Манай өнөөдрийн зочин бол маш залуудаа бизнесийн салбарт өндөр амжилтад хүрсэн хүн. Ганхуяг захирал 26 насандаа импортын бизнесээр гараагаа эхэлж, 30 хүрээгүй байхдаа компаниа Монголын топ 100 аж ахуйн нэгжид оруулж байжээ. Өдгөө бизнес нь тоног төхөөрөмж, хүнд машин механизмын худалдаа, барилга, барилгын материал, нийтийн тээвэр зэрэг олон салбарт өргөжиж, 500 орчим ажилтантай, Монголын томоохон групп компаниудын нэг болжээ. Херагийн Ганхуяг хэмээн олонд танигдсан энэ ажилсаг эрхэм ингэж ажилладаг.

Байршил: Улаанбаатар
Одоо эрхэлж буй ажил, албан тушаал: Хера Холдинг ХХК-ийн Захирлуудын зөвлөлийн дарга
Таны ажиллах арга барилыг цөөн үгээр тодорхойлбол: Бусдыг сонсох, бусдад итгэл хүлээлгэх
Хэрэглэдэг гар утас: iPhone 6 Plus, Blackberry P9981
Хэрэглэдэг компьютер: Macbook Air 13, оффис дээрээ iMac
Хэрэглэдэг таблет: iPad Air
Сошиал аккаунт: Хассуурийн Ганхуяг (твиттер)

ТАНЫ АЖЛЫН ХАМГИЙН ОНЦЛОХ АРГА БАРИЛ?

Ажил хэргийн уулзалт хийхэд нэлээд цагийг зарцуулна. Зарим өдөр эхнэртэйгээ өглөө цай уух юм уу гэрийнхээ ойр ажлын эхний уулзалтаа товлон, өглөөний замын түгжрэл багасахыг хүлээдэг. Тэгээд 9.30-10 цагийн үед дараагийн ажилдаа орно. Ер нь долоо хоногийн эхний хоёр өдөр оффис дээрээ бүтэн сууж, дараагийн гурван өдөр нь голдуу гадуур уулзалтууд хийдэг юм. Тэгээд ажлаа амжуулан явж байгаад 4.30-5.30 цагийн хооронд спорт зааланд очиж, бэлтгэлээ хийж байтал оройн замын түгжрэл гайгүй багасдаг юм. Ингээд 20 цагийн үед уулзалт байхгүй бол гэртээ харьдаг. Сүүлийн үед бол шөнийн 24 цаг хүртэл уулзалттай байна.

Оффис маань хотын төвөөс овоо зайтай болохоор ер нь өдөрт дор хаяж 2-3 цагийг машинд өнгөрөөдөг. Тиймээс мобайл байдлаар ажлаа их явуулна даа. Бусдад итгэл хүлээлгэж, ажлаа даалгах нь миний ажлын нэг арга барил. Өөрөө бүх ажилд жигд оролцох цагийн боломж байхгүй тул аль болох томоохон зорилго, зорилтууд руугаа анхаарлаа чиглүүлнэ. Мөн компанийн удирдлагын түвшинд шийдвэр гаргахдаа consensus-ийн зарчим барьдаг. Бүх талуудын санал бодлыг харгалзаж, олон ургальч үзлийг дэмждэг гэсэн үг.

Мөн ажилчидтайгаа тэр болгон уулзахад хэцүү байдаг тул пүрэв гараг бүр хамтдаа сагс тоглодог. Сагс нь зэрэг дэв, албан тушаалаас үл хамааран эсрэг багаа хожих зорилгын төлөө нэгддэгээрээ бас нэг төрлийн багийн ажиллагаа юм.

ТА ХАМГИЙН ИХ АШИГЛАДАГ, АШИГЛАХ ДУРТАЙ ПРОГРАМ, АППЛИКЭЙШНҮҮДЭЭСЭЭ НЭРЛЭНЭ ҮҮ?

