Сайн уу, World Plus. Энэ гурван үг өнгөрсөн 7 сарын 5-нд Сингапур улсын алдарт Марина Бэй Сандс зочид буудлын хамгийн дээр буюу 57 давхарт байрлах Lavo ресторанд дэлхийн орон орны хэлээр цууриатсан билээ. Монголын стартап компани дэлхийд алдартай Forbes, Marie Claire тэргүүтэй сэтгүүлүүдийг нэгэн платформд нэгтгэснээ Азийн бизнесийн төв цэгт албан ёсоор тунхаглаж буй нь тэр байлаа. Энэ зөвхөн эхлэл бөгөөд үргэлжлүүлэн Япон, АНУ, Европт энэ ондоо багтаан нээлтээ хийх аж. World Plus платформ олон улсын хэвлэн нийтлэгчдэд нэгэнт хүлээн зөвшөөрөгдөж, бүрэн интерактив байдал, технологийн шинэлэг шийдлүүдээрээ цахим сэтгүүл, паблишингийн шинэ эринийг түүчээлж буйг харахад юутай бахдам. Тэдний алсын хараанд итгэж, хийж бүтээсэн зүйлсийг дэмжиж Японы сумо бөхийн их аварга Хакухо Даваажаргал тэргүүтнүүд хөрөнгө оруулсныг энд онцлууштай. World Plus, дэлхийн тавцанд тавтай морил.
Бизнесийн нэр: World Plus
Хаяг: Гадаад хэргийн яамны баруун талд, Аюуд Цамхаг, 16 давхар
Үйл ажиллагааны чиглэл: Цахим паблишинг
Үүсгэн байгуулагдсан он: 2018 он
Үүсгэн байгуулагч: Х.Эрдэнэбаяр (Ebe)
Цахим хуудсууд: wplus.world (сайт), World Plus (фэйсбүүк)
БИЗНЕСИЙН САНААГАА АНХ ХААНААС ЯАЖ ОЛСОН БЭ?
Англид байхад, 2011 оны хавьцаанаас сэтгүүлүүдийн борлуулалт огцом буурснаар энэ салбарын ирээдүй хэрхэн өөрчлөгдөх вэ гэдэг асуудал яригдаж эхэлсэн юм. Тухайн үед яг тодорхой шийдэл байгаагүй ч Adobe Indesign, Edge, Creative Cloud-ийн програмуудыг ашиглан бүрэн интерактив сэтгүүл хийвэл маш сонирхолтой болох юм байна гэсэн төсөөлөл орж ирж байлаа. Тэгээд нэгэн томоохон дэлгүүр 100 мянга орчим байнгын хэрэглэгчдээ зориулан гаргадаг гарын авлагыг найзуудтайгаа нийлэн нэлээд цаг хугацаа зарцуулан хийж, туршиж үзсэн нь амжилттай болсон юм. Үүний дараахнаас сэтгүүлүүдийн орлогын ихэнх хувийг зар сурталчилгаа эзэлдэг тул энэ чиглэл рүү хөгжих боломжийг харж зориглосон доо.
Монгол залуусын хөгжүүлсэн апп болон платформыг олон улсын хэрэглэгчид шууд ашиглах боломж бага байдгаас гадна гадаадын сэтгүүлүүдэд харуулах бодитой зүйл (prototype) хэрэгтэй байсан учраас эхний удаа Woovoo гэдэг нэрээр дэлхийн хотуудын танилцуулга, гарын авлагыг өөрсдөө контент бэлдэх байдлаар хийж туршиж үзсэн. Эндээс бид контент бүтээгч нь биш платформ нь байх ёстой гэдгийг сайтар ойлгож, хийсэн суурин дээрээ M+ апп-ийг Монголдоо нэвтрүүлэн, нэг жилийн турш туршиж үзээд олон улсын зах зээлд одоо World Plus буюу W+ нэрээр гаргаж байна.
ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ, САНХҮҮЖИЛТАА ХЭРХЭН ШИЙДСЭН БЭ?
