Цаг үеийн асуудлаар холбогдох зочдыг урин, шийдэл олохын төлөө олон талаас нь хэлэлцэж мэтгэлцдэг #НүүдэлШийдэл ТВ хэлэлцүүлгийн санаачлагч, хөтлөгч Э.Лхагва “Монгол ТВ”-ийн 50 орчим хүнтэй мэдээний албыг удирддаг. Түүнийг Global Shapers Ulaanbaatar нийгэмлэгийн энэ жилийн тэргүүний (куратор) ажлаар Швейцарийн Женевт болсон уулзалтад оролцчихоод ирээд удаагүй байхад нь бид ярилцсан юм.

Байршил: Улаанбаатар
Одоо хашиж буй ажил, албан тушаал: Үндсэн ажил: “Монгол ТВ”-ийн мэдээний албаны ерөнхий продюсер. Сонгуульт ажил: Дэлхийн Эдийн Засгийн Форумын дэргэдэх Global Shapers Ulaanbaatar нийгэмлэгийн тэргүүн
Таны ажиллах арга барилыг цөөн үгээр тодорхойлбол: Хурдтайгаар
Хэрэглэдэг гар утас: Samsung Galaxy S6 Edge (камер нь сайн болохоор), Blackberry Z10 (нууцлал сайн учир и-мэйлдээ ашигладаг)
Хэрэглэдэг компьютер: Macbook Pro
Хэрэглэдэг таблет: IPad Air
Сошиал медиа хаягууд: Lkhagva Erdene (фэйсбүүк хуудас), twitter.com/lkhagva

Таны ажлын хамгийн онцлох арга барил?

Би аливаа ажлыг технологид суурилан, ил тод, хурдтайгаар явуулахыг зорьдог.

Та хамгийн их ашигладаг, ашиглах дуртай програм, апликэйшнүүдээсээ нэрлэнэ үү?

Google calendar, Google Drive, Google Keep. Үндсэндээ Google-ийн апп-уудыг их хэрэглэдэг гэсэн үг.

Та ажлын өрөө, ажлын орчноо дүрсэлнэ үү?

Лхагва продюсер саяхан ажлын өрөөгөө сольсон, бүрэн тохижиж амжаагүй байна гэж байв. Монгол ТВ Тауэр-ийн 13 давхраас Улаанбаатар хотыг зүүн зүг тольдсон түүний шинэ өрөөнд орж суухад зочны ширээн дээр өрж тавьсан сэтгүүлүүд, хананд өлгөөтэй байх Je Suis Charlie нэртэй плакат, Хонконгийн их сургуулийг сэтгүүлзүйн магистраар төгссөнийг нь гэрчлэх батламж, ширээн дээрх Associated Press агентлагийн гарын авлага зэрэг зүйлс нүднээ тусан, сонирхол татаж байлаа.

Цаг хэмнэх хамгийн сайн арга тань юу вэ?

Машиндаа подкаст сонсох. Ном унших цаг зав сайн гардаггүй болохоор төрөл бүрийн подкаст сонсож оюундаа хөрөнгө оруулдаг. Харамсалтай нь аятайхан монгол подкаст байдаггүй. Би найзууддаа подкаст сонсохыг байнга зөвлөдөг. Энд сонсдог сувгуудаа хавсаргалаа.

Та хийх ажлын жагсаалтаа юун дээр, яаж хөтөлдөг вэ?

Google calendar. Миний нэг өдөр Google Calendar дээр тэмдэглэсэн ажил уулзалтуудад баригдаж өнгөрдөг. Тийм ч байгаасай гэж хүсдэг.

Та ямар зүйлсийг хийхдээ гаргууд вэ?

Хүмүүстэй харилцаа холбоо тогтоох, шүүмжлэлт сэтгэлгээ, цэгцтэй ярих, бичих чадварууд. Эдгээр нь сэтгүүл зүйн тогоонд буй хүнд зайлшгүй хэрэгцээтэй чадварууд.

Мэдээний продюсер байхын онцлог нь юу вэ? Эерэг сайн ба хэцүү бэрхшээлтэй талууд?

Өндөр стресстэй ажил. Үргэлж төлөвлөгөөний дагуу явна гэж байхгүй. Хэзээ, хаана юу болохыг бид мэдэхгүй шүү дээ. Эерэг тал нь гэвэл, оршин байгаа хот, улсынхаа мэдээллийн зүрхэнд ажиллаж байдаг. Мэдээлэл сайтай хүн зөв шийдвэр гаргаж чаддаг. Хамгийн том давуу тал бол буруу хатуу, зөвд зөөлөн байж нийгэмд эерэг өөрчлөлт гаргах боломж.

Та яг одоо юун дээр төвлөрөн ажиллаж байна?

“Монгол ТВ”-ээс гарч буй бүх сэтгүүл зүйн бүтээлүүдийг чанартай сайн гаргах тал дээр анхаарч байна. Ерөнхийдөө би сүүлийн үед үндсэн ажлаас гадуур хийдэг зүйлүүдээ түр хойш тавьж, мэргэжлийн ажилдаа гол анхаарлаа төвлөрүүлэн ажиллахыг хичээж байна. Хийдэг зүйлдээ мэргэшиж, сайн мэргэжилтэн болох нь чухал. Ер нь Монголд маань сайн мэргэжилтнүүд их дутагдалтай байна.

