Дэлхий дээр 200 мянган жилийн өмнө хүн оршин байсныг нотлох археологийн үнэ цэнтэй олдворууд өдгөө төрөл бүрээр олдож, тухайн цаг үеийнхээ аж амьдралыг гэрчилсээр байна. Тэгвэл өнөөдрөөс даруй ижил хугацааны дараа бидний аж төрж байсныг батлах үнэт олдвор нь ердөө хуванцар төдийхөн байвал яах вэ?

Улаанбаатарын иргэд өдөртөө 2100-2600 тонн хог “үйлдвэрлэж”, жилд дунджаар 1.4 сая тонн хог хүрээлэн буй орчиндоо нийлүүлдгээс бид ердөө дөрөвний нэгийг нь л дахин боловсруулдаг. Өрх бүрийн ширээн дээр орхигдсон хоол, хогийн саваар дүүрэн хүнсний үлдэгдэл, хуванцар болон электрон хаягдлын байгаль дэлхийд үзүүлэх хор хөнөөл төдийгүй тэр бүхнийг зүй зохистой хаях өртөг зардал өдрөөс өдөрт өссөөр байна.

Иймийн учир бид ХААН Банктай хамтран бэлтгэдэг “2030” цахим товхимлын шинэ дугаартаа ирээдүй хойчдоо үлдээх цэнхэр гаригаа хайрлах, алхам бүрдээ хариуцлагатай байх дадлыг бүтээхийн тулд хог хаягдал дахин боловсруулах сэдвийг онцолж байна.


Хүндэтгэсэн,
UNREAD & KHAN BANK HQ



манай улс хүнсний хог хаягдлыг дахин боловсруулдаггүй. ирээдүйд тийм боломж бий юү?

Дэлгүүрээс авсан талх нэг л мэдэхэд хөгцөрч, шинэхэн жимс, ногоогоо идэж амжаагүй байхад муудах үед танд бишгүй л олон удаа тохиолдож байсан биз дээ. Зуны улиралд орон сууцны өрхийн нийт хог хаягдлын 41 хувийг, өвлийн улиралд 36.2 хувийг зөвхөн хүнсний хаягдал эзэлж байна. Харамсалтай нь бидэнд хүнсний хаягдлаа ангилж, ялгах тусгай цэг гэж үгүй.


Энэ төрлийн хаягдлыг дахин боловсруулах хөтөлбөрийг тун амжилттай хэрэгжүүлж буй улсуудын нэг бол Австри. Тус улсад таны амьдарч буй мужаас хамааран хаягдал хүлээн авах бордооны сав нь хүрэн эсвэл ногоон өнгөтэй байх бөгөөд энэхүү саванд жимс, хүнсний ногоо, жимсний хальс, кофены шаар болон цайны уут, гал тогооны цаасан алчуур зэргийг хийж болно. Хаягдал нь цэцэрлэгжүүлэлт болон биогаазны үйлдвэр гэх мэт төслүүдэд ашиглагдана. Жил бүр зөвхөн Вена хотод дахин боловсруулах 100 мянга орчим тонн органик материалыг 80 мянга гаруй саванд цуглуулж, бордоо болгодог хэмээн төсөөл дөө.

Бид ч мөн адил ирээдүйд хөгжингүй орнуудтай адил хүнсний хаягдал дахин боловсруулах цэгүүдийг олноор нь байгуулах аль эсвэл өрх бүр “гологдол” хүнсээ био задаргаанд оруулан бордоо болгон хувиргах дадалтай болж яагаад болохгүй гэж?



хүнсний хаягдлыг боловсруулсны дараа хэрхэх вэ?

