Шинэ мянган, шинэ технологи, шинэ үе.

Энэ бол өнгөрсөн 20 жилийг тодорхойлох хамгийн энгийн үгс. Мянган солигдохтой зэрэгцэн нийгмийн амьдрал жилээс жилд үсрэнгүй хөгжих технологийн нөлөөгөөр огцом өөрчлөгджээ. Тиймээс ч үе хооронд сэтгэлгээ, зан төлөв, хэв маягийн ялгаа үүссэнд гайхах зүйл үгүй. Илүү хурдтай, илүү хялбар, илүү цогц шийдлүүд бидний амьдралын шат дамжлага бүрд хүч түрэн орж, бүгд л илүү таатай, сайн сайхан амьдрал өөд тэмүүлсээр.

Бид энэ нийтлэлээрээ эрхэм уншигч таныг нийгмийн гол салбаруудад 20 жилийн хугацаанд ямар өөрчлөлт орсныг эргэн санаж, дараагийн 20 жилд юу хүлээж байгааг хамтдаа төсөөлөхийг урьж байна.

Тээвэр

2000: Тээврийн салбарын гол стандарт үзүүлэлт аюулгүй байдлаар тодорхойлогдож байв. Дэлхийн тэргүүлэх брэндүүд хамгийн бат бөх, найдвартай загварын төлөө өрсөлдөж, хүн бүрийн өдөр тутмын хэрэглээ болсон автомашины зах зээл ч энэ чиглэлд онцгой ач холбогдол өгөх болжээ. 2001 онд албан ёсоор танилцуулагдсан "Segway"-ийг "компьютерийн дараах хамгийн чухал бүтээл" хэмээн онцолж, скүүтерийг хүн бүр хэрэглэх цаг удахгүй хэмээн бүгд итгэж байлаа. Аварга хотууд нийтийн тээврээ боловсронгуй болгож, илүү хямд тээвэр аялал жуулчлалын салбарыг огцом өсгөв.

2020: Цахилгаан машины эринд тавтай морил. Хамгийн хямд өртөгтэй, хамгийн хүчирхэг үзүүлэлттэй машин бүтээх технологийн төлөөх дайн ид өрнөж байна. Тоглоомын дүрмийг өөрчлөгч өндөр өсөлттэй стартапуудын эсрэг аварга сүлжээг эзэгнэсэн гигантууд давших энэ өрсөлдөөний ялагч нь чухам хэрэглэгчид байх учиртай. Жолоочгүй машины технологи ч улам боловсронгуй болж, хамгийн төвөгтэй, толгой эргүүлэм замыг ч саадгүй давж, хамгийн зөв шийдвэр гаргах цаг айсуй.

2040: Хүн төрөлхтөн сансрыг ч эзэмших болж, сансрын аялал жуулчлал хамгийн эрэлттэй бөгөөд ашигтай бизнес болжээ. Өмнө нь зөвхөн цөөн хүмүүст л боломжтой байсан энэ аялалд хамрагдах боломж хүн бүрд нээлттэй болсоор. Агаарын тээвэр үсрэнгүй хөгжиж, нисдэг такси хот хооронд сүлжилдэн давхина. Тив хоорондын нислэг хормын дотор хүссэн газарт аваачиж, цахилгаанаар ажилладаг шинэ загварын онгоц замдаа гарна.

Ирээдүйг тодорхойлох гурван технологийн чиг хандлага

1. Өндөр хурдны тээврийн хэрэгслүүд

2. Дундын хэрэглээ - түрээсийн үйлчилгээ

3. Эрчим хүчний хямд хэрэглээ

Анхаарал хандуулах гурван нэр

1. Hyperloop

2. The Ehang

3. Hoverbike

Санал болгох уншлага

Amazon | Medium | EY

Медиа, энтертайнмент

2000: Хүн бүр лаптоптой, айл бүр зурагттай болсон үе. Контент бүтээгчдийн хэрэгцээ эрс өсөж, төрөлжсөн агуулгууд хүний мэдлэгийг тэлэх гол суваг боллоо. Хэрэглэгчдийн өмнө сонголт үүсэж, контент бүтээгчдэд технологийн тусламжтайгаар илүү олон хүнд, хүртээмжтэйгээр бүтээлээ хүргэх боломж гарч ирэв.

2020: Сошиал медиа хамгийн хүчирхэг платформ болов. Хэрэглэгчид өөрсдөө контент бүтээгч болж хувирснаар мэдээлэл хүлээн авах, түгээх "дүрэм" урвуугаар өөрчлөгдөв. Ямар нэгэн хязгаарлалтгүй, хараа хяналтгүйгээр чөлөөтэйгээр мэдээллээ хүлээж авах боломж үүсссэн нь энэ. Хүмүүс өөрсдийн хүссэн контентоо сонгох, нөгөө талаас хүмүүсийн хэрэгцээ, эрэлтэд тулгуурлан чанартай контентийг бүтээлчээр хийх сонголтууд бий болжээ.

