Цахим товхимолд бүртгүүлэх: 2030.mn
Unread & Khan bank
Маргааш буюу 3-р сарын 1-нд “Ялгаварлан гадуурхалтыг тэглэх дэлхийн өдөр” тохиож буй. Хамгийн анх уг өдрийг 2013 оны 1-р сард ХДХВ/ДОХ-ын эсрэг НҮБ-ын хөтөлбөрөөс санаачлан тэмдэглэж эхэлсэн түүхтэй.
Монгол Улсын хувьд 2030 он гэхэд нас, хүйс, хөгжлийн бэрхшээл, арьс өнгө, яс үндэс, удам угсаа, шашин шүтлэг, эдийн засгийн болон бусад байр сууриасаа үл хамааран хүн бүрийг нийгэм, эдийн засаг, улс төрийн амьдралд эрх тэгш оролцох боломжоор хангаж, дэмжих тухай Тогтвортой хөгжлийн 10 дахь зорилт болох “Тэгш бус байдлыг бууруулах” сэдэвт тусгасан билээ.
Тиймдээ ч бид Тогтвортой хөгжлийг дэмжигч ХААН Банктай хамтран бэлтгэдэг товхимлынхоо шинэхэн дугаартаа бэлгийн чиг баримжаа, хөгжлийн бэрхшээл, жендэрийн тэгш байдлын тухай та бид ямар зүйлсийг мэдэх хэрэгтэй, нөхцөл байдал одоо ямар байгаа, цаашид хэрхэх төлөвтэй байгаа талаарх мэдээллийг бэлтгэлээ.
"ээж болсны шийтгэл" буюу хөдөлмөрийн зах зээл дээрх жендэрийн тэгш бус байдал
Дэлхийн хэмжээнд 25-54 насны эрэгтэйчүүдийн 95 хувь нь хөдөлмөрийн зах зээлд идэвхтэй байдаг бол ижил насны эмэгтэйчүүдийн хувьд уг дүн 52 хүрэхгүй хувьтай байдгийг та мэдэх үү? Мэдээж энэхүү статистикт амаржсаны дараа ажлын байраа орхиж буй ээжүүдийн эзлэх хувь ихээхэн жин дарж буй нь ойлгомжтой. Тиймдээ ч дэлхий даяар ажил эрхэлж буй ээжүүдэд хөдөлмөрийн зах зээлийг хэрхэн ээлтэй болгох тал дээр анхаарч эхэлж буй.
Лондоны Эдийн засгийн сургууль, Принстоны их сургуулийн хэсэг эрдэмтэд дэлхийн 134 орны эмэгтэйчүүдээс “Ээж болох нь хөдөлмөр эрхлэлтэд хэрхэн нөлөөлдөг тухай” санал асуулга явуулсан бөгөөд ууган хүүхдээ төрүүлэхээр жирэмсний амралтаа авсан эмэгтэйчүүдийн 24 хувь нь эхний жилдээ, 17 хувь нь тав, 15 хувь нь арван жилийн дараа ажилдаа буцаж ороогүй гэх судалгааны үр дүн гарчээ.
Өндөр хөгжилтэй орнуудын хувьд эмэгтэйчүүдийн 80 гаруй хувь нь ажлаа орхисон шалтгаанаа төрөлт, хүүхдийн боловсролтой холбон тайлбарласан юм. Ядуу буурай орнуудын тухайд түүнээс ч өмнө буюу гэрлэсэн даруйдаа ажлын байраа орхих тохиолдол элбэг. Жишээлбэл, Маврики, Замби улсад эмэгтэйчүүдийн бараг тал хувь нь гэрлэсэн даруйдаа хөдөлмөрийн зах зээлийн гадна үлддэг. Тэдэнтэй харьцуулахад хөгжиж буй орны эмэгтэйчүүд гэрлэсний дараа ажил хийх магадлал өндөр ч ээж болсныхоо дараа бүрмөсөн ажлаасаа гарах үзэгдэл өндөр хөгжилтэй орны эмэгтэйчүүдээс бараг хоёр дахин их байгаа юм.
