"Wearable technology" буюу зүүдэг төхөөрөмж нь гар утаснаасаа "зүүгдсэн" орчин үеийн хэрэглэгчдийн зан төлөвт шинэ хандлагыг авчирч буй. Швейцарт 1972 онд анхны дижитал цагийн моделийг бүтээснээс хойш 40 гаруй жилийн дараа Omate компани зах зээлд нэвтрүүлсэн билээ. Одоогоор уг зах зээлийн 48 хувийг Apple компани дангаар эзэлж, Samsung, Google (Fitbit) удаалан, дэлхийн нийт ухаалаг цагны борлуулалтын 70 гаруйг зөвхөн энэ гурван компани эзэгнэж байна. Өнөөдөр бид эдгээр топ компаниудын хамгийн сүүлд гаргасан загваруудыг харьцуулан, онцлох үзүүлэлтийг танилцуулж байна.  

Ухаалаг бугуйн цагуудыг харьцуулах нь 

Хэрэглэгчийн эрүүл мэндийн үзүүлэлтийг тогтмол хянаж, дата цуглуулах үйлдлүүд нь ухаалаг цаг худалдан авах гол шалтгаан юм. Гэвч сүүлийн үеийн ухаалаг цагийг хөгжүүлэгчид QR код ашиглан төлбөр, тооцоо хийх шийдэлд анхааран хөгжүүлж байна.
Ухаалаг цаг бүрд байршил тогтоох, хуанли, цаг агаарын мэдээллийг харах, утсанд ирэх дуудлага, мессеж, татсан аппуудын сонордуулгыг хүлээн авах боломж байдаг.

Мөн алхалт, зүрхний цохилт, шатаасан калори, нойрны хэмнэл хэмжих зэрэг эрүүл мэндийн үзүүлэлтийг тогтмол хянахад тус болно. Зарим төрлийн цагууд зүрх, судасны өвчин, амьсгал боогдох шинж тэмдгийг илрүүлэн, түргэн тусламж дуудах үйлдэлтэй болоод буй.

Түүнчлэн Bluetooth, Wifi-тай холбогдох горимтой тул ухаалаг туслахуудтай шууд харилцах, дуу сонсох, дүрс бичлэг үзэх олон төрлийн шийдэлтэй. Бид зах зээлд тэргүүлж буй хамгийн сүүлийн үеийн ухаалаг цагуудад харьцуулалт хийхдээ дээрх түгээмэл шийдлүүдээс бусад онцлох үйлчилгээг багтаалаа.

apple 

Apple Watch Series 5 (399-799$)

Зах зээлийн тал гаруй хувийг дангаар эзэлж буй Apple компани өнгөрсөн онд 22 сая ухаалаг цаг борлуулсан. Өөрөөр хэлбэл, дэлгүүрийн лангуунаас худалдан авч буй хоёр ухаалаг цагийн нэг нь Apple гэсэн үг. Тэд өнгөрсөн есдүгээр сард хамгийн сүүлийн загвар болох Apple Watch Series 5-ийг танилцуулсан билээ. Тус брэндийн ухаалаг цагуудын дундаж үнэ 448 ам.доллар байгаа нь хамгийн өндөр үнэтэйд тооцогдож буй юм.

Онцлох давуу тал:
-Siri ухаалаг туслахтай
-Apple Pay ашиглан төлбөр, тооцоо хийх боломжтой
-Fall Detection буюу хэрэглэгчийн осол, бэртлийг илрүүлж, түргэн тусламж дуудах шуурхай холбоостой
-Noise app буюу хүний сонсголд сөргөөр нөлөөлөхүйц чанга дуу шуугианыг мэдэрч, дохиолол өгөх үйлдэлтэй
-Өмнөх загваруудад байгаагүй шинэ үйлдэл нь, таны сарын тэмдгийн мөчлөгийг хянаж, ирэх өдрийг тааварлан сонордуулга илгээдэг. Хүсвэл сонордуулгыг дэлгэцэд харуулахгүйгээр тохируулж болно.

Сул тал:
-Цэнэгээ 18 цагийн турш барьдаг
-Android системийг дэмждэггүй тул зөвхөн iPhone хэрэглэгчдэд зориулагдсан

Бусад загвартай танилцах

Xiaomi 

AMAZFIT GTS (160-179$)

XIAOMI 2014 онд MI band загварыг гаргаснаас хойш ухаалаг цагны зах зээлд нэвтрэн, өнгөрсөн таван жилийн хугацаанд 50 гаруй сая бүтээгдэхүүн борлуулаад буй. Тус компанийн хувьд Хятад улс хамгийн том зах зээл нь юм. Анхны загвар болох MI band ухаалаг бугуйвч нь үнийн хувьд хямд, функц ашиглахад хялбар, зүүхэд эвтэйхэн байдлаараа XIAOMI-гийн бусад үзүүлэлт сайтай цагаас илүү борлуулалттай байдаг. Тус компани хамгийн сүүлд Amazfit GTR загварын ухаалаг бугуйн цагийг худалдаанд гаргасан билээ. ХIAOMI нь ухаалаг цагийн зах зээлд топ 3-т багтдаггүй ч Fitness Tracker төрлийн ухаалаг бугуйвчаараа тэргүүлэх байр суурьтай байна.

