Цахим товхимолд бүртгүүлэх: 2030.mn

unread Media & Khan bank

Ах дүү, амраг садан уулзалдаж, айл хотлоороо цуглаж, бэлгэтэй үгсийг хэлэлцэн урин цагийг угтдаг, монгол түмний хүсэн хүлээдэг сар шинийн баяр 20 гаруй хоногийн дараа тохиох билээ. Сар шинийн баяраар монголчууд бид идээ будаа элбэг байхыг хичээж, эдийн сайныг өмсөж эдлэн, хөл хөөрцөг болон тэмдэглэдэг. Гэхдээ хэзээ нэгэн цагт та баярын өдрүүдийн “хөшигний ард” нуугдах хүнсний хаягдал, үргүй зардал, хэрэгцээгүй бэлгийн талаар бодож байсан уу?

Тиймээс тогтвортой хөгжлийг дэмжигч ХААН Банктай хамтран хүргэдэг товхимлынхоо энэ удаагийн дугаарт бид монгол түмний төрөл бүрийн баялаг уламжлалтай холбогдох сар шинийн баярын өдрүүдийг хэрхэн зөв зохистой, хэмнэлттэй, орчиндоо ээлтэйгээр тэмдэглэх шийдэл, боломжийг эрэлхийллээ.

1. БАЯРЫН ШИРЭЭНИЙ БАРИМТУУД 


Нарийн нандин хоол хүнс ховор байсан урьдын цагт:

Цаг цагаар нэг цадна

Цагаан сараар нэг цадна хэмээдэг байв. Мэдээж элбэг дэлбэг байхад энэ баярын утга учир нь оршдог байж мэдэх ч үлдэгдэл хоол "үйлдвэрлэх" учиртай гэсэн үг биш.

Өнгөрсөн жилийн сар шинийн баярын бэлтгэлд дундаж монгол өрх хамгийн багадаа 1.5 сая төгрөг зарцуулсан гэх судалгааны дүн бий. Үндэсний статистикийн хорооноос гаргасан мэдээллээр бол монголчууд Цагаан сараар ойролцоогоор 1.2 их наяд төгрөгийг эдийн засагтаа эргэлдүүлдэг аж. Бүтцийн хувьд бор идээнд зарцуулж буй хэмжээ цагаан идээнээс их юм. Нийт 1.2 их наяд төгрөгийн 46 хувь буюу 550 тэрбум төгрөгийг импортын бараанд зарцуулдаг байна.

Уг дүнгийн дийлэнх хувийг баярын ширээний идээ будаа буюу хүнсний зардал эзэлдэг. Харамсалтай нь, баярын өдрүүдээр зочдодоо сэтгэлээ шингээн бэлдсэн хүнсний багагүй хэсэг нь “хаягдал” болон хувирдаг нь нууц биш. Зөвхөн баярын үеэр ч бус жирийн өдрүүдэд Улаанбаатар хотын орон сууцны өрхийн нийт хог хаягдлын 41 хувийг дангаар нь хүнсний хаягдал бүрдүүлж буй. Сар шинийг хамгийн өргөн дэлгэр тэмдэглэдэг урд хөршид гэхэд хүнсний хаягдал баярын өдрүүдээр 20 хүртэл хувиар ихэсдэг аж.

Томруулан харвал, өдгөө дэлхийн нийт хүлэмжийн хийн ялгарлын 11 хувийг хоол хүнс үйлдвэрлэл болон түүний тээвэрлэлт үүсгэдэг. Тэдгээр хоол, хүнсний гуравны нэг нь хог хаягдал болон байгальд хаягдсаар байна. Энэ нь бид жил бүр гурван тэрбум хүнийг хооллоход хангалттай хүрэлцэхүйц буюу 1.3 тэрбум тонн хоолыг хаягдал болгодог гэсэн үг юм.

Тиймээс юу худалдан авахаа сайтар тооцоолж, илүү хүнс авахгүй байхыг, хоолоо хэтрүүлэн бэлдэхгүй байхыг хичээгээрэй. Айлууд Цагаан сарын үеэр төрөл бүрийн салат хийдэг ч төд удалгүй хуучирч, хаягдах нь нийтлэг. Тэгэхээр салатаа нэг дор ихээр хийх бус, тухай тухайн үед нь хольж хутгах маягаар бэлтгээд явбал хоол хаяхгүй байх боломжтой. Айл хэсэж буй хүмүүсийн хувьд гэрийн эзэнд идэх хэмжээгээ хэлж, ходоодныхоо хэр хэмжээгээр тавгандаа авах нь нэг соёлтой алхам.

2. бэлгийн тухай бодлогошрох нь


Цагаан сараар гэрт ирсэн зочин гийчдийн гарыг цайлгадаг ёстой. Хувь хишиг өгөх энэхүү уламжлал нь бэлгэдлийн шинж чанартай юм. Анхандаа тухайн жилийн олз омгоосоо амраг садандаа “хувь хүртээх” ёс байсан нь цагийн уртад бэлэг солилцох, орсон гарсан бүхний алгыг тэнийлгэж гар цайлгах ёс болж баяжжээ.

Харин орчин цагт сар шинийн баяр тэмдэглэж буй айлын эзэгтэй бүрийн толгойг хамгийн ихээр “гашилгадаг” сэдэв бол бэлэг. Тиймээс санхүүгээс гадна бэлгийн боодол, түүнээс гарах хог хаягдлыг тооцоход гэмгүй. Сонирхуулахад, зөвхөн Хонконгод л гэхэд 2014 оноос хойш 16,300 гаруй модыг бэлэн мөнгө хийх зориулалттай 320 сая гаруй улаан дугтуйнд ашиглажээ.

Тиймээс бэлэг дээр ямар бодлого барьж байгаагаа урьдчилан зочдодоо мэдэгдэх, ойрын хамаатнууд, гэр бүлийн гишүүдээсээ ямар бэлэг авах хүсэлтэй байгааг нь урьдчилан асуух зэрэг нь баярыг хаягдал багатай өнгөрүүлэхэд туслах нь лавтай. Технологи хөгжиж байгаа хойно бэлэн мөнгийг дугтуйд хийж өгөхөөс илүү данс руу нь шилжүүлэх, хэрэгцээт аппликэйшнийх нь бэлгийн купон, технологийн бүтээгдэхүүн бэлэглэх зэрэг олон шинэлэг бэлгийн санаа бий. Тэрчлэн аль болох гадагшаа валют урсгахгүйн тулд нийтээрээ үндэсний үйлдвэрийн, дотоодын бүтээгдэхүүнийг бэлгэнд өгвөл хаа хаанаа хэрэгтэйг уншигч та бүхэн мэдэж буй нь лавтай.

3. цагаан сараар "зөв" цадах нь 


Мах, гурил таарсан нэг ширхэг бууз ойролцоогоор 200 ккал илчлэгтэй. Сар шинийн үеэр дөрвөөс таван айлд зочлохдоо нэг айлд хамгийн багадаа гурван бууз иднэ гэж тооцоход хоногийн хоолны илчлэгийн хэмжээ нь физиологийн нормоос даруй хоёр дахин хэтэрдэг байна. Тэгвэл баярын өдрүүдээр хэрхэн зөв “цадах” вэ?

ЗӨВЛӨГӨӨ:

•Чихэр бол хүүхдийн хоол боловсруулах системийг хамгийн их ачааллуулдаг уршигтай хүнс. Тиймээс бага насны хүүхэдтэй бол чихэрлэг хүнс, хүйтэн ундаанаас зайлсхийгээрэй. Ялангуяа бага насны хүүхдүүд олон янзын хүнс хольж идсэнээр ходоод нь шингээж чадахгүйд хүрч, хямрах аюултай.

•Баярын өдрүүдэд хүүхэд, том хүн альньч бай нэг төрлийн хоол хүнс, идээ ундаа хэрэглэх нь чухал. Жишээ нь айлд ороод давстай, сүүтэй цай уусан бол хүйтэн ундаа, чихэрлэг зүйлс идэх хэрэггүй. Тэдгээр нь махан хоолны шингэцийг удаашруулдаг. Хүйтэн ундаа ууснаар өмнөх идсэн хоол царцаж, гэдэс гэнэт базлах, гүйлгэх шинж илэрнэ.

•Эсрэгээрээ ногоо жимс, жимсгэнэ зэрэг ислэгтэй хүнсийг махнаас урьдаар идсэнээр ходоод тодорхой хэмжээнд дүүрч, бага ачаалал үүснэ.



"GOOGLE"-ДЭХЭЭС ЗАЛХУУРСАН АСУУЛТ

4. цэвэрлэгээний бодис тийм аюултай гэж үү? 


Цаг тооллын нэгэн шинэ үе ирэхэд хүний сэтгэл санаа эерэг болж, өөрчлөлт хийх боломжтой болдгийг сэтгэл зүйн шинжлэх ухаан нотолдог. Ёс заншилд ч энэ бодол биеллээ олсон нь их цэвэрлэгээ. Шинэ жил гарахын өмнө айл гэрүүд тоос шороогоо гөвж, бүтэн жилээ даах их цэвэрлэгээг хоног дамнан хийдэг нь аль ч талаас харсан зөв зүйтэй үйлдэл. Гэхдээ цэвэрлэгээнд ашигладаг бодисын найрлагыг сайтар анзаарч харах нь зүйтэй.

Дэгдэмхий органик нэгдэл (VOCs), аммиак (Цонх цэвэрлэгч бодист дийлэнхдээ ашигладаг), цайруулагч (натрийн гипохлорит), хлор, фосфат (Угаалгын болон аяга таваг угаагч угаалгын нунтагт ихэвчлэн агуулагддаг) зэрэг олон аюултай найрлага бий. Тиймээс цэвэрлэгээндээ ашиглаж буй бүтээгдэхүүнийхээ шошгон дээр “Green", "Eco-friendly", Non-toxic" зэрэг тэмдэглэгээ байгаа эсэхийг зайлшгүй анхаарч уншаарай.

Эсвэл гэрийн нөхцөлд цуу, хүнсний сод, нимбэгний шүүс зэрэг энгийн орцуудыг ашиглан цэвэрлэгээний бодисыг өөрөө хийж ч болох юм шүү. Түүнчлэн баярын өдрүүдээр аяга таваг угаах ажлаас түвэгшээн нэг удаагийн аяга таваг хэрэглэдэг явдал бий. Энэ нь эргээд байгальд хортой хаягдал болдог учраас аль болох хуванцраас татгалзаж шил шаазан аяга таваг, сав хэрэглэхийг уриалъя.