Өнөөдрийн дугаартаа бид эрчүүд зонхилсон мэдээллийн технологийн салбарт тун амжилттай ажиллаж, манлайлж яваа, Asterisk Technologies компанийн гүйцэтгэх захирал Ц.Өнөржаргалыг урилаа. Тэрээр компаниа удирдан Бельгиэс гаралтай, байгууллагын нөөц төлөвлөлтийн олон улсын програмын нөү-хауг Монголд нутагшуулж, "Odoo" хэмээх ERP cистемээ Монголын 100 гаруй томоохон аж ахуйн нэгжид нэвтрүүлээд байгаа юм. 2011 онд МУИС-ийн Математик, компьютерын сургуулийг төгссөн зочин маань үндсэн ажлынхаа хажуугаар уран зураг зурах хоббигоо улам бүр хөгжүүлэхээр саяхнаас СУИС-ийн уран зургийн ангид суралцаж эхэлжээ. Ингээд 30 гаруй ажилтантай технологийн компанийн жолоог атган яваа түүнтэй уншигчдаа уулзуулъя.
Байршил: Монгол, Улаанбаатар
Эрхэлдэг ажил: Asterisk Technologies компанийн гүйцэтгэх захирал
Хэрэглэдэг гар утас: iPhone 7
Хэрэглэдэг компьютер: MacBook Pro
Сошиал хуудсууд: Unurjargal Ts (LinkedIn), Unurjargal Tsoodol Erp (Facebook)
ТА АЖЛАА ЯМАР АРГА БАРИЛААР ХИЙДЭГ ВЭ? АЖЛЫН ДУНДАЖ НЭГ ӨДӨР ХЭРХЭН ӨНГӨРДӨГ ВЭ?
Манай компани Od ERP хэмээх ERP системийг аж ахуйн нэгжүүдэд санал болгохоос гадна өөрсдөө ч дотоод үйл ажиллагаандаа ашигладаг. Энэ хүрээнд бүх ажлаа ERP систем дээр төлөвлөж, үйл явц, гүйцэтгэлээ тогтмол хянаж байна. Ажлын хэмнэлийн хувьд ихэвчлэн өдрийн цагаар хүмүүстэй уулзалт, хурал хийдэг бол ажил тарсны дараа ганцаараа төвлөрч суун, бусад ажлуудаа амжуулдаг. Бид дотоод уулзалт, хурлуудаа даваа, лхагва гарагт хийж, захиалагч, борлуулалтын уулзалтаас авхуулаад бусад ажлуудаа үлдсэн өдөрт хийдэг юм. Ажил өглөө 8.30 цагаас эхэлдэг ч би өнгөрсөн есдүгээр сараас СУИС-д уран зургийн ангид сурах болсон учраас зарим өглөө хичээлдээ сууж, өдөр нь ажилдаа ирж байгаа.
Бид 2013 оноос хойш Бельги улсаас гаралтай Odoo ERP cистемийг нутагшуулж, бизнесийн менежментийн цогц програм хангамж Od ERP системийг Монголын 100 гаруй аж ахуйн нэгжид нэвтрүүлээд байгаа. Уг системийн гол онцлог нь нээлттэй эхтэй буюу кодыг нь чөлөөтэй өөрчлөх боломж юм.
ERP (Enterprise Resource Planing) систем бол байгууллагын нөөц төлөвлөлтийн програм гэж хэлж болно. Аж ахуйн нэгжид шаардлагатай бүх төрлийн програмын цогц шийдэл юм. Компаниудад зөвхөн санхүүгийн алба нь тусдаа програм ашиглан тайлан, тооцоогоо гаргаж, бусад алба нь энгийн хэрэглээний програм дээр ажиллах нь бий. Ингэснээр компанийн орлого, зарлага, бүртгэлтэй холбоотой бүх ачаалал нягтлан дээр ирж, зөвхөн нэг хүн ихэнх өгөгдлийг програм руу шивэх шаардлагатай болдог. ERP систем нь ажлын ачааллыг анхан шатны ажлын байруудад нь жигд хуваарилж, ажлын уялдаа холбоог сайжруулан цаашид дараагийн алхмаа төлөвлөх, зөв шийдвэр гаргах гол хэрэгсэл болдог.