Их Британийн 24 мянган эцэг, эхчүүдийн дунд явуулсан судалгаагаар хүүхэд асрах зардал нь ээжийн хувьд карьераасаа татгалзах хамгийн том шалтгаануудын нэгээр шалгарсан төдийгүй 10 ээж тутмын нэг нь хүүхэд асрах төв, цэцэрлэгийн төлбөр нь сарын цалингаас нь давсан зардалтай байдаг тул карьераа хойш тавих сонголтыг хийсэн хэмээн хариулжээ. Америк, Ирланд, Шинэ Зеланд зэрэг өндөр хөгжилтэй улсуудын хувьд өрхийн орлогын талаас илүү хувийг хүүхэд асрах зардал эзэлдэг.
Түүнчлэн American Association of University Women-аас явуулсан судалгаанд ажил эрхэлж буй ээжүүдийн 40 хувь нь хүүхэд асрахтай холбоотой асуудал карьерт нь сөргөөр нөлөөлдөг гэж хариулсан бөгөөд нэг жил хүртэлх хугацаанд жирэмсний амралтаа авсан ээжүүд ажилдаа эргэн орох үедээ амралт аваагүй ажиллагсадтай харьцуулахад 39 хувиар бага цалин авдаг хэмээжээ.
хөлсгүй хөдөлмөрийн хөшигний ар дахь зардал
Манай улсын нийт 3.4 сая хүн амын 50.9 хувь нь эмэгтэйчүүд бөгөөд тэдний тэн хагас нь нөхөн үржихүйн насныхан юм. Эмэгтэйчүүдийн ажиллах хүчний оролцооны түвшин эрэгтэйчүүдийнхээс (харгалзан 53 хувь ба 67 хувь) 2023 оны байдлаар нэлээд доогуур байсаар ирсэн бөгөөд төрөлтийн түвшин нэмэгдэхийн хэрээр эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийн түвшин буурсаар байгаа нь бидний зайлшгүй анхаарах ёстой асуудал юм. Хүүхэд төрүүлэх, харах, гэр бүлийн асаргаа шаардлагатай гишүүдийг асрах, гэрийн ажил хийх зэрэг жендэрийн нөхөн үржихүйн үүргээс шалтгаалан олон эмэгтэй хөдөлмөрийн зах зээлийн гадна үлдсэн хэвээр.
Хөдөлмөр эрхлэхийн хажуугаар эмэгтэйчүүд эрэгтэйчүүдтэй харьцуулахад гурав дахин илүү цагийг гэр ахуйн ажил, өрхийн гишүүдийг асрахад зарцуулж байгаа гэх судалгаа бий. Эмэгтэйчүүд дийлэнх цагаа асрахуйн хөлсгүй хөдөлмөрт зарцуулж байгаагийн голлох шалтгааны нэг нь асрахуйн үйлчилгээний хүртээмжгүй байдал юм. Тодруулбал, асаргаа шаардлагатай гэр бүлийн гишүүдийг асрах цалин хөлсгүй хөдөлмөрт эмэгтэйчүүдийн зарцуулдаг цаг эрэгтэйчүүдийнхээс 2.1 дахин их, хүүхэд өвдсөн тохиолдолд даруй 10 дахин нэмэгдэж байгаа юм.
"GOOGLE"-ДЭХЭЭС ЗАЛХУУРСАН АСУУЛТ
ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДИЙН ТАЛААРХ ТАШАА ОЙЛГОЛТУУД
Судалгаагаар манай улсын хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн 60-70 хувь нь хөдөлмөр эрхлэх чадвартай атал ердөө 15-16 хувь нь л хөдөлмөр эрхэлдэг аж. Нэгдүгээрт, суурь боловсролын хүртээмж муу байгаагаас тэд ажил хөдөлмөрт бүрэн бэлтгэгдэж чаддаггүй, хоёрдугаарт, хөдөлмөрийн чадвар алдалтыг үнэлэхдээ юу чадахгүй вэ гэдэгт нь ач холбогдол өгч, юу чадах вэ гэдэгт анхаардаггүйтэй холбоотой хэмээн мэргэжлийн хүмүүс тайлбарласан байдаг.
Тэгвэл энэ оны 1-р сард Төрийн ордны их танхимд зохион байгуулсан TedXUlaanbaatarSalon “Equality” арга хэмжээний үеэр нийгмийн активист Б.Болороо нийгэм дэх доорх ташаа ойлголтуудын улмаас хөгжлийн бэрхшээлтэй иргэд бусдын адил ажиллаж, амьдрахад чөдөр тушаа болсоор байгаа тухай онцолсон билээ.