Сошиал нэтворкийн хувьд Twitter, Facebook. Хүмүүстэй өдөр тутам харилцахдаа Wechat, Viber-ийг ашиглана. Мөн зүрхний цохилт зэрэг эрүүл мэндийн үзүүлэлтүүдийг бугуйн цагаар дамжуулж гаргадаг Fitbit, гадаадын хөрөнгө биржүүд дээрх хувьцааны мэдээдллийг өгдөг IB TWS, монголчуудын хийсэн, олон рестораны хоолыг хүргэж өгдөг Songo зэрэг апп-ийг ашигладаг. Манай компани Cloud ERP нэвтрүүлсний ачаар компани дээрх ажил нь түргэн шуурхай, онлайн явдаг.

ТА АЖЛЫН ӨРӨӨ, АЖЛЫН ОРЧНОО ДҮРСЭЛНЭ ҮҮ?

ЦАГ ХЭМНЭХ ХАМГИЙН САЙН АРГА ТАНЬ ЮУ ВЭ?

“7 хоногийн ажлын хуудас” гэдэг зүйлийг миний туслах хөтлөн явуулдаг. Үүний зэрэгцээ тухайн 7 хоногт төлөвлөгөөний дагуу явсан уу, нийт ажлын цаг юунд зарцуулагдсан бэ гэдгийг тооцон тайлан гаргаж өгдөг юм. Ерөнхийдөө төлөвлөгөөн дээр ажлуудыг төрөл болон ач холбогдлоор нь ангилсан байдаг. Ингээд 7 хоног өнгөрмөгц гол ажлууд дээрээ цаг зарцуулж чадаж уу, үр бүтээлтэй өнгөрөөж үү гэдгийг дүгнэж, ирэх 7 хоногийн төлөвлөгөөгөө гаргадаг. Өнгөрсөн 7 хоногт зарцуулсан цагаа дүгнэж, ирэх 7 хоногийнхоо төлөвлөгөөг гаргах нь их үр дүнтэй байдаг.

ТА ХИЙХ АЖЛЫН ЖАГСААЛТАА ЮУН ДЭЭР, ЯАЖ ХӨТӨЛДӨГ ВЭ?

Ухаалаг утсыг бараг хүн бүр хэрэглэдэг болсон эрин үед бид амьдарч байна. Ухаалаг утас нь маш олон боломж олгодгийн дотор календарь гэх апп-ийг нь хүмүүс тэр бүр хэрэглэхгүй байх шиг санагддаг. Миний хувьд өөрийн утасны календарийг байнга ашиглаж, үүн дээрээ бүх товлосон уулзалт, хийх ажлуудаа тэмдэглэж оруулдаг.

ТА ЯМАР ЗҮЙЛСИЙГ ХИЙХДЭЭ ГАРГУУД ВЭ?

Хүний харилцаа ярих болон сонсох гэсэн хоёр урсгал дээр явагддаг. Зарим хүмүүс сайн ярьдаг бол зарим нь сайн сонсдог. Миний хувьд удирдагч хүн сайн ярьдаг байхаас илүүтэй сайн сонсдог байх хэрэгтэй гэж боддог. Тиймдээ ч энэ чадвар маань сайн хөгжсөн гэдэгт итгэдэг шүү.

За бас нэг хийхдээ гаргууд зүйл маань мах шарах гэж хэлж болно. Амралт зугаалга, чөлөөт цагаараа гэр бүлдээ болон найз нөхдөдөө махыг төрөл бүрээр амтлан шарж өгдөг дөө.

ХИЙЖ БАЙГАА АЖЛЫН ТАНЬ ОНЦЛОГ НЬ ЮУ ВЭ? ЭЕРЭГ САЙН БА ХЭЦҮҮ БЭРХШЭЭЛТЭЙ ТАЛУУД?