Дээр дурдсанчлан, хүнсний хаягдлын ихэнх хэсгийг био задаргаанд оруулан компост (бордоо) бэлтгэх буюу дахин боловсруулж ашиглах боломжтой.
Компост бордоо гэдэг нь ургамал, амьтны гаралтай органик түүхий эд, хог хаягдлыг ашиглан, тэдгээрийн задралын үр дүнд гаргаж авсан органик бүтээгдэхүүн юм. Энэ төрлийн бордоо нь бусад бордооноос ялзмаг буюу өндөр молекулт органик нэгдлийн агууламж өндөртэй, шим тэжээлээ ургамалд удаан хугацаанд жигд өгдгөөрөө онцлог.

Тэрчлэн, хөрсний бүтэц, үржил шимд урт хугацаандаа сайн нөлөө үзүүлдэг давуу талтай. Тиймдээ ч ногоон байгууламж, газар тариалан төдийгүй хөрсний бохирдол, доройтолтой газрын нөхөн сэргээлт гэхчлэн олон зорилгоор ашиглаж болно.



"GOOGLE"-ДЭХЭЭС ЗАЛХУУРСАН АСУУЛТ 

Хаягдал үнсийг дахин боловсруулж болох уу?

Галлагаатай сууцанд нийт өрхийн 70 хувь аж төрдөг манай улсын тухайд үнс нь гэр хорооллын өрхийн хаягдлын хэмжээ болон бүтцэд хамгийн ихээр нөлөөлж буй. Нэг өрхөөс гарах үнсний хэмжээ зуны улиралд нийт хаягдлын 26 хувь, харин хүйтний улиралд 75 хувь хүртэл ихэсдэг гэх судалгаа бий.

Одоо бидний хэрэглэж буй сайжруулсан түлшний нийт жингийн 20 гаруй хувь нь шатдаггүй органик бус нэгдэл буюу үнс гэсэн үг. Мэдээж энэ тоог 200 мянган өрхийн жилийн хэрэглээнд үржүүлэн үзвээс сэтгэл сэрдхийлгэм тоо гарах нь лавтай. Тиймдээ ч үнс бол агаарын бохирдол, хөрсний тоосжилтын голлох шалтгаан гэхэд буруудах зүйлгүй. Харин сүүлийн жилүүдэд эрдэмтэд үнсийг дахин боловсруулах инновац шингэсэн бүтээгдэхүүний судалгааг тасралтгүй хийсээр байгаа нь сайшаалтай. Жишээлбэл, үнсийг ашиглан үйлдвэрлэлийн хаягдал усны бохирдлыг багасгах шинэ төрлийн шингээгч материал гарган авах төсөл амжилттай хэрэгжвэл байгаль орчиндоо ч, эдийн засагтаа ч олон талын ач тустай юм.



Хүнсний хог хаягдлаа ангилж, ялгалаа гээд түүнийг цуглуулах цэг, боловсруулах үйлдвэр байгаа гэж үү?

Манай улсад сүүлийн жилүүдэд хуванцар болон хаягдал цаас дахин боловсруулах үйлдвэрүүдийн тоо нэмэгдэж байгаа ч түүхий эд болох хаягдал хуванцар, цаасны олдоц, хангамж нь хүрдэггүй болохыг албаны эх сурвалжууд онцолдог. Хаягдал дахин боловсруулах үйлдвэрүүд нь түүхий эдийн хомсдолтой байхад бид тэдгээр хаягдлыг нийлүүлж ачаад байгальд булшилж устгах нь үнэхээр харамсалтай хэрэг биш гэж үү?

Хуванцар боловсруулах хамгийн өндөр хүчин чадалтай “TML” үйлдвэр өнгөрсөн онд ашиглалтад орж, үйл ажиллагаагаа эхлээд байна.Манай улсын иргэд жилдээ 18 мянган тонн хуванцар сав хэрэглэдэг бол тус үйлдвэр нь дангаараа 20 мянган тонн хуванцар сав дахин боловсруулах хүчин чадалтай. Хувцас үйлдвэрлэгчид хуванцрыг ганц л удаа дахин боловсруулж, бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг бол харин ус, ундаа үйлдвэрлэгчид нэг хуванцар савыг дунджаар таван удаа дахин боловсруулж, ашиглах боломжтой.