Онцлох давуу тал:
-Хоёр цаг цэнэглээд 24 хоногийн турш цэнэгээ барьдаг
-GPS болон GLONASS хослон байршил тогтоох системийн хүрээнд гүйх, алхах, ууланд авирах сэлэх, дугуй унах, цанаар гулгах зэрэг 12 төрлийн спорт, фитнессийн тохиргоотой.
-50 метр хүртэлх усны гүнд ажиллах боломжтой
-Дэлгэцний өргөн нь Apple Watch-аас илүү нимгэн

Сул тал:
-Зарим гар утасны түгээмэл апп, үйлдлүүдийг дэмждэггүй
-Дагалдах хэрэгсэл цөөн

Бусад загвартай танилцах

google (Fitbit)

Fitbit Versa 2 (199-229$)

Google компани энэ сарын эхэнд ухаалаг бугуйн цагаар дагнасан Fitbit компанийг 2.1 тэрбум доллароор худалдан авахаар болсон нь энэ төрлийн зах зээлд тэргүүлэх хүчтэй тоглогч болохоор зэхэж буйгаа харуулсан билээ. Компанийг худалдаж авах хэлцэл 2020 онд хаагдах төлөвлөгөөтэй байгаа. Fitbit компанийн хувьд 2015 онд IPO хийж, 745 сая долларын хөрөнгө оруулалт босгосон. Өнгөрсөн онд 1.8 тэрбум долларын борлуулалт хийсэн ч санхүүгийн хувьд 186 сая долларын алдагдалтай ажилласан юм. Тус компани өнгөрсөн хугацаанд 100 гаруй сая ухаалаг цаг болон хөдөлгөөн хэмжигч эрүүл мэндийн хяналтын төхөөрөмжүүдийг борлуулжээ.

Онцлох давуу тал:
-Android болон iOS-тэй хосолж ажиллах боломжтой
-Зургаан өдөр цэнэгээ барьдаг
-Нойрны хэмнэлийг хянах үйлдэлтэй
-Amazon Alexа ухаалаг туслахтай
-Fitbit Pay төлбөрийн системийг ашиглах боломжтой
-Sleep score үйлдэл нь таны нойрны хэмнэлд оноо өгөхөөс гадна гүн болон гүехэн нойр, дуг хийсэн хугацааг тус тусад нь нарийвчлалтайгаар үзүүлэх болно. Мөн дараагийн модель дээрээ унтаж байх үеийн хүчилтөрөгчийн хэмжээг хянах үйлдлийг оруулна хэмээн мэдэгдээд буй юм.
-SpO2 технологийг ашиглан нойрсолтын үеийн амьсгал дутагдал (sleep apnea) болон зарим зүрх судасны өвчний шинж тэмдгийг илрүүлж сонордуулга илгээх үйлдлийг хөгжүүлэхээр ажиллаж байгаа.

Сул тал:
-Өөр дээрээ GPS төхөөрөмжгүй
-LTE сүлжээ дэмждэггүй
-Spotify дэмждэг ч дуу шилжүүлэх үйл явц нь төвөгтэй

Бусад загвартай танилцах

Samsung 

Samsung Galaxy Watch Active 2 (279-299$)

Өмнөд Солонгосын технологийн аварга компани "Samsung" энэ оны 3-р улирлын байдлаар 1.9 ширхэг ухаалаг цаг борлуулаад буй. Германы Берлин хотод 2013 онд болсон Samsung Unpacked арга хэмжээний үеэр анхны ухаалаг цагаа танилцуулсан тэд Apple компанитай өрсөлдөхөөр зах зээлийн хүчтэй тоглогч болж буй билээ. Өнгөрсөн онд Galaxy Watch загварын цагаа танилцуулж, Android системийн хэрэглэгчдэд хамгийн тохиромжтой шийдлийг хөгжүүлж буй юм.

Онцлох давуу тал:
-Android болон IOS үйлдлийн системийг аль алиныг нь дэмждэг
-Bluetooth болон LTE сүлжээнд холбогдсон
-Spotify-г интернетгүй үед ашиглах боломжтой
-Samsung Pay ашиглан төлбөр, тооцоо хийж болно
-Өмнөх загваруудаас сайжруулалт хийж, хоёр өдрийн турш цэнэгээ барьдаг болсон


Сул тал:
-Хоёр үйлдлийн систем дэмждэг ч Android-д зориулсан апп ихтэй


Бусад загвартай танилцах