2040: VR/AR технологи бидний мэдэх медиа хэрэглээг тэр чигт нь өөрчилжээ. "Зэргэлдээ ертөнцүүд" цахим орчинд үүсэн, ухаалаг төхөөрөмжүүдийн тусламжтайгаар хэрэглэгчдийн төсөөлөл улам төгөлдөрших ажээ. Төлбөр тооцоо, харилцаа холбоо, мэдээ мэдээлэл зэрэг өдөр тутмын хэрэглээ медиатай зэрэгцэн, хоорондын зааг улам багасан, дижитал хэрэглээний үсрэнгүй хөгжил амьдралын алхам бүрд шингэнэ.

Ирээдүйг тодорхойлох гурван технологийн чиг хандлага

1. AI-д суурилсан контент үйлдвэрлэл

2. Цогц виртуал орчин

3. Интерактив контент сонголтууд

Анхаарал хандуулах гурван нэр

1. Horizon

2. VR Journalism

3. Turnstyle

Санал болгох уншлага

World Economic Forum | Medium | AdAge

Банк, санхүү

2000: Банк, санхүүгийн үйлчилгээний хүртээмж нийгмийн сайн сайхныг нэмэгдүүлж, эдийн засгийн өсөлтийн гол хөшүүрэг болж байв. Банкны карт хэрэглээний нэг хэсэг болж, бэлэн мөнгийг хэрэглээнээс шахан, илүү хялбар, найдвартай үйлчилгээний сонголт болсон. Хэрэглэгчдэд төрөл бүрийн урамшуулал хүртэх, санхүүгийн сахилга бат үүсгэх, хэрэглээгээ зохицуулж хянах боломжийг карт олгов.

2020: Интернет, ухаалаг төхөөрөмжүүдийн ачаар цахим банкны хэрэглээ эрчимтэй өсөх боллоо. Банкны үйлчилгээ өдөр тутмын энгийн хэрэглээ болсон нь бага зардлаар, хурдан гүйлгээ, шилжүүлэг, төлбөр тооцоо хийх боломжийг үүсгэсэн. Онлайн худалдааны тэсрэлт банк санхүүгийн салбарыг илүү хурдтай урагшлах боломжоор ханган, хэрэглэгчдэд орон зай, цаг хугацаа үл хамааран хүссэн гүйлгээгээ хийх нөхцөлийг бүрдүүлж байна.

2040: Зөвхөн бэлэн мөнгө төдийгүй картны хэрэглээг хүмүүс мартах дөхжээ. Бэлэн мөнгөгүй нийгмээс картгүй нийгэм өөд урагшилна. Ухаалаг утас, төхөөрөмжүүдтэй хоршин ажилладаг цогц апп-уудын үйлчилгээ улам төгөлдөршиж, өдөр тутмын амьдралын бүх хэрэгцээг хангах гол хэрэгсэл болж хувирна. Технологийн энэ шилжилт хамгийн амархан, найдвартай сонголтыг хэрэглэгчдийн гарт өгөх болно.

Гэхдээ карт бүх нийтийн хэрэглээнд нэвтрэхэд 20 жил орсон шиг удаан энэ өөрчлөлтийг хүлээх шаардлагагүй. Өөрчлөлтийг яг одоо түүчээлэн, илүү хурдтайгаар үсрэнгүй хөгжил өөд урагшлах боломж буй.

Ирээдүйг тодорхойлох гурван технологийн чиг хандлага

1. Картгүй нийгэм

2. Үл үзэгдэгч банк

3. Дижитал экосистем

Анхаарал хандуулах гурван нэр

1. Robinhood

2. Social Pay

3. Coinbase

Санал болгох уншлага

Deloitte | PwC | World Economic Forum

Харилцаа холбоо

2000: Гар утас нийгмийн амьдралын хурдасгагч болов. Хоорондоо холбогдоно гэдэг маш хялбархан бөгөөд хямдхан болсноор өмнө огт төсөөлж байгаагүй олон боломжууд хэрэглэгчдийн өмнө үүсэв. Харилцаа холбооны хамгийн чухал хэрэгсэл болсон ухаалаг утас 2004 онд танилцуулагдсан "iPhone"-ийн ачаар амьдралын хэв маяг тодорхойлогч болтлоо үсрэнгүй хөгжсөн билээ.

2020: Халаасанд багтах бичил төхөөрөмжүүдэд хүн бүрийн хамгийн чухал мэдээлэл агуулагдаж, зөвхөн харилцааны төдийгүй ажил амьдралын хамгийн чухал хэрэгсэл болжээ. Гар утсаар хийж болох зүйлс зөвхөн хөгжүүлэгчдийн уран сэтгэмжээр л хязгаарлагдаж, 4G, 5G технологийн ачаар хийх үйлдлийн хурд хязгааргүй мэт санагдах боллоо.

2040: Их тоон өгөгдөл, ухаалаг төхөөрөмжүүдийн супер хослол нийгэмд илүү таатай, сайн сайхан амьдралыг цогцлоох гол үндэс болжээ. Харилцаа холбооны үүргийг ухалааг төхөөрөмжүүд гүйцэтгэн, утасгүй технологи, өндөр хурдны интернэт гэдэг дэлхийн хаана ч энгийн хэрэглээ болно.

Ирээдүйг тодорхойлох гурван технологийн чиг хандлага

1. Ухаалаг туслахын эрин

2. M2M буюу Машинаас машинд загвар

3. Human Computer Interaction

Анхаарал хандуулах гурван нэр

1. HoloLens

2. Neuralink

3. Spectacles

Санал болгох уншлага

Forbes | Unread | The Next Web