Манай компаниудын онцлог гэвэл, B2B буюу байгууллагаас – байгууллага рүү чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг. Ихэнх явуулж буй үйлчилгээ маань тогтвортой, илүүдэл зардалгүй үргэлжлэх ёстой байдаг. Байгууллагууд руу чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг болохоор төр засагтай хамааралтай ажиллах хэрэгтэй болно. Харин төр засгаас харьцангуй хамаарал багатай байгууллагууд нь илүү макро орчноос шалтгаалдаг тал бий. Энэ утгаараа ажлын онцлогоос шалтгаалан цаг үетэйгээ нийцэн, уян хатан ажиллах ёстой болдог л доо. Энэ нь нэг талаар амаргүй боловч нөгөө талаар бас эерэг талтай. Манайх шиг хөгжиж буй орны зах зээлийн хувьсаж буй хүчин зүйлүүд нь манай компанийг үргэлж өөрчлөлтөд бэлэн байлгаж, хурцалж байдаг ач холбогдолтой.

8. ТА ЯГ ОДОО ЮУН ДЭЭР ТӨВЛӨРӨН АЖИЛЛАЖ БАЙНА ВЭ?

Монгол улсын импортын бүтцийн нэлээд хувийг тоног төхөөрөмж, хүнд машин механизмын импорт эзэлдэг. Өнөөг хүртэл манай компани тоног төхөөрөмжийг импортлох чиглэлд ажиллаж байсан бол одоо тоног төхөөрөмж, хүнд машин механизмыг дотооддоо угсрах төсөл дээр ажиллаж байна. Ингэснээр Монголдоо нэмүү өртөг шингээж, импортыг орлох дотоодын брэндийг бий болгох юм.

Анхаарлаа хандуулж буй хоёр дахь ажил маань Сонгинохайрхан дүүргийн гэр хорооллын дахин төлөвлөлт. Манай компани энэ төсөлд шалгаран оролцож, Ханын материалын хэсэг гэр хорооллыг орон сууцжуулж байгаа юм. Хотын утааны асуудалд санаа зовж, иргэд олноороо орон сууцанд амьдраасай гэж хүсдэгийн хувьд, компанийн дийлэнх хувийг эзэлдэг залуу ажилтнуудынхаа орон байрны асуудлыг шийдэхийн тулд энэ ажилд ханцуй шамлан орсон. Өнөөдрийн байдлаар хэд хэдэн барилгыг ашиглалтад оруулаад байгаа бөгөөд удахгүй бас хэд хэдэн барилгыг хүлээлгэж өгөх юм. Хэдийгээр манай тэр хавийн газар хотын төвийнх шиг үнэтэй гэх мэт биднээс хамаараагүй бэрхшээл цөөнгүй байгаа боловч менежментдээ онцгой анхааран ажиллаж байгаагийн хүчинд бусад компаниудтай харьцуулахад ажил харьцангуй хурдтай явж байгаа гэж хэлж болно. Гэхдээ бидний анх төлөвлөснөөс бол хавьгүй удааширсан.

Мөн ажилтнуудаа хөгжүүлэх чиглэлд Харвардын бизнесийн сургуулийн онлайн сургалтанд хамруулж, тун удахгүй төгсөлтийн сертификатуудыг нь авах гэж байна.

Та бизнесийн салбарт анх хэрхэн хөл тавьсан, өнөөдрийн байр сууриндаа хэрхэн хүрсэн түүхээсээ хуваалцахгүй юу?