Нэгэнтээ үйлдвэрлэгчид эхнээсээ хог хаягдалдаа хариуцлагатай хандаж байгаа энэ цаг үед хэрэглэгч бид ч уусан ундааны саваа ганцхан удаа ашиглаад хаях уу эсвэл дахин боловсруулалтад орох боломж олгох уу гэх сонголтоос аль зөвийг нь сонгох хэрэгтэй мэт.



Аюултай хаягдлыг яах вэ?

Тэсрэмтгий, шатамхай, урвалын идэвхтэй, исэлдүүлэгч, хор хий ялгаруулагч хаягдлыг байгаль орчинд сөрөг нөлөөгүйгээр газарт булшилж хадгалах ёстой.

2021 оны байдлаар УБ хотод 775 мянган автомашин бүртгэлтэй байна. Эдгээр машин жилд нэг удаа тос, шүүлтүүрээ, 2 жилд нэг удаа аккумлятороо сольдог гэж тооцвол зөвхөн нийслэл хотод ойролцоогоор 6000 тонн тос, 500 мянга гаруй фильтер, 300 мянган аккумлятор, 3000 гаруй тонн хүхрийн хүчил хаягдсаар. Ганцхан литр машины тос мянган тонн усыг бохирдуулах аюултай.

Манай улсын хэмжээнд бүх төрлийн электрон хаягдлыг цуглуулах, задлах, ангилах, дахин боловсруулах, устгах менежмент байхгүйгээс энгийн, ахуйн хог хаягдалтай хамт хаягдаж, зарим нь агуулах саванд устгах цэг бий болтол хадгалагдаж байна.

Энэ төрлийн бүтээгдэхүүний нийт жингийн гурваас зургаан хувийг дамжуулагч болон хэлхээний хавтан эзэлдэг. Түүний 30-40 хувь нь зэс, төмөр, никель, хар тугалга, цайр, мөнгө, алт зэрэг үнэт металл. Тиймээс ч эдгээр хавтангаас үнэт болон өнгөт металлуудыг гарган авах судалгаа болон бодит ажил дэлхий дахинд эрчимтэй хийгдсээр байгаа юм. Хэрэв бид электроникийн хуванцар хог хаягдлыг боловсруулах үйлдвэр байгуулж чадвал эдгээр хаягдлаа хөрсөнд булахгүйгээр хөрөнгө босгох боломжтой гэсэн үг.



зөвлөмж:

Хүнсний хаягдлаа багасгаж, байгаль орчиндоо ээлтэй амьдрахад тань туслах эдгээр аргуудыг өдөр тутамдаа хэрэгжүүлэн амьдралынхаа салшгүй нэгэн дадал болгоорой.



САЛБАРЫН ОНЦЛОХ МЭДЭЭ

-Инфляцийн өсөлтөөс шалтгаалж Цагаан даваа, Нарангийн энгэр, Морин даваа,Налайх дүүргийн төвлөрсөн хогийн цэг дээрх хаягдлыг түрж, хөрсөөр дарж булах ажлын зардлыг нэг тонн тутамд 4350 төгрөгөөр шинэчлэн батлах тухай УИХ-ын Эдийн засаг, Төсвийн байнгын хороогоор хэлэлцлээ.

-Египетийн Шарм Эл Шэйх хотноо энэ сарын 6-18-ын хооронд болсон “Ууур амьсгалын өөрчлөлтийн эсрэг COP27” хурлын үр дүнд дэлхийн 200 орчиморны төлөөлөгчид хөгжингүй орнуудын бохирдлоос үүдэлтэй уур амьсгалынөөрчлөлтийг даван туулахад ядуу, буурай бүс нутагт туслах сан байгуулахаар тохиролцов.

-Хоол хүнсийг хаягдал болохоос нь өмнө аврах зорилготой “Too Good To Go”аппликэйшний хэрэглэгчдийн тоо энэ жил 9.5-62.9 сая болтлоо огцом өсчээ. Одоогийн байдлаар тус апп-д Европ, Хойд Америк даяар 90,000 гаруй дэлгүүр,ресторан нэгдээд байна.

-Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ Сингапур улсын Тогтвортой байдал, байгаль орчны сайдтай COP27 хурлын үеэр уулзах үедээ Монголын нүүрстөрөгчийн зах зээлийн хууль зүйн орчныг бүрдүүлэхэд тус улсаас туршлага судлах, тусламж авах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.



САНАЛ БОЛГОХ НЬ

ВИДЕО:

Жил бүр дэлхий даяар үйлдвэрлэсэн хүнсний гуравны нэг буюу 1.6 тэрбум тонн нь хогийн цэг дээр хаягддаг аж. Бид дээрх тоог багасгахын төлөө өөрсдийн зүгээс юу хийж болох вэ? Энэ их хог хэрхэн уур амьсгалын өөрчлөлтөд нөлөөлдөг вэ?
FOOD WASTE: THE HIDDEN COST OF THE FOOD WE THROW OUT

КИНО:

Та хугацаа нь дууссан, харлаж муудсан хүнсний бүтээгдэхүүнээр зургаан сарын хугацаанд өл залгуулж чадах уу? Тэгвэл Канад хос Грант Болдуин, Жен Рустемейер нар дэлгүүрийн лангуунаас зөвхөн төгс үзэмжтэй, цоо шинэхэн хүнс худалдан авах хүсэлтэй сая сая хүмүүсийн үзэл бодлыг өөрчлөхийн төлөө хагас жилийн турш ресторан болон супермаркетын гологдлоор хүнснийхээ хэрэгцээг хангажээ.

Тус баримтат бүтээлийг үзсэнийхээ дараа та бага зэрэг зөөлөрсөн алимаа хогийн сав руу шидэхээсээ урьтаж жигнэж идэх, аль эсвэл гашилсан сүүгээ асгахаас өмнө ээдэм хийх талаар бодолцож үзэх нь лавтай.

JUST EAT IT: A FOOD WASTE STORY

ПОДКАСТ:

Хог хаягдлыг дахин боловсруулах замаар эрчим хүч гарган авах төслийг санаачлан ажиллаж буй “Green Energy” компанийн үйл ажиллагаа болон ногоон эрчим хүч, хаягдлын менежментийн талаарх сонирхолтой яриаг эндэээс сонсоорой.

IDEREE'S PODCAST | ERDEMBILEG, WASTE TO ENERGY SPECIALIST

НОМ:

Европын холбооны "Switch-Asia-II" хөтөлбөрөөс санхүүжүүлэн хэрэгжүүлж буй “Монгол Улс дахь хуванцар хог хаягдлын дахин боловсруулалтын тогтвортой байдлыг хангах” төслийн бүрэн судалгааг эндээс уншина уу.


МОНГОЛ УЛС ДАХЬ ДАХИН БОЛОВСРУУЛСАН ХУВАНЦРЫН ЗАХ ЗЭЭЛИЙН СУДАЛГАА



Бид тогтвортой хөгжлийн тухай сэдвийг хүн бүрийн ой тоонд шингээж, алхам бүрдээ хариуцлагатай байх дадал хэвшил, эх дэлхийгээ хайрлах ухамсрыг бүтээхийн тулд Тогтвортой хөгжлийг дэмжигч ХААН Банктай хамтран "Тогтвортой хөгжил-2030" цахим товхимлыг бэлтгэн хүргэдэг билээ.Хүн төрөлхтний гэрийн даалгавар гэгдэж буй "Тогтвортой хөгжлийн 17 зорилго"-той холбоотой мэдээллүүд, үйл явдлууд, сайн жишээнүүдийг энгийн үгээр, сонирхолтойгоор тайлбарлан давхар блог нийтлэл болгон хүргэж байна.

Цахим товхимолд бүртгүүлэх 2030.mn

Unread media & Khan Bank