Бид номын тойм булангийнхаа ээлжит зочноор Монгол Улсын төрийн соёрхолт, Ардын багш, Хэл шинжлэлийн ухааны доктор, Монгол Улсын Их Сургуулийн зөвлөх профессор Ш.Чоймааг урьж оролцууллаа. Тэрээр монгол бичиг, түүхэн хэл зүй, орчин цагийн монгол хэл, төвд хэл, сурвалж судлал, Монголын нууц товчоо судлал зэрэг хичээлийг голчлон зааж байсан. Түүний бүтээлүүд АНУ, ОХУ, БНСУ, БНХАУ, ХБНГУ, Польш, Япон зэрэг оронд хэвлэгдэж, хичээлийн бичлэгүүдийг нь гадаадын их дээд сургуулиуд сургалтандаа ашигладаг. Ингээд Ш.Чоймаа багшийн залууст санал болгох номуудтай танилцацгаая. 

Монголын нууц товчоо

Арван гуравдугаар зуунд монгол хүн Монгол бичгээрээ туурвисан энэхүү зохиолыг Монгол хүн бүр заавал мэдэж байх ёстой. Монгол бичгээр туурвисан зохиол арвин боловч, Монголын нууц товчоо бол түүх болоод бичиг соёлын гол тулгуур зохиол. Монголчуудын бахархал болсон зохиол төдийгүй дэлхийн олон хэлэнд орчуулагдсан бүтээл учир энэхүү номыг нэрлэж байна. Монголын нууц товчооны олон янзын хөрвүүлэг бий. Дамдинсүрэн гуайнх бол орчуулга гэж явна. Үнэхээр уран сайхны орчуулга. Минийх бол эртний монгол хэлний үгийг түгээмэл хэлбэрт оруулсан шинэ хөрвүүлэг юм. Мөнхийн үсгийнх бас бий. Мөн Цэрэнсодном гуайнх бий. Эдгээрээс сонгоод уншина биз ээ.

ц.Шагдарсүрэн. эх хэлээ эвдэхгүй юмсан

Өнөө цагт Монгол дархлаа гэж их ярих болсон. Монгол дархлаа гэдэг бол монгол хэлний дархлаа. Цаашлаад Монгол сэтгэлгээний дархлаа гэсэн үг. Энэ нь өөрөө Монгол улс оршин тогтнохын үндэс билээ. Уг номд өнөөгийн монгол хэлний гажуудсан байдал зүй нь чухам ямар байх ёстойг, яагаад ийм байх ёстойг хэн ч ойлгохоор энгийн сайхан тайлбарласан байдаг. "Эх хэлээ эвдэхгүй юмсан"-г уншсан хүн бол бичиж найруулахдаа нэлээн ондоо болох байх. Жишээлбэл “Энд барилгын ажил явагдаж байна болгоомжил” гэдэг самбарууд байдаг даа. Бид зөв бичиж, ярихын тулд барилга гэдэг үгийг гэр, сууц гэж орлуулаад үзэх хэрэгтэй. Монгол хүн “Энд гэр сууцын ажил явагдаж байна” гэж хэлэх үү? Үгүй. "Энд гэр барьж байна" л гэж хэлнэ. Эхний хувилбар нөгөөх нь гадаадын модон хуулбар орчуулга шиг байгаа биз. Энэ мэтчилэн энэ номоос сурах зүйл их бий.

Я.Цэвэл. Монгол хэлний товч тайлбар толь

Өнөөгийн хүмүүсийн монгол үгийн сан ядмаг болчихсон. Нэмээд үгсийнхээ холбоо үг, салаа утгыг мэдэхгүй байна. Хүмүүс үгийн утгыг ойлголгүй ашиглаж байна. Жишээлбэл “Аа яа яа тэр чихэр аягүй гоё чихэр байлаа” гэсэн үгтэй хүүхдийн дуу байдаг. "Аягүй" гэдэг чинь муухай л зүйлийг хэлнэ шүү дээ. Ер нь Монгол хэлний товч тайлбарыг эргүүлээд үзэж байхад миний мэддэг монгол үг тун цөөн юм байна гэж л хүн ухаарна. Сэхээтэн улсын ширээн дээр энэ ном заавал байх ёстой.

Ч.Лодойдамба. Тунгалаг тамир

Залуучууд маань далаад оны түүхэн романуудыг унших хэрэгтэй. Тэгэх юм бол Монголын хуучин ахуй, ёс заншлыг танин мэдэх, үгийн сан баяжих гээд олон давуу талтай. Заавал Тунгалаг Тамир унш гээгүй л дээ. Цаг төрийн үймээн, Үүрийн туяа ч уншсан болно. Бас олон сайхан өгүүллэгүүд бий. Батбаярын, Урианхай гуайн сайхан гүн утгатай өгүүллэгүүд зөндөө бий. Эдгээрийг уншиж байж л монгол хэлнийхээ яруу сайхныг мэдэрч, эх хэлээ хайрлана.

Лу. Алтан товч 

Эртний сургаалуудын товчийг унш гэдэг бол ганцхан Монголд биш ердөөсөө дорно дахинд сургаал хамгийн чухал зүйлд тооцогдсоор ирсэнд байгаа юм. Сургаалыг монгол бичгээр "сургал" гэж бичдэг ч ярианы хэлэнд л уртаар дуудагдаж өдгөө сургаал болчихсон. "Сургал" гэдэг маань бусдыг сургаж, хүмүүжүүлнэ гэсэн үг. Тухайн үед одоогийнх шиг бүхнийг хуулиар зохицуулах биш энэ тогтсон ёс заншлыг мөрддөг байв. Тиймээс бичиг үсэг заамагцаа хамгийн түрүүнд "Цаасан шувуу", "Оюун түлхүүр" зэрэг сургаалуудыг уншиж бичүүлэн давтуулдаг байсан. Ингээд хүүхэд бичиг үсэг сурахаас гадна, бие сэтгэлийн хувьд зөв төлөвшдөг байж. Алтан товч хэдийгээр эртний сургаал боловч хүний мөн чанар өөрчлөгдөөгүй учир өнөө цагт ч тохирно. Мөн уг зохиолыг уншсанаар монгол хэлний эртний сайхан үгнүүдээс цөөн хэдийг ч болов сэргээн хэрэглэх байх.