ТА ХАМГИЙН ИХ АШИГЛАДАГ, АШИГЛАХ ДУРТАЙ АЖЛЫН ХЭРЭГСЭЛ, ПРОГРАМ, АППЛИКЭЙШНЭЭСЭЭ НЭРЛЭНЭ ҮҮ?
Бидний ажлыг ERP системгүйгээр төсөөлөх, зохион байгуулахад бэрх. Ажил дээр хэн ирсэн, чөлөө авсан, гадуур ажилтай байгааг програм дээрх дундын календариасаа шууд харж болно. Нягтлан руугаа залгаж орлого, зарлагын мэдээллийг лавлаж асуух шаардлагагүйгээр дансны үлдэгдлээ шууд програмаасаа шүүх боломжтой. Захиалагчаас ирсэн гомдол, санал, шийдвэрлэсэн байдал зэргийг шууд ERP-аасаа харна. Ажилчдын KPI гүйцэтгэл сарын төгсгөлд автоматоор тооцоо хийж, түүний дагуу цалин бодогддог юм. Өөр програм гэвэл компьютерынхоо Notes дээ уулзалт, хурлынхаа тэмдэглэгээ хийдэг.
ЦАГ ХЭМНЭХ ХАМГИЙН САЙН АРГА ТАНЬ ЮУ ВЭ?
Би ер нь хурдан хэв маягтай хүн. Аль болох хурдан алхаж, хийж, товч ярихыг хичээдэг. Хүнтэй ярихдаа ч гол санаагаа товч, тодорхой илэрхийлж, хурал, уулзалтын үеэр гол асуудлаа богино хугацаанд хэлэлцэж шийдэхийг эрмэлздэг. Тиймээс бусдыг ч ажлаа аль болох товч тодорхой, хурдан ярьж, хийхийг зөвлөдөг. Код бичсэн ч хэн ч уншаад ойлгох хэмжээнд бичиж, дараагийн хүн ойлгоод засахад бага цаг зарцуулахаар бичихийг хөгжүүлэгч нартаа хэлдэг. Миний компьютерын маусны хөдөлгөөн хүртэл хамгийн хурдан дээрээ байдаг (инээв).
Зарим байгууллага хуралдахдаа протокол хөтлүүлэхийн тулд тусдаа хүн томилдог. Тэмдэглэл хөтлөгч нь протоколоо бичээд, дараа нь хурал дууссаны дараа компьютер дээр шивэх гэж хуралд зарцуулсан цагтай тэнцүү хугацааг үрэх нь бий. Харин манай компанийн хувьд ямар ч уулзалт хийсэн дуусахад протокол нь бэлэн байдаг. Хурлаа өөрөө удирдангаа протоколоо зэрэг хөтлөх чадвартай байхыг ажилтнуудаасаа шаарддаг.
ХИЙХ АЖЛЫН ЖАГСААЛТАА ТА ЮУН ДЭЭР ЯАЖ ХӨТӨЛДӨГ ВЭ?
Өмнө хэлсэнчлэн, миний хийж буй бүх ажил ERP системтэй уялдаатай байдаг. Ажлуудын төлөвлөгөө, үйл явц, гүйцэтгэл, хяналт уг системд байдаг учраас хурал дээр програмаасаа ажлын явцаа хянан, хурлаа удирддаг тул хүн бүрийг дуудаад ажлыг нь асуугаад байх шаардлагагүй. Ажлын төлөвлөгөө, уулзалт, хурлын товийг ERP-ийнхаа дотоод календарь дээр бүртгэдэг тул манай ажлынхан нэг нэгнээ хаана, юу хийж байгааг шууд харах боломжтой.
ХИЙЖ БАЙГАА АЖЛЫН ОНЦЛОГ ТАНЬ ЮУ ВЭ? ЭЕРЭГ САЙН БА ХЭЦҮҮ БЭРХШЭЭЛТЭЙ ТАЛУУД?
