Долоо хоног бүрийн ням гарагт дэлхий болон дотоодод өрнөсөн хамгийн сонирхолтой бөгөөд онцлох мэдээллүүдийг нэгтгэн хүргэдэг тойм булангийн ээлжит дугаар бэлэн боллоо. 10-р сар сонирхолтой үйл явдлуудаар дүүрэн өрнөсөөр. Unread доорх үйл явдлуудыг онцолж байна. 

Газар хөдлөлттэй, автобус эрэлттэй, “Мартагдашгүй” тоглолттой, мод тарих өдөртэй, гэрэл зурагчдын өдөртэй завгүй долоо хоног Улаанбаатарт өрнөлөө. Unread эдгээрээс Улаанбаатар олон улсын кино наадмыг онцолж байна. 7 дахь жилдээ зохион байгуулагдаж буй энэхүү наадам нь монголын кино урлагийн салбарыг хөгжүүлэх, олон улсын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, дотоодын үзэгчдэд дэлхийн хэмжээний шилдэг бүтээлүүдийг хүргэх зэрэг олон талын ач холбогдолтой. Дэлхийд нэр хүндтэй Канн, Берлин, Торонтогийн олон улсын наадмын шагналт бүтээлүүдийг эх орныхоо дэлгэцнээ үзэх боломжтой болсон нь ихээхэн олзуурхууштай зүйл байсныг онцлох хэрэгтэй. Мөн Монгол-Францын дипломат харилцааны 50 жилийн ойн хүрээнд “Францын кино өдөрлөг” явагдсныг дурдах учиртай. Энэ наадамд Монголыг төлөөлөн "Аав", "Босуул", "Сүүлчийн шөнө" зэрэг аль хэдийнэ үзэгчдийн хүртээл болж, өндөр үнэлгээг аваад байсан бүтээлүүдээс гадна “Элэг нэгтэн”, “Гайхамшигт нислэг”, “Хүрд” зэрэг кинонууд нээлтээ хийсэн билээ. Өнөөдөр өндөрлөх энэхүү наадмыг та бүхэн Тэнгис кино театрт үзэх боломжтой юм.

Ikon: Улаанбаатар олон улсын кино наадам эхэлж байна
News: Монгол кино ба дэлхийн зах зээл

Өнгөрсөн долоо хоногт Туркийн Истанбул хотноо Евроазийн бүс нутгийн технологийн стартап компаниудын хамгийн том цугларалт “Startup Istanbul” явагдаж өндөрлөлөө. Unread бүс нутгийн стартап экосистемийн хөгжил, технологийн хандлага болон хамтын ажиллагааны цар хүрээг өргөжүүлэх зэрэг олон асуудлыг хэлэлцсэн арга хэмжээнд албан ёсоор оролцсон юм. Нийт 1500 гаруй оролцогчтой Startup Istanbul уламжлал ёсоор 78 орноос шалгарсан онцлох 100 гарааны бизнесээс шилдгийг шалгаруулахад Кени, Индонез, Ираны компаниуд шилдэгээр нэрлэгджээ. Энэхүү арга хэмжээнд силикон валлигийн загалмайлсан эцэг гэгддэг Стив Бланк, “500 стартап” инкубаторын үүсгэн байгуулагч Дэйв Мкклур зэрэг нэр хүндтэй төлөлөөгчид оролцсон юм.

Блог: Стартап Истанбул - Ялагчидтай танилц
Unread: Startup Istanbul - Онцлох 10 стартап

Алдарт Microsoft түүхэндээ анх удаа зөөврийн компьютер худалдаанд гаргах болсноо зарласан нь энэ долоо хоногийн онцлох үйл явдлуудын нэг маргаангүй мөн байлаа. Таблет + лаптоп хэмээн тодорхойлсон Surface Book нь 13 инчийн дэлгэцтэй хамгийн хүчирхэг компьютер хэмээн тодорхойлогдсон бөгөөд хэрэглэхэд уян хатан (самбарын, тэмдэглэлийн, таблетын, аяллын, танилцуулгын гэх мэт зориулалтаар ашиглаж болно), өндөр үзүүлэлттэй (i7, 16gb рам, nVidia GeForce GPU, 1TB хард), нимгэн, хөнгөн, гоё дизайнтай гээд сэтгэл татах олон зүйлсийг агуулж буй. Macbook-ээс 2 дахин хүчтэй хэмээн бардам хэлж буй Microsoft-ийнхон нэг ёсондоо Apple-тай дайн зарлачихав. Шинэ CEO-ийн удирдлаган дор дахин төрсөн мэт эрч хүчтэй байгаа Microsoft шинэ утас, шинэ бугуйвчаа зарласныг энд дурдах нь илүүц. Өнгөрсөн долоо хоногт Твиттер CEO-оо зарласан, Facebook шинэ reaction-ийг туршсан, Netflix үнээ нэмэх болсон зэрэг нь Surface Book-ийн шуугианд дарагдаж хоцорсонд гайхах зүйл байхгүй.

