Цахим товхимолд бүртгүүлэх: 2030.mn


Хэдхэн хоногийн өмнө бид шинэ оноо угтлаа. Ихэнх хүмүүсийн хувьд энэ цаг мөч “Шинэ он – Шинэ би” гэсэн зорилт тавьж, өөрийгөө шинээр нээх эхлэл болдог. Эрүүл мэнддээ анхаарах, фитнесээр хичээллэх, санхүүгийн нөхцөл байдлаа сайжруулах, шинэ хэл сурах гэх мэтчлэн жил бүрийн эхэнд төрөл бүрийн дадал хэвшүүлэхээр хичээдэг билээ. Сонирхолтой нь, сүүлийн жилүүдэд эдгээрээс гадна байгаль орчинд ээлтэй амьдралын хэв маягийг хэвшүүлэх дадал нэмэгдэх болжээ.

Өнгөрсөн онд Их Британид хийгдсэн судалгаагаар оролцогчдын 78% нь уур амьсгалын өөрчлөлтийн талаар санаа зовниж буйгаа илэрхийлсэн бол 82% нь байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөг бууруулахын тулд хувь нэмрээ оруулах ёстой гэж үзсэн байна. Түүнчлэн 73.6% нь байгаль орчны асуудлыг шийдвэрлэхийн тулд өөрийн амьдралын хэв маягийг тодорхой хэмжээнд өөрчилсөн гэж хариулжээ.

Хүн бүр өөрийн зорилгыг тодорхойлж байгаа энэ цаг үед бид тогтвортой хөгжлийн зорилтуудыг биелүүлэхэд хэрхэн хувь нэмрээ оруулж болох тухай бяцхан зөвлөмжийг бэлтгэлээ. Тогтвортой хөгжлийн 17 зорилгыг хэтэрхий холын, хүрэхэд төвөгтэй мэтээр хүмүүс хүлээж авах нь бий. Гэвч бидний өдөр тутмын амьдралдаа хийдэг энгийн үйлдлүүдийн нийлбэр нь эцэстээ эх дэлхийгээ илүү сайхан болгоход, тав тухтай орчин бүрдүүлэхэд чухал хувь нэмэр үзүүлж чадна гэдэгт итгээрэй.



"GOOGLE"-ДЭХЭЭС ЗАЛХУУРСАН АСУУЛТ

Орчин үеийн хүнсний систем (шинэ сортууд гаргах, бордоо болон хөдөө аж ахуйн химийн бодисууд үйлдвэрлэх, газар тариалангийн машин тоног төхөөрөмж ашиглахаас эхлээд ургац хураах, тээвэрлэх, боловсруулах, хадгалах, худалдаалах, хоол хийх гээд бүх шатанд зарцуулагдах энерги) дэлхийн нийт түлш, анхдагч цахилгааны ойролцоогоор 20 хувийг зарцуулдаг болохыг та мэдэх үү? Хамгийн харамсалтай нь, бэлэн болсон хоол хүнснийхээ 40 орчим хувийг бид хаягдал болгодог.

Бидний хувьд хаягдлаа хамгийн бага байлгах арга бол анхнаасаа ухамсартай худалдан авалт хийх явдал юм. Тэрчлэн дэлгүүрээс худалдан авч буй хүнсний бүтээгдэхүүн маань хэр хол зай туулж, хэчнээн хэмжээний нүүрстөрөгчийг ялгаруулан бидний гар дээр ирж буй талаар тодорхой хэмжээний мэдлэгтэй байх шаардлагатай.

Жишээлбэл, авокадо жимс нь эрүүл мэндийн ашиг тусаараа алдартай боловч нөгөө талдаа маш их ус шаарддаг ургамал бөгөөд ганцхан ширхэг авокадо ургуулахад ойролцоогоор 320 литр ус хэрэгтэй болдог аж. Түүнчлэн авокадог ихэвчлэн Мексик, Перу, Чили зэрэг халуун бүс нутгаас экспортолдог тул Европ эсвэл Азийн хэрэглэгчид рүү хүрэхийн тулд дунджаар 4000-8000 км зам туулдаг.

