрдэмтдийн хөгжүүлсэн амьсгалын дасгал техникүүд хүний биед хэрхэн ач тусаа өгдгийг уг бүтээлээрээ тайлбарлахаар зорьсон юм.
Гүнзгий гэгч нь амьсгаа авах ч завдалгүй хөдөлмөрлөж буй өнөөгийн завгүй нийгэмд өөрийнхөө дотор болж буй гайхамшигт үйл явцыг анзаарч, зөв амьсгалж сурахад тань эл ном гарцаагүй туслах биз ээ.
АМЬСГАЛ
ПОДКАСТ
Бидний тэр бүр анзаардаггүй хэрнээ өдөр бүр хэрэглэж байдаг ахуйн хэрэглээний химийн бодисууд нь өөртөө дэгдэмхий органик нэгдэл агуулдаг болохыг та мэдэх үү?
Зах зээл дээр худалдаалж байгаа эко шошго бүхий өч төчнөөн бүтээгдэхүүн дундаас хүний эрүүл мэндэд ээлтэй бүтээгдэхүүнийг хэрхэн ялгаж авах тухай уг подкастаар дэлгэрэнгүй ярилцжээ.
АХУЙН ХИМИЙН ХЭРЭГЛЭЭ
Бид тогтвортой хөгжлийн тухай сэдвийг хүн бүрийн ой тоонд шингээж, алхам бүрдээ хариуцлагатай байх дадал хэвшил, эх дэлхийгээ хайрлах ухамсрыг бүтээхийн тулд Тогтвортой хөгжлийг дэмжигч ХААН Банктай хамтран "Тогтвортой хөгжил-2030" цахим товхимлыг бэлтгэн хүргэдэг билээ.Хүн төрөлхтний гэрийн даалгавар гэгдэж буй "Тогтвортой хөгжлийн 17 зорилго"-той холбоотой мэдээллүүд, үйл явдлууд, сайн жишээнүүдийг энгийн үгээр, сонирхолтойгоор тайлбарлан давхар блог нийтлэл болгон хүргэж байна.