Компани маань цахим паблишингийн чиглэлээр ажиллаж эхлээд бараг 5 жил болж байна. Эхний гурван жилд бид өөрсдөө бүх хөрөнгө оруулалт, санхүүжилтаа шийдсэн. Үүний дараа, жил дараалан хоёр ч хөрөнгө оруулагч орж ирсэн боловч нэг их удалгүй гарах хүсэлтээ илэрхийлсэн. Үүнээс харахад технологид суурилсан бизнес үр ашгаа өгч эхэлтлээ нэлээн хугацаа авдгаас гадна бусад бизнесүүдийг бодвол биет хөрөнгө багатай, нүдэнд харагдаж гарт баригдах бүтээгдэхүүн бараг байдаггүй өвөрмөц онцлогуудтай учраас монгол бизнесмен, хөрөнгө оруулагчдад тэр бүр тохирдоггүй юм шиг санагдсан.
ХАМТРАГЧИД, ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДАА ХЭРХЭН ОЛЖ СОНГОСОН БЭ?
Анх ганцаараа байлаа. Тэгээд хоёулаа боллоо. Ингэж өргөжсөөр баг маань одоо олуулаа болсон. Ер нь би хүнийг мэдлэг, чадвар гэхээсээ илүүтэйгээр хүн чанар, хүмүүжил, ёс суртахуун, хүсэл мөрөөдөл дээр нь суурилж сонгох дуртай. Чаддаг хэрнээ хүсэхгүй байх, чадахгүй хэрнээ зүтгэсээр байгаад болгох хоёрын хооронд асар том зай, ялгаа бий.
Bloomberg TV Mongolia-ийн захирал Э.Долгионтой World Plus дээр хамтран ажиллаж байгаа. Хүн мэддэг зүйлээ сайн хийдэг гэдэг шиг бид хоёр аль аль нь медиа салбарыг аль ч өнцгөөс нь боломжийн гадарлах байх гэж бодож байна. Тэгээд ч Долгион маань хувь хүнийхээ хувьд хамтран ажиллахад маш амар л даа. Ярьсан бол хийнэ, яаж ийгээд болгоно гээд аливаа зүйл дээр эцсийг нь тултал явна гэдэг зарчим үнэртдэг хүн. Ер нь бидний ярьсан зүйлс бүтчихээд л байдаг юм. Хоорондоо сонин юм аа гээд л ярьж өгнө шүү дээ. Ядаж байхад кофе ч сайн уудаг юм (инээв).
Японы сумо бөхийн их аварга Хакухо Даваажаргал манай томоохон хөрөнгө оруулагч. Аварга маань бидний алсын хараанд итгэж хөрөнгө оруулна гэдэг бол үнэхээр нэр төрийн хэрэг.
ТАНАЙ БИЗНЕСИЙН ОНЦЛОГ ДАВУУ ТАЛУУД?
Бидний хувьд технологи болон медиа хоршсон зах зээлд платформ байдлаар орж байгаа. Сүүлийн хориод жил технологийн тусламжтайгаар медиа зах зээл маш их өөрчлөгдөж байгааг бид мэднэ. Шинэ үеийн залуус радио биш подкаст сонсдог боллоо. Телевизийн сувгууд тогтсон хөтөлбөр гэхээсээ таалагдсан зүйлээ хүссэн үедээ үздэг on-demand хэлбэр рүү шилжлээ. Өдөр тутмын сонинууд онлайн хэлбэртэй болж байна. Харин энэ их шилжилтийн дунд сэтгүүлийн хөгжил удаашралтай байгаагаас гадна цахим боллоо гэгдэж буй дэлхийн тэргүүлэх платформууд (Zinio, Magzter, Issuu) яг л нэг хэвийн хэвлэмэл сэтгүүлийн агуулгатай, PDF үздэг чигээрээ байгаа нь манай компанид боломж олгож буй гэж ойлгож болно.
Сэтгүүлийн зах зээлд хэвлэн нийтлэгч, уншигч, зар сурталчилгаа нийлүүлэгч гэсэн үндсэн гурван тоглогч байдаг. World Plus-ийн хувьд WIN-WIN-WIN гурвалжин буюу оролцогч гурван тал бүгд ашигтай байх хувилбарыг санал болгож байгаа юм.
1. Хэвлэн нийтлэгчдийн хувьд бага зардлаар олон хүнд сэтгүүлээ уншуулах хэрэгцээ байгаа. Бид тэдний сэтгүүлүүдийг үнэгүйгээр бүрэн интерактив, сонирхолтой болгохоос гадна унших, сонсох, үзэх, захиалан худалдаж авах тэр бүх мэдрэмж, боломжуудыг олгосон бүтээгдэхүүн санал болгож байгаа. Дээр нь хэвлэлт, хүргэлтийн зардалгүй, цаг хугацаа алдахгүй гээд тоочвол олон давуу тал бий.