Би анх 2011 онд МУИС-ийг төгсөөд USI LLC компанид програм хангамжийн инженерээр ажиллах болж, ERP системийг судалж эхэлсэн юм. Тухайн үед Монос групп болон Дулааны IV цахилгаан станцын бүх алба, хэлтэст ERP систем нэвтрүүлэх төсөл дээр ажиллаж байсан. Энэ нь Монголд анх удаа уг системийг нэг байгууллагад цогцоор нэвтрүүлсэн төсөл байлаа. Ингээд 2013 онд тус компанийн гүйцэтгэх захирал А.Отгонбаяртай хамтран Asterisk Techologies компаниа байгуулж, энэ чиглэлээр дагнан ажиллаж эхэлсэн юм.
Бидний ажлын онцлог гэвэл тасралтгүй суралцахыг шаарддаг. Олон салбарт үйл ажиллагаа явуулж буй янз бүрийн бизнесийн байгууллагуудтай уулзаж, дотоод ажлынх нь үйл явц, асуудлыг уудлан ойлгож байж нэвтрүүлдэг болохоор ихийг суралцдаг. Уул уурхайн компанитай хамтран ажиллалаа гэхэд уурхайн үйлдвэрлэлийн өдөр тутмын ажлын үйл явц, олборлолт, тээвэрлэлт, шат дамжлагаас авхуулаад бүх ажлыг судалж мэдэх шаардлагатай. Бизнесийн олон төрлийн ажил эрхэлж буй харилцагчдынхаа ажлыг ойлгож, хамтран ажиллана гэдэг маш сонирхолтой тул хэзээ ч уйддаггүй гэж хэлж болно. Ингэснээр олон салбарын бизнесийн онцлогийг ойлгож мэдэх боломжтой. IT-ийн мэргэжилтнүүд ERP системийг эзэмшиж сурна гэдэг дахин нэг их сургууль дүүргэж буйтай адил гэж хэлж болно.
Бэрхшээлтэй тал гэвэл IT-ийн чиглэлээр мэргэшсэн залуус ихэнх нь төгсөөд ганц, хоёр жил ажиллаад гадагшаа явах нь элбэг байдаг. Компаниудад тогтвор суурьшилтай боловсон хүчин хомс байгаа нь манай салбарын тулгамдсан асуудлын нэг болоод байна.
та ямар зүйлсийг хийхдээ гаргууд вэ?
Би бусдыг сайн сонсож, тэр хүний оронд өөрийгөө тавьж үзэхийг хичээдэг. Ялангуяа, харилцагчтайгаа ойлголцож, юу хүсэж байгааг нь мэдэхийн тулд сайн сонсохын хичээдэг юм. Түүнээс гадна өөрийгөө олон юм зэрэг амжуулахдаа муугүй гэж боддог шүү. Мөн бичих ажилд нэг их түүртээд байдаггүй.
ТА ОДОО ЮУН ДЭЭР ТӨВЛӨРЧ АЖИЛЛАЖ БАЙГАА ВЭ?
Бид одоогоор 20 гаруй төсөл дээр идэвхтэй ажиллаж байна. Энэ хүрээнд он дуустал шинэ төсөл эхлүүлэхгүйгээр одоо хэрэгжүүлж буй төслүүд дээрээ голлон төвлөрч ажиллана. Нэг төсөл дээр хэдэн модуль нэвтрүүлж буйгаас шалтгаалан нэвтрүүлж дуусах хугацаа янз бүр байдаг. Нэг төсөлд дунджаар 6-8 сарын хугацаа шаардлагатай. Харин олон модультой системийг цогцоор нь нэвтрүүлэхэд нэгээс хоёр жил орох нь ч бий.
Microsoft Office тэргүүтэй хаалттай системийг лицензийн төлбөр төлөөд ашиглах боломжтой байдаг. Харин нээлттэй эхтэй програм нь лицензийн төлбөргүй, хэрэглэгчийн тоо хязгааргүй, хүний тоогоор төлбөр төлөх шаардлагагүй байдаг учраас олон ажилтантай том компаниуд, эсвэл програмдаа онцлог шийдлүүд нэмж хөгжүүлэх хүсэлтэй компаниуд ашиглах нь тохиромжтой байдаг. Нөгөө талаас ERP системийг заавал том компаниуд ашигладаг гэсэн ойлголт үгүй болж байна. Манай ERP системийг жижиг компаниуд ч ашиглах боломжтой. Odoo ERP системийг дэлхий дээр 4500 инженер хөгжүүлж, дөрвөн сая хэрэглэгч ашиглаж байна. Энэ нь бид олон улсын топ компаниудын нөү-хауг Монголдоо нутагшуулж буй хэрэг юм.