Намайг Солонгост эдийн засгаар магистрт сурч байх үед ээж минь нуруугаа гэмтээгээд хүнд мэс засалд орох болсон юм. Мэс засалд шаардагдах мөнгө нь тухайн үед манай гэр бүлийг хямраах хэмжээний байлаа. Тиймээс сургуулиасаа завсардаж, мөнгө босгох хэрэгтэй болсон. Тэгээд янз бүрийн арга сүвэгчилсээр мөнгөө босгосон бөгөөд үүнээс хойш бизнес хийх хэрэгтэй юм байна гэж шийдсэн дээ. Ингээд 2003 онд солонгос хэлний мэдлэгтээ дулдуйдан, Hite шар айргийг найзын хамт борлуулж эхэлсэн. Борлуулах эрхийг нь авахын тулд Үнэн сонины байранд хүний оффисын өрөөнд өөрийн өрөө мэтээр уулзалт хийж байлаа. Уг шар айргийг худалдаалдаг байсан бусад 5 компани нь MCS гэх мэт том компаниуд байв. Бид гурвуулхнаа, зардал багатай байсан болохоор бараагаа бөөний төвүүдэд хямд нийлүүлэх стратеги баримталсан нь үр дүнгээ өгч, жилийн дараа гэхэд нэг л өрсөлдөгчтэй үлдсэн. Улмаар бид түгээлтдээ онцгой анхаарсны хүчинд 2008 он хүртэл зах зээлдээ АПУ-гийн дараа орох тоглогч байв. Гэвч удалгүй импортын шар айрганд өндөр татвар тогтоосон хууль гарснаар энэ бизнес маань ашиггүй болсон.

Бид үүний хажуугаар 2005 оны сүүл үед тоног төхөөрөмжийн салбар руу орсон. Анх Хьюндэйгийн гурван ширхэг экскаватор аваад, зарах гэж мөн ч их зүдсэнээ санаж байна. Жижиглэнгийн бараа борлуулдаг байсан хүмүүс 200-300 мянган долларын аварга бүтээгдэхүүн борлуулж эхлэхэд цоо шинэ ур чадварууд шаардагдаж байв. Брошураа бариад л өглөөнөөс орой хүртэл явдаг байсан тэр үе маань надад олон зүйлийг сургасан. Өөрийн туршлагаас үүдэн энтрепренер, бизнесмэн хүн өөрөө эхлээд хийдэг байх ёстой, дараа нь хүнээр хийлгэдэг байх хэрэгтэй гэсэн үзэлтэй болсон доо.

Харин барилгын салбар луу орсон маань 2008 оноос юм. Тэр жил бетон зуурмагийн үйлдвэр байгуулъя гэж шийдээд, краудфандингийн төсөл санаачилж, зах зээлээс 5 тэрбум төгрөг босгохыг зорьсон. Зөвшөөрлөө 6 сар хөөцөлдөж аваад, яг хувьцаагаа гаргах гэтэл эдийн засгийн хямрал эхэлчихсэн. Үүний улмаас 3 орчим тэрбум төгрөг босгож, 2009 онд үйлдвэр маань ашиглалтад орсон бөгөөд нэг жилийн дараагаас л ашигтай ажиллаж эхэлсэн дээ. Өдгөө манай Ремикон 1700 орчим хувьцаа эзэмшигчтэй хувьцаат компани. Эдийн засаг хүнд хэцүү, компаниуд санхүүжилт дээрээ гацдаг байсан тэр үед Монголын анхны краудфандинг төслүүдийн нэгийг санаачлан хөрөнгө босгож чадсан маань энэ салбарт амжилт олсон шалтгаан байлаа.

ТА АЖИЛЛАЖ БАЙХ ҮЕДЭЭ ХӨГЖИМ СОНСДОГ УУ? ЯМАР ТӨРЛИЙН ХӨГЖИМД ДУРТАЙ ВЭ?

Ажлын их ачааллын үеэр дуу сонсож тайвшрах сайхан байдаг. Ийм үед Франк Синатра, Пэри Комо хоёрыг ихэвчлэн сонсох дуртай. Хааяа бас Рокит Бэйг сонсвол “Солиотэээ” ш дээ. Энэ мэтчилэн төрөл бүрийн жанрын хөгжим хааяа сонсож, эрч хүч авна.

ТА ЯГ ОДОО ЯМАР НОМ/НИЙТЛЭЛ УНШИЖ БАЙНА?

Сүүлд Л.Оюун-Эрдэнийн “Азийн хүлэг улс” номыг уншсан. Дажгүй болсон байна лээ. Одоо бол "Жонатан Гулибелийн адал явдал" хэмээх либеритар үзлийн тухайн номыг харж байна. Монголд болж буй үйл явдлыг үлгэрийн байдлаар илэрхийлсэн мэт санагдсан шүү. Мөн Вассерманы “The Founder’s dilemma” хэмээх хувь хүний хөгжил, бизнесийн номыг уншиж байна.