2. Уншигчдын хувьд хүссэн сэтгүүлээ дурын үедээ дэлхийн хаанаас ч унших боломжийг олгож байгаа юм. Энэ жилдээ үнэгүй, түүнээс хойш сар бүр маш бага үнээр унших боломжтой. Тэгээд ч Gen-Z буюу 1990 оны дунд үеэс хойш төрсөн залуус цаасан сэтгүүл барьж унших сонирхол багатай болсон гэсэн судалгаа гарсан байна лээ.
3. Зар сурталчилгаа нийлүүлэгчдийн хувьд өмнө нь ямар ч хэвлэмэл болон цахим сэтгүүлд байгаагүй тэр интерактив боломжуудыг World Plus санал болгож байгаа юм. Сэтгүүл дотроосоо шууд худалдаж авах, бүтээгдэхүүний өнгийг сольж үзэхээс авахуулаад сурталчилгааг сегментчилж хүргэх боломжтой. Хэдэн хүн үзэж сурталчилгаагаар дамжин сайт руу нь орсон, хэдэн хүн худалдах авах үйлдэл хийсэн гэх зэрэг мэдээллүүдийг Big Data болон хиймэл оюун дээр суурилан маш өндөр үр дүн, нарийвчлалтайгаар харуулна.
ОЙРЫН БОЛОН ХЭТИЙН ЗОРИЛГО ЮУ ВЭ?
Хүн зорилгоо дотроо төсөөлөөд, бодоод, төлөвлөөд, дайрдаг байх. Бусдад хэлэх нь зөв юм болов уу (инээв). Би залуустайгаа энэ жил гурван том зорилго тавиад ажиллаж байгаа.
1. Дэлхийд хамгийн түгээмэл хэрэглэгддэг 10 хэл дээрх 500 шилдэг сэтгүүлийг World Plus платформдоо нэгтгэх
2. Эхний жилдээ 5 сая хэрэглэгчтэй болох
3 дахь нь бидний дотроо бодсон жоохон хүүхдийн гэмээр мөрөөдөл бий. Одоохондоо хэлэхэд эртдэх байх.
БИЗНЕСИЙН ҮНЭТ ЗҮЙЛ, БАРИМТАЛДАГ ЗАРЧИМ ТАНЬ ЮУ ВЭ?
Бизнест нэр хүнд гэж нэг чухал ойлголт бий. Шаардлагатай бол өөрт алдагдалтай зүйлийг хийж болно гэж би боддог. Харин бусадтай хийж буй бизнес гэдэг маш том хариуцлага. Тиймээс алдаа гаргаж болохгүй. Хэрвээ алдаа гаргасан бол тэр хариуцлагыг өөрөө заавал үүрч, хэн нэгнийг хохироохгүй байх чин хүслийг дотроо тээж явдаг.
Бас хэлсэн л бол хийнэ гэсэн зарчмыг баримталдаг. Хэчнээн хүнд хэцүү байсан ч хийе гэж шийдсэн бол алдаж оносон ч хамаагүй ард нь гарах л ёстой. Олон хүнтэй хамтран ажиллаж буй учраас хэнд нэгэнд буруу өгөлгүй алдаагаа зөв олж харах, тэндээсээ суралцах, дахин давтахгүй байх хандлага маш чухал. Компанийн хувьд бид нэг гэр бүл. Гэр бүлийнхэнтэйгээ өнгөрөөдөг цагаас илүү их хугацааг би залуустайгаа өнгөрөөдөг учраас туйлын их итгэдэг.
ОДОО ЮУН ДЭЭР ТӨВЛӨРЧ АЖИЛЛАЖ БАЙГАА ВЭ?
Бид өнгөрсөн 7 сарын 5-нд World Plus апп-ийнхаа нээлтийг Сингапурт хийгээд ирлээ. Наадмын энэ өдрүүдийг ашиглан гадаад харилцааны ажлууд дээр төвлөрөн ажиллаж байна. Олон улсад амжилт гаргахын тулд маш сайн маркетингийн баг хэрэгтэй. Зөв, чадвартай залуусыг сонгоод сайн багаар жинтэйхэн шиг хөдөлнө дөө гээд маркетингийн төлөвлөгөөн дээр хэд хоног суулаа.
