9.6 жилийн зөрүү. Энэ тоо бол монгол эрчүүд эмэгтэйчүүдээсээ дунджаар 10 жилийн өмнө тэнгэрт хальдаг болохыг илтгэж буй статистик баримт. Дэлхийн хэмжээнд эмэгтэйчүүд эсрэг хүйстнээсээ дунджаар таван жилээр урт насалдаг бол манай улсын хувьд энэ үзүүлэлт хоёр дахин их байгаа нь яахын аргагүй анхаарал хандуулах чухал сэдэв болохыг нотолно.

Одоогийн байдлаар монгол эрчүүдийн дундаж наслалт ердөө 66. Бүр тодруулбал, арван эрэгтэй тутмын зургаа нь тэтгэврийн нас буюу 60 хүрэлгүй нас барж байгаа юм.

Архи, тамхины хэтийдсэн хэрэглээ, зохисгүй хооллолт, хөдөлгөөний хомсдол болон эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авахдаа хойрго зэрэг эрчүүдийн хэнэггүй бөгөөд хайнга зуршил нь дундаж наслалтын зөрүүтэй байдлын суурь шалтгаан болохыг Дэлхийн банк, Жендэрийн үндэсний хорооны хамтарсан судалгааны үр дүнгээс харж болно.

Нэгэнтээ манай улс Тогтвортой хөгжлийн зорилгын хүрээнд хүн амынхаа дундаж наслалтыг 2030 он гэхэд 78-д хүргэнэ гэсэн зорилт тавьсан тул ХААН Банктай хамтран бэлтгэдэг цахим товхимлын шинэхэн дугаартаа бид эрчүүдийн бие болон сэтгэл зүйн эрүүл мэндийн талаар онцолж байна.



эрчүүд яагаад богино насалдаг вэ?

Вашигтоны их сургуулийн биогеронтологич Матт Каэбэрлэйн орчин цагийн залуус одоогийн өндөр настнуудаас 50 хүртэл хувиар урт наслах болно гэж үзсэн бол өнөө үед амьд байгаа зарим хүн 1000 насална гэдэгт Калифорнийн Sens судалгааны сангийн ахлах судлаач итгэл дүүрэн байна.

Онолын хувьд бид хангалттай урт наслах боломжтой байж болох ч одоогийн байдлаар арван мянган хүн тутмаас ердөө нэг хүн л зуун насны босгыг давж буй. Өөрөөр хэлбэл, 110 насныхаа төрсөн өдрийн лааг үлээх магадлалтай хүн долоон саяд ганц гэсэн үг. Эмэгтэй хүний хувьд боломж илүү өндөр. Түүхийн аль ч үед, ямар ч нийгэмд эмэгтэйчүүд эрчүүдээс илүү өндөр насалсаар ирсэн.



Биологийн хувьд эмэгтэй хүний эстроген даавар нь зүрх судасны өвчнөөс хамгаалдаг бол эрэгтэй хүний тестостерон даавар эсрэгээрээ, энэ өвчнөөр өвчлөх эрсдэлийг нэмдэг аж. Норвегид 1979-2012 оны хооронд зүрхний шигдээс туссан 34 мянга орчим хүний ​​дунд явуулсан судалгаагаар эрэгтэйчүүд амьдралынхаа туршид зүрхний шигдээс тусах магадлал эмэгтэйчүүдээс хоёр дахин өндөр болох нь тогтоогджээ.

Түүгээр ч зогсохгүй эрэгтэй хүний тархины шийдвэр гаргах, аюулыг тооцох хэсэг нь эмэгтэй хүнтэй харьцуулахад илүү удаан хөгждөг. Нэг ёсондоо эр хүйс бол байгалиасаа хамгийн аюултай ажлыг ч аюулгүй мэт сэтгэж, эрсдэл гаргах дуртай байдаг аж. Мэдээж энэ байгалийн өгөгдөл нь түүний амьд үлдэх магадлалыг бууруулах нь тодорхой.