ТА ИЛҮҮ НЭЭЛТТЭЙ ХҮН ҮҮ, ЭСВЭЛ ИЛҮҮ ДОТОГШОО ХҮН ҮҮ? ЭНЭ НЬ ТАНЫ АЖИЛД ЯАЖ НӨЛӨӨЛДӨГ ВЭ?

Бизнес хийдэг хүн нээлттэй байх шаардлагатай. Ажилтнуудынхаа санал, санаачилгыг аль болох сонсох хэрэгтэй гэж үздэг учраас уулзаж буй хүнээ сайн яриулж, дараа нь өөрийн санал бодлыг хуваалцахыг зорьдог. Бусдаар бол би маш энгийн хүн л дээ, бүх ажилтнуудтайгаа захирлын хувиар харилцдагаас гадна дотны сонсогч, зөвлөгч нь байдаг. Энэ нь миний ажилд эергээр нөлөөлдөг юм. Манай ажилтнууд ямар ч үед надтай уулзаж, санал бодлоо чөлөөтэй илэрхийлдэг.

ТА ХЭДЭЭС ХЭДЭН ЦАГИЙН ХООРОНД УНТДАГ ВЭ?

Шөнө 1 цагийн үед унтаад өглөө 7.30-8 цагт босдог доо.

ТАНЫ АЖИЛЛААГҮЙ ҮЕД ЧИНЬ ХААНААС ОЛЖ БОЛОХ ВЭ?

Спорт заалнаас олж болно. Одоогоор 7 хоногт гурван удаа боксоор хичээллэж байна. Урьд нь фитнесээр их явдаг байсан боловч жилийн өмнө Асралт хайрхан руу авирч үзээд тэсвэр хатуужил, ачаалал даах тал дээр тааруухан байгаагаа мэдэрсэн юм. Түүнээс хойш ачаалал даах чадвар суулгах спортоор хичээллэвэл зүгээр юм байна гээд бокс тоглож байна. Халаалт нь гэхэд л нэг цаг, үндсэн бэлтгэл нь 3 минутаар 10 раунд тоглодог болохоор тэсвэр хатуужилтай байхаас өөр аргагүй. MMA клубт мэргэжлийн боксчин байсан Цэвээнпүрэв, боксийн улсын аварга багш нарын дор бэлтгэл хийдэг.

Мөн бүтэн сайн өдөр бүр манай гэр бүл ах, эгчийнхэнтэйгээ хамтаар аав ээжийндээ цуглаж, ээжийнхээ хийсэн хоол цайг амтархан идэх зуураа дотно яриа өрнүүлж, амралтын өдрийг гэр бүлийн халуун дулаан уур амьсгал дунд өнгөрөөдөг юм. Ер нь эрэгтэй хүн, эцэг хүн их ажлын хажуугаар үргэлж гэр бүлээ, дотны хүмүүсээ хайр халаамжаа дутаахгүй байх хэрэгтэй гэж боддог шүү.

ТА ХЭНЭЭС, ЮУНААС УРАМ ЗОРИГ, ЭРЧ ХҮЧ АВДАГ ВЭ?

Манай эрч хүчээр цэнэглэдэг зүйл бол яахын аргагүй миний хоёр хүү. Орой бүр 2 хүүтэйгээ цэцэрлэг, бага сургуульдаа юу сурч мэдсэн талаар нь ярилцаж, хүүхдүүдийнхээ дотны найз байхыг хичээдэг юм.