Хөгжлийн бэрхшээлийн талаарх нийгэм дэх нийтлэг ташаа ойлголтууд:
Ажил олгогч- Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн чадварыг дийлэнхдээ дутуу үнэлдэг. Угтаа тухайн иргэдэд зориулсан хүртээмжтэй байдал нь ажлын байранд бий болж чадах л юм бол ажлын бүтээмж ч нэмэгдэх учиртай.
Хэвлэл мэдээллийн хэрэгсэл- Хөдөлмөр эрхэлж буй хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг бусдаас илүү мэтээр онцлон түгээх нь нь өрөөсгөл. Тэд яг л бусадтай адил гэр бүлээ тэжээхийн тулд хөдөлмөр эрхэлж байгааг ойлгох хэрэгтэй. Хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүд хүүхэд төрүүлж байгаа нь хүртэл тэдний сурвалжлах сэдэв болж байгаа нь нэг төрлийн алдаа аж.
Бодлого тодорхойлогч- Халамжийн үнийн дүнгээр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжиж байна гэж эндүүрсээр олон жилийг үдлээ. Жишээлбэл, төрийн албан хаагчийн шалгалт авахад давуу байдал олгох бус, бусдаас ялгаатай байдлыг нь ойлгон ижил тэгш хандах нь тэдэнд илүү хэрэгтэй. Халамжийн хандлагаа засаасай хэмээн хүсдэг.
Байгууллага- Хүртэмжтэй байдлыг хангах тухай сэдвийг хөндөх үед ихэнхдээ нэг удаагийн шинжтэй үйл ажиллагаа зохион байгуулдаг. Олон хүнийг хамарсан ганцхан удаагийн арга хэмжээ зохион байгуулаад орхих бус, хөгжлийн бэрхшээлтэй иргэд өдөр тутамдаа ийм арга хэмжээ зохиогдох газар руу бие даан оролцох боломжийг бүрдүүлэх нь чухал.
Боловсролын салбар- Тусгай сургууль байгуулж, тусад нь хаяглаад орхих бус ижил тэгш, эрх тэгш боловсрох орчныг бүрдүүлж өгөх нь зүйтэй.
"GOOGLE"-ДЭХЭЭС ЗАЛХУУРСАН АСУУЛТ
АЖЛЫН БАЙРАН ДЭЭРХ ЛГБТИК ИРГЭДИЙН ЭРХИЙН ТУХАЙ
Монгол Улсын тухайд Үндсэн хууль, бусад хууль тогтоомжид ЛГБТИК хүмүүсийг шууд ялгаварлан гадуурхсан заалт байхгүй. Гэвч нөгөө талаас эрхийг нь хамгаалах талаар тодорхой зохицуулалт тусгагдаагүй юм. Жишээлбэл, Хөдөлмөрийн тухай хуульд “Хүнийг угсаа, арьсны өнгө, нас, эрэгтэй, эмэгтэй, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, боловсрол шашин шүтлэг, үзэл бодлоор нь ялгаварлах, хязгаарлах, давуу байдал тогтоохыг хориглоно” гэж заасан ч бэлгийн чиг баримжаагаар ялгаварлан гадуурхаж болохгүй гэх заалт үгүй.
ЛГБТ төвөөс хийсэн судалгааны үр дүнгээс харахад бэлгийн чиг баримжаа, хүйсийн баримжаа илэрхийлэлд нь үндэслээд ажилд авахаас татгалзаж байсан эсэх тухай асуултад 93.3 хувь нь бэлгийн чиг баримжаагаа нуудаг учир ажил хөдөлмөр эрхлэлт дээр ямарваа асуудалд орж байгаагүй гэсэн бол 6.7 хувь нь ажил олгогчдын зүгээс ялгаварлан гадуурхалтад өртөж байсан гэж хариулжээ.
“Та бэлгийн чиг баримжаа болон хүйсийн баримжаа илэрхийллээсээ үүдэн ажлын байран дээр ялгаварлан гадуурхалтад өртөж байсан уу?” гэсэн асуултад 41.7 хувь нь ажлын байран дээрээ хэнд ч хэлдэггүй тул гадуурхагдаж байгаагүй, 40 хувь нь мэдэгдвэл асуудал үүсэх нь тодорхой тул нуусан нь дээр, зөвхөн 3.3 хувь нь ЛГБТ байдалд үндэслэн ажлын байранд ялгаварлан гадуурхалтад өртөж байгаагүй гэж хариулжээ.