монгол эрчүүдийн нас баралтын зонхилох шалтгаанууд?

Монгол Улсад сүүлийн 10 жилийн дунджаар, жилд нас баралтын 16.5 мянган тохиолдол бүртгэгдсэнээс 61 хувь нь эрэгтэйчүүд байсан бөгөөд тэдний 52 хувь нь хөдөлмөрийн насандаа хорвоог орхиж буй харамсалтай мэдээлэл бий.

Мөн дөрвөн нас баралт тутмын нэг нь хорт хавдрын буюу халдварт бус өвчнөөс шалтгаалсан болохыг мөн анхаарууштай.

Тодруулбал нийт нас баралтын:

28.7 хувь нь зүрх, судасны өвчин 24.9 хувь нь хавдар 7.6 хувь нь зам тээврийн осол 5.0 хувь нь амиа хорлолт байна.

Нас баралтын шалтгааныг насны бүлгээр нь авч үзэхэд:

15-44 насанд спиртийн хордлого, амиа хорлолт, мотоцикл, тээврийн осол, 45-аас дээш насанд халдварт бус өвчний нас баралт зонхилжээ.

Илүү нарийвчилбал, эмэгтэйчүүдтэй харьцуулахад амиа хорлолт 5.8 дахин, зам тээврийн осол 2.8 дахин, бусдад хорлогдсон тохиолдол 4.1 дахин их.

Түүнчлэн эмнэлгийн амбулаторийн үзлэгт хамрагдсан эрчүүд эмэгтэйчүүдээс 1.5 дахин бага байгаа нь эрүүл мэнддээ “хэнэггүй” ханддагийнх нь нэг баталгаа мэт. Ялангуяа 25-34 насны эрчүүдийн үзлэгийн бүртгэл хамгийн бага хувьтай байгаа нь энэ насныхан барагтай л бол эрүүл мэнддээ анхаарах, урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдаггүй болохыг харуулна.

Гэвч нөгөө талдаа манай улсын хэмжээнд андрологийн эмч ердөө 14, уралогийн эмч 60 байдаг буюу нэг эрэгтэйчүүдийн эмчийн хяналтад 21 мянга 600 гаруй эрэгтэй оногдож, тэдэнд зориулсан эмнэлгийн үйлчилгээ хангалтгүй байдгийг ч дурдах нь зүй.



"GOOGLE"-ДЭХЭЭС ЗАЛХУУРСАН АСУУЛТ

ТООМЖИРГҮЙ ХАНДДАГ ТҮРҮҮ БУЛЧИРХАЙН ҮРЭВСЭЛ ХЭР НОЦТОЙ ВЭ?

2020 онд дэлхийн хэмжээнд түрүү булчирхайн хорт хавдрын 1 сая 500 гаруй мянган шинэ тохиолдол бүртгэгдэж, 375 мянган хүн нас барсан гэсэн стастистик бий. Энэ төрлийн хавдар эрчүүдийн дунд хамгийн түгээмэл оношлогддог хорт хавдрын хоёрдугаарт, хорт хавдрын нийт нас баралтын тоогоор тавдугаарт орж байна. Хүн амын хөгшрөлт, эдийн засгийн өсөлтөөс шалтгаалан түрүү булчирхайн хорт хавдрын тохиолдол, энэ төрлийн эмнэлгийн тусламж үйлчилгээний ачаалал нэмэгдсээр байгаа аж. Харин Монгол Улсын тухайд энэхүү өвчин нийт хавдрын 1.1 хувийг эзэлж, зонхилох хорт хавдрын эхний 10-т багтаж буй. Хэрэв танд:

-Шээс дусагнах, бүүр гарахаа болих

-Шөнөдөө ойр ойрхон шээс хүрэх

-Цустай шээс гарах шинж тэмдэг илэрвэл эрэгтэйчүүдийн эмчид нэн даруй хандах ёстой гэдгийг мартуузай.