Аливаа байгууллага томрохын хэрээр алба, хэлтсүүд өөрсдийн ажлын төлөвлөгөө, гүйцэтгэлийг бүртгэхдээ өөр хоорондоо уялдаа холбоогүй програмуудыг санамсаргүй нэмсээр байдаг. Ингэснээр хоорондоо өгөгдөл солилцох, нэгдсэн тайлан, мэдээ гаргахад маш их цаг зарцуулж, дагаад үргүй зардлууд гаргадаг. Ийм үед бүх алба, хэлтсийн програмыг нийлүүлсэн бизнесийн цогц програм хангамж болох ERP-г байгууллагадаа нэвтрүүлэх зайлшгүй шаардлага гардаг.
ТА ХЭР ИХ УНШДАГ ВЭ? ОДОО ЯМАР НОМ/НИЙТЛЭЛ УНШИЖ БАЙНА?
Олон ном зэрэг эхлүүлж уншдаг дадалтай. Сүүлийн үед менежмент, хүний нөөц, борлуулалттай холбоотой номууд түлхүү уншиж байгаа. Програмист мэргэжилтэй хүн болохоор бизнес, менежментийн мэдлэгийг өөрөө бие дааж нэмж сурч, судлах шаардлагатай. Одоогоор Google компанийн дотоод үйл ажиллагааны туршлагуудыг бичсэн Ласло Бокийн “Ажлын дүрэм” номыг уншиж байна.
ТА ЗАН ЧАНАРЫН ХУВЬД ДОТОГШОО ТАЛДАА ЮУ, НЭЭЛТТЭЙ ТАЛДАА ЮУ?
Би дотогшоо талдаа хүн. Ажлын шаардлагаар илүү нээлттэй, чөлөөтэй байх гэж хичээдэг. Түүнээс биш аль болох чимээгүй, ярихаас илүү бусдыг сонсохыг эрмэлздэг. Дотогшоо хүмүүс чимээгүй байх үедээ өөрийгөө сайн цэнэглэж чаддаг байж магадгүй. Их ярих тусам их энерги зарцуулж, ядарчих гээд байдаг талтай.
ТА АЖИЛЛАЖ БАЙХ ҮЕДЭЭ ХӨГЖИМ СОНСДОГ УУ? ЯМАР ТӨРЛИЙН ХӨГЖИМ СОНСОХ ДУРТАЙ ВЭ?
Код бичих үедээ хөгжим сонсох дуртай. Чимээгүй суун бодож байгаад цаас юм уу самбар дээр зураглан шийдэл гаргадаг. Нэгэнт шийдлээ олсон бол дуртай хөгжмөө тавиад, кодоо бичиж эхэлнэ дээ. Хөгжим сонсоод ажиллах нь орчноосоо тасарч, хийж буй зүйлдээ бүрэн төвлөрөхөд тусалдаг. Сайхан аятай бол ямар ч төрлийн хөгжим сонсоно. Гэхдээ сонгодог хөгжимд илүү дуртай. Анхаарлаа төвлөрүүлж, бодож эргэцүүлэх шаардлагатай үедээ дан аялгуу сонсохыг илүүд үздэг.
ТАНЫГ АЖИЛЛААГҮЙ ҮЕД ТАНЬ ХААНААС ОЛЖ БОЛОХ ВЭ?
Намайг ажиллаагүй үед минь хоёр газраас л олж болно. Кофе шопд юм уу сургууль дээрээ зураг зурж байх болов уу. Төвлөрч ажиллах шаардлагатай үедээ кофе шопд суухыг илүүд үздэг. Орчноо солихоор ажлын бүтээмж нэмэгддэг учраас оффисоос гадуур өөр орчинд сууж ажиллах дуртай. Манай хөгжүүлэгчид ч оффист баригдаж ажилладаггүй. Бид төлөвлөсөн ажлуудаа чөлөөт цагийн хуваариар гэрээсээ юм уу хүссэн газраасаа хийх боломжийг олгодог. Ирэх оноос төслийн менежерүүдээ чөлөөт цагийн хуваарьтай болгохоор төлөвлөж байгаа.