Wired: Surface Book бол Microsoft-ийн ирээдүй
Verge: Surface Book-ийг шинжихүй

Дэлхийн хамгийн нэр хүндтэй шагналд зүй ёсоор тооцогдох Нобелийг хүртэгсэд энэ долоо хоногоос тодорч эхэллээ. Олны анхаарлыг хамгийн ихээр татаж байсан Нобелийн энх тайвны шагналыг "Тунисын үндэсний хэлэлцээрийн дөрвөл" хүртсэн. Тэд 2011 оны Арабын хаврын үеэр болсон засаглал шилжих процессийг иргэний дайны түвшинд хүргэлгүй, энх тайван замаар явуулахад чухал үүрэг гүйцэтгэсэн гэгддэг юм. Энэ дөрвөлд Тунисын Үйлдвэрчний эвлэл, Тунисын Хүний Эрхийн Лиг, Тунисын үйлдвэрлэл, худалдаа, гар урлалын холбоо, Тунисын Хуульчдын Нэгдэл гэсэн байгууллагууд багтдаг юм. Харин утга зохиолын төрөлд Беларусийн зохиолч-сэтгүүлч Светлана Алексиевич Нобелийн шагналтан боллоо. Тэрбээр ЗХУ-Афганистаны дайн болон Чернобылийн атомын цахилгаан станц дэлбэрсэн бүс нутагт амьдардаг хэдэн мянган хүүхэд, эмэгтэйчүүд, залуустай ярилцлага хийн, тэдгээрийн ер бусын, итгэмээргүй гэмээр хүнд-хэцүү түүхийг олон нийтэд хүргэснээрээ олны талархлыг хүлээдэг билээ. Тэрчлэн энэ долоо хоногт анагаах ухаан, хими, физикийн салбарын Нобелийн шагналтнууд тодорчээ.

News: Мэлрэг цэцгийн аялгатай энх тайвны шагнал
Digital Trends: Анагаах ухаан, хими, физикийн салбарын шилдгүүдтэй танилц
Time: Светлана Алексиевичийн талаар мэдвэл зохих 5 зүйл

Спортын ертөнц ч дуулиан шуугианаар дүүрэн байлаа. Манай тамирчдын одтой буй Армийн зуны наадам явагдаж, бокс, регбигийн ДАШТ үргэлжлэн, Евро 2016-ийн сонгон шалгаруулалт өндөрлөх дөхөж буй энэ цаг мөчид дэлхийн хамгийн хүчирхэг хийгээд том спорт холбоо болох Олон Улсын Хөлбөмбөгийн Холбоотой холбоотой дуулиан дээд цэгтээ хүрлээ. ФИФА-ийн ёс зүйн хорооноос холбооны ерөнхийлөгч Зепп Блаттер, УЕФА-ийн ерөнхийлөгч Мишел Платини нарыг авилгалтай холбоотой хэргээр буруутган, 90 хоногийн хугацаанд хөлбөмбөгтэй холбоотой ажил эрхлэх эрхийг нь хассан нь гэнэтийн үйл явдал байв. Угаас ажлаа өгөх гэж буй, спонсор байгууллагуудын шахалтанд өртөж, хууль сахиулагчдын хараанд нэлээн удаан байснаар нь Блаттерт гайхах зүйл тийм ч их биш. Харин түүний залгамжлах хамгийн боломжтой гэгдэж байсан алдарт хөлбөмбөгчин асан Платини эрхээ хасуулсан нь гайхмаар үйл явдал болов. Түүний дансанд 2011 онд ФИФА-аас 2 сая доллар орж ирсэн нь хуулийн байгууллагын хараанд өртсөн нь энэ байв. Платини, Блаттер хоёул давж заалдан, энэ төлбөр бол 2002 он хүртэл Платинигийн ерөнхийлөгчийн зөвлөхөөр ажиллаж байсны урамшуулал хэмээн мэлзэж байгаа ч яагаад 9 жилийн дараа мөнгө орж ирсэн нь асуулт хэвээр байна. Үүнтэй холбогдуулан ФИФА-ийн ерөнхий нарийн бичгийн даргын ажлаа өгөөд удаагүй байгаа Ж.Валкег саатуулж, дэд ерөнхийлөгч асан, ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээ мэдэгдээд байсан БНСУ-ын иргэн, Хьюндайгийн залгамжлагч Чун Мүн Жоныг 2022 оны ДАШТ-ийн эрхийг эх орондоо зохиох эрхийг "худалдан авахаар" санаархсан хэмээн 6 жил хөлбөмбөгтэй холбогдох эрхийг нь хасжээ. Хэрэг явдал хаашаа эргэх бол? Харж л сууя.

Guardian: Блаттер, Платинигийн эрхийг 90 хоногоор хаслаа
Gogo: Блаттер нарын хүмүүсийн эрхийг 90 хоногоор түдгэлзүүлэв