Нүүрстөрөгчийн ул мөр ихтэй хүнсний бүтээгдэхүүнүүдийг жагсаавал:

1. Эрчимжсэн мал аж ахуйн үхрийн мах. Дундаж нүүрстөрөгчийн ул мөр: 1 кг үхрийн мах үйлдвэрлэхэд 27 кг CO₂
2. Бяслаг хийхэд их хэмжээний сүү хэрэглэдэг бөгөөд энэ нь мал аж ахуйн CO₂ болон метан ялгаруулалтаас үүдэлтэй.Нэмэлтээр боловсруулалт, хадгалалтад их хэмжээний эрчим хүч зарцуулдаг. Дундаж нүүрстөрөгчийн ул мөр: 1 кг бяслаг үйлдвэрлэхэд 13-21 кг CO₂
3. Хавч, сам хорхой- Усны гаралтай хоол хүнсийг ихэвчлэн холоос тээвэрлэдэг, мөн аж ахуйн бүсэд химийн бодис, энерги их ашигладаг. Дундаж нүүрстөрөгчийн ул мөр: 1 кг сам хорхой боловсруулахад 18-20 кг CO₂
4. Шоколад- Какаог их хэмжээний газар ашиглан тариалдаг бөгөөд халуун орны ойн доройтолд нөлөөлдөг. Боловсруулалт, сав баглаа боодол, тээвэрт их эрчим хүч зарцуулдаг. Дундаж нүүрстөрөгчийн ул мөр: 1 кг шоколад үйлдвэрлэхэд 19 кг CO₂

Энэ жил тавих зорилт:

-Орон нутгийн болон улирлын чанартай хүнс сонгох (Монголын нөхцөлд зуны дэлгэр цагт цагаан идээ, намрын цагт олон төрлийн ногоог хүнсэндээ түлхүү сонгох)

-Хэт боловсруулсан бүтээгдэхүүнээс зайлсхийх

-Долоо хоногийн хоолны меню зохиож, хэрэгцээгүй худалдан авалтыг багасгах



“Хог бол баялаг” гэх үгийг бид сүүлийн жилүүдэд улиг болтлоо сонссон хэрнээ ачир дээрээ “Нарангийн даваанд булагдахаас хойш өөртөө төвөг удах хэрэг байгаа гэж үү?” хэмээх аргацаасан бодлоор өөрсдийгөө хуурдаг. Үр дүнд нь бид нэг хүнд ногдох хуванцар хог хаягдал хамгийн ихээр үүсгэдэг улсуудын жагсаалтад есдүгээр байранд жагсаж, эх дэлхийдээ хог тарихаас өөр “ид шидгүй” амьдарч байна.

Гэхдээ хаягдлаа ангилах нь магадгүй амьдралын хэв маягаа эко болгох хамгийн амархан хэрнээ төсөр арга юм. Хамгийн түрүүнд хог хаягдлыг тус бүрд нь хийх зориулалттай савнуудыг бэлтгэж, хоолны үлдэгдэл, дахин боловсруулах боломжтой хог, энгийн хог, аюултай хог хэмээн ангилж хэвшээрэй. Дахин боловсруулах боломжтой хаягдал гэрт зай их эзэлдэг сул талтай хэдий ч сардаа нэг удаа зориулалтын хүлээн авах цэгт тушааж болно.

Энэ жил тавих зорилт:

-Дахин боловсруулах боломжтой хаягдлаа цуглуулж хэвших

-Хүнсний хаягдлаа тусад нь ялгах

-Хуванцрын хаягдлыг анхнаасаа худалдан авахгүй байх

-Электрон хаягдлыг тусад нь хадгалж, хаях

Зөвхөн гэртээ төдийгүй байгуулагынхаа хүрээнд ч гэсэн хамт олонтойгоо зорилт дэвшүүлж, хогоо ангилж хэвшиж болно. Жишээлбэл, ХААН Банк нь Тогтвортой хөгжлийн бодлогын хүрээнд хогоо хаягдлаа зургаан төрөлд ангилан ялгадаг.

Хуванцар

2024 оны байдлаар “ТМЛ Рейсайклинг” ХХК-д нийт 1229 кг хуванцар сав нийлүүлэн дахин боловсруулалтад оруулжээ. Үүний үр дүнд PET буюу шинэ хуванцар үйлдвэрлэхтэй харьцуулахад нийт эрчим хүчний хэрэглээг 79%-иар бууруулсан бөгөөд 1229 кг хуванцар савыг дахин боловсруулснаар 8354 кВт цаг цахилгаан эрчим хүч хэмнэсэн байна.

Хаягдал цаас

2024 онд “Түмэн шувуут” ХХК-д 11 удаагийн тээвэрлэлтээр 1779 кг хаягдал цаас хүргүүлсэн бөгөөд тэдгээрийг өндөгний сетк үйлдвэрлэхэд ашиглаж, нийт 2924 ширхэг өндөгний сетк үйлдвэрлэжээ. Энэ нь 23 модыг хамгаалж, мөн 4803 литр цэвэр ус хэмнэх боломжийг бүрдүүлсэн байна. (1 тонн цаас үйлдвэрлэхэд 2700 литр цэвэр ус зарцуулдаг.)

Хаягдал батарей

2024 оны байдлаар нийт 192.4 кг буюу 9620 ширхэг батарейг хаяхгүйгээр зориулалтын агуулахад хадгалжээ. Үүний үр дүнд:

9620 м² хөрс бохирдохоос хамгаалсан.