Ер нь уран зураг зурах, код бичих нь хоорондоо сайн хосолдог юм шиг санагддаг. Програм, код бичих нь тархины зүүн тал буюу логик сэтгэлгээг хөгжүүлдэг бол уран зураг зурах нь хүний баруун тархийг хөгжүүлж бүтээлч сэтгэлгээг өдөөдөг. Миний хувьд багаасаа зурах дуртай байсан юм. Зураг зурах нь яг л бясалгал хийж буй мэт тайвшрал, таатай байдлыг төрүүлдэг. Код бичихэд ч гэсэн шийдлээ амжилттай гаргасны дараах мэдрэмж гайхалтай байдаг. Аль алинд нь маш дуртай.
ТА ХЭНЭЭС, ЮУНААС УРАМ ЗОРИГ, ЭРЧ ХҮЧ ОЛЖ АВДАГ ВЭ?
Юуны түрүүнд гэр бүл гэж хэлнэ. Гэр бүлээ аз жаргалтай, сайн сайхан байлгахыг хүсдэг учраас тэднээсээ хамгийн их урам зориг, эрч хүчийг авдаг. Мөн ажлын хамт олон, харилцагчид хамгийн чухал. Харилцагчдад өгсөн амлалт, хүлээсэн үүрэг, хариуцлагаа сайн дааж, тэдний итгэл найдварыг алдахгүй ажиллах нь биднийг хөдөлгөх гол хүч юм.
ТАНЫ АМЬДРАЛДАА АВЧ БАЙСАН ХАМГИЙН САЙН ЗӨВЛӨГӨӨ ЮУ ВЭ?
Аав, ээжээсээ олон сайн зөвлөгөө авч өссөн, тэдгээрийг хэрэгжүүлэх гэж хичээдэг. Би багаасаа л математикийн хичээлдээ дуртай хүүхэд байлаа. Ээж маань ч математикийн багш болохоор энэ чиглэл рүү намайг хөгжүүлж, програм хангамжийн инженерээр сурахыг санал болгосон юм. Энэ мэргэжил ирээдүйд их эрэлттэй болно гэж зөвлөснийх нь дагуу IT-ийн салбарын сонирхон судлах болсон доо.
Түүнээс гадна Asterisk Technologies компанийн ерөнхий захирал, миний ментор А.Отгонбаяр захирлаас олон зүйлийг суралцаж явна. Компани байгуулснаас хойш өдийг хүртэл зургаан жилийн хугацаанд бизнесийн мэдлэг, туршлагагүй байсан надад зааж зөвлөж ирсэн хүн.
ЗАЛУУ МЭРГЭЖИЛТНҮҮДЭД ХАНДАН ЮУ ГЭЖ ХЭЛЖ ЗӨВЛӨХИЙГ ХҮСДЭГ ВЭ?
Их сургуулийн оюутнуудад сурсан шиг сурч, онолын мэдлэгтэй болоорой гэж хэлмээр байна. Бид залуусыг ажилд авахдаа аль болох зүтгэлтэй, хийж буй зүйлдээ сонирхолтой хүн авахыг хүсдэг. Албан ёсоор диплом аваагүй ч өөрийн сонирхлоор код бичиж, програм дээр ажилладаг залуус цөөнгүй бий. Бид тийм залуусыг дэмжиж, заавал диплом гэхгүйгээр сургаж авахад бэлэн байдаг. Манайд гуравдугаар курсээсээ тууштай дадлага хийн ажлаа гартаа оруулаад, төгсмөгцөө ахлах инженер болсон залуу ч бий.
Мөн залуус ажил хийж эхэлсэн бол заавал дуусгаж сураасай. Дуусгаж сурна гэдэг нь өөрөө дадал юм. Аливааг дутуу хийдэг зуршилтай болсон хүн юуг ч бүрэн гүйцэтгэж чадахаа больдог. IT-ийн мэргэжилтнүүдийн хувьд байгаа орчиндоо дасан зохицож, шинэ технологийн маш хурдтай өөрийн болгон, түүнийгээ бүтээгдэхүүн болгож хувиргах чадвартай болох хэрэгтэй.