Түрүү булчирхайтай холбоотой өвчнүүдээс сэргийлэх тусгайлсан арга хэмжээ байдаггүй. Хамгийн гол нь баталгаагүй эм ханган нийлүүлэгчээс түрүү булчирхайн томролтыг эмчилдэг эм, бэлдмэлийг урьдчилан сэргийлэх болон шинж тэмдэг намдаах зорилгоор авч ууж болохгүй гэдгийг анхаарах хэрэгтэй.



"GOOGLE"-ДЭХЭЭС ЗАЛХУУРСАН АСУУЛТ

ЭРЭГТЭЙ ХҮН УЙЛАХ ЭРХГҮЙ ЮУ?

Энэ зуны хамгийн том хит “Barbie” бүтээлд Кен ердөө Кенээрээ байсан ч Kenough гэх санааг онцолсон нь орчин цагийн үзэгчдэд тун их таалагдсан. Эр хүн заавал эрх мэдлийн төлөө шунасан, эд баялгийн төлөө тэмцсэн, нийгмийн бүтээсэн хэвшмэл ойлголтод нийцсэн хүчирхэг нэгэн байх шаардлагагүй, харин ч аль хүйс байхаас үл хамаарч хэн гэдгээ таньж мэдэн, түүгээрээ амьдрах нь хэвийн үзэгдэл гэдгийг харуулснаараа “Barbie” шуугиан тарьж чадсан билээ.

“Маскулин” буюу эрчүүд заавал эрэгтэйлэг байх ёстой гэсэн нийгмийн хортой хэвшмэл ойлголт нь монгол эрчүүдийн дундаж наслалтын зөрүүтэй байдлын суурь шалтгааны нэг хэмээн Дэлхийн банкны хийсэн судалгаа тогтоосныг бид зайлшгүй анхаарах ёстой.



Улс орнуудын иргэдийн амиа хорлолтын түвшинг харуулсан ДЭМБ-аас гаргасан судалгаагаар 100 мянган хүн тутамд ногдох амиа хорлолтын тоо дунджаар 10.8 байгаа төдийгүй талаас илүү нь эрчүүд байна. Монгол Улсын хэмжээнд 2012-2016 оны хооронд 2055 хүн амиа хорлож, жилд дунджаар 411 ийм тохиолдол бүртгэгджээ. Хамгийн ноцтой нь эрэгтэйчүүдийн амиа хорлолтын түвшин эмэгтэйчүүдээс 5.2 дахин их байдаг аж.

Эрчүүдийн хувьд амиа хорлоход хүргэдэг гол хүчин зүйл нь нийгмийн харилцаа бөгөөд Их Британийн Эрүүл мэндийн сэтгүүлд дурдсанаар эрчүүд сэтгэлзүйн зөвлөгөө, тусламж авсан байдал нь эмэгтэйчүүдээс 32 хувиар бага байсан гэжээ. Энэ баримтаас харахад тэд стресс, сэтгэлзүйн асуудалд орсон гэдгээ төдийлөн ухамсарладаггүй, эсвэл буруу байдлаар даван туулахыг оролддог нь эцэстээ амиа хорлох хүртэл даамжрах магадлалтайг харуулж байгаа хэрэг юм.



САЛБАРЫН ОНЦЛОХ МЭДЭЭ: 

-Хөгжингүй орны иргэдийн дундаж наслалт ойрын 50 орчим жилийн дотор хиймэл оюун ухаан, өндөр технологийн тусламжтай 120 хүртэл нэмэгдэх боломжтой хэмээн Шведийн Малардален их сургуулийн судлаачид үзэж байна.