Мөн өөрийн удам угсаа, гэр бүлийнхээ хөдөлмөрч чанараар бахархаж, урам зориг авч явдаг. Элэнц өвөө маань улсын арслан Төмөрбаатар гэж хүн байсан. Аавын төрөл садан дотор хоёр ч хөдөлмөрийн баатар байдаг. Дүү Дулмаа нь гавьяат оёдолчин, хөдөлмөрийн баатар хүн. Мөн Минжүүр хэмээх аймаг, нэгдлийн засаг дарга, хөдөлмөрийн баатар хүн байлаа. Үүнээс гадна дүү Бавуу нь социализмын үед гадаад харилцаа, хангамжийн яамны сайд, сүүлд ОХУ-ны улсад элчин сайд хийж явсан байдаг юм.

ТАНЫ АМЬДРАЛДАА АВЧ БАЙСАН ХАМГИЙН САЙН ЗӨВЛӨГӨӨ?

Миний өвөө Хөвсгөл аймгийн Зүрх сумын харьяа “Орой нүүрийн овоо” гэгч нутгийнхаа хамгийн өндөр уулын дээр байрлах овоог тахидаг, 10 хүүхдийн эцэг, анчин хүн байсан юм. 10 хүүхдээ өсгөж том болгохын тулд ан гөрөө, мужаан дархны ажлыг хослуулан хийж, амьдралын эрээн барааныг бишгүй үзсэн хүн дээ. Өвөө маань намайг аль бага байхад бурхны оронд очсон ч гэсэн аав бид хэд дөрвөн жил тутам тахидаг байсан овоог нь тахиж, өвөг дээдсийнхээ зан үйлийг үргэлжлүүлдэг юм. Гурван жилийн өмнөх зун би аавтайгаа овоо тахихаар явж, тахих уулынхаа бэлд хээр хоносон юм. Ил галын дэргэд хууч хөөрч, аавынхаа хүүхэд ахуй насандаа өвөөтэй тэр уул хөвчөөр хэрхэн ан гөрөө хийдэг байсныг нь сонсоод сайхан байв. Тэр жил компани маань “ТОП-50” аж ахуйн нэгжээр шалгарч, дээр нь би Харвардын бизнесийн сургуулийг бизнесийн удирдлагын чиглэлээр амжилттай төгсөөд байсан тул өөрөөрөө их бахархах сэтгэл төрж байлаа. Тэгэхэд аав маань надад нэгэн түүх ярьж өгсөн юм. Аавыг 12 настай байхдаа анх удаа гөрөөс агнаад бөөн баяр хөөр болох үед өвөө маань “Миний хүү 12-хон насандаа гөрөөс агнасан нь маш сайн хэрэг ч гэсэн үргэлж өөрийгөө голж бай. Миний хүү удахгүй бодон гахай агнага” гэж хэлж байсан гэдэг. Тэгээд аав маань өөрийгөө уламж хурцалж, нэг жилийн дараа анхны бодонгоо агнаж байсан юм билээ. Аав маань 10 хүүхэдтэй айлын том хүү болохоор өвөөд ан гөрөө хийхэд нь тусалж, дүү нараа асарч тойлохын тулд 4-р ангиа төгсөөд сургуулиа түр орхигдуулсан хүн. Хожим нь харин өөрийгөө маш их дайчилсны хүчинд сургуульд дахин сурч, Цэргийн ерөнхий сургуулийг офицероор төгсөн, социализмын үед армийн хурандаа болсон. Аавын маань туулсан амьдрал миний хувьд бодит үлгэр дууриал төдийгүй галын дэргэд ярьсан ангийн түүх надад нэгийг бодогдуулж, би ч гэсэн “Үргэлж өөрийгөө голж байх” ёстой юм байна, хүмүүний амжилт хэдий бахдам байдаг ч түүний цаана илүү зүйл хүлээж байдгийг ойлгосон юм.

ТА ЭНЭХҮҮ БУЛАНГИЙН ДАРАА ДАРААГИЙН ДУГААРТ ХЭНИЙГ ОРУУЛЖ, АЖЛЫН АРГА БАРИЛТАЙ НЬ ТАНИЛЦМААР БАЙНА?

“Гацуурт” компанийн Чинбат захирлыг оруулвал сонирхолтой санагдаж байна.