Нийгмийн харилцаанд бусдаас ирэх хариу үйлдэлтэй холбоотойгоор ЛГБТИК иргэдийн тэн хагас нь жил бүр сэтгэлзүйн хямралд ордог ажээ. НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн “Монголд ЛГБТ байх нь” 2014 оны тайлангаас харахад ЛГБТИК иргэд сэтгэл гутралд өртөх нь элбэг, амиа хорлох оролдлого хийх магадлал нь хоёр дахин өндөр байна. Иймд бид бодлогын хүрээнд тэдэнд чөлөөтэй амьдрах нийгэм, эрх зүйн орчин бүрдүүлэх нь улс орны хувьд хүний эрхийг хамгаалах чиглэлд хийх нэн чухал алхам юм.
САЛБАРЫН ОНЦЛОХ МЭДЭЭ:
Европын холбооны санхүүжилттэй “Монгол Улсад ТХЗ-той уялдсан төсвийн төлөвлөлтөөр хөдөлмөр эрхлэлтийн шинэчлэлийг дэмжих нь” төслөөс хөгжлийн бэрхшээлийн төрлүүд, тэдгээрийн онцлогуудын талаар мэдээлэл өгөх, мөн хөгжлийн бэрхшээлийн онцлогт тохирсон дэмжлэгийг ажлын байранд хэрхэн үзүүлэх зэрэг сэдвийн хүрээнд ажил олгогчдыг чадавхжуулах сургалтыг хүний нөөцийн менежер болон ХБИ-тэй тулж ажилладаг ажилтан албан хаагчдын дунд зохион байгууллаа.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэн ипотекийн зээлээр орон сууц худалдан авах урьдчилгаа төлбөрийнхөө 10 хувийг өөрийн зардлаар, харин зөрүүг аймаг, дүүргийн Засаг даргын хөрөнгөөс санхүүжүүлэх хөтөлбөр өнгөрсөн жил батлагдсан билээ. Тус хөтөлбөр энэ оноос хэрэгжихээр болсон ч харамсалтай нь төсөвгүйн улмаас гацсан байна.
АНУ-ын нийт ЕБС-ийн 66 орчим хувьд ашиглагдаж буй биологийн сурах бичгүүд нь бэлгийн болон хүйсийн чиг баримжааны талаарх хуучирсан, ташаа ойлголт агуулсан болохыг Science сэтгүүлд дурджээ.
Сүүлийн 70 жилийн хугацаанд эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийн замнал хангалттай хэмжээнд сайжрахгүй байгаа тухай дэлгэрэнгүй судалгаатай эндээс танилцаарай.
САНАЛ БОЛГОХ НЬ:
ВИДЕО:
“Тухайн нийгэм хүн бүрд зориулагдаагүй байвал нийгэмд хөгжлийн бэрхшээл оршсоор л байх болно”. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн талаарх нийгэмд түгсэн ташаа ойлголтууд, тэд бусадтай адил энэ нийгэмд ажиллаж, амьдрахад чөдөр тушаа болж буй зүйлсийн тухай уг видеоноос дэлгэрүүлэн сонсох боломжтой.
COMMON MISCONCEPTIONS ABOUT DISABILITY
КИНО:
Гэр хороололд амьдардаг, үсчин болох мөрөөдөлтэй Сонор гэх залуу үсчний сургалтад хамрагдахаар шийдэх бөгөөд түүний өмнө даван туулах ёстой төрөл бүрийн “Шат” тулгарна. Нийгэмд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоог хэрхэн нэмэгдүүлэх тухай, тэдэнд тулгардаг бэрхшээлүүдийн тухай нэгийг бодуулах бүтээлийг үзээрэй.
НОМ:
Эртний Грекийн домгоос сэдэвлэсэн уг зохиол нь хүйсийн эрх тэгш байдалд уриалсан агуулгыг уран яруу бичвэр хийгээд хүчирхэг эмэгтэй гол дүрүүдийн зөрчилтэй уялдуулан хүүрнэжээ.
ГАЛАТЕА
ПОДКАСТ:
ЛГБТК+ үгний утга, хомосексуал болон хетеросексуалын түүх, Монгол Улсад амьдарч байгаа ЛГБТК+ хүмүүст тулгамддаг сэтгэл зүйн түгээмэл асуудлууд болон тэдний сэтгэл зүйн эрүүл мэндийн тухай яриаг сонсоорой.
ЛГБТК ХҮМҮҮС БА ТЭДНИЙ СЭТГЭЛЗҮЙН ЭРҮҮЛ МЭНД