-Японы эрүүл мэндийн яамны судалгаагаар 2022 онд япон эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн дундаж наслалт хоёр жил дараалан буурчээ. Энэ бууралт нь COVID-19 цар тахлаас шалтгаалсан хэмээн холбогдох мэргэжилтнүүд тайлбарлажээ.

-Энэ сараас эхлэн ЭМЯ халдварт болон халдварт бус өвчлөлийн хяналтыг сайжруулах зорилгоор зүрх судасны өвчин, дотоод шүүрлийн эмгэгийн хяналт, хоол боловсруулах замын эмгэгийн хяналт гэсэн оношны хамааралтай бүлгийг эрүүл мэндийн даатгалд шинээр үүсгэж, амбулаторийн хяналтын үзлэгийн тарифыг нэмэгдүүлсэн байна.

-Өнгөрсөн оны байдлаар манай улсын хэмжээнд хорт хавдрын 6885 шинэ тохиолдол бүртгэгдсэний 68 хувийг элэг, ходоод, уушги, гуурсан хоолой болон улаан хоолой, умайн хүзүүний хорт хавдар эзэлж байна.



САНАЛ БОЛГОХ НЬ:

ВИДЕО:

Япончуудын дундаж насжилт 85. Эрчүүдийнх нь 82. Тэдний өндөр насалдаг нууцыг эрүүл мэндийн дэвшилтэт систем, эрүүл хоол хүнс, амьдралын хэвшил, амьдрах орчин зэрэгтэй холбож тайлбарладаг. Энэхүү бичлэгээс та япончуудын урт наслалтын нууцын зах зухаас нь олж мэдэх боломжтой.

Why Japanese live so long


КИНО:

Ахимаг насны эрчүүдийн тэр болгон бусдад дэлгэдэггүй сэтгэл зүйн асуудал, ганцаардал, цөхрөлийн талаарх шилдэг бүтээл.

A Man Called Otto

НОМ:

Хөгжингүй орны иргэдийн хувьд 80 наслах нь хэдийнэ жирийн үзэгдэл болж, тэд ойрын ирээдүйд эрүүл энх, ой ухаан саруул, аз жаргалтайгаар 100 наслах эрмэлзэлтэй болсон билээ. Энэхүү бүтээл танд хөгшрөлтийг талархалтайгаар хүлээж авах хийгээд өндөр насанд анхаарал хандуулахаас илүүтэй эрүүл чийрэг өнгөрүүлэх өдөр хоногуудынхаа тоог нэмэхийн төлөө хичээх учиртайг тайлбарлах болно.

Successful Aging

ПОДКАСТ:

Эрчүүдийн боловсрол, гэр бүлийн харилцаа, биеэ авч явах соёл гэх зэрэг олон сонирхолтой сэдвийн хүрээнд эрчүүд өөрсдөө буу халж, асуудлын учир шалтгаан, үндэслэлийг тодруулан, гарц гаргалгааг санал болгоно. Эцэст нь олон асуултад хариулт олдож, эрчүүд эргээд гарч ирэхэд энэ подкаст тус болно гэж итгэж байна.

Эрчүүд хаачив



Бид тогтвортой хөгжлийн тухай сэдвийг хүн бүрийн ой тоонд шингээж, алхам бүрдээ хариуцлагатай байх дадал хэвшил, эх дэлхийгээ хайрлах ухамсрыг бүтээхийн тулд Тогтвортой хөгжлийг дэмжигч ХААН Банктай хамтран "Тогтвортой хөгжил-2030" цахим товхимлыг бэлтгэн хүргэдэг билээ.Хүн төрөлхтний гэрийн даалгавар гэгдэж буй "Тогтвортой хөгжлийн 17 зорилго"-той холбоотой мэдээллүүд, үйл явдлууд, сайн жишээнүүдийг энгийн үгээр, сонирхолтойгоор тайлбарлан давхар блог нийтлэл болгон хүргэж байна.

Цахим товхимолд бүртгүүлэх: 2030.mn

unread Media & Khan bank