ЯАГААД СИНГАПУРТ НЭЭЛТЭЭ ХИЙХЭЭР ШИЙДСЭН БЭ?
Ази тив өөрөө асар том зах зээл. Хятад, Япон гэх технологийн хэрэглээгээрээ бараг дэлхийн нийт хэрэглээний талыг эзлэх орнууд Монгол Улстай ойрхон оршиж байна. Бид тэдэнтэй зөв хамтран ажиллах бүхий л боломжийг эрэлхийлж, ашиглах ёстой. Эдгээр орнуудыг холбосон бизнес, технологийн төв цэг нь Сингапур гэхэд нэг их буруудахгүй. Тиймдээ ч энд нээлтээ хийхээр зориглосон. Технологийн компаниуд нээлтээ Америк, тэр дундаа Сан Франциско хавьд хийхийг зорьдог. Бид ч энэ уламжлалаас хазайлгүй 2019 оны сүүлээр Токио, Лас Вегаст нээлтээ хийхээр ажиллаж байгаа.
Сингапурт болсон нээлтийн албан ёсны видео
ЭНЭ БИЗНЕСИЙГ ЭРХЛЭХИЙН ЭЕРЭГ САЙН БА ХЭЦҮҮ БЭРХШЭЭЛТЭЙ ТАЛУУД?
Технологид суурилсан бизнес учраас зах зээлд байр сууриа нэг эзэлчихвэл цаашид гарах зардал харьцангуй багаас гадна өнөөдрийн байдлаар өрсөлдөөн ч бас боломжийн байна. Тиймээс бэрхшээлтэй тал гайгүй дээ. Жижиг бэрхшээлүүдийг тоочоод байх хэрэггүй байх. Давах ёстой л зүйлс.
ХАМТРАГЧ, ҮЙЛЧЛҮҮЛЭГЧДИЙН ЗАРИМ СЭТГЭГДЛЭЭС ХУВААЛЦВАЛ?
World Plus-ийн хэрэглэгчид үндсэндээ хэвлэн нийтлэгчид болон уншигчид гэсэн хоёр томоохон хэсгээс бүрдэж байгаа. Сая болсон нээлтийн үеэр болон нээлтээс өмнө олон улсын томоохон хэвлэн нийтлэгчидтэй уулзсан. Бүгд сайн бүтээгдэхүүн болсныг хэлж, бидний хүсэж байсан зүйлийг хийчихсэн байна гэцгээж байгаа. Уншигчид ч ам сайтай байгаа. Гэхдээ зорилгынхоо хүрээнд 10 хэлээр 500 сэтгүүл байршаад ирэхээр орон орны хэрэглэгчдийн байр байдал мэдэгдэх болов уу.
B Baatarsuren 2021.12.15 66.181.186.24
Сайн байна ааа амжилт Хамтарч ажилмаар юм байна .................,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,.........,,..........................
З Зочин 2019.07.21 37.152.195.97
Цаашдын ажилд нь амжилт хүсье, хүсэл эрмэлзлэл дээр уйгагүй зүтгэл хөдөлмөрийг нэмбэл бүтэхгүй зүйл үгүй шүү. ????????????
b bataa 2019.07.16 66.181.165.27
Goy goy. Mongolchuud yalna. IQ + IT Goy goy. Mongolchuud yalna. IQ + IT Goy goy. Mongolchuud yalna. IQ + IT
У УНШИГЧ 2019.07.16 66.181.161.116
Гайхалтай. Илүү ихийг бүтээх хүсэл зориг, чадвар, чансаа Монгол залуусын гарт бий шүү! Keep going guys =D
З Зочин уншигч 2019.07.16 64.119.21.201
Сайхан байна. Илүү амжилт. Мундаг байгаад хядаад өг. Монголчууд чадна. Ямар их үсэг бичих юм бэээ. 100 тэмдэгт мангар их байна.
З Зочин 2019.07.16 150.129.141.34
Waaaaa. Mundag umaaa. Delkhiid orsoldoj bidniig bayarluulaarai. Amjilt khusyeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeee