Төрөл бүрийн арга хэмжээ, баяр наадмаар дүүрэн долоодугаар сар үргэлжилсээр. Олон баяр дундаас онцгой нэг нь монголчууд бидний хувьд орон даяар тэмдэглэн өнгөрүүлдэг Үндэсний их баяр наадам билээ. Соёлын өв уламжлалаа авч үлдэж буй бахархалт өдрийг өргөн дэлгэр тэмдэглэх нь зүй ч энэ баярын эргэн тойронд үүсэх асуудлууд ч цөөнгүй. Тухайлбал, зохисгүй хооллолт, их хэмжээний хог хаягдал гээд өөрсдийн бие организмаас эхлээд байгаль дэлхийдээ багагүй хохирол учруулдаг нь нууц биш. Тиймээс бид энэ удаагийн нийтлэлдээ баяр наадмын үеэр боловсон наадах гурван зөвлөмжийг хүргэж байна. 

1. Нэг удаагийн хэрэглээнээс нэрээ татах нь 

Ямар ч фестиваль, баяр наадмын үеэр хамгийн сэтгэл зовниом асуудал бол хог хаягдал байдагт гайхах зүйлгүй биз ээ. Хог хаягдалтай холбоотой тоон баримтуудаас дурдахад дэлхий даяар жилд хоёр тэрбум тонн хог хаягдал үүсэж буй бөгөөд 2050 он гэхэд энэ тоо 3.4 тэрбум тонн болж өсөх хандлагатай байгаа аж.

Монгол Улсад 2022 оны байдлаар нийт хог хаягдлын найман хувийг буюу 192 мянган тонныг хуванцар хог хаягдал эзэлж байгаа юм. Мөн өнгөрөгч оны байдлаар Улаанбаатар хот 1.4 сая тонн хаягдал "үйлдвэрлэж", нийт хатуу хог хаягдлынх нь 71.4 хувийг булж устгасан байх жишээтэй. Гэтэл ийнхүү булах нь байгальд хортой хийг ялгаруулаад зогсохгүй хотын хүний эрүүл мэндэд халтай билээ.

Тухайлбал, ахуйн худгийн 22 хувь нь ойр орчмын хогийн цэгээс үүссэн дэгдэмхий нэгдлээс болж бохирддог төдийгүй үүнийг хэрэглэсэн хүнд элэг гэмтэх, хорт хавдар тусах эрсдэл бий болдог аж. Үүний зэрэгцээ хогийн цэгийн ойролцоо амьдардаг хүмүүс бензол, толуол зэрэг аюултай химийн бодисуудад өртсөний улмаас амьсгалын замын өвчин, хорт хавдар тусах өндөр эрсдэлтэйг онцлууштай.

Тиймээс хог хаягдлын менежментэд байгальд ээлтэй шийдэл хэрэгтэй бөгөөд ялангуяа баяр наадмын үеэр хог хаягдлын овоолго үүсэж, хэн цэвэрлэх нь тодорхойгүй, замбараагүй нөхцөл байдал үүсэхээс сэргийлж, анхнаасаа нэг удаагийн хог хаягдал үүсгэхгүй байхад анхаарах хэрэгтэй. Мэдээж энэ бол нэг уншигч та бүхний сонголтоос хамаарах тул нэг удаагийн хэрэгсэл авсан л бол түүнийгээ аль болох олон удаа хэрэглэх, ил задгай хаяхаас сэргийлэх нь зүй юм.

2. Хичээнгүй эрхтэнээ хайрлах нь 

Наадмын хуушуураа идэж, айраг тааваараа уух нь баярын салшгүй чухал хэсэг. Гэхдээ бодисын солилцоогоо хямартал зохисгүй хооллох нь утгагүй хэрэг. Хоол хүнс идэхэд нойр булчирхай, нарийн гэдэснээс хоол боловсруулах үүрэг даалгавар авсан ферментүүд ялгардаг. Харин тос ихтэй хоол идэх үед “тосыг задлах” чиглэлээр мэргэшсэн фермент (липаза) нойр булчирхайнаас ялгардаг аж.

Нойр булчирхай бидний бие организмын чухал бөгөөд хичээнгүй ажилтнуудын нэг. Гэтэл түүнийг мөрөөрөө ажлаа хийж байхад нь гэнэт нэгэн зэрэг уул овоо мэт их ажил даалгаж байна хэмээн төсөөлөөд үз дээ. Эхэндээ хамаг хүчээ шавхаж ажлынхаа ард гарах гэж оролдох нь ойлгомжтой. Гэтэл энэ үед нь дээрээс нь хүйтэн ундаа, айраг, пиво уувал уураг, өөх тосыг задлах ажлаа хийж ядаж байхад нь үйл ажиллагааг нь царцааж байгаагаас өөрцгүй юм.

Тэгвэл хэрхэн зохистой хооллох вэ?

Бага байхад биднийг хоол идчихээд битгий хүйтэн юм уугаарай хэмээн захидаг байсан нь учиртай. Дээр дурдсан өөх тос задлах үүрэгтэй фермент болох липаза нь хүний биеийн оптимал температур буюу 37°С-аас хамааралтай ажилладгаараа онцлог. Үүнийг аяга угаахтай зүйрлэж болох бөгөөд халуун усаар аяга угаахад тос арилдаг шиг липазаг ажил үүргээ гүйцэтгэхэд халуун бүлээн цай, ус тусална. Тиймээс бидний биеийн хамгийн хичээнгүй агаад эмзэг эрхтэндээ бага ч болов нэмэр болмоор байвал халуун ус, цай уугаарай.

3. Хаяхын өмнө хянуур байх 

Бид жил бүр гурван тэрбум хүнийг хооллоход хангалттай хүрэлцэхүйц буюу 1.3 тэрбум тонн хоолыг хаягдал болгодгийг та мэдэх үү? Энэ үйлдлийг багасгаж чадвал 36 мянган тонн метаны хийг байгальд ялгарахаас сэргийлж чадна гээд бод доо. Хүнсний хог хаягдлын нөлөө тийм том асуудал мэт санагдахгүй байж болох ч тэдгээрийг үйлдвэрлэхэд зарцуулсан ус, газар, эрчим хүч зэрэг нөөцийг харгалзан үзвэл хөнгөн хандах сэдэв биш аж. Жишээ нь НҮБ-ын ХХААБ-ын тооцооллоор жил бүр хаягдсан хүнсийг үйлдвэрлэхэд зарцуулсан ус нь Оросын Волга мөрний жилийн урсацтай тэнцэх аж.

Үндэсний их баяр наадмын үеэр цэнгэлдэхийн нэг асар дунджаар арван мянган ширхэг хуушуур хайрдаг гэсэн албан бус судалгаа бий. Түүнээс хэд нь хаягдаж үлддэгийг хэн ч таашгүй. Иймд баяр наадам, аялал зугаалгын үеэр идэж, уух зүйлсээ бодитоор тооцоолж, хянуур хандахгүй бол эх дэлхий болон ирээдүйн үр хүүхдээ хордуулж буйтай агаар нэг үйлдэл болох ажээ.

Баяр наадмын үеэр гарах тэр их хог хаягдлыг бага ч болов багасгахад уншигч та хувь нэмрээ оруулж чадна. Тиймээс худалдан авалт бүртээ хянуур байж эх дэлхийдээ ээлтэй, сайхан наадаарай.