ТА ЭНЭ БУЛАНД ХЭНИЙГ САНАЛ БОЛГОЖ, АЖЛЫН АРГА БАРИЛТАЙ НЬ ТАНИЛЦМААР БАЙНА ВЭ?
Миний ментор болох Asterisk Technologies компанийн ерөнхий захирал А.Отгонбаяр ахын ажлын арга барилтай танилцахыг санал болгоё. Салбарт түүчээлж яваа хүний нэг.
З Зочин 2019.12.07 66.181.161.116
Зэрэг олон юм амжуулна гэдэг ч худлаа даа. Хэцүү шдээ. Ямар бурхан биш. Ёстой нээрээ халтуурддаг юм биш үү кк. Odoo гэдэг мундаг компанийн хүчинд олон хүмүүс амьдарч бна даа.
E Erdenesuren Bayaraa 2019.12.01 99.203.106.144
Үнэхээр л хурдтай хүн шүү. Суралцаж л явна даа энэ хүнээс. Астерискчүүд амласнаа биелүүлдэг мундаг хамт олон шүү. Астериск шиг хурдтай дэмжлэг үйлчилгээ үзүүлдэг газар байдаг юм уу дөө
З Зочин 2019.11.29 66.181.167.127
20n tosol deer zereg ajilllaj baina. mouse-nii hurd ni hamgiin etses deeree baidag geh met manai hun arai hetruulegtei husaj baina shuu.
г гомдол 2019.11.29 202.21.99.142
хэцүүдээ. хэт олон ажил нэгэн зэрэг амжуулах гээд фэйлдээд, чухал харилцагчдадаа алдаж байгаа газардаа.. уул нь нөөц бололцоогоо зөв хуваарилаад ERP-аа чанартай нэвтрүүлэх талаас нь анхаардаг бол....
I Ichko 2019.11.29 116.75.115.117
Saihan yariltslaga bolson bn. Unuruu egchidee ulam ih amjilt husye! Hamtran ajillahad taatai bsn shuu :)
O Oyuka 2019.11.28 163.152.3.182
Ene udriin mendiig hurgey, saihan niitlel bolson bna bayrlalaa. Mundag emegtei ymaa~! Ajliin undur amjilt husey. Bas neg sanal bna niitlelee computerees unshchad hamgiin door shuud deeshe bolgodog ch ymu butsag main tses ruugee ordg bolgovol ih aytaihan bna.
M MAK Тэмүүжин 2019.11.28 192.82.78.206
Яг одоогийн байдлаар монголд хамгийн их туршлагатай болж байгаа ERP нэвтрүүлэх компани шүү. Юун Буман Юун ManageWall? ERP гэдэг төслийг дан ганц гүйцэтгэгч хийдэггүй гэдгийг мөн хамгийн оновчтой бизнесс процессийг сонгох ёстой гэдгийг л манай монголын албан байгууллагууд ойлгочуул сэтгэл ханамжгүй харилцагч гэж бараг байхгүй дээ. Нээрээ л бүх зүйл нь хурдан шүү ккк. (Юу болоод байнаа газар хөдлөөд байна уу :P)
Г Ганболд 2019.11.27 202.9.42.106
Гайхалтай, Өнөржаргалдаа хамт олонд нь улам их амжилт хүсье, ийм л залуус Оюунлагчууд нь Монголын маань эзэд эрин үеийнхээ түүчээ нь билээ.
B Blogger 2019.11.27 98.114.17.13
Unuruu egchiin bloggiig unshij holbogddog blaa anh blog garj bh ued. Mash hudulmurch, mundag egch shg sanagddag bsn odoo ch ingeed olon saihan ajil hiigeed olon hun udirdaad avj yavj bgaag ni unshih sonirholtoi bailaa. Bayarlalaa.