Та ажиллаж байх үедээ ямар хөгжим сонсдог вэ? Ямар төрлийн хөгжим таныг эрч хүчтэй болгодог вэ?

Read More, Write More нэртэй хөгжмийн цуглуулга байдаг. Үггүй, аяз аялгуунууд л даа. Бичих, төвлөрөх шаардлагатай үед би энэ аялгуунуудыг сонсдог. Энэ цуглуулга Хонконг-д сургуулиа төгсөхөд минь мөн ч их тусалсан даа.

Та яг одоо ямар ном/нийтлэл уншиж байна?

Сүүлд улс төрийн сэтгүүлч, нийтлэлч Чарлез Крамерын “Things that matter” нэртэй эссэнүүдээс бүрдсэн номыг уншиж дуусгасан. Пулитцерийн шагнал хүртсэн сонгодог бүтээл л дээ. Нийтлэлийн тухайд, мэдээж байнга л уншиж байдаг. Уиллиам Дересиэвикзийн “Solitude and Leadership”, Уиллиам Зинсерийн “Writing English as a second language” гэсэн хоёр нийтлэлийг хүмүүст санал болгох дуртай. Монгол залууст их хамаатай зүйлсийг бичсэн байдаг.

Та илүү нээлттэй хүн үү, эсвэл илүү дотогшоо хүн үү? Энэ нь таны ажилд яаж нөлөөлдөг вэ?

Хүмүүс намайг маш нийтэч, яриа хүн (extrovert) гэх байх. Гэхдээ би ганцаараа байх дуртай, өрөөндөө ганцаараа цонхоор ширтээд байж байхад гоё санаанууд төрдөг шүү. Нууц introvert байж магадгүй гэж сүүлийн үед хардаад байх болсон шүү.

Та хэдээс хэдэн цагийн хооронд унтдаг вэ?

12 цагаас өмнө унтахыг хичээж өглөө 07 цагт босдог. Гэхдээ хүү маань 2 настай балчир байгаа учраас хүүгийнхээ аясаар унтах өдрүүд олон.

Та хэнээс, юунаас урам зориг, эрч хүч олж авдаг вэ?

Сэтгүүлч болохоор шийдээд салбарынхаа баатрыг хайж эхэлсэн. Англиар role model буюу миний сонгосон салбарт хэн манлайлж байна, хэнээс үлгэр дууриал, урам зориг авч байх вэ гэдэг эрэл эхэлсэн гэх үү дээ. Тэгээд тэр хүнээ олсон нь New York Times сонины сэтгүүлч Дэвид Каар. Өөрчлөгдөн хувьсаж буй хэвлэл мэдээллийн салбарын талаар түүн шиг бичдэг хүн ховор. Хар тамхинд донтсон амьдралаа эргүүлж, 2 охиндоо сайн аав болж чадсан түүн шиг энгийн, шударга, үнэт зүйлдээ тууштай сэтгүүл зүйн баатар цөөн. Харамсалтай нь өнгөрсөн хоёрдугаар сард олон зуун мянган уншигчаа орхиод одсон доо.
Бас, Пулитцерийн шагналт сэтгүүлчдийн талаар уншиж судлах тусам их урам зориг авдаг. Тэд хүмүүсийн мэдэх эрхийн төлөө ажил, амьдралаа золиосолсон байдаг юм.

Таны амьдралдаа авч байсан хамгийн сайн зөвлөгөө?

Ээж минь намайг бага ангид байхад “Өөрийн гэсэн бодолтой бай. Битгий хамраа бурантаглуулчихсан юм шиг хүн дагаад бай” гэж зөвлөснийг дандаа санаж явдаг. Аливаа түүхийг бичихэд хүнийх, чинийх, тэгээд үнэн гэсэн 3 өөр хувилбар байдаг гэдэг. Би өөрийнхөө түүхийг алдаа, оноотойгоо бичих ёстойг ээжийнхээ зөвлөгөөнөөс ойлгосон.

Энэ булангийн дараагийн зочноор хэнийг оруулж, ажлынх нь арга барилын талаар мэдмээр байна?

Мэргэжлийн талаас бол Vox.com-ийн эрхлэгч Эзра Клэйн. Түүний байгуулсан хэвлэл мэдээллийн суваг мэдээг тайлбарлах зорилготой. Энтертайнмент салбараас реппер, продюсер Rokit Bay-гийн ажлын арга барилыг сонирхмоор байна.

Гэрэл зургийг Д.Ганзул

Lifehacker сайтаас санаа аван эхлүүлсэн “Би хэрхэн ажилладаг вэ?” булангаараа бид лхагва гараг бүр амжилттай яваа, бүтээлч хүмүүсийн ажиллах арга барил, дадал хэвшлийг танилцуулдаг. Та хэн хэний ажлын арга барилтай танилцмаар байгаагаа editor@unread.today рүү бичээрэй.