76000 тонн цэвэр ус бохирдохоос сэргийлсэн.
(1 ширхэг хуруу зай 1 м² хөрс, 8000 литр усыг бохирдуулдаг.)


Эх сурвалж: Getty Images

НЭГ УДААГИЙН ХУВАНЦРЫН ЭРСДЭЛ

Нэгдсэн үндэстний байгууллагын (НҮБ) мэдээлснээр, хуванцар үйлдвэрлэл 1950 онд 2 сая тонн байсан бол 2024 онд 400 сая тоннд хүрч огцом өсжээ. Энэ тоо 2060 он гэхэд гурав дахин нэмэгдэх төлөвтэй байна. Одоогоор эдгээрийн зөвхөн 10 хувийг дахин боловсруулж, ашиглаж байгаа бөгөөд үлдсэн хэсэг нь бидний ойр орчимд зуун зууны туршид үлдэж, далайгаас уулс хүртэл дэлхийг бохирдуулж, хүнс болон хүний биед шингэн, эрхтэн, тархийг гэмтээх аюул заналхийлж байна.

Reuse буюу дахин ашиглах нь байгальд ээлтэй амьдралын хэвшлийн гол тулгуур боловч бүх бүтээгдэхүүний хувьд тийм ч тохиромжтой биш. Жишээлбэл, нэг удаагийн хуванцар усны сав нь орчиндоо химийн бодис ялгаруулж, бичил хуванцрын тоосонцор үүсгэдэг бөгөөд дахин ашиглах явцад хэдэн зуун мянган хуванцрын тоосонцор ундны усанд шингэдэг болохыг шинжлэх ухааны судалгаагаар тогтоожээ.

Эдгээрийн ихэнх нь нано хуванцар (1 микрометрээс бага буюу хүний үсний өргөний 1/70-тэй тэнцүү хэмжээтэй) юм. Хуванцарт нийтдээ 16,000 орчим химийн нэгдэл агуулагддаг төдийгүй үүний 4,200 гаруй нь “маш хортой”-д тооцогддог гэж мэргэжилтнүүд онцолж байна.

Хуванцрыг аюулгүй ашиглах зөвлөмж:

-Халаахгүй байх: Хуванцрыг богино долгионы зууханд халаах, эсвэл халуун хоол, ундаанд хэрэглэхээс зайлсхийх.

-Хоолыг шилжүүлэх: Захиалсан хоолыг хуванцар савнаас шил, керамик эсвэл төмөр тавагт шилжүүлж хэрэглэх.

-Шил, төмөр сав ашиглах: Усны сав болон хүнсний хадгалах савыг шилэн эсвэл металл материалаар солих.

-Гэрээ цэвэр байлгах: Агааржуулалтыг сайжруулах, тоос арчих, шүүрдэх, тоос соруулах нь бичил хуванцрын бохирдлыг бууруулна.



Зөвхөн хоол хүнс, хувцаснаас гадна тавилга, электрон бараа, автомашин зэрэг томоохон үнийн дүнтэй худалдан авалт хийхдээ ч тэдгээр бүтээгдэхүүний нүүрстөрөгчийн ул мөрийг бодолцож үзээрэй.

Хэрэв та Apple-ийн бүтээгдэхүүнээс худалдан авах гэж байгаа бол “Apple Certified Refurbished” буюу үйлдвэрлэгчийн зүгээс сэргээн засварласан хэсгээс сонголтоо хийж болно. Apple Certified Refurbished хэмээх шошготой iOS төхөөрөмжүүд нь “used” буюу өмнө нь ашиглаж байсан төхөөрөмжөөс ялгаатай бөгөөд үйлдвэрлэгчийн зүгээс шинэ батарей, шинэ гаднах хальстай ирдэг. Тэгэхээр чанарын хувьд эргэлзэх зүйлгүй ээ гэсэн үг.

Үнийн хувьд мэдээж цоо шинэ бүтээгдэхүүнээс 15-20 хувиар хямд. Түүнчлэн Канадын "Équiterre" байгууллагын 2022 оны тайланд дурдсанаар, энэ ангиллын ухаалаг утсыг сонгосноор 82 кг түүхий эд олборлох, 22.7 кг хүлэмжийн хий ялгарахаас сэргийлэх боломжтой гэнэ. Мөн хуучин төхөөрөмжийг удаан ашиглах нь электрон хог хаягдлын урсгалыг бууруулж, хогийн цэгт хаягдахаас сэргийлэх давхар давуу талтай.