Х Харилцагч 2019.11.27 66.181.182.83
Танай хамт олон болон Өнөрөө захиралд маш их баярлаж явдагаа илэрхийлэх гэсэн юм. 2016онд ERP программыг нэвтрүүлсэн бөгөөд байгууллагын санхүү бүртгэл болон удирдлагын бүртгэлийг программдаа зэрэг бүртгэх болсоноор мөнгөн дүнгээр илэрхийлэмгүй маш олон эерэг үзүүлэлтүүд гарах болсон. Энэ нь манай компанид маш олон давуу талуудыг бий болгож өгсөн бөгөөд танайхын сонгож ERP программаа нэвтрүүлсэндээ маш сэтгэл хангалуун байдаг. Баярлалаа
Э Эм Си Эс-ийн ажилтан 2019.11.27 202.126.89.177
Сайхан ярилцлага болсон байна. ERP бол аливаа бизнес, байгууллагын гол зүрх нь. ERP системгүй компани бол “Зэвсэггүй цэргүүд дайсныхаа өмнөөс хоосон гараар хий дэмий шороо цацан байлдахтай л адил” гэдгийг манай байгууллага ойлгосон. Астериск-ийн захирал Өнөрөө мөн танай хамт олон маш хариуцлагатай хурдтай ажиллаж манай компанид OD ERP систем ээ амжилттай нэвтрүүлсэнд нь талархаж байна.
Х Харилцагч нь 2019.11.27 202.126.89.120
Аливаа байгууллага үйл ажиллагаандаа ERP систем нэвтрүүлж, ашиглана гэдэг цаг хугацаа шаардсан нүсэр ажил. Ард нь нэг гараад авсан байхад байгууллагад маш олон дэвшил, өөрчлөлт бий болсон байх болно. Та бүхэнтэй хамтран ажиллаж, энэ том ажлын ард гарсандаа баяртай байдаг шүү. Танай хамт олонд амжилт хүсье!
H Hergui 2019.11.27 150.129.140.103
Mundag hudulmurch oyunlag gegeeleg zuraach daichin busgui bna amjilt husey Sonirholtoi yriltsan bnaa
А Астериск Техноложис ХХК 2019.11.27 103.26.194.178
Таныг сэтгэл дундуур үлдээсэн бол нэрээ хэлээд манай компанид албан ёсоор хандаарай. Бид алдаж, онож, суралцаж яваа, алдаа, дутагдалтай талаа тасралтгүй засч сайжруулахаар хичээж буй залуу хамт олон. ERP систем нь өөрөө Монголд шинээрээ байгаа, Захиалагч, Гүйцэтгэгч нар хамтдаа суралцаж байгаа залуу салбар бөгөөд үр дүн нь урт хугацаандаа гардаг. Бид бүх харилцагчаа сэтгэл хангалуун байлгахыг хичээдэг ч байгууллагад тохиолдсон янз бүрийн өөрчлөлтөөс болоод сэтгэл хангалуун бус захиалагч үлдээсэн байхыг үгүйсгэхгүй ээ. Гэвч сэтгэл хангалуун захиалагч илүү олон бий. Бид аливаа шүүмжлэлийг хүлээн авч, дахин хэзээ ч тийм шүүмжлэл хүлээн авахгүй байхын төлөө дотроо улам мэрийж, ухамсарлаж, хичээсээр байдаг юм шүү. Сэтгэгдэл үлдээсэн танд баярлалаа.
Б Баттулга 2019.11.27 192.82.70.175
Манай бизнес эмэгтэйчүүд мань бүгд зурах авъястай байгаад байх шиг байна шүү хэхэ. Энэ доод талын нэр усгүй нөхөр үндэслэлгүй доромжлохоо болимоор юм. Хаа газар ийм сөрөг худлаа гарууд байх юм.
Г Гомдсон харилцагч, хэрэглэгч н 2019.11.27 103.229.121.92
Компанийн менежмент нь үнэхээр хэцүү компани, зохион байгуулалтгүй, чадваргүй, гэрээ үзэглэлээ бол дараах харилцааг шууд хаядаг, өөрт нь хэлээд ч нэмэргүй газар. Олон зүйлийг зэрэг амжуулдаг чинь ёстой худлаа шүү, зэрэг хагас хугас халтуурдагаа мэдэж аваасай.
З Зочин 2019.11.27 202.126.89.220
Ийм худлаа хүн худлаа компанийг оруулж яадагбайнаа. Зүгээр л чадваргүй хариуцлагагүй хүмүүс энэ сэтгэгдлийг устгах юм бол төлбөртэй сайт гэж ойлгоё