Энэ жил тавих зорилт:

-Урт хугацаанд ашиглах чанартай бүтээгдэхүүн сонгох

-Цахим худалдааны платформуудыг ашиглах

-Дахин боловсруулсан эсвэл сэргээн засварласан бүтээгдэхүүн худалдан авах

-Эрчим хүчний хэмнэлттэй технологиудыг хэрэглээндээ нэвтрүүлэх

Түүнчлэн та амьдралынхаа дийлэнх хугацааг өнгөрүүлдэг гэртээ тавилга худалдан авахаар зэхэж буй бол шошгон дээрх төрөл бүрийн тэмдэглэгээнд анхаарлаа хандуулаарай. Жишээ нь, нэг буйдан үйлдвэрлэхэд ойролцоогоор 47 кг нүүрстөрөгчийн давхар исэл ялгардаг бөгөөд үндсэн түүхий эд болох модноос гадна даавуу үйлдвэрлэлд ашигладаг их хэмжээний ус, химийн бодис ашигладаг. Тухайлбал, буйдангийн гол материал болсон хөвөн даавууг үйлдвэрлэхэд 20 мянган литр ус зарцуулдаг аж.

Хэрэв таны худалдан авахаар шийдсэн буйдангийн шошго дээр FSC хэмээх тэмдэглэгээ харагдвал энэ нь Олон улсын ойн тогтвортой хөгжлийн гэрчилгээгээр баталгаажсан буйдан болохыг илтгэж буй юм. Ийм төрлийн шошготой буйдан худалдан авснаар та амьтдын амьдрах орчныг хамгаалах, биологийн олон янз байдлыг хадгалах, олон жилийн настай моддыг хэвээр нь авч үлдэхэд үнэтэй хувь нэмэр оруулна хэмээн ойлгож болно.

sdg dictionary


шинэ нээлт, сайн туршлага

Нүүрстөрөгчийг агаар мандлаас зайлуулах шинэ технологийг эрдэмтэд амжилттай хэрэгжүүлж байна

Далай нь асар их хэмжээний нүүрстөрөгчийн давхар ислийг хадгалдаг орчин юм. Эрдэмтэд далайн усны химийн найрлагыг өөрчлөх замаар уг хадгалалтын багтаамжийг нэмэгдүүлэх арга замыг нээгээд буй.

Сүүлийн таван жилийн хугацаанд энэ технологийг нарийвчлан судалж, туршилт хийсэн бөгөөд сүүлийн хоёр сарын хугацаанд Атлантын болон Номхон далайн эрэг дагуу хэд хэдэн старт-ап компани үйл ажиллагаагаа эхлүүлжээ.

Канадын Нова Скотиа мужид байрлах "Planetary" старт-ап өнгөрсөн сард Shopify болон Stripe компаниудын захиалгаар 138 метр тонн нүүрстөрөгчийг агаар мандлаас зайлуулсан байна. Харин "Ebb Carbon" компани Вашингтонд байрлах жижиг хэмжээний байгууламжаараа жилд 100 метр тонн нүүрстөрөгч зайлуулах чадалтай бөгөөд ирэх 10 жилд Microsoft компанийн захиалгаар 350,000 метр тонн нүүрстөрөгчийг агаар мандлаас арчиж хаях зорилт тавьжээ.


Эх сурвалж: washingtonpost.com

Норвегид 2024 онд борлуулагдсан нийт машины 89% нь цахилгаан хөдөлгүүртэй байжээ

2023 онд энэ үзүүлэлт 82%-тай байсан бөгөөд 2025 онд 100%-д хүрэх боломжтой болсныг онцолжээ. Тус улс бензин болон дизель хөдөлгүүртэй автомашинаас татгалзсан дэлхийн анхны улс болох зорилго тавьж, төрөл бүрийн урамшуулал, татварын хөнгөлөлтийг санал болгох болсон. Одоогоор зам дээрх нийт автомашины 76% нь цахилгаан хөдөлгүүртэй байгаа нь дэлхийд тэргүүлэх үзүүлэлт юм. Борлуулалтаараа Tesla, Volkswagen тэргүүлсэн бол Хятад машин 10%-ийг эзэлж байна.

Норвеги цахилгаан автомашинуудын борлуулалтыг дэмжих зорилгоор олон төрлийн урамшуулал, татварын хөнгөлөлт үзүүлдэг. Өнгөрөгч оныг хүртэл цахилгаан автомашинуудыг нэмүү өртгийн албан татвараас (НӨАТ) бүрэн чөлөөлдөг байсан бөгөөд тээврийн хэрэгслийн буудлын төлбөрөөс чөлөөлөх, хурдны замын татварыг бууруулах зэрэг хөнгөлөлтүүд цахилгаан автомашины хэрэглээг нэмэгдүүлэхэд хувь нэмэр оруулж байгаа аж.



санал болгох контент